Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 109/ШШ2021/0016

 

 

 

 

 

 

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Г.М

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Н.Д

            Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаартай актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд  гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Г.М-г 2021 оны 1 дүгээр сарын 21-ний 33 дугаар улсын байцаагчийн актаар хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж 4,448,709 /дөрвөн сая дөрвөн зуун дөчин найман мянга долоон зуун ес/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр гаргасан дээрх актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.М-ийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоолгож, тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Үндэслэл нь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад тэтгэврийг олгоогүй зогсоосон байсан. Гэтэл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 1, 2 сарын тэтгэвэр болох 700,000 төгрөг орсон. Иймд тэтгэвэр зогсоосон хууль бус үйлдэл байхгүй тэтгэврийг цааш үргэлжлүүлэн олгож байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэмэгдүүлсэн шаардлага болох 4,448,709 төгрөгийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцүүлнэ. Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын  21-ний өдрийн 33 тоот улсын байцаагчийн акт нь хууль ёсны үндэслэлгүй гэж үзэж байна. Г.М хуурамч нотлох баримт бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр авсан гэх үндэслэлээр акт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.М ямар хуурамч нотлох баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэдгийг нийгмийн даатгалын байцаагч хянах ёстой. Хариуцагч талыг шүүхийн шийдвэртэй маргаагүй гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэрт ажилласан жилийг тогтоосон үндэслэл нь 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгосон анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохдоо иргэний хэргийн анхан шатны шүүхэд хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгсөн байдаг. Хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллуулж, 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн бичилттэй дэвтэр байдаг. Энэ байдлыг шүүхээр тогтоолгож шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Шүүхийн шийдвэр гарснаас хойшхи оныг нийгмийн даатгалын байгууллага хянах ёстой. Нийгмийн даатгалын байгууллага нь тухайн иргэнд 1990-1992 онд малчнаар тэтгэвэр тогтоолгосон жил чинь Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэр байгаа учраас энэ үйл баримтаа онцгой ажиллагааны журмаар шүүхээр шийдвэрлүүл гэж хэлээд шүүх энэ маргааныг шийдвэрлэж гэрч асуулгах буюу онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг тогтоож тэтгэвэрт оруулах ёстой. Гэтэл тэтгэвэрт оруулсныхаа дараа Г.М-г хуурамч бичиг, баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгосон гэж үзэж байгаа. Нийгмийн даатгалын байгууллага ямар баримтыг хуурамч гэж үзээд байгаа юм. Г.М-н хөдөлмөрийн дэвтрийн бичилт зөрсөн байдал нь хамаагүй.  1990-1992 онд ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгоогүй байхад иргэнийг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж 4,448,706 төгрөгийн авсан тэтгэврийг нь буцаан төлүүлэх акт гаргасан. Г.М тухайн актыг төлөөгүй байгаа. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэвэр зогсоосон гэдгийг хэлээд актыг танилцуулаагүй байсан. Тэтгэвэр тогтоох эрх хэмжээтэй байгууллагын хувьд шүүхээр шийдвэрлүүлэх ёстой байтал улсаас авсан 10 жилийг ажилласан гэж үзэж тэтгэврийг зогсоож гаргасан актыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Н.Д нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч Г.М материалыг шалгахад 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн Ихтамир сумын материалд Г.Мгийн 1982 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1982 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Архангай аймаг дахь ХАА-н ТМДС-ийн ХАА-н барилгачны ангид элсүүлэн авч суралцуулав. Архангай аймаг дахь ХАА-н ТМДС-ийн захирлын 1982 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 86 тоот тушаалаар, 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ХАА-н яамны сайдын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суман дахь НДҮ-т шилжүүлэв. ХАА-н яамны сайдын 1985 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 85 тоот тушаалаар, 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдөр НДҮ-ийн барилгын 3 дугаар бригадын барилгачнаар томилов. Архангай аймгийн НДҮ-ийн даргын 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 тоот тушаалаар, 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр  үүрэгт ажлаас нь чөлөөлж, өндөр уулсын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлэв. НДҮ-ийн даргын 1992 оны 3  дугаар сарын 12-ны өдрийн 39 тоот тушаалаар гэж тэмдэглэсэн байна.

Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00641 дүгээр шийдвэр нь 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт 1992 он хүртэл ажилласан байхад шүүхийн шийдвэр нь дээрх материалтай зөрж байгаа зэрэг нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь зөрүүтэй байна гэж үзсэн. Манай байгууллага шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзээгүй. Ажилласан он сарыг зөрүүтэй гаргасан гэж үзэж байгаа. Г.М-н хэрэгт хавсаргасан хөдөлмөрийн дэвтэрт 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхэлж 3 дугаар бригадын Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан гэдэг. Шүүх болохоор 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр гаргасан байдаг.  Мөн Г.М 1992 онд Нэгдэлд дундын үйлдвэрт барилгачнаар ажилласан хэрнээ 1990 он хүртэл гэж шүүхийн шийдвэрээр гаргуулсан. Энэ хугацааг 11 жилийг малчнаар тооцуулсан учраас ажилласан жилээс хасагдаж байгаа. Мөн 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Өндөр уулын бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэдэлд шилжүүлсэн гэсэн байдаг. Энэ хугацаанд тухайн хүн ямар ажил хийсэн нь тодорхойгүй байгаа, ажилласан жил малчнаар ажилласан жилтэй давхацсан учраас хасч тооцохоор малчнаар ажилласан жил хүрэхгүй байгаа.

Иймд хэлтсийн даргын 1/635 дугаар албан бичгийг үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн Г.М хүргүүлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль’’-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийг түр зогсоосон. 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэлтэст дуудан ирүүлж “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж, 3 хүүхдийнх нь төрсний гэрчилгээг авчруулан тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн өөрчлөн тогтоож, 2021 оны 1 дүгээр сараас эхлэн зогсоосон тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон. Мөн Г.Мгийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон өндөр насны тэтгэвэр болох нийт 4.448.709 төгрөгийг буцаан төлүүлж, нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор улсын байцаагчийн акт тавиад байна гэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Анх иргэн Г.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.[1]

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Н.Д нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаартай актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн ихэсгэсэн /нэмэгдүүлсэн/ шаардлага гаргажээ.[2]

Нэхэмжлэгч Г.М нь 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0036 дугаар итгэмжлэлээр иргэн М.А-г тус шүүхэд гаргасан Г.М-н нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгож, М.А-г өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулсан байна.[3]

            Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-с “ ... уг хэрэгт “Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоосон эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь нэхэмжлэгч Г.М-н өндөр насны тэтгэвэр нөхөн орсон ...” гэх тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзжээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. “,109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь хуулийн дээрх заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах нь зүйтэй байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

            Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Иргэн Б овогт Г-н М нь 1966 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 54 нас 6 сартай эмэгтэй байна.[4]

Нэхэмжлэгч Г.М нь 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00641 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овгийн Г-н М-н Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртлэх хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. [5]

Улмаар нэхэмжлэгч Г.М-д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.[6]

Нэхэмжлэгч Г.М-н хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20 жил 12 өдөр төлсөн болох нь хэрэгт авагдсан Г.М-н тэтгэврийн хувийн хэргийн баримтаар[7] тогтоогдож байна. Тодруулбал, 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл шүүхийн шийдвэрээр 4 жил, 6 сар, 10 өдөр, 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 11 жил[8], 2014 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2 жил, 9 сар, 02 өдөр, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 1 жил, 8 сар, 30 өдөр, нийт 20 жил 12 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэг[9], Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1[10], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/-т[11] зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... Г.М-н 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нөхөн тооцуулсан 11 жил нь малчнаар ажилласан жилээр тооцогдсон байгаа ... гол нь дээрх хугацаа нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй давхацсан, Г.М нь 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл барилгачнаар ажилласан гэж тэмдэглэсэн байгаа ... мөн энэ баримт нь ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэртэй зөрсөн ...” гэж тайлбарлаж байна.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Г.М-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, тэтгэвэр тогтоосон нөхцөлийн талаар маргаагүй болно.

Хаан банкны 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5135/122 дугаар албан бичигт “ ... Г.М  Хаанбанкнаас 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тэтгэвэр авч эхэлсэн, ... 2021 оны 3 дугаар сард 350.000 төгрөгийн тэтгэвэр орсон байна ...” гэх тайлбар гаргаж, дансны хуулгыг ирүүлжээ.[12]

2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийхээр удирдамж батлагджээ.[13]

Дээрх шалгалтын үр дүнд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/635 дугаар албан бичгээр хавсралтад дурдсан нэр бүхий иргэдийн тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсон талаар сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт мэдэгджээ.[14] Мөн тус хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Нэр бүхий иргэдийн тэтгэврийн олголт зогсоох тухай” 47 дугаар актаар хуурамч баримт бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 43 иргэдийн тэтгэврийн олголтыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн, тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэх талаар сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт мэдэгджээ.[15]

Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаар актаар хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд өндөр насны тогтоон олгосон зөрчил илэрсэн гэх үндэслэлээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон Г.М-р 4.448.709 төгрөгийг нөхөн төлүүлж, 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн дотор *********** тоот  дансанд төлөхөөр заажээ.[16]

Дээрх актыг нэхэмжлэгч Г.М-д хэзээ, хэрхэн мэдэгдсэн болох нь тодорхойгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Харин нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “ ... 2020 оны 12 дугаар сард намайг Нийгмийн даатгалын хэлтэст ирж уулз гэсний дагуу очиход ... 2021 оны 1 дүгээр сараас өндөр насны тэтгэврийг зогсоосон  ... 4.460.000 төгрөгийг нөхөн төлүүлнэ гэж хэлсэн, албан ёсны шийдвэрээ бичгээр өгөөгүй ...” гэж дурджээ. Мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлд “ ... 4.448.709 төгрөгийг төлнө ...” гэж танилцуулсан талаар тэмдэглэсэн байна.[17]

Ийнхүү нэхэмжлэгч Г.М нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаар актыг эс зөвшөөрч, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.[18]

Хоёр: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаар акт хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд

            Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Н.Д нар 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаар актаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд 2018-2020 онд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтуудад тулгуурлан шалгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь заалтыг тус тус зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоосон зөрчил илэрсэн гэж үзэн хэлтсийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар тушаал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон Г.М-р тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нөхөн төлөх 4.448.709 /дөрвөн сая дөрвөн дуун дөчин найман мянга долоон зуун ёсөн мянга/ төгрөгийн тэтгэврийг Эрдэнэбулган сумын Хаанбанк дахь тэтгэврийн сангийн ******** тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн дотор төлүүлэхийг Ихтамир сумын Нийгмийн даатгалын байцаагч /Т.Баярчимэг/-т хариуцуулжээ.[19]

            Нэхэмжлэгч Г.М нь актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч, төлж барагдуулаагүй байна.

Хариуцагч нараас маргаан бүхий 33 дугаар актын үндэслэлээ “ ... Г.М-н хөдөлмөрийн дэвтрийн бичилтийн онгоо нь ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэртэй зөрсөн учраас акт тогтоосон, шүүхийн шийдвэр нь дээрх бичилттэй зөрсөн учраас тэтгэвэр авагчийн баримт бичиг хуурамч болох магадлалтай гэж үзсэн, малчнаар нөхөн тооцуулсан 10 жилээс нь хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй зөрж буй 2 жилийг хасахаар малчнаар ажилласан жил дутаж байгаа ...” гэж тайлбарлаж байна.

            Хэргийн оролцогч нарын маргаж буй үйл баримтын тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч Г.М нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00641 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгожээ.[20] Уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох нь хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Г.М-н хөдөлмөрийн дэвтэрт “ ... 03. 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдөр НДҮ-ийн барилгын 3 бригадын барилгачнаар томилов. Архангай аймгийн НДҮ-н даргын 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар тушаалаар” гэж, “ ... 04. 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, ОУБЭШ-ий хүрээлэнгийн мэдэлд шилжүүлэв. НДҮ-н даргын 1992 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар” гэж тэмдэглэл хийжээ.[21]

Хариуцагчаас иргэн Г.М нь 1985 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл барилгачнаар ажилласан байхад, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 129/ШШ2018/00641 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар ажилласан гэж тогтоосон нь /жил, он сар өдрийн/ зөрүүтэй байна. Иймд дээрх хугацаа зөрүүтэй байгааг хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон гэж үзэж акт тогтоосон гэж тайлбарлаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэгчийг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1985 оны 6 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй зөрсөн” гэсэн үндэслэлээр шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, тус шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болжээ. Мөн нэхэмжлэгч Г.М-н дээрх онуудад барилгачнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно.

Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “ ...  хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаатай зөрж байгаа нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай ...” гэж дурдаж, маргаан бүхий 33 дугаар актыг үндэслэлтэй хэмээн тайлбарласан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасан.

Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл тэтгэвэр авагч нь нэгдүгээрт, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой баримтыг хуурамчаар үйлдсэн байх, хоёрдугаарт, ийнхүү хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр авсан болох нь тогтоогдсон байх нөхцөлийг шаарджээ.

Хуулийн уг заалтын урьдач нөхцөл болох “хуурамч бичиг баримт” гэдгийг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт байхыг ойлгоно. Түүнчлэн баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан) өөрчлөхийг хэлнэ. Мөн энэ төрлийн үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцсон байдаг.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Г.М-н хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг хэн, хэрхэн, яаж  тогтоосон нь тодорхойгүй байна. Мөн иргэн Г.М-н ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нөхөн төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1., 4.2.5-д зааснаар аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн үндэслэл бүхий байхыг шаарддаг. Аливаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч Г.М-н тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн аль баримтыг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь бодитой бус, хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж буй зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллага буюу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Ихтамир/ нь анх 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч иргэний өндөр насны тэтгэврийг тогтоон олгож улмаар одоог хүртэл үргэлжлүүлэн олгож буй мөртлөө хожим буюу 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр улсын байцаагчийн 33 дугаартай актаар  хууль зүйн үндэслэлгүйгээр “... хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн иргэнийг буруутгаж өмнө олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгүй /ойлгомжгүй/ байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар урьд авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэстэй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Г.М-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу “иргэн Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоож олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Г.М-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1., 4.2.5,  24 дүгээр зүйлийн 24.1.,  24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 33 дугаар актыг хүчингүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

 

[1] Хавтаст хэргийн 1-2, 9-10 дугаар тал

[2] Хавтаст хэргийн 99 дүгээр тал

[3] Хавтаст хэргийн 6 дугаар хуудас ар

[4] Хавтаст хэргийн 2 дугаар тал

[5] Хавтаст хэргийн 4-5, 52, 79-81 дүгээр тал

[6] Хавтаст хэргийн 23 дугаар тал

[7] Хавтаст хэргийн 22-32 дугаар тал

[8] Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна

[9] 1.Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.

[10] 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.

[11] 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.

[12] Хавтаст хэргийн 88-89 дүгээр тал

[13] Хавтаст хэргийн 36-37 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[15] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 86 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 1-2, 99 дүгээр тал

[19] Хавтаст хэргийн 86 дугаар тал

[20] Хавтаст хэргийн 28-30 дугаар тал

[21] Хавтаст хэргийн 32 дугаар тал