Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/02589

 

 

 

 

 

 

 

 

 

            2021        09          02

                                 101/ШШ2021/02589

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б-н гаргасан,

 

Хариуцагч: Т.Ц-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,500,000.00 төгрөг гаргуулах тухай үндсэн болон гэрээг цуцалж, 128,731,750.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Т.О, өмгөөлөгч Н.Б, гэрч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

“Би, хариуцагч Т.Ц-т 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж алт угаах зориулалттай “*******“ төхөөрөмжийг дагалдах хэрэгслийн хамт 55,000,000.00 төгрөгөөр худалдсан ба гэрээний дагуу угсарч хүлээлгэн өгсөн. Бид хоёр уг төхөөрөмжийн үнээс урьдчилгаа 5,000,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр өгөхөөр тохирсон боловч хариуцагч нь хугацаа хэтрүүлж 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгсөн, харин үлдэгдэл 50,000,000.00 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төлж дуусах байсан.

 

Гэтэл хариуцагч Т.Ц нь төхөөрөмжийн үнийг төлөлгүй өнөөдрийг хүрсэн учраас миний бие энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Т.Ц-ын оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон.

 

Ингээд харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шийдвэр 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарч, улмаар цагдаагийн байгууллагаас хариуцагч Т.Ц-ын оршин суугаа хаягийг 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр олж тогтоосон.

 

Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр алт угаах тоног төхөөрөмж болох “*******” төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б-гийн хүү Б.Б нь Төв аймгийн Заамар суманд угсраад шалган хүлээлгэж өгөөд хотод буцаж ирсэн.

 

Үүний дараа хариуцагч Т.Ц нь өөрийн фэйсбүүкийн “Ц” гэсэн чатаар гэрчтэй удаа дараа холбогдсон. Тухайлбал, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “*******” төхөөрөмжийг хүлээлгэж өгөөд ирснээс хойш 7 хоногийн дараа хариуцагч Т.Ц  “ажил эхэлсэн” гэх бичлэгийг явуулсан, мөн төхөөрөмжийг усаа шахаад хэвийн ажиллаж байгаа тухай 18 секунтын бичлэгийг явуулсныг тус тус үзлэг хийж баталгаажуулсан билээ. Түүнчлэн  фэйсбүүк чатаар “..........гол руу жаахан дөхүүлэхгүй бол голын усны шахалт тааруу байна даа, гол руу жаахан ойртуулахгүй бол.........” гэсэн яриа өрнөсөн байгааг үзвэл худалдсан зүйл доголдолтой гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээн авсаны дараагаар суурилуулсан, тэгээд ажиллуулсан бөгөөд ямар нэгэн доголдлын талаар гомдол гаргаж байгаагүй болох нь бичлэгээс тодорхой харагдаж байна. Харин гэрээний төлбөр төлөх эцсийн хугацаа 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бөгөөд эхний төлөлтийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 5,000,000.00 төгрөгийг төлөх ёстой байсан.

 

Гэвч нэхэмжлэгчийг хариуцагчаас мөнгөө асуухад төлнө гэж хариу өгдөг, мөнгө өгөхгүй, чанар муу бараа худалдсан, гэрээг цуцлах тухай огт ярьж байгаагүй, худлаа хэлж төлбөр төлөх хугацаагаа хойшлуулсаар байгаад эхний төлөлтөө 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн хүүхдийн данс руу шилжүүлж, үлдсэн төлбөрийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны дотор төлнө гэж тохиролцсон боловч хариуцагч нь үүргээ зөрчсөн тул 50,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн 10 хоногийн алдангид 1,500,000.00 төгрөгийг тооцож нэхэмжилсэн.

 

Хариуцагчийн тайлбарлаад байгаа шиг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр буюу 3 сарын дараа эд хөрөнгийн доголдлын улмаас гэрээг цуцлах, бас сөрөг нэхэмжлэлд дурдагдсан зүйлийн талаар ярилцсан зүйл байдаггүй. Харин нэхэмжлэгч Ш.Б-г нэхэмжлэл гаргасны дараа буюу 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Т.Ц нь гэрээ цуцалж байна, тиймээс багажаа авна уу гэсэн мэдэгдлийг эд хөрөнгийн доголдолтой гэдгээ нотлохгүйгээр өгсөн байдаг.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар гэрээний үүргээ шаардах эрхтэй ба худалдсан зүйл нь эд хөрөнгийн доголдолгүй гэдэг нь хариуцагчийн зүгээс өнгөрсөн 3 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар шаардлага тавьж байгаагүй, эд хөрөнгийг ажиллуулаад шалгаад шилжүүлэн авсан үйлдлээс тодорхой харагдаж байна.

 

Иймд, хариуцагчаас 50,000,000.00 төгрөгийг хугацаа хэтэрсэн 10 хоногийн алданги 1,500,000.00 төгрөгийн хамт нийт 51,500,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв”

 

Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Нэхэмжлэлд дурдагдсан гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Б надад “*******” буюу алт угаах төхөөрөмжийг худалдах, би гэрээнд заасны дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон ба худалдагч тал төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрдүүлж, ажиллуулж өгөх үүрэг хүлээсэн. Ингээд 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б-гийн хүү Б.Б, түүний найз н.О гэх хүний хамт бид нар Төв аймгийн Заамар сумын Баянголын ам гэдэг газраас *******ыг зөөвөрлөн хүрэх газарт нь хүргэсэн.

 

Үүний дараа 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс Б.Б, н.О нар *******ыг угсарч эхэлсэн боловч тэр 10 хоногийн дараа нуруу өвдсөн гэх шалтгаанаар Улаанбаатар хот уу явж н.О-г үлдээсэн. Гэтэл н.О гэж хүн нь cap орчим оролдсон боловч төхөөрөмжийг ажиллуулж чадаагүй ба наадам боллоо гэж хэлээд төхөөрөмжийг бүрэн угсарч ажиллуулахгүй орхиод явсан хэдий ч эргэж ирээгүй. Наадмын дараа Б.Б ирээд “аав Хайлааст багт айлд архи уугаад үлдсэн, одоо 5,000,000.00 төгрөг өгчих, бид долоо хоногийн дараа ирж *******ийг авья.............” гээд мөнгө аваад явсан боловч дахин ирээгүй. Би, аргаа бараад нэхэмжлэгч Ш.Б-гийн утас руу залгахад Б.Б-ыг амралтанд явсан, ирэхээр нь бид нар очно гэсэн.

 

Энэ хугацаанд бид *******ийг тээвэрлэж авчрах, *******ийн суурь засах, ажилчдын сул зогсолтын хугацааны цалин, хоол хүнс, шатахуун, байрны зардал болон олох ёстой байсан ашиг зэргээр маш их хохирсон. Үүнээс болж аргагүй эрхэнд өөр хүнээс ******* худалдан авч ажиллуулж байхад нэхэмжлэгч Ш.Б ирээд *******ээ авахгүй мөнгөө бүгдийг авна гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь *******ээ угсарч, ажиллуулж өгөх үүргээ биелүүлээгүй, бид уг төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаагүй, алт угаагаагүй, мөн урт хугацаанд төхөөрөмжийг ажиллуулж хүлээлгэн өгөхийг хүлээж ихээхэн хэмжээний алдагдалд орсон тул 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр энэ талаар нэхэмжлэгч Ш.Б-д бичгээр мэдэгдэж, тоног төхөөрөмжөө буцаан авах буюу гэрээг цуцлах тухайгаа мэдэгдсэн. Гэтэл тэрээр ямар нэгэн хариу өгөөгүй, шүүхэд хандсан байна.

 

Тус гэрээний дагуу нэхэмжлэгч Г.Б надад сайн чанарын ******* буюу алт угаах төхөөрөмжийг худалдах, би гэрээнд заасны дагуу төлбөр төлөхөөр тохиролцсон. Гэхдээ нэхэмжлэгч нь алт угаах төхөөрөмжийг иж бүрдлээр нь бүрдүүлж, ажиллуулж өгөх үүргээ биелүүлээгүй тул төхөөрөмжийг хүлээн авсан гэж үзэхгүй. Би, алт олборлох ажилдаа зориулан дээрх *******ийг худалдан авсан бөгөөд олборлосон алтыг угаах зориулалттай төхөөрөмж юм. Өөрөөр хэлбэл, аль болох сул зогсолтгүй байж, илүү зардал гаргахгүй байхаар ажлаа төлөвлөсөн байсан.

 

2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд олборлолтын ажил гүйцэтгэхээр тооцож *******ээр угаах алттай шороог ухаж гаргахад шаардлагатай техникүүдийг мөн цаг хугацаатай уялдуулан түрээслэн авсан. Үүнд,

-2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Т” ХХК-тай авто ачигч түрээслэх гэрээ байгуулан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд сарын түрээсийн төлбөр 14,000,000.00 төгрөг болсон. Мөн авто ачигчийн 2 операторыг хоол, байраар хангах, шатахууныг хариуцах үүрэгтэй бөгөөд ажлаар хангаж чадаагүй тохиолдолд түрээс төлөхөөс чөлөөлөгдөхгүй,

-2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэн Т.Ч-тэй “Хьюндай 290” маркийн экскаватор түрээслэх гэрээ байгуулж 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын түрээсийн төлбөр 25,000,000.00 төгрөгийг экскаваторын 2 операторыг хоол, байраар хангах, шатахууныг хариуцах үүрэгтэй бөгөөд ажлаар хангаж чадаагүй тохиолдолд түрээс төлөхөөс чөлөөлөгдөхгүй,

-2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.Д-той “Хьюндай 4500” маркийн экскаватор түрээслэх гэрээ байгуулан 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сарын түрээсийн төлбөр 35,000,000.00 төгрөгийг экскаваторын 2 операторыг хоол, байраар хангах, шатахууныг хариуцах үүрэгтэй бөгөөд ажлаар хангаж чадаагүй тохиолдолд түрээс төлөхөөс чөлөөлөгдөхгүй,

-2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэн Г.Ц-тай “Хово” өөрөө буулгагч автомашин 3 ширхэгийг түрээслэх гэрээ байгуулан 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сарын түрээсийн төлбөр 30,000,000.00 төгрөг байна. Нийт 6 жолоочийг хоол, байраар хангах, шатахууныг хариуцах үүрэгтэй бөгөөд ажлаар хангаж чадаагүй тохиолдолд түрээс төлөхөөс чөлөөлөгдөхгүй,

-Иргэн Ө.Э-тэй сарын 2,500,000.00 төгрөгийн цалинтай жолооч, Г.Э-тэй сарын 2,000,000.00 төгрөгийн цалинтай засварчин, М.Э-тэй сарын 2,000,000.00 төгрөгийн цалинтай усан буучин, П.С-тэй сарын 3,000,000.00 төгрөгийн цалинтай механик, Б.Б-тай сарын 3,000,000.00 төгрөгийн цалинтай оператор, Ц.Ж-тай сарын 2,500,000.00 төгрөгийн цалинтай цахилгаанчин, Б.М-тэй сарын 1,500,000.00 төгрөгийн цалинтай тогоочоор ажиллуулах гэрээ байгуулсан.

 

Нэхэмжлэгч Ш.Б нь бидэнд худалдсан *******ээ иж бүрдлээр нь бүрдүүлж, ажиллуулж өгөх үүргээ гүйцэтгээгүйгээс миний алт угаах үйл ажиллагаа 45 хоногийн хугацаанд сул зогсолт хийсэн, энэ хугацаанд техникийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, хоол хүнс болон харуул хамгаалалтад их хэмжээний мөнгийг сул төлсөн. Мөн *******ийн суурь засахад маш их хэмжээний шороо овоолж тэгшлэх ажлыг бид өөрсдийн техник, щатахуунаар хийсэн ба уг ******* ажилд ороогүйгээс энэ их зардал нь ямар ч үр ашиггүй болсон.

 

Түүнчлэн кемпыг цахилгаанаар хангахад багагүй хэмжээний түлш зарцуулсан ба ******* ажиллуулахад шаардлагатай сэлбэг зэрэгт бас зардал гарсаныг бид хариуцаж төлж байсан. Гарсан зардлын заримыг нь би өөрийн данснаас шилжүүлж байсан ба заримыг нь бэлэн мөнгөөр төлж байсан. 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс дараагийн ******* авах хүртэл буюу 2020 оны 07 сарын 15 хүртэл хугацаанд гарсан зардал нь нэхэмжлэгч Ш.Б-г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан гэм хор рж үзэж байна. Сул зогсолтын хугацаанд доорх зардалууд гаргасан баримт байна. Үүнд:

 

-Экскаваторын түрээсэнд 23,900,000.00 төгрөг,

-Хово машины түрээсэнд 44,780,000.00 төгрөг /07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 25,000,000.00 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 19,780,000.00 төгрөгийг өмнөх хугацааны турээсийн үлдэгдэлд төлсөн/,

-Түлшинд 13,145,000.00 төгрөг,

-Цалинд 15,225,000.00 төгрөг,

-Хүнсэнд 1,261,750.00 төгрөг ,

-Скруберийг ажиллуулахад шаардагдах сэлбэг болон бусад зардапд 5,640,000.00 төгрөг,

-Ш.Б-д урьдчилгаанд төлсөн 5,000,000.00 төгрөг, нийт 128,731,750.00 төгрөг зарцуулжээ.

 

Техник түрээслэх гэрээнд заасны дагуу бид сул зогсолтын үед техникүүдийн түрээсийн төлбөрийг төлж ирсэн боловч үүнтэй холбоотой баримт одоогоор байхгүй тул өөрийн дансны хуулга болон “Хово” машины түрээслүүлэгчийн дансны хуулга, зарлагын баримтаар нотлогдож байгаа хэмжээнд учирсан гэм хорын хохирлыг тооцож гаргасан. Иймд, нэхэмжлэгч Ш.Б-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн мөнгө болон учирсан хохиролд 128,731,750.00 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б-гаас хариуцагч Т.Ц-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 51,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, тайлбарлажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний зүйлийг доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээг цуцалж, нэхэмжлэгчид өмнө нь өгсөн 5,000,000.00 төгрөгийг гэрээг цуцалсантай холбоотой гарсан зардал 123,731,750.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

 

Зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс үзвэл Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-т тус тус зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх болон учруулсан хохирлыг арилгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Ш.Б нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч Т.Ц-той худалдах, худалдан авах гэрээ байгуулж, алт угаах зориулалттай “*******” маркийн төхөөрөмжийг 55,000,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 4 хуудас/.

 

            Тодруулбал, хариуцагч Т.Ц  нь алт олборлох аж ахуйн үйл ажиллагаандаа зориулан дээрх төхөөрөмжийг нэхэмжлэгч Ш.Б-гаас худалдан авч, гэрээний зүйлийн үнэ болох 55,000,000.00 төгрөгөөс 5,000,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төлж, үлдэх 50,000,000.00 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор гэрээнд заасан хэмжээгээр хэсэгчлэн төлөх, нэхэмжлэгч нь төхөөрөмжийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэх үүргийг тус тус хүлээжээ.

 

Хэдийгээр хариуцагч нь уг гэрээг “зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэж тайлбарласан, талууд худалдсан эд зүйлийн үнийг нэг дор биш тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байх боловч гэрээний зүйл болох эд хөрөнгийн үнэ 55,000,000.00 төгрөг нь “эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнэ”-ээс нэмэгдсэн шинжгүй, төлбөрийг хожим буюу богино хугацаанд хувааж төлөх нөхцөлтэй байгаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний бус, харин 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Гэтэл зохигчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь хариуцагчийг үлдэх 50,000,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн бол, хариуцагч нь нэхэмжлэгчийг эд хөрөнгийн доголдолтой зүйл худалдсан тул 50,000,000.00 төгрөгийг төлөхгүй, харин гэрээг цуцалж, учирсан хохиролд 123,731,750.00 төгрөгийг урьдчилгаа төлбөрт өгсөн 5,000,000.00 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэж маргасан.

 

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар хариуцагчид 50,000,000.00 төгрөгийг төлөхөөс татгалзах үндэслэл байсан эсэхийг шалгах шаардлагатай болж байна. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар зохигчид 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нэхэмжлэгч нь “*******” маркийн төхөөрөмжийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т “Энэ хуулийн 84.3-т зааснаас бусад эд юмс хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан буюу тухайн төхөөрөмж нь газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй үл хөдлөх хөрөнгө биш хөдлөх хөрөнгөд хамаарах учир тус хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж, мөн 111.2.1-т “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.Бг хариуцагч Т.Ц т гэрээний зүйлийг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлсэнд тооцно.

 

Гэтэл хариуцагч нь өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг иж бүрдлээр суурилуулан ажиллуулж хүлээлгэн өгөх үүргээ зөрчсөн тул “*******” маркийн төхөөрөмжийг хүлээн аваагүй” гэж мэтгэлцсэн. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно” гэж заажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр оролцсон Б.Б-ны “......би, *******” маркийн төхөөрөмжийг суурилуулаад хариуцагч болон түүний ажилтанд хүлээлгэн өгсөн” гэж мэдүүлснийг хариуцагч нь баримтаар няцаагаагүй ба тэрээр тухайн төхөөрөмжийг хүлээн авч ажиллуулж байсан нь үзлэгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй гэж буруутгах үндэслэлгүй байна /х.х-ийн 125 хуудас/.

 

  1. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж, мөн 251.2-т “Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээндээ худалдаж байгаа зүйлийн чанарын талаар тухайлан тохиролцсон бол уг тохиролцоогоор, хэрэв тохиролцоогүй тохиолдолд гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах боломжтой бол доголдолгүй гэж ойлгоно. Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, тэдгээрийн хооронд 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд “*******” маркийн төхөөрөмжийн чанарын талаар тодорхой дурдаагүй байх тул хуульд зааснаар зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэхийг тогтоох шаардлага үүсч байна.

 

Гэвч Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д “Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, зохигчид гэрээний зүйлийн чанарын талаар гэрээнд тусгаагүй боловч төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглахад дундаас доошгүй чанартай ажиллаж байх ёстой ажээ.

 

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтийг үндэслэн үзлэг хийсэн баримтаар хариуцагч Т.Ц  нь “*******” маркийн төхөөрөмжийг ажиллуулж байгаа бичлэг хэрэгт авагдсан бөгөөд тэрээр усны даралтын хэмжээг “бага” гэсэн үндэслэлээр эд хөрөнгийг доголдолтой гэж тайлбарласан. Гэхдээ энэ тохиолдолд дээрх төхөөрөмжийг зориулалтаар нь ашиглахад усны даралтын хэмжээг “бага” буюу дундаас доошгүй байсан гэдгийг нотлох үүргийг хариуцагч тал хэрэгжүүлнэ.

 

Учир нь, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж, мөн 254.6-т “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл худалдан авагч нь доголдолтой гээд байгаа зүйлийг гэрээнд заасан чанарт огт нийцэхгүй байгаа, аль эсхүл дундаас доошгүй чанартай байна гэдгээ бага боловч атугай нотолсон байх учиртай.

 

Гэтэл хариуцагч Т.Ц  нь гэрээний зүйлийн усны даралтын хэмжээг “бага” гэсэн боловч чухам ямар түвшинд байвал дундаас доошгүй чанартай гэж үздэг талаар үндэслэл бүхий тайлбар өгсөнгүй. Нөгөө талаар 251 дүгээр зүйлийн 251.3-т “Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй” гэж, түүнчлэн 254 дүгээр зүйлийн 254.7-д “Эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ” гэж тус тус зааснаар хариуцагч нь доголдолтой гээд байгаа тэрхүү хэсгийг “*******” маркийн төхөөрөмжийг бүхлээр нь цаашид ашиглах боломжгүй “гол доголдол”  гэдгийг нотлох ёстой.

 

Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 107 дугаар зүйлийн 107.2-т “Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно” гэж, мөн 107.3-т “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заасны дагуу тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч Т.Ц  нь гэрээний зүйлийг доголдолтой гэдгийг нотлохгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д “Дараахь тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана” гээд 255.1.1-д “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан” гэж, мөн 255.1.2-т “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж тус тус заасан.

 

Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Т.Ц  нь алт олборлох аж ахуйн үйл ажиллагааг олон жил эрхлэн явуулж байгаа ажээ. Энэ тохиолдолд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг шалгаж хүлээн авахдаа энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэггүй бусад этгээдээс илүү хянамгай, хариуцлагатай хандах ёстой.

 

Өөрөөр хэлбэл, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэдгийг гагцхүү хуулийн этгээдийн үйл ажиллагаа байх ёстой гэж ойлгохгүй ба иргэн хүн тухайн зүйлтэй холбоотой ажлыг тухайлан эрхлэн явуулдаг бол аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагчийн нэгэн адил гэж үзэж болно.

 

Мөн зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар худалдах, худалдан авах гэрээний зүйл нь шинэ биш урьд өмнө ашиглаж байсан төхөөрөмж гэдгийг хариуцагч Т.Ц  нь мэдэж байжээ. Тодруулбал, зохигчид байх ёстой буюу үйлдвэрээс гарсан шинэ төхөөрөмжинд тавигдах шаардлага хангасан зүйлийг бус, харин ашиглагдаж байсан зүйлийг тэрхүү “байдлаар нь” худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон байна.

 

Иймд, хариуцагч нь байх ёстой стандарт шаардлагыг хангасан шинэ зүйлийг худалдан аваагүй, харин урьд өмнө ашиглагдаж байсан төхөөрөмжийг “байгаа байдлаар нь” хүлээн авахдаа шалгах ёстой бөгөөд дундаас доошгүй чанартай байсан /эд хөрөнгийн доголдолтой/ гэдгээ нотлохгүй байна.

 

Түүнчлэн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь гэрээний зүйлийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, улмаар 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байна. Үүнээс үзвэл хариуцагчид Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д “Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно” гэж зааснаар татгалзах нөхцөл байдал байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

  1. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй бөгөөд худалдагч нь гомдлыг хүлээн аваагүй тохиолдолд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 75.2.1-д тус тус заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

 

Хэдийгээр хариуцагч Т.Ц  нь 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ш.Б-д гэрээний зүйлийг доголдолтой гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдэл өгсөн боловч үүнийг баримтаар нотлоогүй учраас нэхэмжлэгч нь тус гомдлыг хүлээн аваагүй байна. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээний аль нэг тал нь үндэслэлгүйгээр гэрээнээс татгалзаж, цуцалж болохгүй. Ингээд зохигчдын хооронд үүссэн маргааныг шүүх хянан шийдвэрлэхэд хариуцагчийн доголдолтой гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар зохигчийн тайлбар нь нотлох баримт мөн боловч хариуцагчийн доголдолтой гэсэн тайлбар нь нотлох баримт бус нотлогдвол зохих нэхэмжлэлийн үндэслэл юм.

 

 Иймд, дээр дурдсан үндэслэлээр талуудын худалдах, худалдан авах гэрээний зүйл нь эд хөрөнгийн доголдолтой гэдэг нь тогтоогдохгүй байх тул гэрээг цуцлах шаардлагагүй ба нэгэнт гэрээг цуцлахгүй гэж шүүхээс дүгнэсэн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж, мөн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тус тус зааснаар хариуцагч Т.Ц-т нэхэмжлэгч Ш.Б-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, өмнө нь өгсөн 5,000,000.00 төгрөгийг гэрээг цуцалсантай холбоотой гарсан зардал 123,731,750.00 төгрөгийн хамт шаардах эрх байхгүй.

 

  1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заажээ. Тайлбарлавал, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Зохигчдын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд зааснаар хариуцагч буюу худалдан авагч тал үлдэх 50,000,000.00 төгрөгийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээсэн боловч тэрээр нөгөө талдаа үндэслэлгүй, нотлоогүй тайлбар тавьж хугацаандаа гэрээний зүйлийн үнийг төлөөгүй байна.

 

Энэхүү гэрээнд зааснаар зохигчид Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ. Тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж, түүнчлэн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч нь гэрээний зүйлийн үнийг хугацаанд нь төлөөгүй тул гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ нь тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй юм.          

 

Иймд, хариуцагчийн төлбөл зохих 50,000,000.00 төгрөгөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрсэн боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,500,000.00 төгрөгөөр алданганийн хэмжээг тогтоох нь зүйтэй байна /50,000,000x0.3%=150,000x141хоног=21,150,000/.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн төлсөн 5,000,000.00 төгрөгийг гэрчээр оролцсон этгээд хүлээн авах эрхтэй байсан эсэх талаар маргаагүй тул Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж зааснаар хариуцагчийг нэхэмжлэгчид 5,000,00.00 төгрөгийг өгсөн гэж үзнэ.

 

Ингээд шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд хариуцагчаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 50,000,000.00 төгрөг, алданги 1,500,000.00 төгрөг, нийт 51,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Т.Ц-оос 51,500,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-д олгож, хариуцагч Т.Ц-ын гаргасан нэхэмжлэгч Ш.Б-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 128,731,750.00 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,450.00 төгрөг, хариуцагчийн төлсөн 801,610.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 415,450.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР