Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00654

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А л ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.А-д холбогдох,

16,124,281 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, хариуцагч Ө.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А л ХХК ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “… А л ХХКнь Япон улсаас Монгол улсад импортолсон хуучин автомашинуудыг иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдах үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд юм. Иргэн Ө.А нь 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Япон улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн тоёота приус 30 маркийн суудлын автомашиныг 17,000,000 төгрөгт бодож урьдчилгаа үнийн дүнгийн 20 хувь буюу 3,400,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөр 13,600,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашины лизингийн гэрээ байгуулсан. Иргэн Ө.А нь гэрээний үүрэгт нэг ч төгрөг төлөөгүй, гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэсээр өнөөг хүрээд байна. Өнөөдрийн байдлаар үндсэн төлбөр 13,600,000 төгрөг, хүү 2,132,826 төгрөг, гэрээний 2.6-д заасны дагуу алданги 391,455 төгрөг, нийт 16,124,281 төгрөг төлөөгүй байна. Иймд Ө.А*******гоос 16,124,281 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Би төлбөрийг төлөхгүй гээгүй төлнө. Автомашин зээлээр авсан нь үнэн. Автомашиныг аваад хүү их байна, үндсэн төлбөрөө төлье гэхэд манай захирал хөдөө явчихсан байна, захирал ирэхээр шийдвэрлэнэ гэсэн ба 3, 4 сарын дараа захирал хүүнээс чөлөөлөхгүй гэж байна, одоо мөнгөө хий гэсэн. Бид одоо мөнгө хийх боломжгүй, үндсэн төлбөрөө төлье гэхэд зөвшөөрөөгүй. Сүүлд миний ажил Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс рүү бичиг явуулаад ажил дээр ирж байсан. Тохиролцъё гэхээр 1,500,000 төгрөгийг өнөөдөр төлөөд 7 хоногийн дараа үндсэн мөнгөө төл гэж шаардаж байсан. Мөн автомашины улсын дугаарыг хураан авч явж байсан. Утсаар залгаад тохиролцох талаар ярилцах гэхээр заавал мөнгөө төл, бидэнд корона вирус огт хамаагүй гэдэг. Надад удаа дараа дарамт шахалт ирж байсан. Бид 5,000,000 төгрөг өгч байж машиныг авч байсан. 2,5 хувийн хүүтэй байснаа 3,2 хувийн хүүтэй болчихсон. Мөнгөө буцаагаад авъя гэхэд тэгвэл бид автомашинаа буцааж авна гэсэн, мөнгийг буцааж өгөхгүй гэсэн. Бидэнд дутуу эд зүйлтэй машин өгсөн, засварчин ирээгүй байна гэж хэлдэг байсан. Бид автомашинд 3,000,000 төгрөгөөр засвар хийсэн. Нэхэмжлэгч компанийн офис болон автомашин өгдөг газар нь тусдаа байдаг. Хүмүүс нь хоорондоо ярьдаг эсэхийг мэдэхгүй байна. Надад засварын баримтууд байгаа болно. Нэхэмжлэлээр шаардсан мөнгийг шууд төлж чадахгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А л ХХК нь хариуцагч Ө.А-д холбогдуулан автомашины төлбөр 13,600,000 төгрөг, хүү 2,132,826 төгрөг, алданги 391,455 төгрөг, нийт 16,124,281 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.   

 

Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан автомашиныг шилжүүлэн авсан, мөн автомашины үнийг бүрэн төлөөгүйгээ зөвшөөрч байх боловч зээлийн хүү өндөр, мөн автомашины зарим зүйлийг дутуу өгсөн гэж маргаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 20022136-2 тоот “автомашины лизинг /санхүүгийн түрээс/-ийн гэрээ” бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч А л ХХК нь тоёота приус маркийн 2010 онд үйлдвэрлэсэн суудлын автомашиныг худалдах, хариуцагч Ө.А нь автомашины үнэд 17,000,000 төгрөг төлөх, ингэхдээ гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр урьдчилгаанд гэрээний үнийн дүнгийн 20 хувь буюу 3,400,000 төгрөг төлөх, үлдэх 13,600,000 төгрөгийг 36 сарын хугацаанд сарын 3 хувийн хүүтэй нөхцөлөөр гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх-12-14/.  

 

Нэхэмжлэгчээс гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, хариуцагчаас гэрээний урьдчилгааг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтын талаар тус тус маргаагүй.

 

Дээрх гэрээний зорилго, агуулга, талуудын эрх, үүрэг зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж заасантай нийцжээ.

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч нь төлбөрийн хуваарьт зааснаар сар бүрийн 21-ний өдөр 622,666 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээ байгуулснаас хойш нэг ч удаа төлөлт хийгээгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч нь хүү өндөр байгаа талаар нэхэмжлэгч байгууллагад хүсэлт гаргахад захирал ирж шийднэ гэж 3-4 сар хүлээлгэсэн, мөн автомашины зарим дутуу зүйлийг засаагүй шалтгаанаар төлбөр төлөөгүй гэж тайлбарлаж байх боловч уг татгалзалтай холбоотой нотлох баримт шүүхэд гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзлаа баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн гэрээний 2.4 дэх хэсэгт автомашины үнэд сарын 3 хувийн хүү төлөхөөр тусгасныг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын дагуу хийгдсэн тохиролцоо гэж үзэх бөгөөд хүүг 2.5 хувиар тохирсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Мөн хариуцагч ковид-19 цар тахал дэгдэж орлого буурсан, энэ талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдэхэд манайд хамааралгүй гэх хариу өгсөн гэж маргасан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж заасан ба зохигчдын байгуулсан гэрээ энэхүү зохицуулалтадд хамаарахгүй, үүнээс гадна хариуцагч өөрийн орлого буурсан гэх тайлбараа шүүхэд баримтаар нотлоогүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.2.1 дэх хэсэгт лизингийн үндсэн төлбөр, лизингийн хүүгийн төлбөрийг хуваарьт заасан хугацаанд 21 ба түүнээс дээш хоног төлөөгүй бол гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар заажээ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан гэж тайлбарласан ба 2020 оны 05 дугаар сард хариуцагчийн ажлын газар болох Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хаягаар төлбөр төлөх талаар бичгээр мэдэгдэл хүргүүлсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Иймээс нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай байгуулсан гэрээг хугацаанаас өмнө цуцалж, автомашины үнэ, гэрээгээр тохирсон хүүг төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэлд гэрээний үндсэн төлбөр 13,600,000 төгрөг болон хүү 2,132,826 төгрөг шаардсан ба гэрээнд заасан сарын 3 хувийн хүүг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 5 сар 8 хоногийн хугацаанд тооцоход 2,145,290 төгрөг /13,600,000*3%=408,000*5=2,040,000, 408,000/31*8=105,290/ болох боловч нэхэмжлэгч үүнээс бага дүнгээр тооцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн тооцооны дагуу хариуцагч гэрээний үндсэн төлбөр 13,600,000 төгрөг, хүү 2,132,826 төгрөг төлөх үүрэгтэй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэлд төлбөрийн хуваарийг зөрчсөн үндэслэлээр алданги тооцон нэхэмжилсэн ба гэрээний 2.6 дахь хэсэгт лизингийн төлбөр, хүүг эргэн төлөх хуваарийн дагуу тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг төлөхөөр тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

 

Хариуцагч нь хуваарийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай сар бүрийн 21-ний өдөр 622,666 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргээ биелүүлээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 04 дүгээр сард хариуцагчийн ээж Ц.Хүрэлтогоо ирж уулзаад хүүхэд гадаад улсад өвчтэй байна, харгалзаж үзээд хугацаа өгөөч гэсэн хүсэлт амаар гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч 2, 3 сарын хугацаа өгсөн гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагчийн үүргийн  гүйцэтгэлийг хойшлуулж байсан үйл баримт тогтоогдож байна. 

 

Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1 дэх хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл шүүхэд баримтаар хөдөлбөргүй тогтоогдоогүй  тул хуулийн дээрх зохицуулалт болон гэрээнд заасны дагуу алданги тооцсоныг хангах боломжгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Ө.А-с гэрээний үндсэн төлбөр 13,600,000 төгрөг, хүү 2,132,826 төгрөг, нийт 15,732,826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Амар лизинг” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 391,455 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.А-с 15,732,826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А л ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 391,455 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 238,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.А-с 236,614 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А л ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА