Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1886

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02237 дугаар шийдвэртэй, Г.Агийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Нд холбогдох, нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулж, өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мягмарсүрэн, Д.Жаргал,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хариуцагч Ж.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Балдорж агсны төрсөн охин бөгөөд ээж Бадамжапова Ольга Борисовнатай 1973 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас 1974 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр би төрсөн. 1982 онд эцэг, эх хоёр маань гэрлэлтээ шүүхээр цуцлуулж, би өөрийн эхийн хамт ОХУ-ын Улаан-Үд хотод амьдрахаар явсан. Би аавтайгаа байнгын халуун дулаан харилцаатай, ойр дотно байж, 10 дугаар ангиа төгсөөд Улаанбаатарт хааяа ирэхдээ аавтайгаа уулздаг байсан. 2007 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эцгийг зуурдаар нас нөгчсөн тухай эмгэнэлт мэдээг хүлээн авсан. Төрсөн охины хувьд эцэгтэйгээ салах ёс гүйцэтгэх, сүүлчийн замд нь үдэх буяны ажил явдалд оролцохоор тухайн үед Монгол Улсад ирсэн бөгөөд ажил явдлыг дуусгаад буцсан. Монголчуудын эртний ёс зан үйлийн дагуу талийгаач аавын хоног хураах үеэр дахин ирж хэд хоноод буцсан. Энэ үйл явдлаас хойш 3 сар өнгөрсний дараа би Монголд ирсэн, тэр үед талийгаач аавын гэргий Н.Шүрээс аав маань ямар нэгэн өв хөрөнгө, гэрээслэл надад үлдээсэн эсэхийг асуухад, тэрээр Ариунаа аав чинь чамд ямар ч гэрээслэл, юм үлдээгээгүй, миний мэдэх зүйл гэвэл маш их өр үлдээсэн гэсэн. Би тухайн үед эцэг минь ямар ямар хэмжээний эд хөрөнгүүдтэй талаар бүрэн мэддэггүй, Улаанбаатар зочид буудал ХК-ийн хувь эзэмшигч гэдгийг л мэддэг байсан.

2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Н.Шүр эгч намайг дуудахад миний эцгийн төрсөн дүү Бармагнай ах хамт сууж байсан. Н.Шүр эгч надад хандаж Би чамд аав чинь бөөн өр үлдээсэн гэж хэлж байсан даа, эгч нь чамайг бодолгүй яах вэ, 200,000 ам. доллар өгье, гэхдээ одоо бэлэн 30,000 ам. доллар байна, үүнийг чи авч бай, үлдэгдлийг нь 3 жилийн хугацаанд төлж дуусгана гэсэн. Ингээд намайг Сүхбаатар дүүргийн нутаг дэсвгэрт байрлах Улаанбаатар зочид буудалд байхад Б.Баярмагнай ах ирээд чи надад нэг бичиг хийж өгөх хэрэгтэй гэж хэлээд нэг хүнийг дуудсан, тэр нотариатч эгч байсан. /Баянзүрх дүүргийн нотариатч Ж.Н/ ингээд юу гэж бичих ёстойг надад хэлж бичүүлж авсан. Гэтэл дээрх нотариатаар гэрчлүүлсэн гэх баталгааны улмаас миний хууль ёсны өв хүртэх эрх минь ноцтой зөрчигдсөн юм. Энэ баталгааг бичүүлж авахдаа надад миний аав ямар хэмжээний хөрөнгө үлдээсэн, хэдий хэмжээний ямар өв хөрөнгөөсөө татгалзаж байгаа талаар уг баталгааг гэрчилсэн нотариатч Ж.Н болон Н.Шүр, Б.Баярмагнай нар надад тайлбарлаж үр дагаварыг ойлгуулаагүй.

Мөн Н.Шүр болон түүний охин Б.Нандинтүшиг нар нь аавыг минь өөд болсноос хойш ердөө 26 хоногийн дараа түүний өмчлөл, эзэмшилд байсан эд хөрөнгүүдийг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Ц.Энхтуяагаар өвлөх эрхийн гэрчилгээ бичүүлж 2008 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Өв залгамжлах эрхийн 11 ширхэг гэрчилгээ, сүүлд Б.Номинтүшигт 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 1 ширхэг өвлөх эрхийн гэрчилгээг өөрсдийн нэр дээр гаргуулан авчээ. Өөрөөр хэлбэл надаар 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр өвөөс татгалзаж буй тухай баталгааг бичүүлж авахаас 6 сарын өмнө миний эцгийн эд хөрөнгүүдийг дээрх хүмүүс шилжүүлэн авсан байна. Тэргүүн ээлжинд өвлөх эрхтэй хууль ёсны өвлөгч надад мэдэгдэлгүй, миний хүсэлтийг авалгүй хуулиар олгогдсон өвлөх эрхийг минь ноцтой зөрчиж өвлөх эрхийг өөрсдөд шилжүүлэн авчээ.

Иймд хариуцагч Ж.Н нотариатчийн 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн нэхэмжлэгч Ж.Ариунааг өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай Баталгаа-г хүчингүйд тооцож өв хүлээн авах хугацааг минь сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ОХУ-ын иргэн Галданова Ариуна гэгч эмэгтэй 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надаар Баталгаа гэгч өөрийн гараар бичсэн зүйлээ гарын үсгийн үнэн зөв-ийг батлуулсан. Уг асуудал 2008 онд одоогоос 9 жилийн өмнө болсон ба энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн шүүхэд 2 жилийн өмнө очиж гэрчийн мэдүлэг өгч байсан тул тодорхой санаж байна. Би өөрийн биеээр Нийслэлийн Архивын газраас тухайн үед хийсэн гарын үсгийн Баталгаа гэх үйлдлийнхээ хуулбарыг, дэвтрийн бичилтийн хуулбарын хамт “архивын хуулбар” үнэн тэмдэгтэй шүүхэд өгсөн тул сайн санаж байна. Тухайн үед Монгол Ньюс ХХК-ийн ерөнхий менежер Б.Баярмагнайг би таньдаг байсан тул над руу ярьж манай нэг дүүгийн гарын үсгийн баталгааг УБ зочид буудал дээр ирж баталж өгөөч гэж гуйсны дагуу ажил тарах дөхөж байсан, зам дагуу учраас зөвшөөрч очоод уг “Баталгаа” гэх зүйлийг баталсан. УБ зочид буудлын нэг өрөөнд Галданова Ариуна, түүний нөхөр бололтой нэг залуу, Б.Баярмагнай гурав байсан, өөр хүн байгаагүй, намайг очиход “Баталгаа” гэх зүйлийг Ариуна өөрөө бичсэн ба хэн нэг хүний шахалт дарамт байгаагүй, өөрөө монголоор маш сайн ярьдаг, бүгдийг ойлгож байсан. Ариуна, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичсэн шиг цаасан дээр хүчээр гарын үсэг зуруулаагүй. Би бичсэн зүйлийнх нь агуулгыг уншиж танилцаад гэрээ хэлцлээр батлах боломжгүй зөвхөн өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн баталгаа байсан учраас гарын үсэг үнэн гэсэн баталгаа дарж дэвтэрт гарын үсгийг нь авч 1500 төгрөгийн хураамж авсан. Би энэ хүнийг хүчээр эсхүл хэн нэгэн шахалт дарамж үзүүлж байхад нь энэ үйлдлийг хийгээгүй, хүчээр гарын үсэг зураалаагүй, өөрийг нь байхгүйд, эсхүл өөр хүнээр гарын үсэг зуруулах зэргээр Нотариатын тухай хууль болон үйлдэл хийх журмыг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй тул хариуцагчаар татагдах, миний хийсэн үйлдлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Г.А өөрөө ч нэхэмжлэлдээ 8 дугаар ангиа төгстөл монголд сурч байсан гэж бичсэн байна. Монгол хэлтэй, монголоор сайн ойлгодог, түүнд орчуулагчийн хэрэг байгаагүй. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичихдээ Нотариатын тухай хуулийн 3.1.3-т заасан тэгш эрхийг хангах зарчмыг зөрчсөн гэжээ. Би энэ зарчмыг зөрчөөгүй хэн нэгэнд илт давуу байдал олгоогүй. Миний баталсан зүйл гэрээ биш, 2 талын этгээд байгаагүй, Би Шүр гэж хүнийг хараагүй, танихгүй. Миний үйлдлийн баталгааны тэмдэг дээр Гарын үсэг үнэн зөв гэсэн байгааг дахин анхааруулъя. Энд гэрээ, хэлцэл батлах 2 талыг байлгах, тэгш хандах, тэгш эрхийн зарчим хамааралгүй. Мөн хуулийн 27.1-д зааснаар, иргэний бичиг баримт нь гадаадын иргэн байхад орчуулагч оролцуулаагүй гэж хуулийг буруу ойлгож тайлбарлажээ. 27.1-д хувийн байдлыг ийм ийм бичиг баримтаар тогтооно гэсэн зохицуулалт байгаа болохоос орчуулагч оролцуулна гээгүй. Харин дээрх хуулийн 32.1-д Монгол хэл мэдэхгүй бол орчуулагч оролцуулна. Орчуулагчийг өөрөө сонгоно гэсэн заалт байгаа. Би Г.Аг Монгол хэл мэддэг, өөрөө чөлөөтэй ойлгодог болохыг нүдээрээ харсан тул орчуулагчийн шаардлага байхгүй гэж үзсэн. Өөрөө ч ийм учир орчуулагч оролцуулъя гэж орчуулагч сонгоогүй, санал гаргаагүй гэдгийг дахин дурдъя.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан тэргүүн ээлжийн өвлөгч болох боломжийг миний баталсан Баталгаа гэгчээс болж алдсан мэтээр тайлбарлажээ. Ц.Балдорж агсан 2007 оны 12 дугаар сарын 15-нд нас барсан гэдгийг нэхэмжлэлд бас дурьдсан байна. Би энэ баталгааг 2008 оны 3 дугаар сарын 07-нд баталсан байна. Цаг хугацааны хувьд Г.А нь хуулийн хугацаагаар өвлөх эрхээ алдсан байна. Үүнийг хуульч нь зөв тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байх. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2-т заасан зохицуулалт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Н.Шүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Монгол хэл мэддэг бөгөөд өөрөө баталгааг бичсэн. Баталгаа бичсэн талаар гэрч Б.Баярмагнай тодорхой гэрчилсэн нь хэрэгт авагдсан. Нотариатын үйлдэл хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх: Нотариатын тухай /1997 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 3-т заасныг баримтлан, хариуцагч Ж.Нд холбогдох, өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай баталгааг хүчингүйд тооцуулж, өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэгч Галданова Ариунагийн нэхэмжлэлийн шаардлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн товыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдэлгүйгээр шүүх хуралдааны хийж хэргийг шийдвэрлэсэн нь шударга бус юм. Шүүх хуралдаанд биечлэн оролцож нэхэмжлэлээ дэлгэрэнгүй тайлбарлаж чадаагүй ба мэтгэлцэх эрхээр шүүх хангаагүй. Мөн нотлох баримт гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх боломж олгоогүй, гаргасан нотлох баримтыг хүлээж аваагүй. Иймд хэргийн хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлаагүй бөгөөд нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч хариуцагч Ж.Нтад холбогдуулан 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн өвлөх эд хөрөнгүүдээс татгалзсан тухай “Баталгааг” хүчингүйд тооцож, өв хүлээн авах хугацааг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныйг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Н.Шүр хариуцагчийн татгалзлыг дэмжиж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

Хариуцагч Ж.Н нь хэрэгт авагдсан “Баталгаа” гэх 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр бичигдсэн баримтын гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хийжээ. Уг баримтад “Би Голданова Ариунаа ОХУ-ын иргэн, Буриад Улсын Улаан-Үд хотын Нурселение д.13 амьдардаг. Би Монгол Улсын иргэн Цэрэндоржийн Балдоржийн төрсөн охин бөгөөд манай аав, ээж хоёр 1982 онд хууль ёсоор гэр бүлээ цуцлуулсан, тухайн үед би найман настай байсан, тэр үеэс би ээжтэйгээ хамт амьдарч байсан. Гэвч 2007 оны 12 дугаар сарын 15-нд миний аав зуурдаар нас барсан. Би аавынхаа өмч хөрөнгөнөөс хоёр зуун мянган ам.доллар /200.000$/ авахаар тохиролцож, бусад өвөөс татгалзаж байна. Дээрх мөнгөнөөс би 2008 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 30.000$ хүлээж авлаа. Үлдэгдэл мөнгийг 2011 оны 1 дүгээр сарын 01-нд авч дуусгана гэж тохиролцов” гэжээ. /хх39/

 

Нэхэмжлэгч нь дээрх баримтыг гэрчлэх үедээ нотариатч Ж.Н болон Н.Шүр, Б.Баярмагнай нар өв хөрөнгөөс татгалзаж байгаа талаар тайлбарлаж өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

 

Анхан шатны шүүх дээрх баримтыг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хийх үед байлцсан Б.Баярмагнай, Галданов Валерий Дашеевич нарыг гэрчээр асуусан тэмдэглэлийг хэрэгт ач холбогдолтой гэж дүгнэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Өөрөөр хэлбэл тухайн гэрчүүдийн мэдүүлснээр Ж.Н, Н.Шүр, Б.Баярмагнай нар өв хөрөнгөөс татгалзахын үр дагаврыг тайлбарлан ойлгуулаагүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон тайлбар үгүйсгэгдсэн талаар зөв дүгнэлт хийсэн байна.

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр мэдсэн тухай “шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” /хх98/ баримтад гарын үсэг зуржээ. Түүнчлэн, нэхэмжлэгч Г.А нь 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Д.Жаргал, С.Мягмарсүрэн нарт шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг /хх9/ олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зохигчийн нэгэн адил эрхийг эдлэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх үүргээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй бөгөөд хуульд зааснаар нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэж үзэхгүй.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, талуудын мэтгэлцэх болон шүүхийн өмнө тэгш байх эрхийг хангаагүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2018/02237 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА