Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1884

 

 

 

 

 

 

 

 

 

“ХММ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэртэй, “ХММ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХМ” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 75 850 930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Аззаяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Цогбадрах,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ХМ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Н-77 тоот Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч “ХМ” ХХК-д HD120 крантай автомашин нэг ширхэг, HD72 крантай автомашин нэг ширхэгийг тус тус хүлээлгэн өгөх, Хасу Мегаватг ХХК нь HD120 крантай автомашин, HD72 крантай автомашины үнэ тус бүр 176 000 000 төгрөг, нийт 352 000 000 төгрөгийг 6 667 287 төгрөгийн хүүгийн төлбөрийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж уг автомашинуудыг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр акт үйлдэн хүлээлгэн өгсөн.

Тус компани нь Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1 дах хэсэгт Гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 3 хоногийн дотор худалдагчийн нэхэмжлэхийг үндэслэн HD120 крантай автомашины төлбөрийг 100 хувь төлнө гэж заасны дагуу төлбөрийг хугацаанд нь төлсөн, харин гэрээний 4.2.2 дахь хэсэгт HD72 крантай автомашины урьдчилгаа төлбөр 30 хувийг худалдагчийн нэхэмжлэхийг үндэслэн хуанлийн 3 хоногийн дотор төлж, үлдсэн 70 хувийг барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс 1 хоногийн өмнө төлнө гэж үүрэг хүлээсэн. Худалдан авагч нь HD72 маркийн автомашины урьдчилгаа төлбөрийг хугацаандаа төлсөн боловч үлдсэн 70 хувийг төлөхдөө гэрээгээр тохиролцсон хугадаанд төлж дуусгаагүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэрээний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулан баталсан. Гэвч өөрчлөлт оруулсан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй, 2017 оны 2 дугаар сарын 02, 3 дугаар сарын 02, 8 дугаар сарын 31,11 дүгээр сарын 13, 12 дугаар сарын 01, 12 дугаар сарын 28, 2018 оны 1 дүгээр сарын 03, 4 дүгээр сарын 04-ний өдрүүдэд нийт 132 100 000 төгрөгийг /үндсэн болон хүүгийн төлбөрт/ төлж, үлдэгдэл болох үндсэн төлбөрт 50 567 287 төгрөгийг төлж барагдуулаагүй байна.

Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрт тооцох ба алдангийн нийт хэмжээ гүйцэтгээгүй үүрэг тус бүрт тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно., Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу алданги нь 25 283 643 төгрөг, нийт төлбөр 75 850 930 төгрөг болоод байна.

Худалдан авагчийг гэрээний үүргээ хугацаандаа биелүүлэх талаар амаар болон албан бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан ба төлбөр төлөөгүй нь компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, бидний эрх ашгийг ноцтойгоор хохироож байгаа тул 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Н-77 тоот гэрээний төлбөр 75 850 930 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхэд хандсанаас хойш 25 000 000 төгрөгийг төлсөн. Иймд үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287 төгрөгийг, алданги 25 283 643 төгрөгийн хамт гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ХМ” ХХК нь “ХММ” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр автомашин худалдах, худалдан авах тухай Н-77 тоот гэрээ байгуулсан. Манай компанид шаардлагатай HD72 маркийн крантай автомашин тухайн компанийн агуулахад бэлэн байгаагүй тул захиалга өгч төлбөрийн урьдчилгаа 30 хувь буюу 52 800 000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн. Энэ цаг хугацаанд улс орны болон хувийн хэвшлийн байгууллагуудын худалдан авах чадвар эрс муудаж, үйл ажиллагаа доголдож, хөрөнгө санхүүгийн хүнд нөхцөл байдал манай компанид мөн адил тохиолдсон бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилж санхүүгийн байдал сайжрахгүй байна. Гэсэн ч “ХММ” ХХК-тай байгуулсан Н-77 тоот гэрээгээр хүлээсэн автомашины төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлж байсан нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлсөн урьдчилгаа 52 800 000 төгрөгийг оруулаад 2018 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр хүртэл 10 удаагийн төлөлтөөр 157 100 000 төгрөг буюу гэрээгээр хүлээсэн үүргийн үнийн дүнгийн 86 хувийн төлбөр хийсэн нь санхүүгийн баримтаар нотлогдоно. Манай байгууллагын зүгээс үндсэн төлбөрийн үлдэгдэл 25 567 287 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах саналаа “ХММ” ХХК-ийн удирдлагад уламжилж, шүүхээс нэхэмжлэлээ татах санал хүргүүлсэн боловч бидний саналыг хүлээж аваагүй. Төлбөрийн үлдэгдэл 25 567 287 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, алданги 25 283 643 төгрөгийг төлөх боломжгүй тул йн нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг баримтлан хариуцагч “ХМ” ХХК-иас бүгд 50 850 930 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч “ХММ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ХММ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 537 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч нь Эйч Ди 120 загварын автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар зохигчид маргахгүй байна” гэж үндэслэлгүй буруу дүгнэлт хийсэн. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани үндсэн төлбөрт 50 567 287 төгрөг, алданги 25 283 643 төгрөг, нийт 75 850 930 төгрөг нэхэмжилсэн. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх ёстой, мөн хуулийн 236 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болдог. Энэ хуульд заасан үүрэг гэдэгт үндсэн болон нэмэлт үүргийг ойлгоно. Хариуцагч талын хувьд анх гэрээгээр тохиролцон тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил гаргасан, мөн гэрээний үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс хариуцагч алданги төлөх нэмэлт үүрэг үүссэн тул үндсэн болон нэмэлт үүргийг зохих ёсоор гүйцэтгэснээр гэрээний үүргээ бүрэн гүйцэд биелүүлсэн гэж үзнэ. Хариуцагч тал нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 25 000 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 25 567 287 төгрөг, нийт 50 567 287 төгрөгийг төлөөгүй байхад шүүхээс автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө олон удаа утсаар болон албан бичгээр гэрээний үүргээ гүйцэтгэх талаар мэдэгдэж байсан ч хариуцагч  хариу өгөөгүй атлаа шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш төлбөрийг барагдуулсан нь шүүхийн өмнө гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн мэт харагдаж алданги төлөх нэмэлт үүргээс зайлсхийх гэсэн оролдлого болох нь хариуцагчийн тайлбараас харагдаж байна.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Н-77 тоот нэг ширхэг худалдах, худалдан авах гэрээ байгаа бөгөөд үүнийг шүүх гэрээ-1 гэж томьёолсон нь ойлгомжгүй. Мөн хэрэгт дурдсан Н-77 тоот нэг ширхэг гэрээ авагдсан атал хэрэгт авагдаагүй гэрээ-2 гэсэн нэр томьёог гаргаж, дүгнэлт хийж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан байхад хэрэгт өөр ямар ч гэрээ нотлох баримтаар авагдаагүй байхад шүүгч гэрээ-2 гэсэн нэр томьёо хэрэглэн дүгнэлт хийсэн нь хуульд нийцээгүй. Шүүх “...зохигчид Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрт хүү тооцохоор харилцан тохиролцож гэрээ-1-ийн үүргийг сольсон болох нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдож байна” гэжээ. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон бол гэж заасан. Гэтэл талууд автомашины үндсэн төлбөрийг алдангийн хамт төлөх гэрээний үүргээ солихоор тохиролцсон эсэх талаар ямар ч нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрээний үүрэг солих тухай асуудал нь тухайлбал, засвар үйлчилгээ хийх үүргийг мөнгө төлөх үүргээр солих тухай асуудлыг ойлгох ба манай тохиолдолд төлбөр төлөх үүргийг төлбөр төлөхгүйгээр өөр үүргээр солих асуудлыг зохицуулсан зохицуулалт. Гэтэл талуудын хооронд ийм тохиролцоо хийгдээгүй байхад Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д заасныг үндэслэл болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй.

Шийдвэрт “...Зохигчид 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр гэрээ-1 буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ /цаашид гэрээ-2 гэх/-ний үүргээр сольсон болох нь ...” гэж дүгнэсэн. Талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагч нь автомашины үндсэн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн зөрчлийг гаргасан тул 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр талууд худалдах, худалдан авах гэрээний 4 дүгээр бүлгийн 4 дүгээр зүйлд заасан төлбөр төлөх хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулах тухай төлбөрийн хуваарийг баталсан байдаг. Энэ нь хэрэгт авагдаагүй ч талуудын тайлбараар нотлогдож байгаа. Энэхүү нэмэлт өөрчлөлт нь худалдах, худалдан авах гэрээний 9 дүгээр бүлэгт заасны дагуу үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг болж байгаа бөгөөд Н-77 тоот гэрээний бусад зүйл заалт хүчин төгөлдөр хэвээр байх бөгөөд зөвхөн гэрээний 4.2-т оруулсан нэмэлт өөрчлөлт юм. Үүнийг шүүхээс дахин бие даасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж буруу дүгнэж, анхны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон нь хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шийдвэрт “...хариуцагч нь нэхэмжлэгчид алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь баримтаар нотлогдохгүй байх тул хариуцагчаас алданги гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ. Талуудын хооронд байгуулсан Н-77 тоот гэрээний 7.5-д “худалдан авагч ... хугацандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагчид алданги төлнө” гэж тохиролцсон байхад шүүх алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь нотлогдохгүй гэж буруу үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Талууд үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болон зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ төлөө мөнгөн төлбөр буюу алданги төлөхөөр харилцан тохиролцсон. Энэхүү алданги төлөхөөр тохиролцсон заалтын гол зорилго нь эхний ээлжид үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахад оршиж байгаа. Үүнээс гадна үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч талын хувьд алдангиар дамжуулан өөрт учирсан хохирлын нотолгоог заавал гаргалгүйгээр хохирлоо нөхөн төлүүлэх боломжтой. Харин хариуцагч буюу үүрэг гүйцэтгэгч талын хувьд алдангийн үүргээ гүйцэтгэх боломжгүй гэж шүүхэд гаргасан тайлбартаа дурдаж байгаа ч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Дээрх нөхцөл байдал хариуцагчийн үүргийн зөрчлийн хэр хэмжээг хангалттай тодорхойлж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэл гаргахад төлөөгүй байсан 50 567 287 төгрөгийн үндсэн төлбөрийн 50 хувьтай тэнцэх 25 283 643 төгрөгийн алдангийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэснээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “ХММ” ХХК нь хариуцагч “ХМ” ХХК-д холбогдуулан 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан Н-77 тоот гэрээний үлдэгдэл төлбөрт 75 850 930 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад үндсэн төлбөр 25 567 287 төгрөг, алданги 25 283 643 төгрөг, нийт 50 850 930 төгрөгийг гаргуулахаар дээрх шаардлагаа багасгасан, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх талуудын хооронд Н-77 дугаартай авто машин худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, улмаар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-д зааснаар 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үлдэгдэл төлбөрт хүү тооцохоор харилцан тохиролцож уг гэрээний үүргийг сольсон болох нь 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн төлбөр төлөлтийн мэдээллээр тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн. Улмаар дээрх гэрээнд өөрчлөлт оруулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад тухайн гэрээний үүргийг сольж, зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гээд үүнийгээ “гэрээ-2” гэж томъёолон дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Хэрэгт авагдсан “ХМ ХХК-ийн Н-077 тоот худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөлтийн мэдээлэл” /хх17/ гэх баримтад 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд 6 667 287 төгрөгийн хүү тооцож төлүүлсэн талаар тусгагдсан байна. Уг баримттай холбоотойгоор талууд автомашин худалдах худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулсан эсэх, хэрэв өөрчлөлт оруулсан бол ямар агуулга, нөхцөл тохирсон нь тодорхой бус байхад шүүх гэрээний үүргийг сольсон гэж дүгнэх боломжгүй юм. Дурдсан зүйлийг тодруулснаар хэргийн үйл баримтыг эргэлзээгүйгээр тогтоож, түүнд үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх учиртай.

 

Хэргийн оролцогч нарын хувьд худалдах, худалдан авах гэрээнд өөрчлөлт орсон эсэхтэй холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргуулах талаар хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд шаардлагатай баримтыг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.

 

Дээр дурдсан нөхцөл байдал тогтоогдоогүй, нотлох баримт дутуу байхад давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаан, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2018/01275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА