Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 182

 

И.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгч И.Г-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалтай, 201507000113 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч И.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эрэгтэй, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Г овогт И-гийн Г нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч И.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ын эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г-ыг 2 жил 2 сар хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Г-ын гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Г- гаргасан гомдолдоо “...Шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 9 дүгээр зүйлийн 9.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3.1, 3.2, 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Хэсгийн төлөөлөгч М.Т, цагдаа Д.Б нар З.Э-ийг эрүүлжүүлэхээр авч явахдаа өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс зэвсгийн чанартай зүйл болон бусад эд зүйл байгаа эсэхэд журмын дагуу үзлэг хийгээгүйгээс З.Э- цагдаад баригдаж явахдаа хөөргөө хаясныг намайг хулгайлсан болгон хулгайн гэмт хэрэгт шийтгүүлэхэд хүргэж байна. Хавтаст хэрэгт цагдаагийн албан хаагчид эрүүлжүүлэх байранд З.Э-ийг оруулахдаа үзлэг хийсэн талаарх ямар ч нотлох баримт байхгүй, З.Э- цагдаад баригдаад явахдаа нилээд эсэргүүцэн ноцолдсон, тэр үедээ хөөргөө хаясан байж болзошгүй байдаг. Нөгөөтэйгүүр, хөөрөгний толгойг цагдаагийн шинээр баригдсан кобанд кабелын шугамын нүх ухаж байсан барилгын ажилчин олсон нь намайг хулгайлаагүй гэдгийг нотлох үндэслэл болж байгаа юм. Шүүх хөөрөгний олдсон толгойг З.Э-ид буцаан өгсөн атлаа хөөрөгний нийт үнэлгээ болох 15,000,000 төгрөгөөр хохирлыг тооцон, хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсгээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар зүйлийн 3.1, 17 дугаар зүйлийн 17.3, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн. Мөн хөөрөг хулгайлсныг тогтоогоогүй тулгаж ялласан, хөөрөгний толгой цагдаагийн байрны гаднаас олдсон байхад хөөрөгний толгойг үнэлээгүй, хохирлын хэмжээг дахин бодитойгоор тогтоолгүй шууд яллаж байгаагаас дүгнэхэд улс төрийн нөлөө орсон гэж хардахаар байна. Хөөрөгний үнийн 80-90 хувь толгойдоо байдаг, мана буюу хөөрөгний бөгс бараг үнэгүй байдаг. Иймд хууль зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч И.Г-д холбогдох хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Гэрчээр байцаалт өгсөн хүмүүс тайлбарлахдаа хэдийгээр архи уусан байсан ч харсан үзсэн зүйлээ сайн санаж байна гэж мэдүүлсэн байдаг. Мөн хохирогч эрүүлжүүлэхэд орохдоо хөөрөг байхгүй байгаа талаараа хэлсэн бөгөөд цагдаагийн албан хаагч нар И.Г-ын гэрт очиход надад байгаа гэж мэдүүлсэн зэргээс харахад тухайн хөөрөг шүүгдэгч И.Г-тай холбогдож байгаа юм. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

И.Г- нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын иргэн З.Э-ийн халтар манан хөөргийг хөөрөглөөд буцааж өгөөгүй, З.Э- нь хөөрөг байхгүй байгааг цагдаагийн саатуулах байранд байхдаа цагдаа нарт хэлсэн, цагдаа нар шүүгдэгч И.Г-ын гэрт очиж хөөргийг асуухад миний ажлын сейфэнд байгаа гэж хэлснээр И.Г- нь З.Э-ийн 15,000,000 төгрөгийн үнэтэй халтар манан хөөргийг хулгайлсан гэм буруу тогтоогдож байна гэж анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэжээ.

Шүүх хохирогч З.Э- нь И.Г-тай хөөрөглөөд хөөргөө буцааж аваагүй нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзсэн атлаа И.Г- хөөргийг З.Э-ээс хулгайлж буюу нууц, далд аргаар авсан гэж дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр шатны шүүхээс тогтоосон үйл баримт, түүнийг баталсан нотлох баримтуудаар И.Г- нь З.Э-ийн хөөргөөр хөөрөглөөд буцааж өгөлгүй завшсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулаагүй, харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйл буюу “Бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжтэй тохирч байна гэж хяналтын шатны шүүх үзэв.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь уг хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар 6 сар байхаар хуульчилсан байна.

Иймд И.Г-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч И.Г-ын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 16 дугаар магадлалын тогтоох хэсэгт

“Прокуророос И.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчилж, Г овогт И-гийн Г-ыг бусдын хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар И.Г-ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Г-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                      ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                           С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН