Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 110

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж, шүүгч  Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

иргэдийн төлөөлөгч Л.Алтанбагана,

улсын яллагч Г.Цогтгэрэл,

шүүгдэгч П.Ганзориг, түүний өмгөөлөгч Ц.Гүенбат /ҮД:0045/,

хохирогч О.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Лхагважав /ҮД:1466/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, эрх зүйч  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэгт холбогдох үедээ ИНЕГазарт аюулгүй байдлын шалгагч ажилтай байсан, ам бүл 2, 6 настай хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 82 дугаар байр 39 тоотод оршин суух хаягтай, одоо Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Американ дэнж 44 дүгээр байр 6-38 тоотод оршин суудаг, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ЙЭ81091615/ Боржигон овогт Пүрэвдоржийн Ганзоригт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022065 дугаар 185/2016/0124/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.Ганзориг нь давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.Баярцогт гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хохирогч О.Батмөнхөөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий Ланд крузер-200 маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй байна...” гэж хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар тус тус залилан мэхэлж нийт 164.145.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганзоригийн: Би Сэлэнгэ аймагт өссөн болохоор манай найзууд Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл наадам зохион байгуулах гэж байгаа тул машин олоод өгөөч гэсэн. Тэгээд би 2015 оны 8 сарын сүүлээр Энхбаяртай уулзаж энэ тухай ярихад О.Батмөнхөөс машин авъя гээд бид очиж уулзсан. Тэгсэн Батмөнх “Ланд круйзер-200” маркийн автомашиныг 135 сая төгрөгөөр зарна гэсэн чинь Энхбаяр би 5 сая төгрөг унагаж байгаа юм гээд 140 сая төгрөгөөр тохиролцсон. Тухайн үед Энхбаяр намайг С.Баярцогт гишүүний туслах гэж танилцуулсан байсан болохоос би өөрийгөө тэгж танилцуулаагүй. Харин би зөвхөн Сэлэнгэ аймагт наадам дээр хэрэглэх машин зээлээр өгөх боломжтой юу гэхэд боломжтой гээд уг машин О.Батмөнхийн нэр дээр биш байсан учраас “Ланд круйзер-200” маркийн саарал өнгөтэй автомашиныг худалдах худалдан авах гэрээ хийгээд 140 сая төгрөгөөр бодож авсан.Гэтэл мөнгө бүтэхгүй болсон тул би О.Батмөнх ахад мөнгө бүтэхгүй байна буцаагаад машинаа авах уу,буцааж өгөе гэж 2-3 удаа утсаар болон уулзаж хэлсэн. Тэгсэн чинь Батмөнх ах нэгэнт зарагдчихсан машиныг буцааж авахгүй,зараад мөнгийг нь өг гэсэн. Ингээд 10 хоногийн дараа хамтран бизнес эрхэлдэг Лхавгадорж ахад санал болгоход 2015 оны 10 дугаар сард мөнгө бүтнэ, ХААЯамны махны тендерт оролцож байгаа гэхээр нь “Ландкруйзер-200 маркийн автомашиныг 2015 оны 9 сарын 5-нд шилжүүлж өгсөн. Энэ бүгдийг Батмөнх ахад хэлж байсан.Мөн би Энхбаяртай ярилцаж байгаад “Лексус-470” маркийн автомашиныг худалдаж аваад 10.000 ам.долларыг 20 сая төгрөгөөр бодож тал мөнгийг нь өгсөн байсан. Гэтэл би өөр хэрэгт холбогдоод цагдан хоригдсон байхад Батмөнх,Энхбаяр нар цагдаад гомдол гаргасан байсан. Хэрвээ би цагдан хоригдоогүй байсан бол тухайн автомашиныг буцаагаад өгөх л байсан. Өнгөрсөн хугацаанд О.Батмөнх ахыг залгахаар утсаа аваад ярьдаг байсан. Тэрнээс надад бусдыг залилан мэхлэх санаа зорилго байгаагүй. Би Ланд круйзер-200 маркийн автомашиныг хувьдаа ашиглаагүй. Лхагвадорж ах уг машины мөнгийг өгөхгүй удсанаас болж ийм байдалд хүрсэн. Энэ хэргээс болж би ажилгүй, хүүхдээ ч харж чадахгүй явж байгаадаа харамсалтай байна. Би Энхбаярт чи яагаад өргөдөл өгсөн юм бэ, чиний машины мөнгөний талыг өгсөн биз дээ гэхэд Батмөнх хамт өргөдөл өгөхгүй бол залилан мэхлэх үйлдэлд хамт холбогдоно шүү гэсэн учраас өргөдөл өгсөн гэж хэлсэн. Анхны шүүх хурлын дараа Энхбаяртай холбогдоод “чи шүүх хурал дээр яагаад бодит байдлыг хэлээгүй юм бэ, чи С.Баярцогт гишүүний туслах гэдгийг би хэлсэн гэдгээ хэлж болоогүй юм уу, “чи 6 настай охинтой найзыгаа ийм байдалд оруулж, үүнээс болж амь амьдралгүй, худлаа ярьсан нэр зүүгээд хуулийн өмнө хариуцлага хүлээгээд явбал хэн хариуцах юм бэ” гэхэд Энхбаяр найз нь өөрөө өргөдөл өгөөд дараагийн шүүх хуралд чинь хохирогчоор оролцохгүй, намайг хохиролгүй гээд байхад яагаад давтан үйлдэл болгож оруулаад байгааг мэдэхгүй байна, би чиний талаар муу зүйл ярихыг хүсээгүй, аль аль талд орж болохгүй ийм хэцүү байдалд байна, найзыгаа ойлгооч гэж хэлсэн. Би О.Батмөнхөд хуулийн дагуу гарсан хохирлыг төлсөн. Гэтэл надаас илүү 20 сая төгрөг нэхэмжилж,одоо мөнгө өгөхгүй бол хуулийн байгууллагаар ясыг чинь цайлгана гэдэг, 1 жил гаран хугацаанд дарамтанд байна. Шүүхээс үнэн зөвийг тогтоож өгөхийг хүсч байна гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Батмөнхийн: Би 2015 оны 08 дугаар сарын эхээр Ланд крузер-200 маркийн автомашиныг оруулж ирсэн. Тухайн үед Энхбаяр нь П.Ганзоригийг дагуулж ирээд “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын туслах байгаа юм, дарга нь Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэхээр нь би Энхбаярыг чиний сайн таньдаг хүн юм бол чамд итгээд өгч явуулъя гээд “Ланд крузер-200” маркийн автомашиныг өгсөн.Тэгээд Ганзориг над руу таны машиныг өгөхөөргүй болчихлоо, Дорнод руу явсангүй, Засгийн газрын баазад 4 дугуйг нь дээш нь сойгоод тавьчихсан, та хүсвэл очиж үзээрэй гэхээр нь удалгүй өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд Ганзоригтой ярьж явсаар байгаад сүүлдээ гэнэт П.Ганзориг алга болсон. Тэгээд би Энхбаярт наадах чинь нэг л биш болчихлоо хоёулаа цагдаад хандъя гээд цагдаад хандахад П.Ганзориг цагдан хоригдчихсон байсан. Би машинаа Лхагвадорж гэдэг хүнээс хүлээж авахад машины арын гэрэл хагарсан, крило зурагдсан, урд салхины шил хагарсан байсанд үнэлгээний дагуу 2.9 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн. Мөн миний машин 9.000 км явсан байсан учраас зах зээлийн ханшнаас хямдруулж 105 сая төгрөгөөр зарсан тул зөрүү 30 сая төгрөгөө авчихвал болно гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч О.Батмөнхийн: ...Буджавын Батаа гэдэг бол манай хамаатны ах байгаа юм. Би өөрөө энэхүү Ланд Крузер-200 маркийн автомашиныг оруулж ирсэн, энэ миний машин. Гэхдээ би Буджавын Батаа ахыг гуйж байгаад түүний нэр дээр оруулж ирсэн юм. Яагаад гэвэл нэг хүний нэр дээр олон машин оруулж ирэхээр татвар өндөр гараад байдаг юм, тэгээд ахыгаа гуйж байгаад өөрийнхөө машиныг түүний нэр дээр оруулж ирсэн юм. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-68-69, 2хх-214/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Энхбаярын: ...Би ...Ганзоригийг О.Батмөнхтэй уулзуулаад 10 хоногийн дараа мөнгө төгрөгөө авахаар тохиролцоод Ланд-Крузер 200 маркийн дугааргүй шинэ автомашиныг 140,000,000 төгрөгөөр авахаар болж энэ 2 гэрээ хийгээд машинаа худалдахаар тохиролцсон юм. О.Батмөнх машинаа өгөөд явуулсан юм. ...2015 ны 10 сарын 01-нд Ганзориг ...миний дүү Цогтбаярын нэр дээр байсан миний эзэмшлийн Лексус-470 маркийн 31-21 УНС улсын дугаартай автомашиныг 45,000,000 төгрөгөөр тооцож зээлээр худалдан авахаар тохиролцож би түүнд машинаа өгсөн юм. 7-10 хоногийн дараа 10,000 ам долларыг Ганзоригтой уулзаж машиныхаа мөнгөнөөс тооцож авсан. ... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-65-66/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Сүхболдын: …13-31 УНЯ улсын дугаартай Лексус-470 маркийн автомашин бол манай Ганзориг ахын автомашин байгаа юм. Ойролцоогоор 1 сарын өмнө манай гэрийн гадаа машин нь байгаад байсан юм. Ганзориг ахын өмгөөлөгч гээд нэг хүн надад уг машины түлхүүрийг 1 сарын өмнө авчирч өгөөд Ганзориг ах чинь хэрэгт холбогдоод цагдан хоригдсон, тийм учраас түлхүүрийг нь чамд өгч байна гэсэн. Би байрны гадаа байж байгаад эд зүйл нь алдагдчихаж магадгүй гээд түүнийг Ганпүрэв гэдэг ахынхаа хашаанд аваачиж тавьсан байсан. Тэгсэн чинь өчигдөр машиныг машиныг цагдаагийн газар аваачиж хүнд нь өгөх шаардлагатай гэж Ганзориг ах хэлсэн. Тэгээд би машиныг нь авчирч өгч байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-75/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Лхагвадоржийн: ...Ганзориг 2015 оны 09 сард байхаа яг он сарыг нь сайн санахгүй байна, дизель хөдөлгүүртэй, хар саарал өнгийн маркийн автомашинтай ирээд би энэ машины мөнгийг нь дараа өгөхөөр зээлээр таньдаг ахаас авсан юм. Одоо мөнгийг нь өгч дийлэхгүй байна. Надад бол арай үнэтэй байна. Би арай хямдхан машин олж авна. Та 2015 оны 10 сард өгөхөөр энэ машиныг худалдаж авах уу гэж хэлсэн. Тухайн үед авсан хүнийхээ нэрийг надад хэлж байсан. Би нэрийг нь одоо санахгүй байна. Би мөнгийг нь байж байгаад өгөх юм бол худалдаж авъя гээд авахаар болоод машиныг хүлээн авч өөрийнхөө гэрийн грашид тавьчихсан байсан. Ганзориг 11 сар дөнгөж гараад алга болчихсон. 2015 оны 12 сарын 09-ний өдөр Ганзориг өөрөө над руу яриад би хэрэгт холбогдож цагдан хоригдсон байна аа, наад машиныг чинь нөгөө зээлээр худалдаж авсан эзэн нь авахаар болсон, буцааж өгөх хэрэг байна, тань руу эзэн нь яриад авах байх гэсэн. Тэгээд би өнөөдөр буюу 2015 оны 12 сарын 10-ны өглөө Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст ирж хүсэлт гаргаж машиныг авчирч өгсөн юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-76/,

Мөрдөн байцаалтад П.Ганзоригийн яллагдагчаар: ...Би Энхбаяр гэдэг хүнийг Иргэний нисэхийн ерөнхий газарт байхдаа хамт ажиллаж байхдаа танилцсан. 2015 оны 08 сарын эхээр яг он сарыг нь сайн санахгүй байна. ... Энхбаяр Аса циркийн ард талын зогсоолд автомашин хувиараа зардаг юм. Би Энхбаярт Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн наадам болох гэж байгаа, би түүнд 2 машин зээлээр худалдаж авах сонирхолтой, гэхдээ нэг машин худалдаж авъя мөнгийг нь дараа өгье гэж тохирсон. Энхбаярын танил Батмөнх гэж хүний зарж байсан хар саарал өнгийн дизель мотортой Ланд Крузер-200 маркийн автомашиныг 710 хоногийн хугацаатай 140,000,000 төгрөгөөр бодож зээлээр худалдаж авахаар тохиролцон гараар автомашин зээлээр худалдан авах гэрээ бичиж худалдаж авсан. ...Автомашиныг нь худалдан авчихаад Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийн хүмүүст автомашиныг өгөх гэтэл тэдгээр хүмүүс машин хэрэггүй болсон гэсэн. Би машиныг нь Батмөнх ахад буцааж өгөх гээд таны автомашиныг наадамд өгөхөө больчихсон, та автомашинаа авах уу, мөнгөө авах уу гэхэд Батмөнх ах нэгэнт зарагдчихсан юм чинь боломжтой болохоороо чи мөнгөө өгчих гэж надад хэлсэн. ...Би Батмөнх ахад С.Баярцогт гишүүнийг таньдаг гэж ярьж байсан. Түүнийг буруугаар ойлгосон юм шиг байна. ...Энхбаярт би бизнесийн ажлаар гадаад дотоодын хүмүүстэй уулзахад машин хэрэгтэй байна, эхлээд тал мөнгийг нь өгөөд дараа нь тал мөнгийг нь өгье гэж хэлээд тохиролцон худалдан авсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-141-142/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Батаагийн: ...Манай хамаатны дүү болох О.Батмөнх нь гадаад улсаас автомашин оруулж ирж худалдаалдаг бизнес эрхэлдэг юм. Тэгээд гадаад улсаас автомашин өөрийнхөө нэр дээр оруулж ирэх гэхээр татвар нь арай өндөр байгаад байгаа учраас таны нэр дээр нэг автомашин оруулаад ирье гээд надаас гуйхаар нь би зөвшөөрч энэ автомашин миний нэр дээр орж ирсэн байгаа юм. Тэрнээс биш автомашин бол миний автомашин биш, манай дүү О.Батмөнх өөрөө мөнгөөрөө захиж оруулж ирсэн автомашин байгаа юм... гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-215/,

 

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /1хх-13/, П.Ганзориг О.Батмөнх нарын машин шилжүүлэхээр тохиролцсон баримт /1хх-14/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-16/, баримт бичигт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /1хх-17-23/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-24-28/, Даймондрөүд ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-31/, Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл /1хх-32/, хамтран ажиллах гэрээ /1хх-33-35/, автомашинд үзлэг хийж хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-45/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-46-50/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-52/, хохирлын мөнгө хураан авсан тухай тэмдэглэл /2хх-145/, тээврийн хэрэгслийн бүртгэх маягт /2хх-32/, Вендо ХХК-ийн автомашины үнэлгээний дүгнэлт /2хх-138/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /1хх-152/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-153/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-158/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №1098 тоот дүгнэлт /1хх-228/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

 

Шүүгдэгч П.Ганзориг 2015 оны 8 сарын 18-ны өдөр өөрийн танил Б.Энхбаяраар зуучлуулан түүний танил иргэн О.Батмөнхөөс “Ландкруйзер-200” маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг 2015 оны 8 сарын 25-нд бүрэн төлөхөөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авахаар гэрээ байгуулжээ. Шүүгдэгч П.Ганзориг гэрээний дагуу хугацаандаа төлбөрийг төлөх боломжгүй болсноо хохирогч О.Батмөнхөд хэлж “Ландкрузер-200” маркийн автомашиныг буцаан өгөх талаар санал тавихад, нэгэнт зарагдчихсан автомашин буцааж авахгүй, чи зараад мөнгийг нь өг гэснээс 2015 оны 9 сард уг тээврийн хэрэгслийг Лхагвадорж гэгчид 2015 оны 10 сард төлбөрийг авахаар тохиролцон шилжүүлсэн нь мөрдөн байцаалтад гэрч Лхагвадоржийн …Ганзориг 2015 оны 9 сард байхаа …дизель хөдөлгүүртэй, хар саарал өнгийн автомашинтай ирээд би энэ машины мөнгийг нь дараа өгөхөөр зээлээр таньдаг ахаасаа авсан юм. Одоо мөнгийг нь өгч дийлэхгүй байна. Надад бол арай үнэтэй байна. … Та 2015 оны 10 сард өгөхөөр энэ машиныг худалдаж авах уу гэж хэлсэн. …Би мөнгийг нь байж байгаад өгөх юм бол худалдаж авъя гээд авахаар болж машиныг хүлээн авч өөрийнхөө гэрийн гражид тавьчихсан байсан. Ганзориг 11 сар дөнгөж гараад алга болчихсон… гэж мэдүүлсэн мэдүүлэг /1хх-76/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст гэрч Д.Лхагвадоржийн гаргасан хүсэлт /1хх-217/-ээр, мөн өөрийн танил Б.Энхбаяраас 2015 оны 10 сарын 01-ний өдөр 32.000.000 төгрөгний үнэ бүхий “Лексус-470” маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон төлбөрөөс 10.000 ам.долларыг хохирогч Б.Энхбаярт өгсөн нь шүүгдэгч, хохирогч Б.Энхбаяр нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ганзориг 2015 оны 10 сарын 25-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэгт шалгагдан 2015 оны 11 сарын 04-ний өдрөөс цагдан хоригдож, хохирогч О.Батмөнх, хохирогч Б.Энхбаяр нартай төлбөрийн тооцоогоо хийх боломжгүй болсон нь сэжигтнийг баривчлах тогтоол, сэжигтнийг цагдан хорих тухай шүүгчийн захирамж, яллагдагчийн цагдан хорих тухай шүүгчийн захирамжаар /1хх-94-107/ нотлогдов.

Хохирогч О.Батмөнх, хохирогч Б.Энхбаяр нар шүүгдэгч П.Ганзоригийг цагдан хоригдсон болохыг мэдэж 2015 оны 12 сарын 1-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэмт хэргийн талаар гомдол /өргөдөл/ /1хх-12/ гаргасныг мөрдөн байцаагч Мөнхсонор хүлээн авч гомдол мэдээллийн дугаарт бүртгэлгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан …нэг этгээд хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн …хэргийг нэгтгэнэ. …123.4-д заасан …Хэргийг байцаан шийтгэх ажиллагааны аль ч үед нэгтгэж болох бөгөөд энэ тухай … мөрдөн байцаагч …тогтоол …гаргана, эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 173 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг үүсгэх журмыг зөрчин эрүүгийн хэрэг үүсгэх тухай мөрдөн байцаагчийн тогтоол гаргалгүй, өөрөөр хэлбэл эрүүгийн 201525022065 хэрэгт нэгтгэлгүй мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ нь эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйлд заасан эрүүгийн байцаан шийтгэх ажилагаа хууль ёсны байх шаардлагыг хэрэгжүүлсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас шалтгаалан шүүгдэгч П.Ганзориг хохирогч О.Батмөнхөөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий “Ландкруйзер-200” маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” хийж, хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, зээлээр худалдан авахаар тохиролцож 10.000 ам долларыг урьдчилан төлсөн үйлдэл нь иргэд хоорондын зээлээр худалдах, худалдан авах тухай иргэний эрх зүйн харилцаа үүссэн боловч, нөхцөл байдал урьдчилан тооцоолох боломжгүйгээр гэнэт өөрчлөгдсөний улмаас буюу шүүгдэгч цагдан хоригдсоноос гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болжээ гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд шүүгдэгч П.Ганзоригийг давтан үйлдлээр 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “С.Баярцогт гишүүний туслах байгаа юм, манай дарга Дорнодод наадам зохион байгуулах гэж байгаа юм 2 автомашин авна” гэж хохирогч О.Батмөнхөөс 132.145.000 төгрөгийн үнэ бүхий Ланд крузер-200 маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан,

2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “...Гадаад хэргийн яаман дээр гадаадын зочдыг хүлээж авах машин хэрэгтэй байна...” гэж хохирогч Б.Энхбаярын эзэмшлийн 32.000.000 төгрөгийн үнэ бүхий 31-21 УНС улсын дугаартай Лексус-470 маркийн автомашиныг 45.000.000 төгрөгөөр тооцож, худалдах худалдан авах гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх аргаар тус тус залилан мэхэлж нийт 164.145.000 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан гэж эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хувьд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад шүүгдэгчээс хохирогч О.Батмөнхийн “Ландкруйзер-200” маркийн автомашин, хохирогч Б.Энхбаярын “Лексус-470” маркийн автомашин тус бүрийг хураан авч хохирогч нарт олгосон нь эд зүйлд үзлэг хийж, хурааж аван хүлээлгэн өгсөн баримтуудаар /1хх-44, 45/ тогтоогдов. Хохирогч О.Батмөнх “Ландкруйзер-200” маркийн автомашиныг 140.000.000 төгрөгөөр худалдан борлуулах ёстой байсан ч бусдад 105.000.000 төгрөгөөр зарж борлуулсан тул үнийн зөрүү 35.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэж мэдүүлсэн байх тул үүнийгээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч П.Ганзориг ял шийтгэгдэж байгаагүй, сэтгэцийн ямар нэгэн өвчингүй нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 1098 тоот дүгнэлт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /1хх-153/, хохирогч Б.Энхбаярт төлөх төлбөргүй нь хохирогчийн мэдүүлгээр /1хх-248/ тус тус нотлогдов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Пүрэвдоржийн Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 201525022065 дугаар хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгасугай.
  2. П.Ганзориг 37 /гучин долоо/ хоног цагдан хоригдсоныг дурьдаж, урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  3. Хохирогч О.Батмөнх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
  4. Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл цагаатгах тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  5. Цагаатгах тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                 ШҮҮГЧИД                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                                  Б.ДУЛАМСҮРЭН