| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0401/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/417 |
| Огноо | 2024-04-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | С.Батгэрэл |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/417
2024 04 05 2024/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа
улсын яллагч:С.Батгэрэл
шүүгдэгч: Ц.Н нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Н холбогдох эрүүгийн 2408004910230 тоот хэргийг 2024.03.07-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын даамал мэргэжилтэй, “Мөнх ган цамхаг” ХХК-нд даамал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** хороо, ***** тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД*********/ Б овогт Ц.Н нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU сүлжээ дэлгүүр дотор иргэн О.М баруун хөл рүү нь хавсарч унагасны улмаас бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлт /хх-05-07/,
- Хохирогч О.М " Би 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 12 цагийн орчимд ЧД-ийн хүнсний 4 дүгээр дэлгүүрээс өөрийн найз болох М гэр болох Сонгинохайрхан дүүргийн 21 хороолол орохоор автобусанд суусан. Тэр үед би архи согтууруулах ундааны зүйлс хэрэглэсэн тул буух буудлаа хэтэрч бууж улмаар Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хуучин эцэс гэдэг газарт буусан. Тэгээд би тэр үедээ согтуу байсан тул бие засахаар "Си Юу” нэртэй дэлгүүрт орсон. Тэгээд би согтуу тасарсан байсан тул хүмүүстэй маргаж байснаа санаж байна. Улмаар би уг дэлгүүрээс гараад буцаж орж ирэхдээ танихгүй хүнтэй маргаж улмаар уг хүнтэй маргаж байгаад уг хүн намайг газарт унагахдаа миний хөлийг
өшиглөж хугалсан, улмаар уг хүн намайг өшиглөөд байсан. Тэгээд би цагдаа болон түргэнд хандсан. Би огт гар хүрч чадаагүй, гар хүрэхээс
өмнө газарт унагаж хөл хугалсан. Миний баруун хөлний шилбэ болон савхан яс
хугарсан"гэх мэдүүлэг /хх-12-13,15/,
- Гэрч Т.С “Би Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дэлгүүрт цагийн ажилтан. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цагт өөрийн ажил дээр иртэл манай ажлын хүмүүс суудаг хэсэгт ойролцоогоор 40 орчим насны согтуу эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд орж ирсэн хүн болгон руу согтуу орилоод байсан. Тэгэхээр нь би уг хүнд хандаж “хүн үйлчилүүлж байна, та наад сандал дээрээ чимээгүй унтаж байгаарай” гээд хэлэзд удаагүй байж байтал гаднаас манай хажуу талд байх нүүрс зардаг нэрийн мэдэхгүй ах орж ирээд уг согтуу хүнд шаардпага тавьтал уг согтуу ах “би шоронгийн хүн” гээд өөдөөс нь хараагаад байсан. Тэгээд уг нүүрс зардаг ахтай хамт гараад удалгүй уг согтуу хүн дахин орж ирээд над руу агсам тавьсан чинь уг хүнтэй хамт зэрэгцэж орж ирсэн 40 орчим насны эрэгтэй ах “чи ганцаараа байгаа охин хүүхэд айлгаад байна” гэтэл уг согтуу ах уг хүнийг хувцаснаас нь бариад авсан. Тэгээд уг эрүүл ах “чи миний хувцаснаас тавь” гэтэл уг согтуу ах “чи надаас сэжиглэдэг хэн бэ” гээд агсам тавьж уг ахыг гараараа цохих шиг болтол уг эрүүл ах “чи намайг цохиод байна” гээд хэлтэл уг согтуу ах дахин цохих гэтэл уг эрүүл байсан ах уг согтуу хүнийг хөлөөрөө хавсарч унагасан. Тэгээд уг эрүүл байсан ах гараад явсан. Тэгээд уг согтуу ах “миний хөл” гээд газар хэвтээд байхаар нь би хамгаалалт дуудсан. Хамгаалалт ирж байхад уг хүн цагдаа болон түргэнд хандсан. Тэгээд хамгаалалт болон цагдаа нар зэрэгцэж ирээд уг хүнийг босгох гэтэл босохгүй байсан тул түргэнд хандсан. Тэгээд эмч ирээд уг хүнийг авч явсан. Уг согтуу хүний хөлийг гэмтээсэн гэх хүнийг би харж байгаагүй. Уг эрүүл байсан гэх хүн манай дэлгүүрээс ямар нэгэн эд зүйл аваагүй. Уг эрүүл байсан гэх хүн манай дэлгүүрт ганцаараа орж ирсэн. Хяналтын камерын бичлэг байгаа “ гэх мэдүүлэг /хх-26/,
- Дэлгүүрийн хянаптын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн “О.М маргасан гэх хүн дахин орж ирж байгаа. О.М үүдээр орж ирэхдээ үл таних хүнтэй маргаж түлхэж байгаа, О.М үл таних хүн цохиж өшиглөж байгаа, О.М үл таних хүнтэй барилцаж байгаа, О.М үл таних хүн зүүн хөл хэсэг рүү баруун хөлөөрөө өшиглөж байгаа, О.М үл таних хүн цохиж өшиглөж байгаа, хөлөөрөө хавирч байгаа, О.М унахдаа өөрийн баруун хөлөө доороо хийн унаж байгаа, баруун хөлөө гараараа барьж байгаа, О.М үл таних хүн нуруу хэсэг рүү нь өшиглөж байгаа, О.М гар утсаа гаргаж ирж байгаа, үл таних хүн гараад явж байгааг харуулав” гэх тэмдэглэл, /хх-40-45/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2208 дугаартай “О.М биед баруун шаант, тахилзуур ясны зөрөөтэй хугарал, баруун шилбэнд мэс заслын шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /хх-29-30/,
- Яллагдагч Ц.Н “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. үсээ засуулах гээд очиход үсчин хаалттай байхаар нь тэнд байсан ”Си Юу" дэлгүүр рүү орж кофе уухаар болсон юм. Би кофегоо аваад үйлчлүүлэх хэсэгт суух гээд байж байтал нэгэн согтуу эрэгтэй хүн чангаар орилоод байсан ба кассын худалдагч охин руу мөн орилоод байсан юм. Би тухайн согтуу хүнийг гар гэж шаардпага тавихад "Чи мэддэг юм уу чи юу юм" гэх зэргээр хэл амаар доромжилж бид хоёр маргалдсан ба тухайн согтуу запуу намайг бариад авахаар нь би хавсарч унагаасан ба тухайн согтуу хүн баруун талаараа унасан. Унасны дараа тухайн залуу над руу орилж "Чи миний хөлийг эвгүй болгочихлоо” гээд орилоод байсан ба би ажилтай байсан тул дэлгүүрээс гараад явсан. Би тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /хх- 70/ зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Ц.Н хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “СU сүлжээ дэлгүүр дотор иргэн О.М баруун хөл рүү нь хавсарч унагасны улмаас бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 2208 дугаартай дүгнэлт, хяналтын камерийн бичлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Н нь дэлгүүр лүү өөртэй нь маргалдан орж ирсэн О.Мягмарыг өшиглөх тийрэх, хавсарч унагах, нуруу хэсэгт нь зодсоны улмаас О.Мягмарын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь баримтаар нотлогдсон тул шүүгдэгч Ц.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч О.М нь шүүгдэгч Ц.Н түрүүлж түлхсэн болох нь хяналтын камерийн бичлэгээр тогтоогдож байх боловч түүний энэ түлхэлтийг зүүн хөл хэсэг рүү нь өшиглөж зайлуулсны дараа нүүр лүү нь цохиж, өшиглөж , хавсарч унагасан нь мөн хяналтын камерийн бичлэгээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй тул тухайн нөхцөл байдлыг шүүх гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Хохирогч О.М согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэн гудамж талбайд болон дэлгүүр дотор агсамнан танхайрч байсан үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг шүүгдэгч Ц.Н хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хохирогч О.М: “Гэмтлийн эмнэлэг дээр ирж үзүүлэхэд миний баруун
хөлний шилбэ болон савхан яс хугарсан гэж хэлж би 2024 оны 01 дүгээр сарын 16-
ны өдөр хагалгаанд орж 2024 оны 01 дүгээр сарын 19-нд эмнэлэгээс гарч гэртээ
хэвтэрт байж байгаад өнөөдөр ирж байна. Би огт гар хүрч чадаагүй, гар хүрэхээс
өмнө газарт унагаж хөл хугалсан. Миний баруун хөлний шилбэ болон савхан яс
хугарсан. Би эмнэлэгт хагалгаанд ороход надаас 2 сая төгрөгийн зарлага
гарсан. Би хохиролоо барагдуулах хүсэлтэй байна. Надад эмнэлэгт үзүүлсэн
зарлагын баримт байхгүй. Би таксинд сууж байгаад тухайн машин дотроо
зарлагын баримтаа хаясан. Би сэтгэцийн хор уршигаа тогтоолгохоор шүүх
эмнэлэгт үзүүлэхгүй. Би гомдолтой байна эмчилгээний зардлаа гаргуулчихвал
гомдол саналгүй. Эмчилгээний зардпаа хэд болохыг сайн мэдэхгүй байна" гэж мэдүүлжээ. /хх-12-13,15/ Хохирогч О.М нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримт гаргаж өгөөгүйн улмаас шүүх дүгнэлт хийх боломжгүй байх тул эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцхгүй орхихоор шийдвэрлэв. Хохирогч нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж Ц.Н иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жичдээ нэхэмжлэх эрхтэй байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, /йлчилгээний зардпын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан бөгөөд О.м эмчилгээний зардалдж эрүүл мэндийн даатгалын сангаас 109000 төгрөг зарцуулсан нь иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчийн мэдүүлэг/хх-38/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-34/ баримтаар тогтоогдож байх тул шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон этгээд болох Ц.Н тухайн төлбөрийг гаргуулж төсвийн орлогод шилжүүлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Н нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 414 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоол, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-48, 51-54/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ц.Ннь шүүхээс хорих ялыг тэнссэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул ялгүй болсонд тооцох үндэслэлтэй. Иймд түүний урьд ял шийтгүүлснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй
Шүүгдэгч Ц.Н нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.
Дээрх нөхцөл байпдал болон шүүгдэгч Ц.Н хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн санал болгосончлон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялын хэмжээг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тогтоох байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ц.Н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц.Н 1500 /нэг мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.М иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ц.Н нэхэмжлэх эрхтэйг заасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Ц.Н 109.000 /нэг зуун есөн мянган/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын төрийн санд шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж, битүүмжилж ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Ц.Н мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ