Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 109/ШШ2021/0017

 

 

 

 

 

 

                                         109/ШШ2021/0017

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Д.Ө

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, 

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г

            Нэхэмжлэлийн шаардлага: Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд  гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй,  Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж хуульчилсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжид байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ мөн гэж заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй гэж заасан. Иргэн Д.Ө-н тухайд иргэний хэргийн анхан шатны шүүхээр эрх зүйн ач холбогдол бүхий ажиллаж байсан байдлаа тогтоолгосон байдаг. Мөн Малчин, хувираа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу нөхөн төлсөн буюу болзол шаардлагыг бүрэн хангасан учраас өндөр насны тэтгэвэр олгож байсан. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээс нотолсон баримтуудыг дахин нотлох шаардлагатай гэж Архангай аймгийн Архивын тасгаас сургууль төгссөн баримт авчрах шаардлага тавьж тэтгэврийг зогсоосон. 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Д.Ө-н тэтгэвэр олгогдоогүй байгаа. Тэтгэврийг зогсоосны дараа улсын байцаагч 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг гаргасан. Тус актад хуурамч нотлох баримт гэсэн үг, өгүүлбэр байгаа. Улсын байцаагч нь тус актыг гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэсэн байсан. Тус актын 1 дүгээр зүйлд Хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон Д.Ө-р тэтгэврийг нөхөн төлүүлэхээр заасан. Нийгмийн даатгалын байгууллагаас ирүүлсэн хариу тайлбартаа хуурамч нотлох баримт гэдгээ тайлбарлаж чадаагүй байна гэж үзэж байна. Хариуцагчийн хариу тайлбарт Д.Ө-г Хангай сумын Хөдөө аж ахуйн “Ардын зориг” нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 89 тоот тушаалаар сахиулаар авч ажиллуулснаас өөр холбогдох материал гараагүй гэсэн байна. Д.Ө нь өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хүсэлтээ гаргаж, улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр, нийгмийн даатгалын байгууллагад шүүхийн шийдвэрийг хянах хуулиар олгогдсон эрх байхгүй. Нийгмийн даатгалын байгууллага шүүхээр тогтоосон үйл баримтыг нотлох гэж Архиваас баримт гаргуулж, бусад баримт олдохгүй байна гэх үндэслэлээр акт гаргаж байгаа нөхцөл байдал нь холбогдох хууль тогтоомжуудыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн иргэний эсрэг чиглэсэн үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Нийгмийн даатгалын байгууллагаас тэтгэвэр зогсоож байгаа үйлдэл нь хууль бус мөн нөхөн төлүүлэх акт тогтоож байгаа нь хууль бус байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч Д.Ө-н материалыг шалгахад 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд 1989 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 3,4,7,8-р сар, 1988 он 6-9 сарын цалин бичилттэй мөн хувийн өргөдөлд 1987-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэсэн байна. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 129/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа зэрэг нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлтэст дуудан ирүүлж “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж, нотлох баримтаа 12 дугаар сард багтаан авчирч өгөхийг зөвлөсөн боловч 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн өргөдөлдөө дахин дуудахгүй байхын хүсье гэсэн утгатай зүйл бичсэн байдаг. Иймд хэлтсийн даргын 1/635, Улсын байцаагчийн 37 тоот актыг тус тус үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн Д.Ө-д хүргүүлсэн. Хэлтсийн даргын 2021 оны 2 дугаар сарын 1-ний 1/87 тоот албан бичгээр Аймгийн архивын тасгаас Д овогтой Ө-тай холбоотой 1983-1991 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан үеийн лавлагааг гаргуулахаар хүсэлт явуулсны дагуу аймгийн Архивын тасгийн 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 19 тоот албан бичгээр Д.Ө-г Хангай сумын Хөдөө аж ахуйн Ардын зориг нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 89 тоот тушаалаар 1989 оны 12 дугаар сарын 1-ний сахиулаар авч ажиллуулснаас өөр холбогдох материал гараагүй бөгөөд 1983 оноос Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар ажиллаж байсан нотлох баримт хангалтгүй байх тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж үзсэн. Иймд иргэн Д.Ө-н 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн авсан 3,454,838 /гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин найман/ төгрөгийг буцаан төлүүлж, Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор улсын байцаагчийн акт тавиад байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Ө нь “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд буюу хувийн өргөдөлдөө “Д.Ө миний бие 1987-1988 онд “Ардын зориг” нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш ажил хийгээгүй” гэсэн, мөн 1989 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хугацаа нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгтэй зөрсөн учраас зөрчилтэй байна гэж үзэж холбогдох арга хэмжээнүүдийг авсан. Үүний дагуу Архангай аймгийн Архивын газарт лавлагаа гаргаж ирүүлэх албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Д.Ө-г Хангай сумын Хөдөө аж ахуйн “Ардын зориг” нэгдлийн даргын 1989 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 89 тоот тушаалаар сахиулаар авч ажиллуулснаас өөр холбогдох материал гараагүй. Сахиулаар ажиллаж байсан хугацааг малчнаар ажиллаж байсан хугацаанд оруулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан байгаа. Дээрх шалтгааны улмаас хэлтсийн даргын 1/635 тоот мэдэгдлээр тэтгэврийг зогсоосон. Дээрх ажиллагааг хийсний дараа 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хэлтсийн даргын зөвлөлөөр ярилцаж, А/10 тоот тушаал гарсан. Тус тушаалыг үндэслэж Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийг үндэслэж Д.Ө-н авсан тэтгэвэр дээр 37 тоот актыг тогтоосон гэв.

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт, шалгалт хийсний үндсэн дээр Д.Ө-н зөрчил илэрсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол улсын байцаагчийн актыг бичиж, буцаан нийгмийн даатгалын санд төлүүлнэ гэж үзэж Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 тоот тушаалыг үндэслэн улсын байцаагчийн акт бичсэн гэв. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн  Д.Ө-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нарт холбогдуулан “Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Д.Ө-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:

Иргэн Ц хайн овогт Д-гийн Ө нь 1968 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 53 нас 1 сартай эмэгтэй байна.[1]

Нэхэмжлэгч Д.Ө нь 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 129/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц овгийн Д-гийн Ө-н Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. [2]

Нэхэмжлэгч Д.Ө-н хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 22 жил 1 сар төлсөн болох нь хэрэгт авагдсан Д.Ө-н тэтгэврийн хувийн хэргийн баримтаар[3] тогтоогдож байна. Тодруулбал, 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрээр 7 жил 7 сар, 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд 10 жил, Б.Г, Б.Т, Б.Г нарыг төрүүлсэн хугацаа 4 жил 6 сар нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийт 22 жил 1 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэг[4], Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1[5], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7. дахь хэсгийн 2/-т[6] зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Ө нь 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл малчнаар ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрээр 7 жил 7 сар, 1990-1994 /5 жил/ онд малчнаар ажилласан болохыг тодорхойлсон Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1/76 дугаар тодорхойлолт, малын А дансны хуулга зэрэг баримтаар малчнаар 12 жил 7 сар ажиллаж, дээрх хуулийн шаардлагыг хангасан байна.[7] Улмаар нэхэмжлэгч Д.Ө-д 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.[8]

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Д.Ө-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааны талаар маргаагүй болно.

2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актаар малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1544 иргэний тэтгэврийг хамруулан шалгаж хуурамч баримт бичиг бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 43 иргэний тэтгэврийн олголтыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэж, уг актын хавсралт Хангай сум, 1 дүгээрт Д.Ө гэж дурджээ.[9]

Нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актын Д.Ө-д холбогдох хэсэгтэй маргаагүй бөгөөд уг акт нь иргэн Д.Ө-д чиглэсэн акт биш, сумдын Нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн, тэдгээрийн зөвшөөрсөн гарын үсэг бүхий акт байна гэж тайлбарласан.

Дээрх 47 дугаартай акт нь 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотоод хяналт шалгалтын үр дүнд хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэх нэр бүхий 43 иргэдийн мэдээллийг харьяалах сумдын байцаагч нарт хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан акт байх бөгөөд уг акт нь иргэн Д.Ө-д тухайлан чиглээгүй, түүнд хууль зүйн үр дагавар шууд үүсгээгүй байна.

 Иймд шүүх дээрх актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. Мөн дээрх агуулга бүхий нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоож буй талаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар 28-ны өдрийн 1/635 дугаар албан бичгийг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн байна.[10]

Харин нэхэмжлэгч Д.Ө-д Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр албан бичгээр 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг түр зогсоох талаар мэдэгджээ.[11] Улмаар 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тэтгэвэр авагч Д.Ө-тай уулзаж, тэмдэглэл хөтөлсөн байна.[12] Мөн нэхэмжлэгч Д.Ө-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариу өргөдөл гаргажээ.[13]

Мөн Хаан банкны Архангай аймаг дахь салбараас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5135/122 дугаар албан бичгээр ирүүлсэн дансны хуулгаас үзэхэд иргэн Д.Ө-д 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш өндөр насны тэтгэвэр олгоогүй байна.[14]

Дээрх үйл баримтаас дүгнэвэл иргэн Д.Ө-д өндөр насны тэтгэврийг анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хангай сум/ 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр тогтоож, мөн өдрөөс эхлэн олгож эхэлсэн боловч, 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүй зогсоосон буюу тэтгэврийн мөнгө иргэний эзэмшдэг дансанд ороогүй болох нь хэргийн оролцогч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, Хаан банкны Архангай аймаг дахь салбараас 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 35/122 дугаар албан бичиг, иргэн Д.Ө-н тэтгэврийн мөнгөө авдаг Хаан банкны 5145145435 дугаартай дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү нэхэмжлэгч Д.Ө-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүйн улмаас тэрээр өндөр насны тэтгэвэр зогсоосон дээрх үйлдэлд холбогдуулан 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.[15]

Хоёр: Нэхэмжлэгч Д.Ө-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Д.Ө-ын өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн зогсоосон байна.

Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “ ... Д.Ө-ын 1989 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 3,4,7,8-р сар, 1988 он 6-9 сарын цалингийн бичилттэй мөн хувийн өргөдөлд 1987-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэсэн байна. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 129/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа, иймд тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн ...” гэж татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлаж байна.

Иргэн Д.Ө-н 1989 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 онд 3, 4, 7, 8 дугаар сар, 1988 онд 6, 7, 8, 9 дүгээр сард бичилт хийж, гарын үсэг зуржээ. Мөн иргэн Д.Ө-н 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын Тамгын газрын нийгмийн даатгалын тасагт гаргасан хүсэлтэд “ ... миний бие 1987-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан бөгөөд  нэгдэл тарснаас хойш ажил хийгээгүй учир 1990-2000 оны хоорондох ажилласан жилийг нөхөн тооцож өгнө үү ...” гэжээ.[16] 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч Д.Ө нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 129/ШШ2019/00121 дүгээр шийдвэрээр Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгожээ.[17] Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр нотлогдож байна.[18]

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын гурвын 3.1.-д Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно гэж, 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйг нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, /хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/ гэж зааснаар малчнаар ажилласан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох баримт бичиг мөн байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”; Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.

Иймээс нэхэмжлэгчийг дээрх хугацаанд Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1983 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “тэтгэвэр авагчийн 1989 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт 1987 онд 3, 4, 7, 8 дугаар сар, 1988 онд 6, 7, 8, 9 дүгээр сард бичилттэй, хувийн өргөдөлд 1987-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэсэн байна. Дээрх хугацаа нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаатай зөрсөн /давхацсан/ байна” гэсэн үндэслэлээр шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас иргэн Д.Ө-н хөдөлмөрийн дэвтэр бичилттэй, 1987-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэж өргөдөл бичсэн гэж маргаж буй боловч тус шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болжээ.

Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Д.Ө-н малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно.

Мөн хариуцагч тайлбартаа “...тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тэтгэврийг түр зогсоон”  гэж  татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлон маргаж буй боловч чухам тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байна. Тодруулбал, иргэн Д.Ө нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн Д.Ө-н ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон байна.

Иргэн Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон дээрх үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1. Дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж зааснаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.

Иймд нэхэмжлэгч Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус байх тул Д.Ө-д өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс буюу 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Гурав. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар акт  хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нар 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд 2018-2020 онд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтуудад тулгуурлан шалгаж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь заалтыг тус тус зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоосон зөрчил илэрсэн гэж үзэн хэлтсийн даргын 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар тушаал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон Д.Ө-р тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нөхөн төлөх 3,454,383 /гурван сая дөрвөн зуун тавин дөрвөн мянга найман зуун гучин найман мянган/ төгрөгийн тэтгэврийг Эрдэнэбулган сумын Хаанбанк дахь тэтгэврийн сангийн 5135055950 тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхийг Хангай сумын Нийгмийн даатгалын байцаагч /Б.С/-д хариуцуулжээ.[19] Нэхэмжлэгч Д.Ө нь актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч, төлж барагдуулаагүй байна.

Хариуцагч нараас маргаан бүхий 37 дугаар актын үндэслэлээ “ ... иргэн Д.Ө-ын хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь шүүхийн шийдвэрээр тогтоосон малчнаар ажилласан жилтэй зөрж байгаа, тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн тул 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрөөс хойш олгосон тэтгэвэр болох 3,454,383 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон ...” гэж тайлбарлажээ.

Энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн иргэн Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Д.Ө-д өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс буюу 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж дүгнэсэн.

Иймд нэгэнт шүүхээс иргэн Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус гэж үзсэн тул уг хууль бус үйлдэл түүний үндэслэлд дурдсан маргаан бүхий үйл баримтыг үндэслэн гаргасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нарын 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар акт нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөөтээгүүр, хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “ ...  хөдөлмөрийн дэвтрийн бичилт, өргөдөл нь шүүхийн шийдвэртэй зөрсөн /давхцалтай/ байгаа  нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж дурдаж, маргаан бүхий 37 дугаар актыг үндэслэлтэй хэмээн тайлбарласан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасан.

Дээрх хуулийн уг заалтын урьдач нөхцөл болох “хуурамч бичиг баримт” гэдгийг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт байхыг ойлгоно. Түүнчлэн баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан) өөрчлөхийг хэлнэ. Мөн энэ төрлийн үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцсон байдаг.

Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч Д.Ө-н хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг хэн, хэрхэн, яаж  тогтоосон нь тодорхойгүй, Д.Ө-н ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нөхөн төлбөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.1.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн үндэслэл бүхий байхыг шаарддаг. Аливаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч Д.Ө-н тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн аль баримтыг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь бодитой бус, хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж буй зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Түүнчлэн захиргааны байгууллага буюу Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс /Хангай сум/ нь анх 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэгч иргэний өндөр насны тэтгэврийг тогтоон олгосон мөртлөө хожим буюу 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр улсын байцаагчийн 37 дугаартай актаар хууль зүйн үндэслэлгүйгээр “... хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр тогтоолгосон гэж үзэн иргэнийг буруутгаж өмнө олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж буй нь үндэслэлгүй /ойлгомжгүй/ байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж зааснаар урьд авсан тэтгэврийг нөхөн төлүүлэхээр захиргааны актыг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Ө-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс буюу 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5,  24 дүгээр зүйлийн 24.1, 24.2  дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, иргэн Д.Ө-н өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр зогсоосон үеэс /2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 37 дугаар актыг хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА

 

 

[1] Хавтаст хэргийн 7 дугаар хуудас ар

[2] Хавтаст хэргийн 73, 103-106, 110 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 21-48 дугаар тал

[4] 1.Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.

[5] 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.

[6] 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол.

[7] Хавтаст хэргийн 24, 28-48 дугаар тал

[8] Хавтаст хэргийн 22 дугаар тал

[9] Хавтаст хэргийн 58-59, 61-63 дугаар тал

[10] Хавтаст хэргийн 49-50 дугаар тал

[11] Хавтаст хэргийн 60 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 51-52 дугаар тал

[13] Хавтаст хэргийн 53 дугаар тал

[14] Хавтаст хэргийн 115-116 дугаар тал

[15] Хавтаст хэргийн 1-2 дүгээр тал

[16] Хавтаст хэргийн 55-56 дугаар тал

[17] Хавтаст хэргийн 6 дахь тал

[18] Хавтаст хэргийн 110 дугаар тал

[19] Хавтаст хэргийн 113 дугаар тал