Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар    2024/ШЦТ/539

 

 

 

 

 

 

  2024          05          06                                    2024/ШЦТ/539

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

нарийн бичгийн дарга:Б.Сарантуяа

улсын яллагч: Г.Мөнхтүвшин,

           шүүгдэгчийн өмгөөлөгч:А.Буяндэлгэр

шүүгдэгч: Б.У нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.У холбогдох эрүүгийн 2408000000494 тоот хэргийг 2024.05.02-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***** аймагт *****-нд төрсөн, ***** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Дулааны 4 дүгээр цахилгаан станцад засварчин ажилтай, ****** аймгийн **** сумын ***** баг ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ам бүл-1, ***** дүүргийн ****** хороо, **** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:******/ У овогт Б.У нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгч Б.У нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 198 тоотод байрлах гэртээ хамт ажилладаг найз О.Б зүүн гуя хэсэгт хутгалж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

- Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлага, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1, 2/,

           - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-9-р тал/,       

         - Хохирогч О.Б “2024 оны 03 дугаар сарын 16-ны ...Б.У тухайн таксиг зогсоогоод замын цагдаагийн хэлтэс рүү шууд яваад орхоор нь би араас нь орсон чинь Б.У“өөрийгөө буруугүйг нотолно” гээд байхаар нь буцааж дагуулж гараад Б.Ц хамт гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Ц бид хоёр Б.У гэрт нь оруулж үүд хэсэгт зогсож байсан чинь Б.У гал тогооны өрөөндөө ороод улаан өнгийн иштэй хутга мэт зүйл авч гарч ирээд миний зүүн гуя хэсэгт гурван удаа хутгалахаар нь би их гайхаж айж байсан. Тэгээд би Б.У хандан “чи тэнэг зүйл хийж байна” гэж хэлчихээд Б.Цогтын хамт гэрээд гараад явсан: Б.У бид хоёрын араас гарч ирээд уучлалт гуйгаад гурвуулаа эмнэлэг орж тусламж үчлилгээ авсан. Гаднаас оёр цагдаа орж ирээл Б.У аваад явсан” гэх мэдүүлэг /хх-15-17/,

         - Гэрч Б.Ц “...Б бид хоёр У гэрт оруулж өгсөн ба би хаалгыг хаагаад буцаад харсан чинь У баруун гартаа улаан иштэй хутга барьчихсан зогсож байсан. Б, У хутгатай гарыг өөрийн зүүн гараараа барьчихсан зогсож байсан. Би “чи ингэж болохгүй ээ,  буруу юм хийж байна, чи боль” гэж хэлээд салгасан. Тэгээд Бат-Оргил бид хоёр У гэрээс гараад цахилгаан шатанд суух гээд зогсож байсан чинь бид хоёрын араас У гараад ирсэн бид гурав орцоор гарч байхдаа У эхнэртэй таарсан ба бид гурав юм хэлэлгүй гараад явсан. Тэгээд орцноос гараад зогсож байсан чинь Б зуүн гуянаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл гарч өмсөж байсан шаргал өнгийн өмдийг нэвт норгож байсан ба бид гурав Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эрүүл мэндийн 14 дүгээр төв эмнэлэг дээр ирж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан” гэх мэдүүлэг /хх-26-28/,

          - Гэрч Б.Т “...2024 оны 03 дугаар сарын 16-ны орой 23 цагийн орчим .. гэр лүүгээ орсон чинь Б.У хоёр найзынхаа хамт бид хоёртой зөрөөд гарч байсан, Тэгээд би гэртээ орсон чинь манай гэрийн үүдэнд цус болсон байхаар нь “асуудал гарсан байна” гэж бодоод тэр гурвын хойноос гарсан чинь тэр гурав алга болчихсон байсан. Цашдаа дээр ирсэн чинь манай нөхрийг хүн хутгалсан учир эрүүлжүүлнэ гэж хэлж байсан” гэх мэдүүпэг /хх-19-20/,

          - Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 3833 дугаартай “Хэсэг газрын үзлэгт: Зүүн гуяны ар дээд хэсэгт 3.1х1.5 см, дунд хэсэгт 3.0х1.3 см ташуу байрлалтай, доод хэсэгт 2.4х1.0 см хэмжээтэй босоо байрлалтай мэс заслын оёдол бүхий шархтай, шарханд цэвэр боолттой, боолт цусаар бохирлогдсон, гуя, өгзөг цусаар бохирлогдож хатсан байдалтай, зүүн гуяны дотор дунд хэсэгт 6.0х4.0 см хөх өнгийн цус хуралттай, хавдсан, чинэрсэн. Дүгнэлт:О.Бат-Оргилын биед зүүн гуянд хатгагдаж  зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх хүгацаанд үүссэн байх боломжгой. Уг гэмтэл нь Гэмтлийн ээрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хүгацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх  дүгнэлт /хх-30-31/ ,

        - Яллагдагч Б.У: ”Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. нэг мэдсэн чинь өөрийн гэртээ Ц, Б нарын хамт ирчихсэн байсан ба Б зүүн хөлийн гуя хэсгээс цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Б “чи намайг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би санаа зовоод Ц хамтаар Б дагуулаад эмнэлэг орж үзүүлсэн. Удалгүй миний араас хоёр цагдаагийн албан хаагч ирээд намайг эрүүлжүүлэх саатуулах байранд хийсэн. Би архи согтууруулан удааны зүйл хэрэглээгүй 3 жил гаруй болж байгаад уусан учир болсон асуудлын талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-57/  зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч Б.У хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.У нь 2024 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хамт олны цаайллаганд оролцож архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн ба шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 13 дугаар байрны 198 тоотод байрлах гэрт нь хүргэж өгсөн хамт ажилладаг найз О.Б зүүн гуяны ар хэсэгт 3 удаа хутгалсны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дуудлагын хуудас,  хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 3833 дугаартай дүгнэлт, мөн шүүгдэгч Б.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна. Тухайн үед Б.Ууганбаяр, О.Бат-Оргил, Б.Ц нарын хооронд хэрүүл маргаан үүсээгүй, зөрчил гараагүй болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа болно.

Шүүгдэгч Б.У нь танхайн сэдэлтээр, санаатайгаар, иргэн О.Бат-Оргилын эрх, эрх чөлөөнд ахуйн хэрэглээний хутгыг зэсгийн чанартай хэрэглэн халдаж хутгалсны улмаас О.Б бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах , хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У хууль бус санаатай үйлдлийн улмаас хохирогч О.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба хохирогч О.Б “Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би эмнэлгийн төлбөр болон эм тарианы мөнгө гэж 2400000 төгрөгийг Б.У авсан” гэж мэдүүлсэн /хх-15-17/, мөн прокурорт хандаж гаргасан хүсэлтдээ  “2024.03.16-ны өдөр Б.Узүүн гуяндаа 1 удаа хутгалуулсан. Иймд хохирлын мөнгө гэх 10 сая төгрөгийг бүрэн барагдуулж авсан тул уг хэргийг хялбаршуулсан замаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-87/ гаргасан бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.

            Хохирогч иргэний нэхэмжлэл гаргах эсэх нь өөрийнх нь эрхийн хүрээнд хэрэгжих асуудал бөгөөд хохирогч О.Б нь эмчилгээний зардалд Б.У 10 сая төгрөгийг хүлээж авсан, гомдолгүй болсон гэх шалтгаанаар иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Б.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-85/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг нөхөн төлж арилгасан, хохирогчийг гомдолгүй болгосон нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин гэмт хэрэг үйлдэхдээ ахуйн хэрэглээний хутгыг зэвсгийн чанартай хэрэглэснийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Б.У нь шүүхэд “3 жил орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байж байгаад хэрэглэсэн, болсон үйл явдлыг санахгүй байна” гэж мэдүүлэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх тухайн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч ийн хувийн байдал, хохирогч, яллагдагч нарын хэн аль нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 төгрөг торгох ял оногдуулах” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар ялтан нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй тул талуудын тохиролцсон 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргах шаардлагагүй гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч Б.У гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн ажлын хэсэг-19.5см, бариул хэсэг-11.5 см, нийт урт-31 см, улаан өнгийн бариултай хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт Б.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт У овогт Б.У 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850.000 /найман зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл, бичиг баримт хурааж битүүмжилж ирүүлээгүй, хохирогч О.Б 10 сая  төгрөг шилжүүлсэн ба хохирогч “гомдолгүй” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй. Бусдад төлбөргүй болсныг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй. 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Дээрх дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс оногдуулсан торгох ялыг холбогдох хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ялыг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн тооцож хорих ялаар солино гэдгийг Б.У мэдэгдсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                              С.СЭРЖМЯДАГ