| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/03759/и |
| Дугаар | 101/ШШ2021/00476 |
| Огноо | 2021-02-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2021/00476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.О-Э- нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Э-д холбогдох,
Нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч Г.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О-Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.О-Э, Г.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Цагдаагийн дарга дэд хурандаа М******* манай гэрт ирж, танай зүүн хашааны Б.Э гэгч хүн О******* хүү манай хашааг даваад хулгай хийгээд байна гэсэн учир мэдүүлэг авна гээд хүү бид хоёроос мэдүүлэг авсан. Бид хулгай хийгээгүй, тэдний хашаагаар хөл тавьж ч үзээгүй гэдгээ тодорхой хэлсэн. Хүү Г.Б*******аас зүүн хашааг давж орж байсан эсэх, танайх байшин, хашаагаа хэдийд яаж барьсан зэрэг асуултыг асуусан. Надаас Г******* гэдэг хүн танайд байдаг эсэхийг асуусан. Манайд Г******* нэртэй хүүхэд, хамаатан садан байхгүй гэж хариулсан. Би тэтгэврийн зээл, хүү цалингийн зээл авч, хүнээр байшингаа бариулсан, гэрээ нь байгаа. Б.Э-гийнхаас хэзээ, юу алга болсон тухай тодорхой зүйл бидэнд хэлээгүй, өргөдөл гомдлыг бидэнд үзүүлээгүй. Ингээд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр М******* даргатай утсаар холбогдож, хулгайд юм алдагдсан асуудал юу болсон бэ гэж асуухад танай хүүхдэд хамааралгүй гэдэг хариу өгсөн. Бас Б.Эгийнхаас юм алга болсон үгүй нь мэдэгдэхгүй байна гэж хэлсэн. Энэ хариуг сонсоод биднийг хулгайд гүтгэсэн явдлыг бид зөвшөөрөхгүй, нэр төрөө сэргээлгэх гомдол гаргана гэхэд гомдол гаргаж болно, манай төв байр Улиастайн шинэ эцэст байдаг гэж хэлсэн. Ингээд би 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтэст гомдлоо бичгээр гаргаж, өөрийн биеэр тасгийн дарга цагдаагийн хошууч А.Батсүхээр цохуулан бичиг хэрэгт нь өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн орчим хорооны цагдаа Б******* гэж хүн утсаар ярьж ирж уулз гэсэн ба орой болж байсан учир Хонхорын Б******* зөрлөгөөс очиж чадаагүй. 2019 оны 12 дугаар сарын 04-ний өглөө Б******* цагдаатай утсаар ярихад одоо та ирэх хэрэггүй гэсэн. Миний гомдлын хариуг бичгээр надад өгөөгүй. 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Б.Эгийн нөхөр болох Я.Жамъяансүрэнтэй би сүү авдаг айлындаа таараад танайхаас хэдийд юу алга болсон юм бэ гэж асуухад юу алга болсныг би мэдэхгүй гэсэн. Нэг гэрт хамт амьдардаг өрхийн тэргүүн хүн нь юу алга болсон гэдгийг мэдэхгүй байгаа нь эднийхээс юу ч алга болоогүй, харин Э******* эд мөрийн баримтгүйгээр биднийг хулгайд гүтгэж нэр төрийг минь гутаах үйлдэл хийж байгаа юм байна гэдэг ойлголт надад улам лавширсан. Гэтэл бас дахин 2 дахь удаагаа хулгайд гүтгэсэн. 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн Хонхорын цагдаа дэслэгч О******* манай гэрт ирж, Б.Э гэдэг хүн хулгайд юм алдсан учир мэдүүлэг авна, маргааш 12 цагт хүүгийнхээ хамт ир гэсэн. Заасан цагт нь очиж, гэрчийн мэдүүлэг өгсөн. Манай хүү очсон боловч мэдүүлэг авахгүй буцаасан. Энэ удаа бас л Б.Э хэзээ ямар зүйл алдсан тухай гомдлын баримтыг үзүүлээгүй, бид одоо болтол Б.Эгийн хашаанаас хэзээ юу алга болсон тухай мэдээгүй. Миний бие болон хүү Г.Ббид 2 хаанаас хэзээ ч хэний ч юмыг хулгайлж байгаагүй. Харин Б.Э нь намайг яажгий хар авгай, хулгайч айл гэх мэтээр янз бүрийн муу үгээр байнга дайрч давшилдаг учир бид Б.Эгаас аль болох холуур явахыг хичээдэг. Б.Э нь миний хүүг ажилдаа явах, ирэхэд нь манайд ирээд явж байгаа ах дүү, хүүхдүүд, таних танихгүй хүмүүсийн дэргэд элдэв муу үгээр дайрч давшлан доромжилж, биднийг байнга сэтгэл санааны дарамтанд оруулдаг төдийгүй ойр хавийн хүмүүсийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулж байдагт нь гомдолтой байдаг. Б.Э нь ганц хүү бид хоёрыг ч дайрч давшилж доромжлоод зогсохгүй бусад хүмүүсийг ч үг хэлээр доромжилж загнадаг учир манай эндхийн хүмүүс Б.Эгаас аль болох холуур явахыг хичээдэг олон түмний дургүйг их л хүргэдэг хүн гэдгийг манай эндхийн оршин суугчид захаас аван хэлнэ. Бид элдэв доромжлол, гүтгэлэг, нэр төр гутаах үйлдэлд өртөлгүй зүгээр л амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж байна. Миний хүү Г.Бболон миний бие Л.О-Э нарыг удаа дараа хулгайд гүтгэж нэр төрийг минь гутаасан учир нэр төрийг минь сэргээж, Б.Эгаас 5,000,000 төгрөг гаргуулан биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Л.О-Э, Г.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2006 онд Цагаан хяр зөрлөгөөс Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Б******* зөрлөгт 20 тоннын шаланзаар 1,200,000 төгрөг хөлсөнд өгч нүүж ирсэн эдийн засгаар хохирмооргүй байна. Бид хоёр өндөр настай, хөгшин маань бие муутай, нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байдаг. 2006 онд тархины хүнд харвалт өгч, харвалтаас болж нүдний даралттай муу хардаг, одоо тэтгэвэрт байдаг. Б******* өртөөний дарга Энхболдоор буух газар заалгаж буусан боловч нөхөр маань харвалт өгсөн учраас хашаагаа барьж чадаагүй байтал Б******* зөрлөгийн монтер Г.Д******* нь миний газар гэж Багахангайгаас Л.О-Э, түүний хүү Г.Бнарыг шууд буулгасан ба энэ цагаас маш их дарамттай, шөнөөр хашаа давж ирээд байнга хулгай хийж, өвөлжөөн дотор хураасан шуудайнууд, малын саравчны шонгууд, хашааны шонгууд, малын саравч дээвэр дээр хэрэглэж байсан банзнууд, 4 ширхэг лак нь арилсан шпал, өвсний сэрээ, өвөл түлэхэд бэлтгэсэн аргал зэргийг олон жил хулгай хийж амьдарч ирлээ. Баянзүрх дүүргийн газрын албанд хандаж, газар зохион байгуулагч О*******т болж байгаа зүйлийн талаар өргөдөл бичсэн ба кадастрын зураг хийлгэ гэсний дагуу хийлгэсэн. Харамсалтай нь гэрээс кадастрын зураг бичиг баримтын хамт алга болсон, Л.О-Э, түүний хүү Г.Бнараас гарцаагүй. Манай газрын зураг ямар ч хүнд хэрэг болохгүй шүү дээ. Шөнөөр хашаа давж хулгай хийхээс гадна гэрийн цагаан бүрээс рүү энэ айл байнга хар болон өнгөтэй юм цацаж муухай болгож, намайг өвөлжөө рүү орох зам дээр үзүүр нь махийсан цооронхой тэвнэ, зүү зэргийг тавьж байдаг. Хашааныхаа гадна талд угаадас тавиад мөн хашаанууддаа 4 ширхэг туг хатгаад манай талд барьсан өөрийнхөө хашааны банзыг сэтлээд туг нь манайх руу хийсээд байхаар миний сэтгэл их тавгүй байдаг. Үүнийг ойлгохдоо би хорсол занал гэж бодож байгаа учир нь туг хийсгэж болно, гэхдээ өөрийн талын банзыг хоёр хоёроор нь тугандаа тааруулж байгаад харамсдаг ба амар тайван амьдрахад хэцүү байдалд байна. Хэл амтай хэсэг хүмүүс бүлэглэн Л.О-Э, Г.Бнарыг хамгаалж байдагт гомдолтой байна. Хулгай хийгээд байгаа хулгайчийг тогтоож, манай алдагдсан зүйлийг газар дээр нь тогтоож өгөх, ээж хүү хоёроос эрх ашгаа хамгаалуулахаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны цагдаад амаар болон өргөдөл удаа дараа бичсэн боловч гомдол маань талаар өнгөрч, улс эх орондоо тангараг өргөсөн цагдаа нарыг зохион байгуулалттайгаар хэсэг бүлэг хүмүүс барьцаалан үгээ нэгтгэж миний гомдлыг барагдуулж өгсөнгүй. Жишээлбэл гол зохион байгуулагч ёс суртахуунгүй Б******* зөрлөгт монтер хийдэг Г.Д*******, Л.О-Э, Г.Б*******, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог хариуцсан хэсгийн ахлагч Оюунчимэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны Засаг дарга байсан О, Баянзүрх дүүргийн Засаг дарга байсан П нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог ахлах дарга дэд хурандаа М*******, мөн дэслэгч П******* нарт гомдолтой. Чухам яах гээд байгаа нь мэдэгдэхгүй Л.О-Э, хүү Г.Бнар нь улам гаарч гэрийн цагаан бүрээс рүү одоо хүртэл байнга хар юм цацсан хэвээр байна. Би цагаан бүрээсээ 3 удаа сольсон. Гэртээ байж байгаад ховонд орж, гэр бүл дотор таагүй явдал бий болгож, хулгайд юмаа алдаж, юм цацаад байгаа үйлдлийг шалгаж тогтоож хохирлыг барагдуулж өгнө үү. Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтсийн дарга хошууч Батсүхэд өргөдөл бичиж, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог хариуцсан цагдаагийн ахлах дарга дэд хурандаа М*******ыг томилсон. М******* нь маш хариуцлагагүй, хулгайн талаар мэдүүлэг авна гэсэн боловч хулгайч Л.О-Э, Г.Б хоёрыг хамгаалан хуйвалдаж байгаа нь эрс мэдэгдэж байлаа. Л.О-Э, Г.Б нараас авсан мэдүүлэг дээр надад танилцуулахгүйгээр надаар гарын үсэг зуруулж байгаад гомдолтой. Дэд хурандаа М*******аас өгсөн өргөдлөө буцааж авна, миний эрх ашгийг хуулийн дагуу шийдэж чадахгүй юм байна, эсвэл та гаргасан шийдвэрээ хурдан өгөөрэй, хулгайч нар улам гаарч одоо хүртэл хулгай хийж, хар юм цацсаар л байна гэхэд намайг бага зэрэг сэтгэцийн өвчтэй мэтээр хэлсэнд гомдолтой. Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн даргад өргөдөл бичсэн, Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэс буруу үйл ажиллагаа явуулж байгаа тухай гомдол бичсэн. Л.О-Э, Г.Бнарт эрүү үүсгэн шалга гэсний дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс мөрдөн байцаагч дэслэгч О******* шалгахдаа ажилдаа хариуцлагагүй хандаж, ээж Л.О-Э-ээс мэдүүлэг аваад жинхэнэ хашаа давж хулгай хийж байгаа хүү Г.Б-аас мэдүүлэг аваагүйд гомдолтой. Би ямар ч гомдол бичээд шийдэгдэхгүй юм байна билээ. Баянзүрх дүүргийн прокурорт хандаж уулзахад ийм бүртгэлтэй хэргийг буцаасан гэсэн. Эдгээр бүлэг зохион байгуулалттай хүмүүст хуулийн дагуу хэмжээ авч, миний алдсан хохирлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Эдгээр бүлэг зохион байгуулалттай хүмүүст гомдолтой нэр төрөө хуулийн дагуу сэргээж өгөхийг хүсч байна. Иймээс иргэн хүн цагдаагийн байгууллагад хулгайд эд зүйлээ алдсан асуудлаар өргөдөл гаргасан явдал нь нэр төр гутаасан үйлдэл биш. Би хуулийн дагуу өөрийн эрх ашиг хөндөгдсөн, хохирсон асуудлаар эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол хүсэлт гаргах эрхтэй гэж ойлгож байна. Иймд би хүн доромжилсон, хулгайд гүтгэсэн, дарамталсан асуудал байхгүй. Би хүнтэй амьдралдаа ч хэрэлдэж үзээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.О-Э, Г.Б нар нь хариуцагч Б.Э-д холбогдуулан хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан удаа дараа гүтгэсэн, доромжилсон үндэслэлээр нэр төр сэргээлгэх, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэгч нарыг хөрш болсон цагаас эхлэн эд зүйл хулгайлдаг, гэр рүү хар юм байнга цацдаг, цагдаагийн байгууллага миний гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шалгаж, хохирлыг барагдуулаагүй, эрхээ хамгаалуулахаар өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад гаргах эрхтэй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын баримтуудаар дор дурдсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Хариуцагч Б.Э-гаас 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хажуу айлын хүн төмрийн үртэс хөөтэй хамт гэр рүү цацсан гэх гомдол гаргасан байх ба хороо хариуцсан цагдаа, ахлах ахлагч Х.Нас*******ын илтгэх хуудаст гэр дээрх 2 ширхэг шинэ бор толбо нь шувууны баас байсныг шалгаж тогтоосон, мөн Оюун-Эрдэнээс хажуу айл руу юм цацаагүй тухай тайлбар өгсөн талаар тусгагдсаныг үндэслэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хороо хариуцсан цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Х.Нас*******ын 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол бүхий 6855 дугаар материал, хэргийн 76-82 дахь тал/,
2. Хариуцагч Б.Э-гаас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст ... хөрш Оюун-Эрдэнэ, хүү Г******* нар орой болгон хашаа давж, малын саравчны шонгууд, лак нь арилсан 4 ширхэг шпал, цагаан, ногоон шуудайнууд, өвсний сэрээ зэргийг хулгайлсан, гэр рүү байнга хар юм цацаж цагаан бүрээс муухай болгосон, өвөлжөө рүү орох замд үзүүр нь махийсан цоорхой тэвнэ, зүү зэргийг тавьж, хашаанууддаа туг хатгаад манай талд барьсан хашаагаа сэтлэснийг хорсол занал хараал гэж ойлгож байна гэх утгатай өргөдөл гаргасан байх ба үүний дагуу хариуцагч Б.Э-гаас хохирогчийн мэдүүлэг, нэхэмжлэгч Л.О-Ээс гэрчийн мэдүүлэг, хариуцагч Г.Б-г холбогдогчоор тодорхойлон мэдүүлэг авч, улмаар зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Хонхор дахь Цагдаагийн хэсгийн чиглэлийн ахлах ажилтан, цагдаагийн дэд хурандаа Ч.М*******ы 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол бүхий 10924 дүгээр материал, хэргийн 65-75 дахь тал/,
3. Хариуцагч Б.Э-гаас 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст хажуу айлын хүн хашаа давж орж ирээд гэр рүү хар юм цацсан байна, урьд дуудлага өгсөн арга хэмжээ авахгүй байна гэх гомдол гаргасан байх ба Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Н.Баттулгын илтгэх хуудаст дуудлагын дагуу очиж шалгахад гэр рүү хар юм цацсан байв, хажуу айлын гэрийн эзэн гэх Г.Б*******тай уулзахад айлын хашаа руу давж ороогүй, би юм цацаагүй, таарах болгонд хэл амаар доромжилдог, гомдол гаргасан гэх тайлбар өгсөн талаар тусгагдсаныг үндэслэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.П*******ийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 11689 дүгээр тогтоол бүхий 11689 дүгээр материал, хэргийн 83-92 дахь тал/,
4. Хариуцагч Б.Э-гаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст ... хулгайч ээж Оюун-Эрдэнэ, түүний хүү Б******* нар нь хашаанд орж ирээд малын саравчнаас цагаан, ногоон шуудайнууд, малын саравчны шонгууд, хашааны шон, хар лак арилсан шпал, малын саравчны банз хулгайлсан үйлдэл болон бусад үйлдлийг шалган тогтоож хохирол барагдуулна уу гэх өргөдөл гаргасан байх ба үүний дагуу хариуцагч Б.Эгаас хохирогчийн мэдүүлэг авч, улмаар зөрчил үйлдсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Ш.Ням-Очирын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 1651 дүгээр тогтоол бүхий 1651 дүгээр материал, хэргийн 93-103 дахь тал/,
5. Хариуцагч Б.Э-гийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын сүүлээр хашаанаас шонгийн мод, өвсний сэрээ, палк, бөөр банз хулгайд алдсан гэх гомдлын дагуу хариуцагчаас хохирогчийн мэдүүлэг, нэхэмжлэгч Л.О-Ээс гэрчийн мэдүүлэг, мөн Г.Содномдаш /Д*******/-аас гэрчийн мэдүүлэг авч, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 4063 дугаар тогтоолоор эрүүгийн 200602830 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан /хэргийн 106-121 дэх тал/,
6. Хариуцагч Б.Э-гийн гаргасан хашаанаас эд зүйл хулгайд алдсан гэх гомдлыг шалгахад хохирогч, холбогдогч, гэрчийн мэдүүлгээр эд зүйл алдагдсан, гэр рүү нь ямар нэгэн зүйл цацсан гэх зөрчил гарсан нөхцөл байдал тогтоогдоогүй тухай хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Н.Батсайханы илтгэх хуудсыг үндэслэн зөрчил үйлдсэн болох нь тогтоогдоогүй үндэслэлээр 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн /Цагдаагийн 3 дугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн хошууч Н.Батсайханы 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 10403 дугаар тогтоол бүхий 10403 дугаар материал /хэргийн 123-124 дэх тал/.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... эрхтэй. ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... гэж заасан.
Дээрх баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчид нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Б******* зөрлөгт оршин суудаг хөрш этгээдүүд байх ба хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан хашаа давж эд хөрөнгө хулгайлсан, түүнчлэн түүний гэр рүү хараалын шинжтэй хар юм цацсан тухай өргөдөл, гомдлыг удаа дараа цагдаагийн байгууллагад гаргасан боловч тухайн асуудал нотлох баримтаар тогтоогдоогүйгээс хариуцагчийн өргөдөл, гомдлыг хүлээн авахаас татгалзах, хэрэг бүртгэлтийн хэргийг хаах байдлаар хянан шийдвэрлэж байсан болох нь тогтоогдож байна.
Цагдаагийн байгууллагын материалаас үзэхэд орой болгон хашаа давж, малын саравчны шонгууд, лак нь арилсан 4 ширхэг шпал, цагаан, ногоон шуудайнууд, өвсний сэрээ зэргийг хулгайлсан гэх асуудлаар хариуцагчийн анх гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдлийг цагдаагийн байгууллага шалгаж шийдвэрлэсэн байхад тухайн асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр, мөн 2020 оны 08 дугаар сард тус тус дахин өргөдөл гаргасан байна.
Үүнээс гадна гэр рүү хар юм цацсан гэх асуудлаар хариуцагчийн анх гаргасан 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн өргөдлийг цагдаагийн байгууллага шалгаж нэгэнт шийдвэрлэсэн байх боловч тухайн асуудлаар 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, мөн 2020 оны 08 дугаар сард тус тус дахин хандсан байна.
Дээрх материалуудад тусгагдсанаар хариуцагчаас өргөдөл, гомдол гаргасан тухай бүрд нэхэмжлэгч нараас амаар тайлбар авах, цагдаагийн байгууллагад дуудан ирүүлэх, холбогдогчийн мэдүүлэг авах, гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсан байна.
Монгол Улсын Үндсэн хуульд тодорхойлсон дээрх хүний үндсэн эрхийн хүрээнд хариуцагч нь өөрийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн асуудлаар төрийн эрх бүхий байгууллагад өргөдөл, гомдол гарган шийдвэрлүүлэх эрхтэй хэдий ч эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгэнт хянан шийдвэрлэсэн асуудлаар, мөн ямар нэгэн баримт, нотолгоо, бодит үндэслэлгүй, түүнчлэн удаа дараа нэхэмжлэгч нарт холбогдуулан өргөдөл, гомдол гаргаж, иргэний зөрчигдсөн эрхээ хамгаалуулах эрхээ хэтрүүлсэн, үүний улмаас нэхэмжлэгч нарын нэр төрд сөргөөр нөлөөлсөн гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, хүний нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлсийн талаарх эерэг үнэлгээ байдаг бөгөөд дээр дурдсанчлан нэхэмжлэгч нарын гэрт цагдаагийн байгууллагын ажилтнууд удаа дараа ирж тайлбар авсан, түүнчлэн тэднийг цагдаагийн байгууллагад удаа дараа ирүүлсэн, мэдүүлэг, тайлбар авсан зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгч нарын талаарх эерэг үнэлгээг бууруулах сөрөг үр дагаварт хүргэсэн гэж үзнэ.
Хариуцагч нь цагдаагийн байгууллага, албан тушаалтнууд нэхэмжлэгч нарыг хаацайлан ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэх татгалзал гаргаж байх хэдий ч уг татгалзалтай холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй болно.
Иймд хариуцагч Б.Э биднийг байнга сэтгэл санааны дарамтанд оруулсан, амгалан тайван байдлыг алдагдуулсан, хулгайд гүтгэж нэр төрийг минь гутаасан гэх нэхэмжлэгч Л.О-Э, Г.Бнарын нэхэмжлэлийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын аливаа иргэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүрэгтэй.
Мөн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр төрийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар няцаах үүрэгтэй тул нэхэмжлэгч нарын нэр төр сэргээлгэх шаардлагыг хангах нь зүйтэй.
Нэхэмжлэгч нар нь нэр төр гутаасны улмаас нэр төр, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.9 дэх хэсэгт зааснаар эрх зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогчид хуульд заасан журмын дагуу арилгахаар заасан.
Гэвч нэхэмжлэгч нарын нэр төр, сэтгэл санаанд ямар хохирол хэрхэн учирсан, хохирлын улмаас ямар сөрөг үр дагавар үүссэнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгч нарт 5,000,000 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдохгүй байна.
Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, хариуцагч Б.Э нь нэхэмжлэлд дурдсан 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд малын саравчны шонгууд, шпалууд, цагаан, ногоон шуудайнууд, өвсний сэрээ зэргийг хулгайлсан, гэр рүү хар юм цацсан гэх бодит байдалд нийцээгүй өргөдөл, гомдлыг удаа дараа цагдаагийн байгууллагад гаргаж, нэхэмжлэгч Л.О-Э, Г.Бнарын нэр төрийг гутаасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нарын нэр төр сэргээлгэх шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас нэр төр, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Хариуцагч Б.Э шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан тул хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн. Мөн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Н.Жаргалд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгч Л.О-Э, Г.Б нарын нэр төр сэргээлгэх шаардлагыг хангаж, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.О-Э, Г.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-гаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Д.ЦЭРЭНДОЛГОР