| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 188/2024/0409/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/421 |
| Огноо | 2024-04-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/421
2024 04 08 2024/ШЦТ/421
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа
улсын яллагч:Д.Ганчимэг
шүүгдэгч: Д.Р нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д.Р холбогдох эрүүгийн 2408001860391 тоот хэргийг 2024.04.01-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймгийн ***** хотод ******-нд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механик засварчин мэргэжилтэй, ******** ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл-5 эцэг эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Тариалан сумын 01 дүгээр баг хонхорын 17 дугаар байрны 02 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн **** хорооны ***** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:******/ Г овогт Д.Р нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Р нь 2023 оны 12 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд караокены гадна иргэн Л.Б маргалдаж зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь
дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5/,
- Хохирогч Г.Б: “...Би ганцаараа 00-ийн өрөө орж бие засчихаад ирэхэд сандлын түшлэг дээр тохоод тавьчихсан байсан хар өнгийн куртик маань байхгүй, найз А бас байхгүй байсан. Ойролцоо сууж байсан хүмүүсээс “миний куртикийг харсан уу” гэж асуухад “сая нэг залуу куртикийг чинь өмсөөд гараад явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь караокены гадаа гарахад үл таних 40 орчим насны залуу миний куртикийг өмсчихсөн хажууд нь арай намхан залуу зогсож байсан “Наадах чинь миний куртик байна, би куртикээ авья” гэсэн чинь “би чиний куртик өмсөж яах юм” гэсэн бөгөөд уг үл таних 2 залуу нилээн согтсон байдалтай байсан. Нөгөө үл таних залуу миний хэлсэн үгэнд итгэхгүй байхаар нь куртикний энгэрийнх нь халаасанд миний бичиг баримт байгаа үз гэж хэлсэн. Мэдээж энгэрийн халааснаас нь миний бичиг баримт гарч ирсэн. Тэгээд би өөрийнхөө куртикийг аваад өмссөн. Миний куртикийг өмссөн байсан залуутай бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгсэн миний куртикийг өмсчихсөн байсан запуу миний хамар хэсэгт нэг удаа маш хүчтэй цохиод, хамарнаас маш их цус гараад тонгойсон. Тонгойгоод хамарныхаа цусыг дараад сууж байхад миний нуруун дээрээс цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-8-12/,
- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 630 дугаартай: “Л.Б биед зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт, зүүн хацрын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна” гэх дүгнэлт /хх-22-23/,
- Гэрч Н.Н: “...караокеноос гарахад үл таних 3 эрэгтэйн 2 эрэгтэй нь хоорондоо зодолдож байсан. Намхан нуруутай махлаг биетэй ах газарт дээшээ хараад хэвтчихсэн дээр нь өндөр, махлаг биетэй, шар царайтай залуу залуу гараад суучихсан нүүрэн тус газарт нь гараараа цохиж байхыг нь хараад Минжингарав хүний дээр гарч суугаад зодоод байсан хүнийг босгож зодооныг салгасан” гэх мэдүүлэг /хх-19/,
- хэргийн газарт байсан хүмүүсийн согтуурлыг шалгасан гэрэл зургийн үзүүлэлэлт //
- Яллагдагч Д.Р: “Би гэм буруугийн асуудал дээр маргахгүй өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн орой найз Э.Э хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд караоке руу орсон. Э.Эрдэнэбаяр бид хоер караоке хаах гарсан бөгөөд би үл таних эрэгтэйн хар өнгийн куртикийг андуурч өмсөөд гарчихсан гадаа зогсож байсан. Куртикний эзэн болох үл таних эрэгтэй надаас “куртикээ авъя” гээд нэхээд харин би болохоор “энэ бол миний куртик” гэж бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Хувийн таарамжгүй харилцааны улмаас би куртикний эзэн болох үл таних залуутай харилцан зодолдсон. Андууд караоке дотор байхдаа архи их хэмжээгээр уусан болохоор би гадаа гараад тасарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-64-65/ зэрэг баримтууд хамаарч байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Д.Р хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Р нь 2023 оны 12 дугаар сарын 19-ноос 20-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Андууд караокед үйлчлүүлж байсан иргэн Л.Б хүрмийг андуурч өмсөж гарсан бөгөөд тухайн караокены гадна хүрмээ авах гэсэн иргэн Л.Б үл ойлголцон маргалдаж зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нь дуудлагын хуудас, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 630 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Д.Р гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Р нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Д.Р нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн Г.Б эрх, эрх чөлөөнд нь хүч хэрэглэн халдаж, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь баримтаар нотлогдсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Р хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч Г.Батхүүгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч Г.Б нь “Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн /хх-17/, мөн хохирогч прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ “Миний бие сэтгэцийн гэм хор нэхэмжлэхгүй нэхэмжлэх төлбөр байхгүй” /хх-33/ гэх хүсэлт гаргаж, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал шийдвэрлэсэнгүй, хэлэлцэхгүй орхилоо. Хохирогч Г.Батхүү нь шаардлагатай гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлж, Д.Р иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болно.
Шүүгдэгч Д.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-46/ тогтоогдож байна.
Д.Р үйлдэлд нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болно. хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх нөхцөл байдал болон хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг торгох ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Д.Р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Г овогт Д.Р 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Р нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүхээс оногдуулсан торгох ялыг холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Д.Р мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ