Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0039

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Л.Э

Шүүгдэгч                                                       П.Б

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.О, Я.Э

               Хохирогчийн өмгөөлөгч                           Т.Э

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолтой, П.Б-д холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Д.О, Я.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлтэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, У овогт П-н Б.

 

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 27-а-З тоотод Ч.Э-ын толгойн тус газарт сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд гэрч С.М-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “...Ч.Э-ыг зодуулчихсан ирсэн намайг зодоогүй гээд хэлээд өг...” гэж ятгасан, 22.000 төгрөгийн гар утас авч өгч шан харамж өгсөн, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үед “...би Ч.Э-ыг зодоогүй, та нар нийлж намайг гүтгээд байвал би ялаа эдлээд гараад ирж чадна. Үсрээд 2 жил болох байх шүү...” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

 

мөн дээрх хэргийг хянан шийдвэрлэх шалгах ажиллагааны явцад 2019 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын үед хохирогч Ч.Э-ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “... шүүхэд худал мэдүүлэг өгвөл чи ял авахгүй юм байна. 450 мянгаас 1 сая төгрөгийн торгууль оногдуулах юм байна. Шүүхээс торгох юм бол би мөнгийг нь төлнө...” гэж ятгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч У овогт П-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 70 хоногийн хугацаагаар тооцон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-т оногдуулсан 2 жил 2 сар 10 хоногийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-ын цагдан хоригдсон 51 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Б-т авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч, хохирогч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Ч.Э нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б давж заалдах гомдолдоо:

“...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний эрүүл мэндийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж байнгын өндөр даралттай хамраас байнга цус гарч байгаа тул одоо эм байнга хэрэглэж байгаа, мөн би сохор ба хараа муудах гэсэн оноштойгоор 65 хувиар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоолгож группт орсон.

Миний нэг нүд болор суулгуулсан боловч нөгөө нүдэндээ нөлөөлж муудаж байгаа. Би одоо 56 настай, хохирогч Ч.Э нь гомдол саналгүй гэсэн тул надад ял шийтгэл оногдуулахдаа хохирогчийн эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн миний эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Э, Д.О нар давж заалдах гомдолдоо:

“... Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг ба хохирогч Ч.Эын гомдол саналгүй гэсэн байр сууриа илэрхийлснийг анхан шатны шүүх харгалзаж үзсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 6.5 дугаар зүйлийн 1.1-д /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, 1.2-д /учруулсан хохирлоо төлсөн/, 1.4-д хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэх зэрэг ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байхад анхан шатны шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдохгүй гэж үзсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Шүүгдэгч П.Б нь нүд сохор ба хараа муудах гэсэн оноштойгоор болор суулгасны улмаас нөгөө нүдэндээ нөлөөлж байгаа тул эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 65 хувиар тогтоогдсон байдаг. Ийм эрүүл мэндийн онцгой нөхцөл байдалтай байгаа шүүгдэгчид ялыг хөнгөрүүлж болохыг заасныг харгалзан үзээгүй. /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3/, мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ял шийтгэлийг оногдуулахдаа ялыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах бүрэн боломжтой атал үүнийг анхан шатны шүүх хэрэглэсэнгүй.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж өгнө үү” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Я.Э, Д.О нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

             Шүүгдэгч П.Б нь 2019 оны 05 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 27а-З тоотод байрлах гэртээ Ч.Эын толгойн тус газарт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь “... гавал тархины битүү гэмтэл, баруун дух ясны хугарал, тархины эдийн дунд зэргийн няцрал, их тархины баруун тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эд дэх болон хатуу бүрхүүл хальсан доорхи цусан хураа...” бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

мөн дээрхи хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд гэрч С.М-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж, Нокиа-26-30 маркийн гар утас 22.000 төгрөгөөр авч өгсөн,  2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн үед түүнийг “... би Ч.Э-г зодоогүй, та нар нийлж намайг гүтгээд байвал би ялаа эдлээд гараад ирж чадна. Үсрээд 2 жил болох байх шүү...” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн,

             2019 оны 08 дугаар сараас 10 дугаар сарын үед хохирогч Ч.Э-г зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор “... шүүхэд худал мэдүүлэг өгвөл чи ял авахгүй юм байна. 450 мянгаас 1 сая төгрөгийн торгууль оногдуулах юм байна. Шүүхээс торгох юм бол би мөнгийг нь төлнө ...” гэж ятгасан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

             П.Б-ын дээрхи үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

             Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх П.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч П.Б,  түүний өмгөөлөгч Я.Э, Д.О нар нь “... эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, ял шийтгэлийг оногдуулахдаа ялыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү ...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус гаргажээ.

 

П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э-ын нэхэмжилсэн 1.300.000 төгрөгийг төлсөн байх ба шүүгдэгч нь эрүүл мэндийн хувьд “Н54 Сохор ба хараа муудах” гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалт нь 60 хувиар тогтоогдсон /хх 117, 2 дугаар хх 149/, хохирогч Ч.Э нь “... П.Б-т гомдол санал байхгүй ...” гэсэн тайлбарыг давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн биеийн эрүүл мэндийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэг /2 дугаар хх 164/ болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт /2 дугаар хх 215/ П.Быг “... урьд ял шийтгэлгүй ...” гэж бичсэн байх тул энэ талаар зөвтгөж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “... урьд ял шийтгэлгүй...” гэснийг “...урьд 3 удаагийн ял шийтгэлтэй...” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...2 жилийн...” гэснийг “...1 жилийн...” гэж, “...2 жил 2 сар 10 хоногийн...” гэснийг  “...1 жил 2 сар 10 хоногийн...” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...2 жил 2 сар 10 хоногийн...” гэснийг  “...1 жил 2 сар 10 хоногийн...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч Д.О, Я.Э нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

             3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ