Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 27

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Д.Сугар даргалж,
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Бат-Очир
    Улсын яллагч Ц.Роза
    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
         Техникийн шинжээч Б.Отгонбаяр
    Шүүгдэгч Г.Баатармөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сайнхүү овгийн Гүрдоржийн Баатармөнхөд холбогдох 201717000007 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төрсөн, 30 настай, эрэгтэй,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Жинчин 1-46 тоотод оршин суух, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЕМ86051871 регистрийн дугаартай, Сайнхүү овгийн Гүрдоржийн Баатармөнх

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.Баатармөнх нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Авдрант” гэх газар шороон зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн 84-64 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Амгалансүрэнгийн амь нас хохирч, иргэн Ж.Алтангадасын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Баатармөнх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2016 оны 12 сарын 30-ны өдөр  Онгон сумаас гараад 20 гаруй км  явж байх үед  машины дугуй хагараад  өнхөрсөн.  Ингээд хамт явж байсан 3 хүнээ аваад сумын төвийн эмнэлэг рүү явж байх замд  цагаан өнгийн машин таарсан. Тэр машинд Амгалансүрэн, Алтангадас, Энхтүвшин  гурвыг суулгаж өгчихөөд  Мөнхбүрэн бид 2 машиндаа үлдсэн тэгээд л миний  бие муудаад эмнэлгийн машин аваад явсан. Түүнээс хойш юу болсныг сайн санхагүй байна. Би бүх хохирогч болон тэдний ар гэрийнхэнтэй уулзсан. Амгалансүрэнгийн ар гэрт 6.000.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

           - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...М.Амгалансүрэн миний төрсөн дүү байгаа юм. Бид эхээсээ гурвуулаа том эгч маань Дарханд байдаг. Дүү маань Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг Зараа гэх газар эхнэр, 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. Талийгаач нь манай ангийн найзууд Шилийн богд хамт явъя гэнэ. Би явчихаад ирье гээд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр явсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Онгон сумын Хүн эмнэлэгт нас барсан талаар хэл дуулгасан. Найз нөхдүүд бүгд дариваад л явсан хүмүүс, гомдол санал гээд гаргаад байх зүйл байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21-22х/

-Хохирогч Ж.Алтангадасын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Н.Мөнхбүрэн, Т.Энхтүвшин, М.Амгалансүрэн, Г.Баатармөнх нарын хамт Сүхбаатар аймгийн нутаг Шилийн богд, Алтан Овоон дээр гарчихаад 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцсан. Буцахдаа Онгон сумаар дайрч хоол идчихээд Замын-Үүд орох замаар гараад явсан. Баатармөнх өөрийн эзэмшлийн УАЗ маркийн автомашин жолоодоод, би арын суудлын голд нь сууж явсан юм. Тэгээд би түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход Улаанбаатар хотод Гэмтэл согогийн сэргээн засах үндэсний төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан. Архи хэн хэн нь хэрэглээгүй явсан. Суудлын бүс хэрэглээгүй. Тухайн машин хэдэн киллометр цагийн хурдтай явсан талаар мэдэхгүй байна. Надад нэхэмжлэх зүйл санал, гомдол, санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-24-25х/

-  Иргэний нэхэмжлэгч Т.Энхтүвшингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хувиараа хөдөлмөр эрхлэн амьдардаг юм. Би найз Баатармөнх, Амгалансүрэн, Мөнхбүрэн, Алтангадас нарын хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Шилийн богд хайрханд мөргөх гээд  Баатармөнхийн эзэмшлийн 84-64 ДГО улсын дугаартай УАЗ маркийн автомшинтай явсан юм. Бид 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө 08 цагийн үед буцсан. Онгон суманд хоол идчихээд Замын-Үүд сумын замаар 20 орчим киллометрт явж байтал ар талын 1 дугуй хагарсан байх, зам дээр бага зэргийн тохой байсан дээр дартал машин онхолдсон яг яаж ойчсон эсэхийг санахгүй байна. Машин газар хөрвөөгөөд эргээд 4 дугуй дээрээ босоод зогсчихсон тэгээд Алтангадасаас бусад нь машинаас гараад Алтангадас нь хамар амнаас нь цус гоожоод байсан. Бид түүнийг машинаас гаргаад эргээд машинаа асааж үзсэн чинь асаж байхаар нь бид машинтайгаа Онгон сум руу буцаад явсан. Явж байтал өөдөөс цагаан өнгийн Микро явж байхаар нь тухайн машинд Алтангадас, Амгалансүрэн бид 3 суугаад явсан. Баатармөнх, Мөнхбүрэн нар нь машиндаа үлдсэн Бид 3 замд явж байхад Амгалансүрэн нь унтах гээд байна гээд байсан. Биднийг уг машин нь эмнэлгийн гадаа буулгаж өгчихөөд явсан. Машинаас буух үед Амгалансүрэн нь ухаан алдсан байсан. Алтангадасыг хэвтрийн орон дээр хэвтүүлээд зөөж дотогш оруулсан. Би түргэний машин аваад эргээд Баатармөнх, Мөнхбүрэн нарыг очиж авсан. Амгалансүрэн ухаангүй байсаар байгаад 19 цаг 40 минутанд нас барсан. Ойролцоогоор 70 киллометр цагийн хурдтай явж байсан байх. Баатармөнх нь огт архи уугаагүй байсан. Миний биеийн байдал гайгүй ил харагдах шарх гэмтэл байхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-27-28х/

- Иргэний нэхэмжлэгч Н.Мөнхбүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас найз Баатармөнх, Алтангадас, Энхтүвшин, Амгалансүрэн нарын хамт Шилийн богд орчихоод буцаад явах замдаа осолдсон. Тухайн үед Баатармөнх машинаа жолоодоод түүний хажууд Энхтүвшин арын суудал дээр Амгалансүрэн, Алтангадас бид 3 сууж явсан. Онгон сумаас гараад 20 киллометр орчим тийм ч их хурдан яваагүй гэнэт л машин шарваад ойчих шиг болсон. Тэгээд яг юу болсныг мэдэхгүй байна. Алтангадас машинаас бууж чадахгүй болсон байсан. Тухайн үед Амгалансүрэн нь мэдэгдэх юмгүй буугаад Алтангадасыг гаргаж авсан. Тэгээд машинаа асаасан чинь асаж байгаа болохоор Онгон сум руу явж байтал цагаан өнгөтэй машин гарч ирсэн. Тухайн машинд Амгалансүрэн, Алтангадас, Энхтүвшин нарыг суулгаад Онгон сум руу явуулсан. Баатармөнх бид хоёр үлдээд араас нь явсан. Баатармөнх архи уугаагүй. Миний зүүн хөл өвдөг хэсгээрээ гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-30-31х/

- Гэрч Д.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2016 оны 12 сарын 30-ны өдөр би 69-82 ДГО улсын дугаартай цагаан өнгийн микро автобустай хөдөө явж байсан. Гэтэл эвдэрсэн УАЗ-469 машинтай залуучууд явж байсан. Тэд хэлэхдээ бид осолд орсон Онгон сум руу хүргээд өгөөч гэхлээр нь буулгаж өгөөд буцсан. Миний машинд 3 хүн суусан байхаа нэг нь лав ёолоод л байсан. Машинынх дугуй хагарсан тухай ярьж байсан өөр зүйлийн талаар яриагүй...” гэх мэдүүлэг /хх-32х/

- Гэрч Б.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “.... 2016 оны 12 сарын 30-ны өдөр эмнэлгээс осолд орсон ухаан алдсан хүмүүс ирлээ гэж дуудлага өгсөн. Тэгээд ирэхэд Алтангадас нь нүүр, ам нь цус, бөөлжис болсон ухаангүй, мөн Амгалансүрэн гэх хүн нь ухаангүй, бөөлжсөн байдалтай, Энхтүвшин гэх хүн нь Алтангадас их цус алдсан гэж хэлж байсан. Тэгээд манай эмч нар ирээд хамтарсан үзлэг хийж эмчилгээ хийж эхэлсэн тухайн 2 хүний амыг цэвэрлээд хүчилтөрөгч залгаж шаардлагатай эмчилгээ хийж эхэлсэн гэтэл манай жолооч Чулуун хэлэхдээ машинд үлдсэн нэг хүн бахираад байна гэнэ гэсэн. Тэгээд эмч жолооч хоёрыг осолд орсон машин руу амдуулаад явуулсан. Амгалансүрэнгийн биеийн байдал дордсоор байгаад нас барсан. Алтангадас гэдэг хүний биеийн байдал маш хүнд байна....” гэх мэдүүлэг /хх-35-36х/ 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,  схем зураг /хх-3-4х, 7-11х/

- Хэргийн газрын үзлэг хийсэн фото зургийн үзүүлэлт /хх-5-6х/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12х/ 

           -Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-88-89х, 90-92х/

    - Сүхбаатар аймгийн “Авто тээврийн төв”-ийн Шинжээчийн дүгнэлт /хх-39-43х/
    Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2 дугаар баг Тээврчидийн 2-1 тоот байрлах Техникийн хяналтын үзлэгийн төвд тээврийн хэрэгслийн дугуйнд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Э.Дөлбадрах 2017 оны 02 сарын 06-ны өдөр хүлээлгэн өгөв. 
    Уг дугуйг хүлээн авахад LT215/85R16 маркийн, хий нь гарсан, төмөр хийцтэй цагаан өнгийн обудтай, шифелкны 5 нүхтэй, обудны гадна талын ирмэг дотогш цохигдон цөмөрсөн, обудны хошуу дотогш чихэгдэж орсон байдалтайгаар хүлээн авсан. 
    Уг ирүүлсэн дугуйн хөндлөнгийн гэрч: Ажилгүй Э.Амарбат, С.Ганчимэг 
Шинжилгээ хийж үзэхэд: 
    Хариулт: 
    - Уг дугуйнд гарсан эвдрэл гэмтлүүд нь ослоос үүссэн гэмтэл гэж үзэж байна. 
    -Учир нь уг дугуй дотуур хаймаргүй байгаа нь обудны эвдрэлээс харахад хийг тогтоох боломжгүй байна. Иймд уг дугуйг осол гарахаас өмнө ашиглах бүрэн боломжтой, стандартын шаардлага бүрэн хангасан гэж үзэж байна. 
    -Шинжилгээнд ирүүлсэн дугуйг цаашид ашиглах боломжгүй.
    - Дугуйнд 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагаас 1530 хүртэл хугацаанд МNS4598:2003 “ Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтыг үзлэг хийх заавар” стандартуудад заасан заалтуудыг мөрдлөгө болгон шинжилгээ хийхэд.
    - Обудны гадна талын ирмэг цохигдож дотогшоо 15 мм цөмөрсөн.
    - 5 ширхэг шифелкны нүхийг тус бүрд нь хэмжиж үзэхэд диаметр нь: 15.3мм, 15.26мм, 15.48мм, 15.38мм, 15.19мм.
    - Дугуй нь гадна талдаа 2 нүх үүссэн.
    - Дугуйн хээний гүн 4.2 мм байна. Энэ нь МNS4598:2003 “ Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартын 5.4.1 заалтаар суудлын автомашины явах анги дугуй хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байна гэсэн шаардлагыг хангаж байна. 
    Дугуйг задалж үзэхэд: 
    - Дотуур хаймаргүй. Дотор талдаа нөхөөсгүй. Дугуйд ямар нэг гадна биет байхгүй. Дугуйны дотор тал нэлэнхүй язарсан, гаднаас нэвт үүссэн 2 нүх болон обуд дотогш цохигдсон, хошуу дотогш чихэгдэн орсон зэрэг нь уг дугуй хийгүй явснаас үүссэн гэмтлүүд гэж дүгнэлтээ. 
    Баталгаажуулсан: Монгол Улсын мэргэшсэн инженер, АТТ-ийн дарга Б.Отгонбаяр
    Мэргэшсэн инженер, ТХТҮ-ийн инженер Г.Дуламсүрэн.
        ТХТҮ-ийн техникч Б.Буд

     - Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт №04
1. Гүрдорж овогтой Баатармөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн  байна. 
2. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөний аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна. 
3. Техникийн байдал нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 
4. 2 дахь асуултаар хариулагдсан болно. /хх-44х/
Дүгнэлт гаргасан: ЗЦ-ийн байцаагч цагдаагийн хошууч Ч.Уранбор.

-  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 10 тоот дүгнэлт /хх-57-58х/
1. Г.Баатармөнхийн биед С5, С6-р нугаламын хөндлөн сэртэн, их бие арын сэртэнгийн хугарал, С6-р нугаламын хөндлөн сэртэнгийн цуурсан хугарал, хүзүүний С5, С6, С7-р нугаламын их бие хэсэгт ясанд няцрал, С5/С6, С6/С7 нугаламын дискний цүлхийлт, С3-С7 түвшинд зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. С5, С6-р нугаламын хөндлөн сэртэн, их бие арын сэртэнгийн хугарал, С6-р нугаламын хөндлөн сэртэнгийн цуурсан хугарал, хүзүүний С5, С6, С7-р нугаламын их бие хэсэгт ясанд няцрал, С5/С6, С6/С7 нугаламын дискний цүлхийлт, С3-С7 түвшинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна баруун хөмсөгний шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. 
5. Г.Баатармөнхийн цуснаас этилийн спирт илрээгүй. 

-  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 13 тоот дүгнэлт /хх-74-75х/
1. Ж.Алтангадасын биед баруун дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд хана, хажуу хана, арын хана, баруун талд этмойд хөндий рүү үргэжилсэн, хамар ясны 2 хажуу хана хацар ясны нум, баруун талд суурь ясны их далавч дайрсан зөрөөтэй, суурь ясны их бие рүү үргэжилсэн нийлмэл хугарлууд, хатуу хальсан доорх цус хуралт, баруун духны урд хэсэгт тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун шанаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, доод хана, дотор хана, баруун гайморын хөндийн урд хана, хажуу хана, арын хана, баруун талд этмойд хөндий рүү үргэжилсэн, хамар ясны 2 хажуу хана, хацар ясны нум, баруун талд суурь ясны их далавч дайрсан зөрөөтэй, суурь ясны их бие рүү үргэжилсэн нийлмэл хугарлууд, хатуу хальсан доорх цус хуралт, баруун духны урд хэсэгт тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун шанаа, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. 
5. Ж.Алтангадасын цусанд этилийн спирт илрээгүй байна. 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 11 тоот дүгнэлт /хх-80х/
1. Н.Мөнхбүрэнгийн биед зүүн өвдөгний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 

-  Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 04  тоот дүгнэлт /хх-108х-110х/
1. Талийгаач М.Амгалансүрэнгийн цогцост гавал тархины далд гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрхи цус хуралт, /10х8см/ тархины эдийн дарагдалт, баруун зулай болон баруун чамархайн хэсгийн хуйхан доорхи цус хуралт, баруун талын шанаа, эрүү зүүн талын чихний дэлбэн болон зүүн хөлийн өвдөгний хэсгийн зөөлөн эдийн зулгаралт, зүүн талын чихний сувгийн зөөлөн эдийн язарсан шарх, өвчүүний дотор хэсгийн зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 
2. Уг хавсарсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. 
3. Талийгаач  М.Амгалансүрэн нь тархины баруун тал бөмбөлгийн чамархайн хэсгийг хамарсан хатуу хальсан дээрхи цусан хурааны улмаас үүссэн тархины эдийн дарагдалт, амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ.
4.Талийгаач М.Амгалансүрэнгийн цогцсонд хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 
5. Талийгаач М.Амгалансүрэнгийн цусанд этилийн спирт илрээгүй.
6. Талийгаач М.Амгалансүрэнд хийгдсэн Онгон сумын сум дундын эмнэлгийн эмчилгээ нь зөв хийгдсэн ба амь нас аврагдах боломжгүй гэмтлүүд байсан гэх дүгнэлт зэрэг болно.

Г.Баатармөнх нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон сумын 3 дугаар багийн нутаг “Авдрант” гэх газар шороон зам дээр өөрийн эзэмшлийн УАЗ-31514 маркийн 84-64 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “ жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн М.Амгалансүрэнгийн амь нас хохирч, иргэн Ж.Алтангадасын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Баатармөнхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Адъяасүрэн, гэрч Н.Мөнхбүрэн, Б.Батбилэг, Д.Баяр нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Осол, хэрэг гарсан дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хэргийн нөхцөл байдлыг судлан үзвэл, шүүгдэгч Г.Баатармөнх нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоох арга хэмжээг авалгүй онхолдсны улмаас талийгаач М.Амгалансүрэнгийн амь нас хохирч, иргэн Ж.Алтангадасын бие махбодид хүнд гэмтэл учруулсан зэрэг нөхцөл байдлууд хэрэгт тогтоогдох бөгөөд энэ нь шүүгдэгч Г.Баатармөнхийн “ ...гэнэт машин шарвахаар нь  мостонд хийсэн, тэгээд юу болсон талаар мэдэхгүй, машин онхолдсон байсан... ” хохирогч Ж.Алтангадасын “...Баатармөнх өөрийн эзэмшлийн УАЗ маркийн автомашин жолоодоод, би арын суудлын голд нь сууж явсан юм. Тэгээд би түүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход Улаанбаатар хотод Гэмтэл согогийн сэргээн засах үндэсний төвийн эмнэлэгт эмчлүүлж байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Т.Энхтүвшингийн “ ...Замын-Үүд сумын замаар 20 орчим киллометрт явж байтал ар талын 1 дугуй хагарсан байх, зам дээр бага зэргийн тохой байсан дээр дартал машин онхолдсон яг яаж ойчсон эсэхийг санахгүй байна. Машин газар хөрвөөгөөд эргээд 4 дугуй дээрээ босоод зогсчихсон...“ гэх, гэрч Б.Батбилэгийн “Алтангадас нь нүүр, ам нь цус, бөөлжис болсон ухаангүй, мөн Амгалансүрэн гэх хүн нь ухаангүй, бөөлжсөн байдалтай, Энхтүвшин гэх хүн нь Алтангадас их цус алдсан гэж хэлж байсан. Тэгээд манай эмч нар ирээд хамтарсан үзлэг хийж эмчилгээ хийж эхэлсэн тухайн 2 хүний амыг цэвэрлээд хүчилтөрөгч залгаж шаардлагатай эмчилгээ хийж эхэлсэн гэтэл манай жолооч Чулуун хэлэхдээ машинд үлдсэн нэг хүн бахираад байна гэнэ гэсэн. Тэгээд эмч жолооч хоёрыг осолд орсон машин руу амдуулаад явуулсан. Амгалансүрэнгийн биеийн байдал дордсоор байгаад нас барсан. Алтангадас гэдэг хүний биеийн байдал маш хүнд байна “ гэх мэдүүлгүүд зэргээр хэрэгт нотлогдоно. 
Иймд уг ослын талаар гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзнэ. 

Шүүгдэгч Г.Баатармөнхөд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Баатармөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
    
             Шүүгдэгч Г.Баатармөнх энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирол буюу талийгаачийн оршуулгын зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт зэргээр нотлогдоно.
              Шүүгдэгч  Баатармөнх нь бусдад төлөх төлбөргүй учраас тогтоол хүчин төгөлдөр болмогц түүний хөрөнгө болох “8464дго улсын дугаартай УАЗ-31514” маркийн  авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө  битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан дахин ашиглах боломжгүй болсон LT215/85/R16  маркийн хий нь гарсан  төмөр обудтай дугуйг  устгахаар шийдвэрлэв.   

Шүүхээс ял шийтгэл ногдуулахад Г.Баатармөнхийг хохирогчийн оршуулгын зардлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д тус тус заасан ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл болох ба харин Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал үгүй болно.
           
Шүүгдэгч Г.Баатармөнх нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа  үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан эдийн хохирол буюу оршуулгын зардлыг сайн дураар нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод  хэмжээнээс доогуур  ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

    Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 293, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сайнхүү овгийн Гүрдоржийн Баатармөнхийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин иргэн М.Амгалансүрэнгийн амь насыг хохироосон, Алтангадасын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551. 1-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Г.Баатармөнхийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 2 /хоёр/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Баатармөнхөд оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Баатармөнхийн эзэмшлийн “8464  дго улсын дугаартай УАЗ-31514” маркийн  авто машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн  2017 оны 02 сарын 02-ны өдрийн “Эд хөрөнгө  битүүмжлэх” тогтоолыг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дахин ашиглах боломжгүй болсон LT215/85/R16  маркийн хий нь гарсан  төмөр обудтай дугуйг  устгасугай.

6. Ялтан Г.Баатармөнх нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт   иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Баатармөнхөд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Г.Баатармөнхөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Д.СУГАР