Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1885

 

 

 

 

 

 

 

 

 

“КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01437 дугаар шийдвэртэй, “КБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч К.Мад холбогдох, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгт 5 783 088 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямсамбуу,

Хариуцагч К.М,

Хариуцагчийн өмгөөлөгч П.Болортуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.М нь КБны Гүйцэтгэх захирлын 2014 оны 11 сарын 11-ний өдрийн 756 дугаар тушаалаар тус банкны Аюулгүй байдал, аж ахуйн газрын ахлах мэргэжилтнээр түр томилогдож, 2015 оны 02 сарын 23-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, гүйцэтгэх захирлын 2015 оны 3 сарын 02-ны өдрийн 184 дүгээр тушаалаар Ерөнхий зохицуулалтын газрын ахлах мэргэжилтний ажлын байранд үндсэн ажилтнаар томилогдсон.

КБ нь К.Мтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 008 дугаартай Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж ажилтанг мэргэжлийн чиглэлд сургаж хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, сургалтад хамруулах, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын Компас плюс ХХК-тай байгуулсан гэрээний дагуу сургалтад хамруулан шаардагдах зардал болох 6,459,408 төгрөгийг төлж боловсон хүчний дэмжлэг үзүүлсэн.

Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний дагуу ажилтан банкнаас олгосон боловсон хүчний дэмжлэгийг бүрэн төлж барагдуулсан эсвэл 3 жил тогтвортой ажилласнаар дээрх гэрээг дуусгавар болгохоор талууд харилцан тохиролцож хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Гэвч К.Мын өөрийн гаргасан хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 236 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд КБ К.Мтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 008 дугаартай гэрээний үүргийн гүйцэтгэл болох 6,459,408 төгрөгөөс ажилчдын хуримтлалын сангаас хасагдаж тооцсон үлдэгдэл төлбөр 5,783,088 төгрөгийг гаргуулж тус банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 1 жил 4 сарын хугацаанд ахлах мэргэжилтнээр ажилласан. КБ ХХК 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс Картын систем салгах төслийн хэрэгжүүлэлтийн талаар танилцуулж байсан. Тухайн үед төслийн танилцуулга дотор ажилчдын сургалтын төлбөрийн талаар дурдаагүй. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 008 тоот дугаартай гэрээнд намайг гарын үсэг зурах үед гэрээний 2.8 дахь хэсэгт нь зардлыг төлж, боловсон хүчний дэмжлэг үзүүлнэ гэж байсан. Тэр үед багахан хэмжээний төлбөртэй, хуримтлалын мөнгөн сангаас төлбөрийг тооцно гээд надаар гарын үсэг зуруулсан. Би анх ажиллаж эхэлснээс хойш сар бүрийн цалингаасаа 10 хувийг хуримтлалын мөнгөн санд тооцон суутгуулж 1 жил 4 сарын хугацаанд багадаа 1,820,000 төгрөгийг суутгуулсан. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлэн ажлаа хүлээлгэн өгсөн, төлбөрийн үлдэгдэл байхгүй.

Сургалт нь банкны шинэчлэлтэй холбоотой байсан ба өөрийн хүсэлтээр сургалтад хамрагдаагүй. Маргааны хувьд хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх бөгөөд энэ хугацаа дууссан байна. Иймд КБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11, 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч К.Мад холбогдох, Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ-ний үүрэгт 5 783 088 төгрөг гаргуулах КБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107 479 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргаагүй гэж дүгнэсэн нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь КБ нь К.Мтай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 008 дугаартай хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж К.Мыг сургалтад хамруулахад шаардагдах зардлыг төлсөн, сургалтанд хамрагдсанаас хойш 3 жилийн хугацаанд тус банкинд ажилласан тохиолдолд сургалтын зардлыг буцаан төлөхгүй байх, харин 3 жилийн дотор ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд сургалтын зардлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр КБинд буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцож талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж, гэрээний үүрэг хүлээсэн ба ажилтан, ажил олгогч нарын хооронд ямар нэгэн хөдөлмөрийн маргаан огт байхгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хариуцагч К.Мад холбогдуулан хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээний үүрэгт 5 783 088 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл К.М нь 2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр “КБ” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ /хх5-9/ байгуулж, тус банкны ерөнхий зохицуулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллахаар харилцан тохиролцсон байна. 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр талууд 008 дугаартай, хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ /хх10/ байгуулж, ОХУ-ын “Компас плюс” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу банк нь тухайн ажилтныг сургалтанд хамруулах, зардалд 6 459 408 төгрөгийг төлж боловсон хүчний дэмжлэг үзүүлэх, ажилтан гэрээнд заасан хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй, сахилгын зөрчил гаргахгүй идэвхи санаачилгатай ажиллах, 3 жилийн дотор ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд сургалтын зардлыг гэрээнд заасан хувь хэмжээгээр банкинд буцаан төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ. 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр КБны гүйцэтгэх захирлын 236 дугаар тушаалаар /хх11/ К.Мыг 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч “КБ” ХХК нь хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу сургалтын зардлыг ажилтнаас буцаан шаардан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гаргасныг шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэснийг зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь зөв.

 

Ажил олгогчийн хувьд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс шаардах эрхийн хугацааг тооцох атал хуулиар тогтоосон хугацаа өнгөрснөөс хойш шүүхэд мэдүүлсэн нь нэмэлт гэрээний дагуу шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбоотой харилцаа үүссэн нь тэдгээрийн байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон ажилтны хооронд иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн шаардах эрхийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байх зохицуулалтад хамааруулах үндэслэлгүй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 1 заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах заалтыг баримталсан техникийн шинжтэй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж залруулах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2018/01437 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2” гэснийг “Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 107 479 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА