Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           05           08                                             2024/ШЦТ/120

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул  

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2439001210144 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Эвт" худалдааны төвийн баруун талд байрлах нүүрс зардаг газарт хардалтын улмаас хохирогч Х.*******тай маргалдаж улмаар нүүрний хамар хэсэгт нь нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг ******* 11-17 тоотод эхнэр, хүүхдийнхээ хамт амьдардаг. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд миний эхнэр Л.******* бид хоёр ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн баруун талд нүүрс зардаг газраас нүүрс худалдан авахаар машиндаа суугаад хүлээж байх хооронд ******* гэх зүс таньдаг залуу машинтайгаа миний машины хажууд ирж зогсоод цонхоо онгойлгоод намайг “Ална шүү писда минь, уулзъя” гэхээр нь би ч гэсэн машиныхаа цонхыг онгойлгоод “за, яасан” гэж асуусан чинь ******* машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй шууд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохичихсон. Тэгэхлээр нь би шууд цонхоо хаагаад хаалгаа түгжээд миний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар иртэл тухайн газартаа хүлээгээд удалгүй цагдаа ирээд намайг эмнэлгийн байгууллагад үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн учир би цагдаа нартай хамт эмчид үзүүлсэн...” гэжээ. (хх-ийн 33-35)

 

Шүүгдэгч С.*******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 13 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн баруун талд байрлах нүүрс зардаг газарт ******* гэх залуугийн нүүрэн тус газарт гараараа 1 удаа цохиж, биед нь гэмтэл шарх учруулсан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй, би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 58-30)

 

Гэрч Н.*******ийн мэдүүлэг (хх-ийн 37-38),

Гэрч А.*******ын мэдүүлэг (хх-ийн 40-41),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай “...1.2. Х.*******ын биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх дүгнэлт  (хх-ийн 49-50)

Хэнтий Нэгдсэн Эмнэлгийн Онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 47)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 61)

С.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар,  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 64, 67, 62-63) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Эвт" худалдааны төвийн баруун талд байрлах нүүрс зардаг газарт хохирогч Х.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамар хэсэгт нь нэг удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч С.*******гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.*******ын “...2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 цагийн орчимд миний эхнэр Л.******* бид хоёр ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эвт” худалдааны төвийн баруун талд нүүрс зардаг газраас нүүрс худалдан авахаар машиндаа суугаад хүлээж байх хооронд ******* гэх зүс таньдаг залуу машинтайгаа миний машины хажууд ирж зогсоод цонхоо онгойлгоод намайг “Ална шүү писда минь, уулзъя” гэхээр нь би ч гэсэн машиныхаа цонхыг онгойлгоод “за, яасан” гэж асуусан чинь ******* машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүй шууд миний хамар хэсэгт нэг удаа гараараа цохичихсон. Тэгэхлээр нь би шууд цонхоо хаагаад хаалгаа түгжээд миний эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд цагдаа нар иртэл тухайн газартаа хүлээгээд удалгүй цагдаа ирээд намайг эмнэлгийн байгууллагад үзүүлэх хэрэгтэй гэж хэлсэн учир би цагдаа нартай хамт эмчид үзүүлсэн...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч С.*******гийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдолтой, баримт байхгүй учир нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Х.******* нь эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.*******гоос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч Х.******* нь эмчилгээний болон бусад зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд С.*******гоос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР