Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 116

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч А.Уянга,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунцэцэг /ҮД:2432/,

иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтогоо нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:  

 

         Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 12, 2-6 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50-246 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэгдэж байгаагүй, /РД:ОЭ91052806/ Тайж овогт Аюушийн Уянгад Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201725020125 дугаар 185/2017/0109/Э индекстэй хэргийг 2017 оны  02 дугаар сарын  23-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Уянга 2016 оны 12 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 62 дугаар байрны 08 тоотод Б.Жадамбын эзэмшлийн “Самсунг Жи-7” маркийн гар утсыг хулгайлан авч 540.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Уянгын: 2016 оны 12 дугаар 4-нөөс 5-нд шилжих шөнө би гэртээ ганцаараа байсан,мөн Жадамбаа “гэртээ ганцаараа байна” гэхээр нь бид хоёр уулзахаар болоод би Баянбүрд дээр очиж Жадамбаатай уулзаж гэрт нь очиж архи уугаад түүнтэй нилээд юм ярьсан. Жадамбаа тэгэхэд надад “амаръя” гээд байхаар нь би хурдан өглөө болгохын тулд оронд оролгүй интернэт ухаж байсан. Тэгээд би гэрээс гарахдаа түүний утсыг авч гараад шууд гэртээ очоод амраад өглөөний 10 цагт Сансар руу явж ломбарданд очоод тэр утас “Самсунг ЖИ-7” маркийн утас болохыг нь мэдээд 250.000 төгрөгөөр ломбарданд тавьсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Талуудын хүсэлтээр, шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.Эрдэнэтогоогийн: 2016 оны 12 дугаар сарын 05-нд манай ломбарданд 14 хоногийн хугацаатай “Самсунг Жи-7” маркийн гар утсыг А.Уянга өөрийн бичиг баримтаараа 250.000 төгрөгөнд тооцож тавьсан.  Уг хугацаа нь дуусахад би дахин 1 сар хүлээсэн. Тэр хугацаандаа би Уянга руу олон удаа залгаж “утсаа аваач” гэж ярьсан. Тэгсэн боловч тэр ирэхгүй, сүүлдээ утсаа авахгүй байхаар нь би уг барьцаанд тавьсан утсыг форматлаад өөртөө хэрэглэсэн. Одоо надад учирсан хохирол болох 250.000 төгрөгийг төлж байгаа учир би шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

хавтаст хэргээс:

            Хэрэг бүртгэлтэд хохирогч Б.Жадамбын: …гэртээ орсон чинь Уянга байхгүй гараад явсан ...байсан. Би гэрийнхээ эд зүйлийг шалгасан чинь бүгд бүрэн байсан. Гар утсаа хайгаад олохгүй байсан. Уянга өөрийнхөө утсыг орхиод явсан байсан ба уг утсаар нь өөрийнхөө дугаар луу залгасан чинь гарах ярианы эрх нь хаагдсан байсан. Ажилладаггүй утсаар худлаа хүнтэй ярьж байгаа болж жүжиглэсэн байна лээ. Ингээд би цагдаад хандсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,

 

            Хэрэг бүртгэлтэд гэрч Т.Бямбасүрэнгийн: ...Би хүү Жадамбад 2016 оны 10 сарын 28-нд Самсунг Жи-7 маркийн гар утсыг 643.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн юм. Лизингээр авсан ба гэрээ нь байгаа. Тэгээд Жадамба өөрөө сар болгон хүүг нь төлөөд явъя гэж байсан. Тэгээд Жадамба надад утсаа алдсан даруйдаа хэлсэн. Би гэрийнхээ ойролцоо алдчихлаа гэж хэлсэн. Өөр тодорхой зүйл хэлээгүй. Би халааснаасаа суйлуулсан юм байна л гэж ойлгосон. Тэгтэл дараа нь Жадамбаагийн цүнхнээс цагдаад бичсэн өргөдөл байсныг нь уншсан чинь интернэтээр танилцсан Уянга гэх эмэгтэйд утсаа алдсан талаар бичсэн байсан. Ингэж би үнэн учрыг нь мэдсэн... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-20/,гар утас худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-10/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-14/, эд зүйлийн үнэлгээ /хх-32/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-42/, иргэний нэхэмжлэгчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-70/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-30/, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжилснээр тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч А.Уянга урьд ял шийтгэгдэж байгаагүй нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-33/ тогтоогдов.

 

Шүүгдэгч А.Уянгыг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч А.Уянга анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэн чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, мөрдөн байцаалтад хохирогч Б.Жадамбын гаргасан хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298, 300 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

  1. Аюушийн Уянгыг бусдын эд хөрөнгийг хулгайлан бага бус хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Аюушийн Уянгад холбогдох эрүүгийн 201725020125 дугаар хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Аюушийн Уянгыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. А.Уянга 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, А.Уянгад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүх хуралдааны танхимаас сулласугай.
  6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Уянгад авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ү.ТҮМЭНЖАРГАЛ