| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/00180/и |
| Дугаар | 101/ШШ2021/00655 |
| Огноо | 2021-03-02 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/00655
| 2021 03 02 | 101/ШШ2021/00655 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ш.С-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж,д,ү,г-т холбогдох,
Ажилгүй байсан хугацааны олговор 3,552,810 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн, нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/01413 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2020/01338 дугаар магадлалын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын Б/52 тоот тушаалаар 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажилд эгүүлэн томилогдсон. Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, ажиллагсдыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ж,д,ү,г-т шилжүүлэхээр болсон тул 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шилжин ажилласан. Ажилд эгүүлэн томилох анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи 2020 оны 5, 6, 7 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл төлөлт тасалдсан тул 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нөхөн бичилт хийлгүүлэх тухай хүсэлтийг харьяалах байгууллагадаа гаргасан бөгөөд нөхөн бичилт хийж болох талаар тухайн үеийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга болон нягтлан бодогч нар аман байдлаар хэлсэн. Гэвч надад 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/433 тоот албан бичгээр нөхөн төлөх боломжгүй талаар мэдэгдсэн. Засгийн газрын 49 дүгээр тогтоолоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн эрх, үүрэг Ж,д,ү,г-т шилжсэн байх тул дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг Ж,д,ү,г-т даалгаж өгнө үү. Мөн миний бие нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд ажилд эгүүлэн тогтоох тухай Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2020/01413 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд буцаан томилогдох хүртэлх хугацааны цалин хөлс буюу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх ажлын 60 өдрийн ажилгүй байсан хугацааны цалин болох 3,552,810 төгрөгийг /нэг өдрийн цалин шүүхийн шийдвэрт зааснаар 59,213.5 төгрөг/ гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Ж,д,ү,г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд нотлогдож байна. Бид ажилтны нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх хуулиар хүлээсэн үүрэгтэй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зүгээс ямар нэгэн маргах зүйл байхгүй. Гэхдээ нийгмийн даатгалын бичилтийг харахад 2020 оны 08 дугаар сарын бичилт хийхдээ 07 дугаар сарын 3 хоногийг оруулж бичсэн байдаг. Тийм учраас 08 дугаар сарынхаас 3 хоногийг 07 дугаар сар руу оруулж бичилт хийлгэхийг даалгаж болох болов уу, ингэвэл 05, 06 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр харагдаж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч Ж,д,ү,г-т холбогдуулан 2020 оны 05, 06, 07 дугаар саруудын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан үндэслэлээр нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ажилгүй байсан дээрх хугацааны цалинтай тэнцэх олговор 3,552,810 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Ж,д,ү,г нь 2020 оны 07 дугаар сард нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт хийгдсэн учир энэ хугацааны шимтгэл төлөлт тасалдаагүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн бусад хэсгийг хүлээн зөвшөөрч байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ш.Сыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/01413 дугаар шийдвэрийг үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/52 дугаар тушаалаар Захиргаа хүний нөөц, санхүүгийн хэлтсийн захиргааны ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилжээ /хх-3-8, 9/.
Мөн Монгол улсын Засгийн газрын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ж,д,ү,г-ыг байгуулж, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж, албан тушаалтнуудыг Ж,д,ү,г-т шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б-31 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг өр, авлага барагдуулах асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр томилсон байна /хх-10/.
Тус нэхэмжлэлд шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацааны ажлын 60 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 3,522,810 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор заасан.
Дээрх шүүхийн шийдвэрээс үзэхэд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны ажлын 219 өдрийн өдрийн цалин хөлстэй тэнцэх олговорт 12,967,756.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан байна.
Мөн нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд ажил эрхлээгүй болох нь зохигч талуудын тайлбар, холбогдох тушаалаар тогтоогдож байна.
Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а-д зааснаар буруу халсан үеийн олговрыг ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох ба шүүхийн шийдвэрт нэг сарын дундаж цалин хөлсийг 1,273,091 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг 59,213.5 төгрөгөөр тогтоосон байна.
Нэхэмжлэлд дээрх тооцоогоор ажлын 60 өдрийн цалин хөлстэй тэнцэх олговор 3,552,810 /60*59,213.5/ төгрөг тооцсон нь үндэслэл бүхий байна.
Иймд хариуцагч Ж,д,ү,г-с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,552,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ст олгох нь зүйтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж,д,ү,г-р нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж,д,ү,г-с 3,552,810 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.С-т олгож, нэхэмжлэгч Ш.С-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Ж,д,ү,г-т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,794 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж,д,ү,г-аас 71,794 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.С-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА