| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/02886/И |
| Дугаар | 101/ШШ2021/02597 |
| Огноо | 2021-09-03 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2021/02597
| 2021 09 03 | 101/ШШ2021/02597 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч З.Баярмаа, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.П-ын гаргасан,
Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 43,000,000.00 төгрөг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, өмгөөлөгч Э.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, төрийг төлөөлж Баянзүрх дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, иргэдийн төлөөлөгч О.О, Ц.Н, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:
“Би, 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр *******,*******,******* халуун усны газарт Д.Х-т сэтгэхүйд сөргөөр нөлөөлөхүйц хүнд хэлбэрийн хараалын үг хэлээр доромжлуулж, бас зодуулаад хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан. Ингээд Д.Х-т уг үйлдэлтэй нь холбогдуулж Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгуулсан.
Гэтэл намайг зодсон Д.Х гэгч этгээд хэд хоногийн дараа цагдаад надад зодуулсан гэсэн гомдлыг гаргаж, улмаар мөрдөгч бид хоёрыг хамтад нь шалгаж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн дугаар хэрэг үүсгэсэн ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх А.С яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 1021 тоот шийтгэх тогтоолоор Д.П намайг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Уг шийтгэх тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хянаад магадлалыг гаргахдаа хэвээр үлдээсэн.
Миний бие анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг үл хүлээн зөвшөөрч өмгөөлөгчийн хамт Улсын Дээд Шүүхэд гомдол гаргасныг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хянаад тогтоолоор намайг цагаатгасан. Тус тогтоолд “...Д.П нь 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо, “Намъянжү” халуун усын газарт Д.Х-тай маргалдан, зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон гэж анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн нь шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, шүүхүүд хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар шалгаж, үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалал, маргаан зодоонд оролцсон хүмүүсийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадаагүй, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудад бус зарим баримтад тулгуурлан үйл баримтыг өрөөсгөл байдлаар тогтоож дүгнэсний улмаас Д.П-ын гэм буруугийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлсөн...” гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл, намайг санаа сэтгэл цочрон давчидсан үедээ хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцогдохооргүй байна гэж цагаатгасан. Би, Д.Х-ын чихний хэнгэрэг цоорсон гэсэн гэмтлийн зэргийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр тогтоолгосныг эс зөвшөөрч удаа дараа гомдол гаргасан боловч хүлээж авалгүйгээр намайг уг гэмтлийг түүнд учруулсан гэсэн. Энэ мэтчилэн гэмт хэргийг хянан шалгасан эрх бүхий этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааны улмаас хохирсон.
Миний бие тус эрүүгийг хэргийг үүссэн цагаас өмгөөлөгч Д.Б, Д.Х нараас хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсийг төлж ажилуулсан бөгөөд өмгөөлөгч Д.Х-тай 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж өмгөөллийн хөлсөнд 3,000,000.00 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, “Х банк” ХХК дахь дансанд урьдчилгаа 500,000.00 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Үүний дараа үлдэгдэл төлбөрийг хэрэг маргаан шийдвэрлэгдэж дуусаад өгнө гэж тохиролцсоны дагуу Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсны дараа 2,500,000.00 төгрөгийг төлсөн.
Мөн өмгөөлөгч Д.Б-аас хууль зүйн зөвлөгөө хэрэг болсон цагаас авч байгаад шүүх хуралдаан болохын өмнө 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, 20,000,000.00 төгрөгийг төлбөрт өгөхөөр тохиролцоод урьдчилгаа 5,000,000.00 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин үлдэгдэл 15,000,000.00 төгрөгийг хэрэг маргаан шийдвэрлэгдэж дууссаны дараа төлөхөөр болж, Улсын Дээд Шүүхийн тогтоол гарсны дараагаар түүний “Х банк” ХХК дахь дансанд төлсөн.
Дээрх эрх зүйн туслалцаа авах болсон үндэслэл, шалтгаан нь мөрдөгч, прокурор, шинжээч нарын хууль бус шийдвэр үйл ажиллагаанаас улбаалж шударга үнэн гэж байдаг бол түүнийг олох зорилгоор гаргасан зардал бөгөөд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийхээ дагуу төлбөрийг төлсөн. Эдгээр нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаар нотлогдоно. Мөн надад хамар ясны хугарал, зөөлөн эдийн гэмтэл учирсан бөгөөд 2,000,000.00 төгрөгөөр 2020 оны 01 дүгээр сард “Э” арьс гоо сайханы нэгдсэн эмнэлэгт мэс засалд орж эмчлүүлсэн гэдгийг үүгээр дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлд хохирол арилгуулах эрх гээд 1-д “...Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүи хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, игүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй...”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлд хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэл гээд 1-д “...Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана...” мөн хуулийн 2.2-д “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэж заасныг үндэслэн, мөрдөгч, прокурор, шүүхийн хууль бус ажиллагааны улмаас учирсан хохирол болох эрх зүйн туслалцаа үзүүлсэн хөлсөнд төлсөн 23,000,000.00 төгрөгийг шаардсан.
Үүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх ба тус зүйлийн 1-т дараахь эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө гэжээ. Үүнд, 1.6-д “...хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс...”, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-д “...Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана...” гэж тус тус заасны дагуу надад учирсан сэтгэл санааны хохирол 20,000,000.00 төгрөг, өмгөөлллийн хөлсөнд төлсөн 23,000,000.00 төгрөг нийт 43,000,000.00 төгрөгийн хохирлыг минь гаргуулж өгнө үү” гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тус шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэгч Д.П-ыг 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн*******нд байрлах саунд иргэн Д.Х-тай зодолдсон гэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны шийтгэх тогтоолоор 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны магадлалаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Гэвч Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2019 оны 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Хэдийгээр нэхэмжлэгч Д.П-аас сэтгэл санааны хохиролд 20,000,000.00 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 23,000,000.00 төгрөг нийт 43,000,000.00 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж зааснаар нэхэмжлэл нь нотлогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлд “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж заасан бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжилж буй төлбөрийн хэмжээг юунд үндэслэн гаргаж буй нь тодорхойгүй байна.
Мөн нэхэмжлэгч Д.П нь холбогдсон эрүүгийн хэрэгтээ хууль зүй туслалцаа авахаар 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Д.Х-тай, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч Д.Б-тай гэрээ байгуулсан боловч Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-т заасан мэргэжлийн үйл ажиллагаа явуулахдаа мөн хуулийн 36.2-т зааснаар өмгөөллийн хөлсийг хүлээн авсан нь эргэлзээтэй, өмгөөлөгч өмгөөллийн хөлсний зохих хувийг хуульд заасан татвар төлсөн нь нотлогдохгүй тул нэхэмжлэгчид хууль зүйн үйлчилгээ үзүүлж хөлс авсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд, энэхүү нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Төрийг төлөөлж Баянзүрх дүүргийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Нэхэмжлэлд сэтгэл санааны зардалд эмчилгээний зардал багтсан гэсэн боловч хэдэн төгрөгт эмчилгээ хийлгэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 20,000,000.00 төгрөгийн хөлсөөс 5,000,000.00 төгрөгийг урьдчилгаанд өгсөн боловч уг 5,000,000.00 төгрөг авсан гэсэн санхүүгийн баримт дээр 3 хүний гарын үсэг зурагдах ёстой байсан. Гэвч нягтлан гэх хүний гарын үсэг зурагдаагүй байна.
Мөн шилжүүлгийн баримтаар мөнгө шилжсэн гэсэн боловч гэрээтэй холбоотойгоор мөнгө шилжсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хүний эрхийг ноцтой зөрчсөн, хилсээр ямар нэгэн үндэслэлгүй зүйлээр шалгасан, ийнхүү шалгах явцдаа хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн үйл баримт байхгүй, мөрдөн байцаах ажиллагааг хуулийн дагуу явуулсан. Иймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хууль бусаар явуулсан гэх нотлох баримт байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар гаргасан дүгнэлтдээ:
“Нэхэмжлэгч Д.П-ыг Улсын Дээд Шүүхийн тогтоолоор цагаатгасан учраас гэм буруугүй юм байна. Тэрээр эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өмгөөлөгч нартаа 23,000,000.00 төгрөгийг хөлс төлсөн нь нотлох баримттай байх тул нэхэмжилж болно, харин түүний өмгөөлөгч нар холбогдох татварыг төлөх эсэх нь нэхэмжлэгчид хамаагүй, энэ хүн татвар суутгах үүрэг хүлээхгүй. Сэтгэл санааны хохирлын хувьд 20,000,000.00 төгрөгөөс ч илүү ихийг нэхэмжлэх ёстой гэж үзэж байна” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П-аас хууль бусаар баривчлагдсан, яллагдагчаар татагдсан, хилс хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн, гадагш явахгүй тухай баталгаа гаргасан болон цагдан хоригдсоны улмаас учирсан хохиролд 43,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба тус хэрэгт шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, талуудад нэхэмжлэлийн хувийг гардуулж, тэдгээрт хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж танилцуулсан байна.
Ингээд шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлээс зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Д.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял ногдуулжээ /х.х-ийн 5-11 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.П-ыг Д.Х-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдлийг гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ийнхүү нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн байна.
Гэтэл тус шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хянаад магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Д.П, Д.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Улсын Дээд Шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолоор нэхэмжлэгч Д.П-ыг цагаатгасан байна /х.х-ийн 12-23 хуудас/.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.П-ыг хохирогч Д.Х-ын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэн цагаатгажээ.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.П-т Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх. .................... . Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж зааснаар өөрт учирсан хохирлоо нэхэмжилж болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй” гэж, мөн 2 дахь хэсэгт “Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл, төрийн эрх бүхий байгууллагаас гэмт хэрэгт хэн нэгэн этгээдийг сэжиглэн шалгах үндэслэл тухайн үед байсныг үндэслэн ийнхүү мөрдөн шалгах ажиллагааг хуулиар олгосон эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн боловч хожим уг хэрэгт шалгагдаж байсан этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон, цагаатгасан зэрэг тохиолдолд тус хэргийг шалгаж, шийдвэрлэсэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай үйлдэл байсан эсэхийг үл харгалзан тухайн этгээдэд учирсан хохирлыг төр барагдуулах юм.
Үүнийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж зохицуулжээ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.2-т “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хохирлыг нөхөн төлүүлэх шаардах эрх үүснэ” гэж заасан. Иймд, нэхэмжлэгч Д.Пыг Улсын Дээд Шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 597 тоот тогтоолоор Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдээгүй гэж цагаатгасан тул тэрээр өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.П нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд хууль зүйн туслалцаа авахад төлсөн 23,000,000.00 төгрөгийг эдийн бус буюу сэтгэл санаанд учирсан хохиролд 20,000,000.00 төгрөгийн хамт нийт 43,000,000.00 төгрөгийг нэхэмжилж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно” гэж, мөн 3 дахь хэсэгт “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан байна.
Мөн дээр дурдсан хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчид нөхөн төлөх хохирлын төрлийг тодорхойлсон бөгөөд 6 дахь хэсэгт хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хохиролд тооцно гэжээ. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.П нь өмгөөлөгч Д.Х-тай 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч Д.Б-тай тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, эдгээр өмгөөлөгчид 23,000,000.00 төгрөгийг төлсөн байна /х.х-ийн 24-32 хуудас/.
Тодруулбал, нэхэмжлэгч Д.П нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр өмгөөлөгч өмгөөлөгч Д.Б-д 5,000,000.00 төгрөгийг бэлнээр, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 15,000,000.00 төгрөгийг түүний “Х банк” ХХК дахь тоот дансанд, мөн өмгөөлөгч Д.Х-ын тоот дансанд 2,500,000.00 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 500,000.00 төгрөг, нийт 23,000,000.00 төгрөгийг төлсөн нь бэлэн мөнгө хүлээн авсан орлогын баримт, тасалбар болон дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолд тус тус дурдсанаар өмгөөлөгч Д.Б, Д.Х нар нэхэмжлэгч Д.П-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу шат, шатны шүүх хуралдаанд оролцсон зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцаа авахад 23,000,000.00 төгрөгийн хөлс төлжээ.
Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон төрийг төлөөлж оролцож байгаа прокурорын байгууллагын төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа өмгөөлөгч Д.Б, Д.Х нарыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар орлогын албан татварыг төлсөн гэсэн баримт байхгүй тул нэхэмжлэгчээс бодитоор 23,000,000.00 төгрөгийн зардлыг гарсан гэж үзэхгүй гэж маргаж байна.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19-т “суутган төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суутгаж, төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг хэлнэ” гэж заажээ. Гэвч нэхэмжлэгч Д.П нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч Д.Б, Д.Х нарт төлсөн 23,000,000.00 төгрөгөөс холбогдох татварыг хуульд заасан хэмжээгээр суутгаж, харъяа татварын байгууллагад төлөх үүрэгтэй суутгагч этгээд биш, харин тухайн орлого олсон этгээдүүд тус хуулийн 26 дугаар зүйлд зааснаар татвараа өөрөө тодорхойлж, төсөвт төлөх үүрэгтэй байдаг.
Иймээс өмгөөлөгч Д.Б, Д.Х нарыг Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар орлогын албан татварыг төлсөн эсэх баримт байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэгч Д.П-ын тэдгээрт төлсөн 23,000,000.00 хөлсийг төлөгдөөгүй гэж үзэх нь учир дутагдалтай болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар нэхэмжлэгчид сэтгэл санаанд учирсан хохиролд 20,000,000.00 төгрөгийг төлөх ёстой гэсэн бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болон төрийг төлөөлж оролцож байгаа прокурорын байгууллагын төлөөлөгч нар үүнийг төлөх хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “......................., нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон ..................... эрхтэй” гэж, мөн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэнэ” тус тус заасан.
Гэвч тус хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэхэмжлэгчид нөхөн төлөх хохирлын төрлийг тодорхойлсон бөгөөд үүнд сэтгэл санаанд учирсан хохирлыг нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн хохиролд оруулаагүй байна. Иймд, Иргэний хуулийн дүгээр зүйлийн 9.4.4-т “учруулсан хохирлыг арилгуулах” тухай зөрчигдсөн эрхийг сэргээх зарчмын хүрээнд нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг нөхөн төлөхөд тус хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэсэн зарчим үйлчилнэ.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж зааснаар сэтгэл санаанд учирсан хохирлыг нөхөн төлж болно.
Гэтэл нэхэмжлэгч Д.П-ын “намайг эрүүгийн хэрэгт үндэслэлгүй шалгасан, шүүхийн шийтгэх тогтоолоор ял ногдуулсан зэргээс миний сэтгэл санаанд хохирол учирсан, үүнээс болж бие муутай болсон” гэсэн тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт мөн боловч нэхэмжлэгчийн дээр дурдсан тайлбар нь нотлох баримт бус, харин нотлогдвол зохих нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага юм.
Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж заасны дагуу тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь сэтгэл санаанд 20,000,000.00 төгрөгийн хохирол учирсан гэсэн тайлбарыг баримтаар нотолсонгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.7-д “байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс 23,000,000.00 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.8.9-д зааснаар нэхэмжлэгч тал хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг үүгээр дурдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД З.БАЯРМАА
Т.ЭНХЖАРГАЛ