| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/02527/И |
| Дугаар | 101/ШШ2021/02581 |
| Огноо | 2021-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/02581
| 2021 09 02 | 101/ШШ2021/02581 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б-н гаргасан,
Хариуцагч: Б.С-д холбогдох,
12,440,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч М.Ш, А.О, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч L, орчуулагч Н.А, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Миний бие *******-ын иргэн L-тай 5 жилийн хугацаанд хамтран амьдарч байгаа юм. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй боловч хамт амьдрах хугацаанд хүүхэдтэй болсон. Би, хариуцагч Б.С-тэй виз гаргуулах болон визний хугацаа сунгуулна гэж аман хэлэлцээр байгуулаад 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 12,440,000.00 төгрөг дансаар нь шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нь дээрх аман хэлэлцээрийн дагуу виз гаргаж өгөөгүй, надад худлаа ярьж мөнгө авсан тул өгсөн мөнгөө буцааж авах хүсэлтэй байна.
L нь хариуцагч Б.С-ийн автомашины засварын газарт ажиллаж байсан. Гэтэл хариуцагч Б.С нь түүнийг зодсоны улмаас тус засварын газраасаа явсан бөгөөд 2020 оны 05 болон 07 дугаар сард цагдаад өргөдөл өгсөн. Хариуцагч нь 3 виз гаргаж өгнө, мөн визний хугацааг сунгаж өгнө гэсэн. Тухайн үед L нь гэр бүлээ Вьетнам улс руу авч явж, ар гэрийнхэнтэйгээ танилцуулах хүсэл зоригтой байсан учир дээрх үйлдлийг хийсэн юм. L нь гэрээний үндсэн дээр “С” ХХК-нд ажиллаж байхдаа тодорхой хэмжээний цалин орлого авч гэр бүл болон өөрийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан.
Монгол Улсын Үндсэн хуульд гадаадын иргэн, харьяалалгүй Монгол Улсын иргэний нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг, мөн 18 насанд хүрснээр эрх зүйн бүрэн чадамжтай болдог. Гэрч болон нэхэмжлэгчийн хувьд эрх зүйн бүрэн чадамжтай иргэд бөгөөд хавтаст хэрэгт авагдсан дугаар бол нэхэмжлэгч Г.Б-ын эзэмшлийн дугаар гэдгийг нотолсон. Хариуцагч Б.С нь цагдаагийн газарт мэдүүлэг өгөхдөө “би, L гэдэг хүнийг Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгаа” гэсэн боловч өнөөдрийг хүртэл тус гомдлын талаар асуудал яригдсангүй.
2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр L нь зодуулсны дараа өмгөөлөгч н.Б болон орчуулагч Н.А-тэй хамт мэдүүлэг өгсөн. Тэрээр мэдүүлэг өгөхдөө “2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр надаас 10 сая төгрөг нэхээгүй, өмнө нь визний мөнгө гэж 10 сая төгрөг нэхэхэд нь би өгөхгүй гэсэн, машин засварын мөнгийг авч, виз сунгаж өгнө гэхэд нь би урьд өмнө мөнгө өгөөд та виз сунгаагүй, тийм учир мөнгө өгч чадахгүй” гэж хэлсэн байсан.
Мөн хариуцагч нь хүнээс 25 сая төгрөг зээлсэн гэх боловч холбогдох баримтыг өгөөгүй, уг 25 сая төгрөгийг L-нд өгсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Гэрч хэлэхдээ “өөрийнхөө орж ирсэн машиныг засна, хариуцагч Б.С өөрийнхөө машиныг засна, гаражийн төлбөрийг L төлнө” гэсэн. Гаражид хэдэн машин орж ирж байгааг мэдэхгүй хамтран ажиллах хүн байхгүй, бас орлогыг дансаар авахаар болвол хариуцагч Б.С-ийн данс руу, бэлэн мөнгө ирвэл гараж хариуцсан монгол ажилтан хариуцаад авдаг. L-ийг тэр монгол залуу болон хариуцагч Б.С зоддог байсан тул амьдрах, ажиллах боломжгүй болж явсан.
Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр виз сунгагдах ёстой байсан. Ингээд төлбөрөө төлсөн учир виз сунгагдсан хэвийн ажиллаж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байсан боловч хугацаа нь сунгагдаагүй.
Хариуцагч Б.С нь олон жил *******-аас хүн оруулж ирж хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг, элчин сайд болон гадаадын иргэн харьяатын газраас ямар материал шаарддаг, түүнийг нь яаж бүртгүүлдэг талаар илүү их туршлагатай. Энэ нөхцөл байдалд нь нэхэмжлэгч Г.Б болон L нар итгэсэн. Виз сунгах болон гадаа улс руу зорчих асуудал яригдаж, өөрийн хүч хөдөлмөрөөр олсон орлогоосоо хариуцагч Б.С-ийн данс руу мөнгө шилжүүлсэн. Гэтэл виз гараагүй, визний хугацаа сунгагдаагүй ба шилжүүлсэн мөнгө буцаад орж ирээгүй. Тус 25 сая төгрөгийн зээлтэй гэдэг тайлбар байдаг боловч тэр мөнгийг шилжүүлсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн зүгээс авсан мөнгөө буцаагаад өгсөн гэсэн тайлбарыг хэлдэг. Хэрэв тийм бол L нь хөдөлмөрийг хэрхэн үнэлэх вэ, нэхэмжилж байгаа 12 сая төгрөг бол шударгаар олж авсан мөнгө байгаа юм.
Хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж байгаа боловч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд өгөөгүй, өөрөөр хэлбэл 25 сая төгрөгтэй холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй. Нэхэмжлэгчийн зүгээс дансны хуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон. Хариуцагч нь надад өгөх ёстой мөнгө байсан юм гэдэг боловч нэг жилийн хугацаанд L өмнө шилжүүлэхгүй байж байгаад нэг сарын хугацааны дотор 12 сая төгрөгийг яагаад шилжүүлсэн бэ гэдэг асуудлыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг сарын хугацаанд 12 сая төгрөгийг шилжүүлсэн нь визний мөнгө гэдгийг хангалттай харуулж байна.
Иймд, хариуцагчаас 12,440,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү” гэв.
Хариуцагч тал тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нь гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч нь хариуцагчийг визний хугацаа сунгуулж өгнө гэж мөнгө авсан боловч визний хугацаа сунгагдаагүй, мөнгийг нь эргүүлж өгөөгүй гэж тайлбарласан. Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч Г.Б гэгчтэй ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулсан зүйл огт байхгүй. Түүний данснаас шилжүүлж байсан мөнгө бол “С” ХХК-нд засварчинаар ажиллаж байсан *******-ын иргэн L-ны үйл ажиллагааны орлого бөгөөд уг мөнгийг нэхэмжлэгч Г.Б нь түүний өмнөөс дамжуулан шилжүүлж байсан.
L нь энэхүү компанид ажилд орохдоо бусдад 25,000,000.00 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул уг мөнгийг зээлээч, тэгээд засварын газраа компанийн чинь нэр дээр явуулъя, үйл ажиллагааны орлогоос зээлийн төлбөр болон бусад зардлыг төлнө гэж санал тавьсан. Тухайн үед хариуцагчид зээлдүүлэх 25,000,000.00 төгрөг байхгүй байсан тул өөр хүнээс хүүтэй мөнгө авч өгсөн бөгөөд энэ талаар L-д тодорхой тайлбарлаад мөнгийг түүнд өгсөн.
Ийнхүү тэрээр засварын газар ажиллуулан олсон орлогоосоо дээрх зээлийн мөнгө, визний хураамж, нийгмийн даатгалын төлбөр зэргийг өөрөө хариуцахаар тохирсон боловч 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн ажлын байраа шалтгаангүйгээр орхиж хариуцагчийн эзэмшлийн компанид бусад байгууллагуудаас төлбөрийн нэхэмжлэлүүд ирсэн. L нь авсан мөнгөө төлөлгүй ажлаа хаяж явахдаа засварын газрын тоног төхөөрөмжийг авч явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргаж шийдвэрлүүлсэн.
Хариуцагчийн зүгээс визний хугацаа сунгах талаар гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй, нэхэмжлэгчийн шилжүүлсэн гэж байгаа мөнгө нь *******-ын L-ны засварын газрын үйл ажиллагаанаас олсон орлого бөгөөд дээрх мөнгийг тухайн хүний нийгмийн даатгал, зээлийн хүү, засварын үйл ажиллагаанаас үүдэлтэй зардал зэрэгт шилжүүлсэн тул нэхэмжлэлиын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тэглээ ч *******-ын визийг хариуцагч Б.С гэх хувь хүн биш Монгол Улсад тус улсын иргэнийг ажиллуулж байгаа аж ахуй нэгж нь холбогдох баримт бичгийг бүрдүүлэн хүсэлтээ өгөх ёстой. Анхнаасаа нэхэмжлэгчийн дансанд орсон мөнгө бол машин засварын тооцооны мөнгө гэдгийг тайлбарлаж байсан.
Өөрөөр хэлбэл, L нь “С” ХХК-нд ажиллаж байхдаа машин засаад, төлбөрийг нь нэхэмжлэгч Г.Бын дансаар авч шилжүүлдэг байсан. Тэрхүү дансны орлогыг судлаад үзэхээр L-ийн зээл гэж бичсэн байна. Мөнгө шилжсэн үйл баримтыг харахаар нэхэмжлэгч Г.Бын дансаар L нь өөрөө шилжүүлсэн байдаг. Яагаад бэ гэвэл тус шилжүүлэг бүрийг дугаартай утсаар хийсэн.
Үүнээс L нь захиран зарцуулаад хариуцагч Б.С-д өгсөн гэдэг нь харагдаж байна. Нэхэмжлэгч Г.Б бид хоёрын хамтын өмч гэдэг боловч үүнийг нотолсон баримт байхгүй. Мөнгө шилжүүлсэн цаг хугацааны хувьд L нь “С” ХХК-нд ажиллаж байх үетэй таардаг ба засварын газраас явах хүртэлх хугацаа юм. Өөр нэг орлого нь хүүхдийн мөнгө гэж байдаг. Энэ үйл баримт дээр маргахгүй, L нь өөрийнхөө утсыг гэдэг бол нэхэмжлэгч Г.Б нь өөрийнхөө утсыг гэж бичсэн. Энэ үйл баримтаар хэнээс мөнгө шилжүүлсэн гэдэг нь тодорхой харагдах болно.
Тус хэрэгт гэрчээр оролцож байгаа L нь “би Б.С-д өртэй 10 сая төгрөгийг төлсөн, үлдсэн 5 сая төгрөгийг үйл ажилгаагаараа төлсөн” гэдэг. Зохих журмын дагуу ажиллаж, ажилласан орлогоос цалингаа авдаг, цалин хөлс өгөөгүй гэж байгаа бол холбогдох маргааныг гаргасан бол арай бодит байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэр бүлээр нь *******-ын визийг гаргаж өгнө гээд мөнгө авсан гэж тайлбарласан. Хариуцагч Б.С Вьетнам авто засварын газар ажиллуулдаг гэсэн ямар баримт байна вэ, тус “С” ХХК нь дуудлагаар авто завсар эрхэлдэг. Нэхэмжлэгч Г.Б-ын орлогын үндэслэл нь тодорхойгүй, шилжүүлж байгаа зүйл нь зээл, зардал, машин зассаны төлбөрийг хуваарилсан байна. Нэхэмжлэгч нь бодит тайлбар гаргаад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хоёр уялдаа холбоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл, визний мөнгө гэх боловч заримдаа Монгол Улсад оршин суух виз гэдэг. Бас гэр бүлээрээ Монгол Улсаас гарах виз гэж шүүх хурал бүрт өөр, өөр зүйл хэлдэг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бодит үнэн байдалд нийцэхгүй, нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхиж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Г.Б-оос хариуцагч Б.С-д холбогдуулан 12,440,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Шүүх, талуудын тайлбар, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г.Б-ын “Х банк” ХХК дахь 5016538900 тоот данснаас хариуцагч Б.С-ийн ******* тоот дансанд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 10,790,000.00 төгрөг шилжсэн үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь үүнээс гадна 1,650,000.00 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй /х.х-ийн 3-7 хуудас/.
Гэвч нэхэмжлэгч Г.Б нь уг 10,790,000.00 төгрөгийг хамтран амьдрагч болох гэрчээр оролцсон Бүгд ******* улсын иргэн L-ийг Монгол Улсад ажиллаж, амьдрахад нь шаардлагатай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн өөрөө болон хүүхдийнхээ хамт гэрчтэй гадаад улсад зорчиход шаардагдах зөвшөөрлийг авах зорилгоор хариуцагч Б.С-д өгсөн гэснийг хариуцагч нь үл хүлээн зөвшөөрч, тухайн мөнгийг L-ээс авах ёстой авлага тул буцаан өгөх үүрэггүй гэж маргаж байна.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Гадаадын иргэн, харьяатын газрын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 04/1244 тоот албан бичигт дурдсанаар Бүгд ******* улсын иргэн L нь Монгол Улсын хуулийн этгээд болох “С” ХХК-ийн хөдөлмөр эрхлэгчээр 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байжээ /х.х-ийн 45 хуудас/.
Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гадаадын иргэн гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг” гэж, 5.1.2-т “уригч гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг” гэж, мөн 5.1.5-т “хувийн хэргээр оршин суугч гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг” тус тус хэлнэ гэж заасан.
Тодруулбал, гэрчээр оролцож байгаа L нь “С” ХХК-ийн урилгаар Монгол Улсад хувийн хэргээр буюу хөдөлмөр эрхлэхээр Бүгд ******* улсаас ирсэн иргэн бөгөөд тэрээр тус компанийн хөдөлмөр эрхлэгчээр 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байгаад явсан байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч Б.С нь “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ажилладаг ба зохигчид тус компанид хөдөлмөр эрхлэхээр гадаад улсын хоёр иргэн ирсний нэгийг нь Бүгд ******* улсын иргэн L-ийг мөн гэж тайлбарласан /х.х-ийн 39 хуудас/.
Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хяналтын улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн актаар “С” ХХК-ийг гадаадын хоёр иргэний Монгол Улсад оршин суух визний хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр 3,270,000.00 төгрөгөөр торгохоор шийдвэрлэсний дагуу тус компаниас 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 3,270,000.00 төгрөгийг холбогдох байгууллагын дансанд төлсөн байна /х.х-ийн 56-58 хуудас/.
Өөрөөр хэлбэл, “С” ХХК-ийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Монгол улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд гадаадын иргэнийг буцаах” гэснийг зөрчсөн учраас тийнхүү торгох шийтгэвэр ногдуулсан, гэрч L-ийн Монгол Улсад оршин суух визний хугацаа сунгагдаагүй байгаа ажээ.
Ингээд L нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө “С” ХХК-ийн хөдөлмөр эрхлэгчээр ажиллаж байсан, нэхэмжлэгч Г.Б-оос хариуцагч Б.С-д шилжүүлсэн 10,790,000.00 төгрөгийг өөрийнхөн Монгол Улсад ажиллаж, амьдрахад шаардлагатай зөвшөөрлийн хугацааг сунгах зорилгоор өгсөн гэж тайлбарлаж байна.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Б.С-д тус 10,790,000.00 төгрөгийг Бүгд ******* улсын иргэн L-ийг Монгол Улсад оршин суух визний хугацааг сунгуулахаар өгсөн боловч хугацаа нь сунгагдаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэвч Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Визийг дараахь байгууллага олгоно” гээд 16.1.1-д “гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага” гэж, мөн 16.1.2-т “гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж түүнчлэн 16.1.3-т “Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар” гэж тус тус заажээ.
Тодруулбал, зөвхөн эдгээр эрх бүхий этгээдээс гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг олгох бол, харин хариуцагч Б.С-д ийм эрх хэмжээ байхгүй, гагцхүү түүний эзэмшлийн “С” ХХК-иас дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Гадаадын иргэн нь энэ хуулийн 30.1-д заасан зөвшөөрлийн хугацааг дуусахаас өмнө холбогдох байгууллагын хүсэлтийг авч гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хандаж оршин суух хугацааг сунгуулна” гэж зааснаар гэрч L-ийг тус компанид хөдөлмөр эрхлэгчээр Монгол Улсад оршин суухад татгалзахгүй байгаа тухай хүсэлтийг өгч болно.
Нөгөө талаар Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д зааснаар гадаадын иргэн, харьяалалгүй хүнд Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох, виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг хянах, бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд авах тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон байхад хариуцагч Б.С нь тэрхүү тогтоосон хэмжээнээс хэд дахин өндөр мөнгийг нэхэмжлэгч Г.Б-оос авсан байна.
Энэ тохиолдолд хариуцагчийг хуулиар зөвшөөрөгдсөн үйлдэл, эс үйлдэхүй хийх зорилгоор 10,790,000.00 төгрөгийг авсан гэж үзэхгүй. Үүнийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл, талууд хууль бус, нийтэд үл хүлээн зөвшөөрөгдөх үйлдэл, эс үйлдэл хийхээр тийнхүү тохиролцсон бол тухайн гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
Тодруулбал, энэ хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж, мөн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж тус тус заасны дагуу зохигчдын хооронд хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах гэрээ, хэлцэл байгуулагдсанаар иргэний эрх зүйн харилцаа үүснэ.
Гэтэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид анхнаасаа хуульд нийцэхгүй зүйлийг тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй учраас нэхэмжлэгч Г.Бд 10,790,000.00 төгрөгийг хариуцагч Б.С-ээс гэрээний дагуу шаардах эрх байхгүй юм.
Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, мөн Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно” гэж заасан.
Тайлбарлавал, иргэн, хуулийн этгээд гэрээ болон хуулиар хүлээсэн эрх, үүргээ үнэнч шударгаар биелүүлж, эдийн болон эдийн бус баялагийг тодорхой үндэслэлээр олж авсан тохиолдолд уг эд хөрөнгийг өмчлөх болон эзэмших эрх үүсэх ба эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авахыг ойлгоно.
Үүнээс улбаалан тухайн этгээд эд хөрөнгийг тодорхой гэрээ болон хуульд заасан үндэслэлээр олж авсан тохиолдолд түүнд эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглах буюу захиран зарцуулах эрх үүсэх бөгөөд тэрээр үндэслэлгүйгээр эд хөрөнгө олж авсан тохиолдолд эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй” гээд 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.
Иймд, нэхэмжлэгч Г.Б болон хариуцагч Б.С нарын хооронд хуулийн хүрээнд гэрээ, хэлэлцээр байгуулагдаагүй байх тул гэрээгээр үүрэг үүссэн гэж үзэхгүй боловч хариуцагч нь шилжүүлэн авсан 10,790,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн хуульд заасан үүргийн дагуу буцаан өгөх үүрэг үүснэ.
Хэдийгээр хариуцагч Б.С-д тус хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.3-т “хүчин төгөлдөр бус болсон үүргийн хувьд өмнө нь гүйцэтгэсэн үүрэг ёсоор шилжүүлсэн өр төлбөрийн гэрээг гүйцэтгэх үед хөрөнгөө буцаан шаардах шаардлага нь хуульд харшилж байвал” гэж зааснаар 10,790,000.00 төгрөгийг буцаан өгөхөөс татгалзаж болох ч энэ тохиолдолд боломжгүй байна.
Учир нь, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, гэрчийн мэдүүлгээр хариуцагч Б.С, гэрч L нарын хооронд тодорхой төрлийн өглөг, авлагын харилцаа байгаа нь нэхэмжлэгч Г.Б-д шууд хамааралтай биш байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.С нь гэрч L-ээс зээлийн гэрээний дагуу мөнгө буцаан авах ёстой гэж тайлбарлаж байгаа ч буцаан төлбөл зохих дүн нь тодорхой биш байгаа өөр этгээдийн үүргийг нэхэмжлэгч Г.Б-ын хариуцагч Б.С-эс авах авлагад харилцан тооцох боломжгүй юм.
Энэ талаар Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, ..................................................................... үндэслэнэ” гэж зааснаар тодорхой этгээдийн хооронд үүссэн гэрээний болон гэрээний бус харилцааг тухайн оролцогч нарын хүрээнд шийдвэрлэх учиртай тул хариуцагч Б.С болон гэрч L нарын зээлийн гэрээний өглөг, авлагыг энэ хэрэгт харилцан тооцохгүй, тусдаа шийдвэрлүүлвэл зохилтой маргаан байна.
Нөгөө талаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс 10,790,000.00 төгрөгийг гэрчээр оролцсон L-ний автомашины засварын ажлын хөлс байсан бөгөөд компанид төлөх ёстой мөнгө гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.С нь 10,790,000.00 төгрөгийг нэхэмжлэгч Г.Б-ын хамтран амьдрагч L-ний “С” ХХК-нд төлбөл зохих үйлчлүүлэгч нарын ажил гүйцэтгэх гэрээний хариу хөлс байсан гэдгээ баримтаар нотлохгүй байна.
Хэдийгээр L нь “С” ХХК-ийн хөдөлмөр эрхлэгчээр 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл оршин суух зөвшөөрөлтэй байсан боловч түүнийг тус компанид хөдөлмөр, аль эсхүл хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтны журмаар ажиллаж, үйлчлүүлэгч нарын төлсөн төлбөрийг компанид төлөх ёстой гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 10,790,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,650,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР