Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0014/З |
Дугаар | 109/ШШ2021/0018 |
Огноо | 2021-03-24 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 109/ШШ2021/0018
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: М.А
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан, 2.058.000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 262 дугаартай шийдвэрээр Тунгалаг тамир хоршоололд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгож 2019 оны 6 дугаар сард өндөр насны тэтгэвэрт орсон. Гэтэл нийгмийн даатгалын хэлтэс нь малчин биш хирнээ малчнаар шүүхийн шийдвэр гаргуулсан байна. Энэ шийдвэрийг чинь хэрэгсэхгүй учир тэтгэврийг чинь зогсоолоо. Харин 2.058.000 төгрөг төлчих тэгвэл тэтгэврийг чинь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тогтоогоод хэвийн үргэлжлүүлье гэж манай эхнэрт хэлсэн байсан. Энэ үед эхнэр учрыг нь ч ололгүйгээр 2.058.000 төгрөгийг миний өмнөөс тушаасан байсан. Гэсэн хэдий ч миний 2021 оны 1, 2 саруудын тэтгэвэр ороогүй байна. Нийгмийн даатгалын хэлтэс нь ямар эрхийн актаар миний тэтгэврийг зогсоосон, яагаад зогсоох болсныг надад огт мэдэгдээгүй, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад миний өндөр насны тэтгэврийг зогсоосон, мөн үндэслэлгүйгээр 2.058.000 төгрөг тушаалгасан нь хууль бус гэж үзэж байна. Иймд М.А миний тэтгэврийг зогсоосон, 2.058.000 төгрөг нөхөн тушаалгасан нь хууль бус болохыг тогтоож, өндөр настны тэтгэврийг зогсоосон өдрөөс нөхөн олгохыг даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өндөр насны тэтгэвэр нөхөн олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа, учир нь анх нэхэмжлэл гаргахад тухай иргэний тэтгэврийг олгоогүй байсан, 2,058,000 төгрөг тушаалгасныхаа дараа 2021 оны 1, 2, 3 сарын тэтгэврийг олгосон байна. Мөн хариуцагч талаас цаашид тэтгэврийг олгоно гэсэн тайлбарыг хэлж байна. Иргэн М.Аын тухайд, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Тунгалаг тамир хоршоололд ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. 2019 оны 6 дугаар сараас эхэлж тэтгэвэр тогтоож олгосон. Гэтэл 2020 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрээр ажилласан жилээ буруу гаргуулсан байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу бүрдүүлсэн материал, шүүхийн шийдвэртэй зөрсөн гэх үндэслэлээр тэтгэврийг зогсоосон байдаг. Ингэхдээ тухайн хүнтэй өөртэй нь уулзаагүй эхнэр н.Шг дуудаж ярилцлага хийсэн. М.А-н эхнэр н.Ш-р нь 2,058,000 төгрөгийг төлүүлсэн. Шүүхийн шийдвэрээр ажилласан жилийг тогтоосон байхад энэ шийдвэрийг үгүйсгэж, өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус юм. Иймд Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр зогсоосон байсныг хууль бус болохыг тогтоолгох, 2,058,000 төгрөг тушаалгасан үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож буцаан олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь тэтгэврийг зогсоож 2021 он 3 дугаар сараас тэтгэврийг үргэлжлүүлэн олгосон хэдий ч зогсоосон үйлдэл нь хууль зөрчиж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2-т заасан нөхцөлийг иргэн М.А хангасан. Учир нь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх шинжтэй эрхийн акт байна. Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоож, нотлогдсон үйл баримтыг нийгмийн даатгалын байгууллага байтугай Захиргааны хэргийн анхан шатны шүүх ч нотлох үүрэг хүлээхгүй. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, өргөдлийг үндэслэж тэтгэврийг зогсоож, 2,058,000 төгрөг нөхөн төлүүлсэн үйлдэл нь Нийгмийн даатгалын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн байна. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2-т заасан зохицуулалт нь энэ нэхэмжлэлтэй хамааралтай хуулийн зохицуулалт юм. Энэ үйл ажиллагаагаар иргэний эрх, ашиг сонирхол зөрчигдсөн учраас тухайн хүний эрхийг сэргээх нэхэмжлэл гаргасан юм гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага билээ. Иргэн М.А нь нийгмийн даатгалын байгууллагад тэтгэвэрт орох хүсэлтээ албан ёсоор гаргадаг. Тухайн иргэнд ямар нөхцөл үүссэн гэхээр нийт 22 жил ажилласан. Үүнээс 15 жил ажилласан, цэрэгт явсан учраас тэтгэвэрт ороход хаалт болох нөхцөл байгаагүй учраас тэтгэвэрт орох өргөдлөө өгсөн. Иргэн М.А-н өргөдлийг нэр бүхий байцаагч, нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн дарга хянаж, шалгах ёстой хүмүүс нь гарын үсэг зурж баталгаажуулаад тэтгэвэрт оруулсан байдаг. Ийнхүү тэтгэвэрт оруулсан хэрнээ нийгмийн даатгалын хэлтэс нь дотоод хяналт шалгалтаараа өмнө өгсөн баримт нь шүүхийн шийдвэртэй зөрсөн гэх үндэслэлээр тэтгэврийг зогсоосон үйлдэл гаргасан. Тэгэхээр захиргааны байгууллага өөрөө хийх ёстой ажлаа хийгээгүй гэж харагдаж байна. Яагаад гэхээр М.А-н анх тэтгэвэрт оруулж материалыг шалгаж авахдаа өмнөх баримтыг шалгах ёстой. Тухайн баримт нь өмнө нь нийгмийн даатгалын хэлтэст өгсөн байсан баримт болохоос биш шинээр өгөөгүй. Энэ ажиллагааг тухайн байгууллага шалгаж тогтоох байсан. Мөн тэтгэврийг зогсоох үед М.А-тай уулзалт хийх ёстой. Гэтэл нэг ч удаа уулзаж байгаагүй. Уулзалт хийхдээ эхнэртэй нь уулзалт хийдэг. Энэ нөхцөл нь захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох үүргийг тухайн байгууллага хийх ёстой байтал өөрийн гаргасан алдаагаа иргэнд үүрүүлэх гээд байна. Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр зогсоосон үйлдэл нь хууль бус, мөн тавьсан шаардлага нь хууль бус юм. Шүүхийн шийдвэрт байгаа нотлох баримтыг нотлох үүрэг хүлээхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4, 110 дугаар зүйлийн 110.2-т зааснаар нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоосон нотлох баримтыг иргэнээс шаардах эрхгүй юм. Мөн хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэдэг. Гэтэл үүнийгээ нотлох хэрэгтэй, гэвч нийгмийн даатгалын байгууллага үүнийг нотолдоггүй. Хэрэв эргэлзээтэй бол шалгуулж, нотлуулаад хуурамч гэж тогтоогдвол тэтгэврийг зогсоох асуудлыг шийдвэрлэнэ үү гэхээс биш хуурамч гэдгийг нотлоогүй хэрнээ хуурамч байх магадлалтай гэх үндэслэл нь хууль бус байна. Нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй хууль бус ажиллагаа байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч М.А материалыг шалгахад 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн Эрдэнэбулган сумын материалд М.Аын 1979 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт: 1979 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр тэжээл бэлтгэлийн ангид авч суралцуулав. Архангай аймгийн ХАА-н ТМС-ийн захирлын 1979 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 94 тоот тушаалаар, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тэжээл бэлтгэгчийн ангийг төгссөн тул Архангай аймгийн мэдэлд шилжүүлэв. ХАА-н ТМС-ийн сургуулийн захирлын 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 69 тоот тушаалаар, 1984 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зүсвэрийн цехэд ажилчнаар авч ажиллуулав. Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын 1984 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тушаалаар, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөр ажилд шилжин ажиллах болсон учир рамчний ажлаас чөлөөлөв, 1989 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр туслах үйлдвэрт авч ажиллуулах болов, даргын 1989 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 60 тоот тушаалаар, 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Тунгалаг тамир хоршоололд раманд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хүний эх эмчийн салбарт шилжсэн тул ажлаас чөлөөлөв, хоршооллын даргын 1990 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 45 тоот тушаалаар гэжээ. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ны өдрийн 129/ШШ2019/00262 дугаар шийдвэр нь 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацаанд Архангай аймгийн Аж ахуйн дундын Тунгалаг тамир хоршоололд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь М.А-н нь Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажилчин байх хугацааг Ихтамир сумын Тунгалаг тамир хоршоололд малчин гэж гаргасан нь зөрж байгаа зэрэг нь тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн.
Иймд хэлтсийн даргын 1/635 дугаар албан бичгийг үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн М.А-т хүргүүлэх гэсэн боловч ковидын улмаас хүргэх боломжгүй мөн түүний утасны дугаар холбогдохгүй байсан тул 6 дугаар багийн Засаг дарга н.Б-тай холбогдон М.А-н утас холбогдохгүй байгаа тул саахалт байдаг айлын утасны дугаарыг авч утсаар мэдэгдэн тэтгэврийг түр зогсоосон. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тус хэлтэст эхнэр болох н.Ш ирж уулзан “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж нөхөр болох М.А нь 1979-1981 онуудад ХАА-н ТМС-д суралцсан. 1981-1984-онуудад цэргийн алба хаасан, 1984-1990-онуудад Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэр, Тунгалаг тамир хоршоололд ажилчин хийж байсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар нь хэлтсийн ажилласан жил нөхөн тооцохын материалд байгаа тул 2019 онд шүүхээр орж ажилласан жилээ малчин болж гаргуулсан зөрчил гарсан. Иймд 60 нас хүрээд 2023 онд тэтгэвэрт гарах эсхүл 2020 оны оны малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хуульд хамрагдана дутуу байгаа малчны жил болох 4 жил 1 сарын төлбөр болох 2,058,000 төгрөгийг төлбөл 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийг нь шинэчлэн өөрчлөн тогтооно гэж хэлсэн. Иргэн М.А нь малчны дутуу жил болох 4 жил 1 сарын мөнгийг 2020 оны 12 дугаар сард төлж баталгаажилтын хуудас нь 2021 оны 1 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирсэн тул М.А-н тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн малчны тэтгэврийг өөрчлөн тогтоогоод байна. Мөн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл авсан тэтгэвэр болох нийт 6.340.000 төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан төлнө гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.А нь Тунгалаг тамир хоршоололд 1984-1989 он хүртэл малчнаар ажилласан шүүхийн шийдвэр гаргуулсан. 2013 оны Ажилласан жил нөхөн тооцуулах тухай хуульд заасан баримттай хөдөлмөрийн дэвтрийг тулгасан. Хөдөлмөрийн дэвтэрт мод боловсруулах үйлдвэрт хөрөө рамчин хийж байсан. Тухайн хүн мод боловсруулах үйлдвэрт ажиллачхаад яагаад Тунгалаг тамир хоршоололд малчнаар ажилласан гэж гаргуулсан юм. Үүнийг гайхаж байна. Тухайн иргэн иргэний хэргийн шүүхэд материалаа өгөхдөө үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Нэхэмжлэгч талаас уулзалтын тэмдэглэлийг эхнэртэй уулзаж хөтөлсөн М.А-тай харьцсангүй гэдгийг хэллээ. М.А-тай холбогдох гэж зөндөө үзсэн. Өөрийнх нь утас холбогдохгүй байсан. Тэгээд сүүлдээ 6 дугаар багийн Засаг даргаас хажуу айлынх утсыг аваад тухайн хүний утсаар М.А-тай ярьсан. Ингэхдээ нийгмийн даатгалын хэлтэст ирж уулзах хэрэгтэй байна. Танай тэтгэвэрт бичиг баримтын зөрүү үүссэн гэж хэлэхэд за гээд утсаа тасалсан. Тэгээд дараа нь эхнэр ирэхээр өөрийг нь явуулахгүй яасан юм бэ гэхэд манай нөхөр хөдөө малтай байгаа ирэх боломжгүй гэдэг. Тэгэхээр нь эхнэрээс та нөхрөө төлөөлөх юм уу асуухад тийм гэж хэлэхээр нь уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Эхнэр нь уулзалтын тэмдэглэл хөтөлж байх явцад нөхрийнхөө хаана ажиллаж байсан байдлыг сайн мэдэхгүй малчин байсан байх гэж хэлсэн. Дараа нь 2,058, 000 төгрөг тушаалгасан. Үүнийг эхнэр нь төлөхдөө юу гэж хэлсэн гэхээр шүүхийн шийдвэрийг би өмгөөлөгч авч хөөцөлдөж байгаад гаргуулсан. Манай нөхрийн буруу байхгүй болохоор би буруугаа хүлээж 2,058,000 төгрөгийг төлнө гэж хэлээд төлсөн. Улмаар дараа нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийг шинэчлэн тогтоосон. Мөнгөө тушаасан баталгаажилтын хуудас нь 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ирсэн. Тухайн үед утас холбогдохгүй байсан учраас 2021 он 2 дугаар сарын 3-ны өдөр энэ хүний тэтгэврийг тогтоосон. 2021 оны 1, 2, 3 дугаар сарын тэтгэврийг олгосон. Бид шүүхийн шийдвэрээр ажилласан жилээ тогтоолгосон хүнийг ажилласан жилээ өөрчилж малчнаар гаргуулна гэж бодоогүй учраас шүүхийн шийдвэрээр тогтоосон. Гэтэл ерөнхий газрын хяналт шалгалт ирээд зарим хүмүүсийн тэтгэвэрт хяналт шалгалт явуулсан. Манайд байсан баримттай тулган шалгахад энэ зөрчил илэрсэн. Ямар ч иргэн шүүхийн өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй учраас шүүхийн шийдвэрийг үнэн гэж үзэж тэтгэврийг тогтоосон байсан. Гэтэл тухайн иргэн шүүхэд буруу тайлбар өгч Мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан байдлаа малчнаар гаргуулсныг тухайн үед мэдэх боломжгүй байсан гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Анх иргэн М.А-с Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон, 2.058.000 төгрөг нөхөн тушаалгасан нь хууль бус болохыг тогтоож, М.А-ын өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Иргэн М.А нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 0221 дугаартай итгэмжлэлээр иргэн С.П-д тус шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхийг 1 жилийн хугацаатай олгожээ.
Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох, 2.058.000 төгрөг нөхөн тушаалгасан нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” гэж өөрчилсөн бөгөөд “М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... М.А-н тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сард зогсоосон байсан, дараа нь 2021 оны 3 дугаар сарын тэтгэвэр дээр 1.050.000 буюу 1, 2, 3 сарын тэтгэвэр хамт орсон байсан, иймээс тэтгэврийг нөхөн олгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа ...” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... иргэн М.А-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сард зогсоосон нь үнэн, улмаар дутуу байсан малчны жилийг нөхөн тооцсон мөнгө болох 2.058.000 төгрөгийг төлсний дараа 2021 оны 1 дүгээр сараас эхлэн малчнаар тэтгэврийг шинэчлэн 2021 оны 3 дугаар сарын тэтгэвэр дээр 1, 2 сарын тэтгэврийг нөхөж олгосон, цаашид тэтгэвэр нь олгогдоод явна ...” гэж тайлбарлаж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.3. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана. “,109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан нь хуулийн дээрх заалттай нийцэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсаныг батлах нь зүйтэй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох “М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан, 2.058.000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ.
Мөн нэхэмжлэгчээс анх “өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох” шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өндөр насны тэтгэврийг нөхөн олгосон буюу тэтгэвэр зогсоосон нөхцөл байдал нь арилсан байна. Гэвч нэхэмжлэгч талаас 2021 оны 1, 2 дугаар сард өндөр насны тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох талаар онцгой ашиг сонирхолтой, энэ нь уг хэргийн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн бусад шаардлагад холбогдож байх тул “өндөр нас тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль бус байсан” болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Ийнхүү шүүхээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоох нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь заалтын агуулгатай нийцнэ гэж үзсэн болно.
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч М.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Иргэн Б овогт М-н А нь 1963 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 58 нас 2 сартай эрэгтэй байна.[1]
Нэхэмжлэгч М.А нь 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00262 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн М-н А-г Архангай аймгийн Аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Архангай аймгийн Аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд малчнаар 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.[2] Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна. [3]
Улмаар нэхэмжлэгч М.А-т 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өндөр насны тэтгэвэр тогтоожээ.[4]
Нэхэмжлэгч М.А-н хувьд нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 22 жил 1 сар 13 өдөр төлсөн байна. Тодруулбал, 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн жинхэнэ алба хаасан 3 жил, 2 өдөр, 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл шүүхийн шийдвэрээр тогтоосон 5 жил, 1 сар, 10 өдөр, 1990 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажилласан жилийг нөхөн тооцсон 10 жил 6 сар, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 5 сар 1 өдөр, 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 1 жил, 4 сар, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 2 сар, 30 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэг[5], Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1[6], Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7. дахь хэсгийн 1/-д[7] зааснаар тэтгэвэр авах болзол, шаардлагыг хангаж өндөр насны тэтгэвэр авах эрх хуулийн дагуу үүссэн байна.
Нэхэмжлэгчийн малчнаар ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгосон үндэслэлийг тодруулбал, 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу М.А 1990 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл ажилласан жилийг нөхөн тооцсон 10 жил 6 сарыг нөхөн тооцуулсан байна. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэг Энэ хуулийн 4 дүгээр зүйлд[8] заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ: 7.1.2.-т “1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/09 дүгээр тушаалын хавсралтаар баталсан маягтын дагуу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 134 дугаартай албан бичгээр “********* регистрийн дугаартай М.А нь 1990-1994 онуудад мал маллан амьдардаг нь үнэн ...” болохыг тодорхойлжээ.[9]
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... иргэн М.А-н тухайд 2012 оны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу авсан 10 жил, 6 сар, 02 өдөр, шүүхийн шийдвэрээр тогтоосон 5 жил, 1 сар, 10 өдөр, 2008 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2008 оны 11 дүгээр сарын 1-ний өдөрт нийгмийн даатгал төлсөн 5 сар 1 өдөр нь малчнаар ажилласан жилд орсон ...” гэж тайлбарлаж байна.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч М.А-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, тэтгэвэр тогтоосон нөхцөлийн талаар маргаагүй болно.
2020 оны 11 дүгээр сард Нийгмийн даатгалын ерөнхий газраас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актаар малчны нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 1544 иргэний тэтгэврийг хамруулан шалгаж хуурамч баримт бичиг бүрдүүлэн малчны нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон нэр бүхий 43 иргэний тэтгэврийн олголтыг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлэн зогсоохоор шийдвэрлэж, уг актын хавсралт Эрдэнэбулган сум 1 дүгээрт М.А гэж дурджээ.[10]
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар актын М.А холбогдох хэсэгтэй маргаагүй бөгөөд уг акт нь иргэн М.А-т чиглэсэн акт биш, сумдын Нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн, тэдгээрийн зөвшөөрсөн гарын үсэг бүхий акт байна гэж тайлбарласан.
Дээрх 47 дугаартай акт нь 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн дотоод хяналт шалгалтын үр дүнд хуурамч баримт бүрдүүлэн хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон гэх нэр бүхий 43 иргэдийн мэдээллийг харьяалах сумдын байцаагч нарт хүргүүлж, уг иргэдийн мэдээллийг тэтгэврийн программд зогсоох хөдөлгөөнөөр бүртгэхийг даалгаж, холбогдох байцаагч нарт танилцуулсан акт байх бөгөөд уг акт нь иргэн М.Ат тухайлан чиглээгүй, түүнд хууль зүйн үр дагавар шууд үүсгээгүй байна.
Иймд шүүх дээрх актын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно. Мөн дээрх агуулга бүхий нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоож буй талаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 12 дугаар 28-ны өдрийн 1/635 дугаар албан бичгийг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт хүргүүлсэн байна.[11]
Харин нэхэмжлэгч М.А-т Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1 дүгээр албан бичгээр 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс түр зогсоох талаар албан бичиг хүргүүлсэн боловч иргэн М.А гарын үсэг зурж хүлээн авсан эсэх нь тодорхойгүй, 6 дугаар багийн Засаг дарга н.Бүрэнбатруу залгаж хажуу айлын утасруу нь залгаж, М.Ат мэдэгдсэн гэж тэмдэглэл хийжээ. [12] Мөн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн М.А-н эхнэр С.Ш-тай уулзаж, тэмдэглэл хөтөлсөн байна.[13]
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... М.А нь 2023 онд тэтгэвэрт гарах эсхүл 2020 оны оны малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хуульд хамрагдана дутуу байгаа малчны жил болох 4 жил 1 сарын төлбөр болох 2058000 төгрөгийг төлбөл 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэврийг нь шинэчлэн өөрчлөн тогтоох боломжтой байсан ...” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч М.А-н эхнэр гэх С.Ш нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн *********** дугаар дансанд 2.038.000 төгрөгийг М.А 4ж 1с гэх утгаар шилжүүлсэн байна.[14]
Мөн Хаан банкны Архангай аймаг дахь салбарын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5135/122 дугаар албан бичигт иргэн М.Ат 2021 оны 3 дугаар сард 1.050.000 төгрөгийн тэтгэвэр орсон байна гэжээ.[15]
Дээрх үйл баримтаас дүгнэвэл иргэн М.А-т өндөр насны тэтгэврийг анх Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр тогтоож, мөн өдрөөс тэтгэвэр олгож эхэлсэн боловч, 2021 оны 1, 2 дугаар сард өндөр насны тэтгэвэр олгоогүй зогсоосон буюу тэтгэврийн мөнгө иргэний эзэмшдэг дансанд ороогүй байсан, улмаар М.А Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2.058.000 төгрөг төлсний дараа 2021 оны 3 дугаар сард 1, 2 сарын өндөр насны тэтгэврийг хамтад нь 1.050.000 төгрөг олгосон болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хуралдаанд гаргасан тайлбар, Хаан банкны Архангай аймаг дахь салбарын 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 5135/122 дугаар албан бичиг, иргэн М.А-н тэтгэврийн мөнгөө авдаг Хаан банкны ********* дугаартай дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч М.А өндөр насны тэтгэврийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн олгоогүйн улмаас тэрээр өндөр насны тэтгэвэр зогсоосон дээрх үйлдэлд холбогдуулан 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.[16]
Хоёр: Нэхэмжлэгч М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон /байсан/ үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй”, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана” гэж тус тус заасан.
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч М.А-н өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сард зогсоосон байна.
Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаан гаргасан хариу тайлбартаа: “ ... М.А-н хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь шүүхийн шийдвэртэй зөрсөн, өөрөөр хэлбэр хөдөлмөрийн дэвтэрт 1984-1989 онуудад Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажиллаж байсан тухай тэмдэглэл хийсэн байхад Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00262 дугаар шийдвэрээр Б овгийн М-н А-г Архангай аймгийн Аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон нь зөрж байгаа, Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажилчин байх хугацааг Ихтамир сумын Тунгалаг тамир хоршоололд малчин гэж гаргасан ...” гэж тайлбарлаж ..... зэрэг баримтыг ... “хуулбар үнэн” тэмдэг дарж ирүүлсэн байна.
Иргэн М.А-н 1979 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрт “ ... 1984 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр зүсвэрийн цехэд ажилтнаар авч ажиллуулав, 1989 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөр ажилд шилжин ажиллах болсон учир рамчнаас чөлөөлөв ...” гэжээ.[17] Мөн дээрх онуудад гарсан иргэн М.А-т холбогдох Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрийн даргын тушаалуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэгт нотлох баримтаар ирүүлжээ.[18]
Дээрх баримтаас үзвэл нэхэмжлэгч М.А-н малчнаар ажилласан гэж шүүхээс тогтоосон хугацаанд мөн өөр ажил эрхэлж байсантай холбоотой баримтууд хэрэгт авагдсан боловч эдгээр нь эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн баримт бус хуулбарласан баримтууд байгааг дурдах нь зүйтэй.
Нөгөөтээгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж заасан. Энэ дагуу нэхэмжлэгч М.А нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 129/ШШ2019/00262 дугаар шийдвэрээр Архангай аймгийн Аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосон. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон нь хэрэгт авагдсан Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 71 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээр тогтоолоор баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын гурвын 3.1.-д Нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг дараах баримт бичгийг үндэслэн тодорхойлно гэж, 3.1.1-д даатгуулагчийн 1995 оноос өмнө малчнаар ажилласан хугацааг хөдөлмөрийн дэвтэр болон хөдөө аж ахуйг нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, шимтгэл төлсөн лавлагаа, /хөдөлмөрийн дэвтэр байхгүй, эсхүл бичилт нь шаардлага хангахгүй тохиолдолд архивын лавлагаа, шүүхийн шийдвэр/ гэж зааснаар малчнаар ажилласан байдлыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр нь даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох баримт бичиг мөн байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”;Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.
Иймээс нэхэмжлэгчийг дээрх хугацаанд Архангай аймгийн Аж ахуй дундын “Тунгалаг тамир” хоршоололд малчнаар 1984 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг нэгэнтээ шүүхийн шийдвэрээр тогтоож хуулийн хүчин төгөлдөр болсон байхад “тэтгэвэр авагчийн хөдөлмөрийн дэвтэрт дээрх онуудад Архангай аймгийн мод боловсруулах үйлдвэрт ажилласан гэж бичсэн байна” гэсэн үндэслэлээр шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, тус шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримттай маргасан нь хууль бус болжээ. Мөн нэхэмжлэгч М.А-н малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон байх тул энэ хэрэгт холбогдуулж шүүхээс дахин нотлох шаардлагагүй, үйл баримтыг захиргааны уг хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцсон болно.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн дагуу тэтгэврийг түр зогсоон” гэж татгалзал, түүний үндэслэлээ тодорхойлон маргаж буй боловч чухам тэтгэвэр авагчийн хууль болон журмын дагуу бүрдүүлж өгсөн ямар бичиг баримтыг хуурамч гэж үзэж байгаа, түүнийг хуурамч болохыг тогтоосон баримт байхгүй байна. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасан.
Дээрх хуулийн уг заалтын урьдач нөхцөл болох “хуурамч бичиг баримт” гэдгийг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт байхыг ойлгоно. Түүнчлэн баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэж албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн (тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан) өөрчлөхийг хэлнэ. Мөн энэ төрлийн үйлдлийг эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцсон байдаг.
Гэтэл нэхэмжлэгч М.А нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн М.А-н ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж заасныг зөрчиж, нэхэмжлэгч М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон байна.
Иргэн М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон дээрх үйлдлийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй; Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1. Дэх хэсэгт “Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно” гэж заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигджээ.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.1.5-д заасан зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага, албан тушаалтан нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн үндэслэл бүхий байхыг шаарддаг. Аливаа иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг юм. Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, нэхэмжлэгч М.А-н тэтгэвэр тогтоолгохдоо бүрдүүлэн өгсөн аль баримтыг “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт гэж үзэж буй үндэслэл нь бодитой бус, хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж тайлбарлаж буй зэрэг нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.
Шүүх нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоосноор хариуцагч захиргааны байгууллагаас тэтгэвэр авагчийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашигт халдсан болохыг тогтоох, нэхэмжлэгчийн эрх ашиг цаашид дахин зөрчигдөхөөс сэргийлэх эрхийн хамгаалалтыг үзүүлнэ гэж дүгнэсэн.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.А-н өндөр насны тэтгэврийг /2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр/ зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
Гурав. Иргэн М.А-р 2.058.000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:
Нэхэмжлэгч М.А нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ******** дугаар дансанд 2.038.000 төгрөгийг М.А, 4ж 1с гэх утгаар шилжүүлжээ.[19]
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ ... хуурамч баримт бичгийг үйлдэж шүүхийн шийдвэр гаргуулсан гэж үзсэн тул М.Ан малчнаар ажилласан жил дутсан, улмаар 2020 оны малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн дагуу дутуу байсан малчны жил болох 4 жил 1 сарын төлбөр 2,058,000 төгрөгийг төлж 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс малчны тэтгэврийг нь шинэчлэн тогтоосон, одоогийн байдлаар М.Ааар тэтгэвэр нөхөн төлүүлэх акт гараагүй байгаа ...” гэж тайлбарлаж байна.
Энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн иргэн М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус байсан болохыг тогтоосон.
Иймд нэгэнт шүүхээс тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус байсан гэж үзсэн тул уг хууль бус үйлдэл, түүний үндэслэлд дурдсан маргаан бүхий үйл баримтыг үндэслэн иргэн М.А-р 2.058.000 төгрөг төлүүлж, хууль бусаар иргэнд хохирол учруулсан байна гэж үзлээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч М.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон байсан, 2.058.000 төгрөг нөхөн тушаалгасан нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3, 106.3.7, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг буюу иргэн “М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нь нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 2/, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, М.А-н өндөр насны тэтгэврийг зогсоосон нь хууль бус байсан болохыг тогтоож, 2.058.000 төгрөг нөхөн төлүүлсэн нь хууль бус болохыг тогтоож, 2.058.000 төгрөгийг иргэн М.А-т буцаан олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА
[1] Хавтаст хэргийн 2 дугаар тал
[2] Хавтаст хэргийн 98-102 дугаар тал
[3] Хавтаст хэргийн105 дугаар тал
[4] Хавтаст хэргийн 29 дүгээр тал
[5] 1.Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.
[6] 4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1995 оноос энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр хүртэл хугацаанд малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байсан, хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй 15-60 насны иргэн хамаарна.
[7]1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;
[8] 4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
4.1.Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан дараах иргэн хамаарна:
4.1.1.аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон;
4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;
4.1.3.өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;
4.1.4.мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан.
[9] Хавтаст хэргийн 39 дүгээр тал
[10] Хавтаст хэргийн 43-47 дугаар тал
[11] Хавтаст хэргийн 48-49 дүгээр тал
[12] Хавтаст хэргийн 52 дугаар тал
[13] Хавтаст хэргийн 50-51 дүгээр тал
[14] Хавтаст хэргийн 6 дугаар тал
[15] Хавтаст хэргийн 107-108 дугаар тал
[16] Хавтаст хэргийн 1 дүгээр тал
[17] Хавтаст хэргийн 40-42 дугаар тал
[18] Хавтаст хэргийн
[19] Хавтаст хэргийн 6 дугаар талЁ