Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2021/00031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр 136/ШШ2021/00031 Дорноговь аймаг.

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн В2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Хатанбулаг сум, 1-р баг, Халив гэх газарт оршин суух, Мижид овогт Аюурын Цэрэн /РД:ЕЛ37111609/-ийн нэхэмжлэлтэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн, ахлах прокурор Г.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цэрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Аюурын Цэрэн миний бие Мядаг овогтой Төмөрийн долоо дугаар охин болж төрсөн, би эцэг, эхээс наймуулаа боловч эцэг М.Төмөрийг нас барснаас хойш төрсөн дүү болох М.Бөмбөр бид хоёр л үлдсэн, бусад нь нас барсан. Одоо би 80 настай Дорноговь аймгийн Хатанбулаг суманд оршин сууж байна. Миний эцэг М.Төмөр нь Дорноговь аймгийн Айлбаян суманд лам байсан намайг 1 ой хүрээгүй байхад түүнийг баривчлан улмаар 1938 оны 03 сарын 11-ний өдрийн 09 дүгээр хурлын тогтоолоор цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Дээд шүүхийн 1992 оны 11 сарын 11-ний өдрийн 181 дугаартай магадлалаар цагаатгагдаж байсан. Аюур овогтой Цэрэн миний бие хэлмэгдэгч Мядаг овогтой Төмөртэй садан төрлийн холбоотой буюу төрсөн охин мөн болохоо Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 136/ШШ2020/00365 дугаарт шийдвэрээр тогтоолгож байсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн төрсөн үр хүүхдэд нөхөн олговор олгохтой холбогдуулан өөрийн материалаа бүрдүүлж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох нэрсийн жагсаалт Зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 222 /6447/ дугаарт нийтлэгдсэн байгаа. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар улсын төсвөөс 80,000,000 /наян сая/ төгрөгийг гаргуулан хэлмэгдэгч М.Төмөрийн төрсөн охин А.Цэрэн надад олгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мижид овогт Аюурын Цэрэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.Цэрэн нь хэлмэгдэгч Мядаг овогтой Төмөрийн 7 дугаар охин. Тэрээр эцэг эхээс ах дүү наймуулаа боловч зургаа нь нас барсан. Одоо Бөмбөр гэх төрсөн дүүгийн хамт амьд сэрүүн байгаа. Хавтаст хэрэгт авагдсан иргэний бүртгэлийн лавлагаагаар бусад 6 ах дүүс нь нас барсан болох нь тогтоогддог. А.Цэрэнгийн эцэг М.Төмөр нь 1938 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 9 дүгээр хурлын тогтоолоор хэлмэгдэж цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Дээд шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай магадлалаар цагаатгагдсан. Аюур овогтой Цэрэн нь иргэний бүртгэлийн төрсний лавлагаа болон Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 365 дугаартай шүүхийн шийдвэрээр хэлмэгдэгч Мядаг овогтой Төмөрийн төрсөн охин болох нь тогтоогдсон. Зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 222 дугаартай 3 дугаар нүүрийн 8 дугаар жагсаалтаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд нөхөн олговор олгох нэрсийн жагсаалт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд илээр зарлагдсан. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр нөхөрт орон сууц, гэр олгоно гээд заачихсан. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт 23.1-т зааснаар гэр, орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд дараах байдлаар нөхөх олговор олгоно гээд энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, түүний төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нөхөх олговор олгоно гэж заасан тул эдгээр хуулийн үндэслэлээр нэхэмжлэгч Аюур овогтой Цэрэнд олгох хууль зүйн үндэслэлтэй учраас нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн. Бөмбөр гэдэг хүн Төмөрийг хэлмэгдсэний дараа төрсөн. Тийм учраас нөхөх олговрыг авах дээр маргадаггүй. Цэрэнд 80.000.000 төгрөгийг бүрэн олгуулахыг хүлээн зөвшөөрч байна, үүн дээр нэхэмжлэх, хуваах, маргах зүйлгүй гэсэн хэлцэл хийж нотариатаар батлуулж өгсөн. Хэлмэгдэгчийн үлдсэн 2 хүүхэд нь хоорондоо харилцан тохиролцсон тул Улс төрийн хилс хэрэг хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг олгуулж өгнө үү хэмээн нэхэмжилж байна. гэв.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Ганцэцэг би, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 3 дугаар багт оршин суух Мичид овогт Аюурын Цэрэн /ЕЛ37111609/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын төрд холбогдох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Мядагийн Төмөрийн нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлд төрийг төлөөлөн оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Аюурын Цэрэнгийн төрсөн эцэг Мядагийн Төмөр нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэгджээ. Түүнчлэн БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай магадлалаар Мядагийн Төмөрийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дугаартай магадлал зэргээр нотлогдож байна. Тэрээр нэхэмжлэгч Аюурын Цэрэн нь 1938 онд улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Мядагийн Төмөрийн төрсөн охин болох нь иргэний хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Улсын бүртгэлийн төв архивын 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 45/013822 дугаартай лавлагаа, Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 03-2/4470 дугаартай 1944 оны хүн амын тооллогын лавлагаа, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2020/00365 дугаартай шийдвэрээр Мижид овогт Аюурын Цэрэн нь хэлмэгдэгч Мядаг овогтой Төмөрийн төрсөн охин мөн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдож, харин зууны мэдээ сонины 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 222 /6447/ дугаарт хэлмэгдэгчдийн нөхөх олговор авах иргэдийн нэрсийн жагсаалтын 8-д Мядагийн Төмөрийн хүүхэд Аюурын Цэрэнд 80.000.000 төгрөг гэсэн нийтлэл хэвлэгдсэн бөгөөд үүнээс хойш 30 хоногийн дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1056, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 82 дугаартай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Мядагийн Төмөрт байр орон сууц болон түүнийг худалдан авахад зориулсан мөнгөн олговор олгосон баримт бүртгэгдээгүй гэх албан бичиг зэргээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Мядагийн Төмөрийн цагаатгалтай холбоотой нөхөх олговрыг төрөөс гаргуулан авах тухай хуулийн шаардлага хангагдсан байна. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Цэрэн нь эцэг, эхээс 8-уулаа төрсөн боловч Мижидийн Лувсандорж, Шархүүхэн, Цогзолмаа, Пад, Хүүхэндүү, Төмөрмөнх нар нь нас барсан, төрсөн дүү Мижидийн Бөмбөр тус аймгийн Сайншанд сумын 5 дугаар багт оршин суудаг боловч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн хүүхдэд олгох нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг төрсөн эгч А.Цэрэнд олгохыг зөвшөөрч, дангаараа авахад татгалзах зүйлгүй гэсэн иргэний хэлцэл хийж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар гэрчлүүлсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгч А.Цэрэн өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул Б.Ган-Уулыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулахаар 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэл хийлгэж, нотариатаар гэрчлүүлсэн нь үндэслэлтэй. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт зааснаар 80.000.000 /наян сая/ төгрөгийг төрөөс гаргуулж, иргэн Аюурын Цэрэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч болон прокурорын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Цэрэн нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Мядагийн Төмөрийн нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Уул нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд буюу өмгөөлөгч Ю.Нямсүрэнг оролцуулан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч А.Цэрэнгийн аав Мядагийн Төмөр нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэгдэж, цагаатгагдсан болох нь Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 05/4228 дугаар лавлагаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр магадлалаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.Цэрэн нь хэлмэгдэгч Мядагийн Төмөрийн хүүхэд болох нь Монгол Улсын Цагаатгах ажлыг Удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1056 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 136/ШШ2020/00365 дугаартай хүчин төгөлдөх шүүхийн шийдвэрээр тогтоогдож байна.

Хэлмэгдэгч М.Төмөрийн хүүхдүүд болох М.Лувсандорж, М.Шархүүхэн, М.Хүүхэнхүү, Ц.Цогзолмаа, М.Пад, М.Төмөрмөнх нар нас барсан болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 169/010075 дугаартай Мижидийн Лувсандорж /РД:ЕС31030711/-ийн нас барсны лавлагаа, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005/000171 дугаар Мижидийн Шархүүхэн /РД:ЕЭ26040468/-ийн нас барсны лавлагаа, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005/000170 дугаар Цэвээний Цогзолмаа /РД:ЕЛ35011806/-гийн нас барсны лавлагаа, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Нас барсны бүртгэлийн 1951 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн хоорондох бүртгэлд М.Падын нас барсныг бүртгэсэн бүртгэл, Дорноговь аймаг дахь Төрийн архивын Нас барсны бүртгэлийн 1984 оны 07 дугаар сарын 20-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох бүртгэлд Мижидийн Хүүхэндүүг нас барсныг бүртгэсэн бүртгэл, гэрч Т.Батттөмөрийн ...миний аав М.Төмөрмөнх 1976 оны 03 дугаар сард нас барсан гэх мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд А.Цэрэн, М.Бөмбөр нараас өөр хүүхэд байхгүй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт ...Хэрэв аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцвол шүүх түүний дагуу шийдвэрлэнэ. гэж заасны дагуу М.Бөмбөр/РД:ЕЛ36050209/ нь нөхөх олговрын 80 000 000 төгрөгийг өөрийн төрсөн эгч А.Цэрэнд олгохыг зөвшөөрч, дангаараа авахад татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргаж 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлжээ.

 

Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам-д энэ журмын гуравт заасан баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан сонинд сар бүр зарлана гэж журмын 4.9-т заасны дагуу А.Цэрэн нь 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн /6447/ дугаартай Зууны мэдээ сонинд нийтлүүлж, ийнхүү нийтлүүлснээс хойш 30 хоногийн хугацаа өнгөрсөн байна.

 

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Мядагийн Төмөрийн нөхөх олговор 80 000 000 төгрөгийг Хатанбулаг сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан түүний төрсөн охин А.Цэрэнд олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч А.Цэрэн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө: 41.1.9.хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, түр саатуулах арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэл; гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Мижид овогт Аюурын Цэрэн /РД:ЕЛ37111609/-д 80 000 000 /наян сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын санхүүгийн хэлтсээс гаргуулан олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Цэрэн нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА