Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2021/00057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 03 өдөр Дугаар 136/ШШ2020/0057 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Эрх чөлөө гудамжны 114-14 тоотод оршин суух, эмэгтэй, 37 настай, Уурагч овогт Пүрэвдоржийн Ууганцэцэг /РД:ЕБ84120601/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын Соёмбо 13-08 тоотод оршин суух, эрэгтэй, 39 настай, Шарав овогт Бандийн Эрдэнэжаргал /РД:ЕГ82061630 /холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Ууганцэцэг, хариуцагч Б.Эрдэнэжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пүрэвдорж овогтой Ууганцэцэг миний бие нь 2003 оноос хойш Бандийн Эрдэнэжаргалтай хамтын амьдрал зохиосон юм. Бид хамт амьдарч байх хугацаандаа 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр том охин Э.Шүрэнцэцэг төрсөн, 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бага охин Э.Шүүдэрцэцэг төрсөн юм. Амьдарч байх хугацаандаа гэр бүлийн баталгаатай байсан юм. Бид зан харьцааны хувьд таарахгүй, тус тусын амьдралтай болсон тул 2013 оны 10 дугаар сарын 18-нд Бандийн Эрдэнэжаргалын хүсэлтийн дагуу гэрлэлтийн баталгаагаа салгасан. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул том охин Э.Шүрэнцэцэг, бага охин Э.Шүүдэрцэцэг болох 2 хүүхдэд маань тэтгэмж гаргуулж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шарав овогтой Бандийн Эрдэнэжаргал миний бие нь 2003-2013 оны хооронд Пүрэвдорж овогтой Ууганцэцэгтэй гэр бүлийн амьдрал зохиосон. Амьдарч байх хугацаанд Э.Шүрэнцэцэг, Э.Шүүдэрцэцэг төрсөн. Э.Шүрэнцэцэг, Э.Шүүдэрцэцэг нар нь миний хүүхдүүд мөн болно. Бандийн Эрдэнэжаргал миний бие 2014 оноос хойш Ө.Өлзийбаяр гэх хүнтэй ханилан 5 хүүхдийг өсгөн хүмүүжүүлж байна. Энэ таван хүүхдүүдээс Өлзийжаргал, Өнөржаргал, Нандинжаргал нар нь бид хоёроос төрсөн болно. Б.Эрдэнэжаргал миний бие нь эрхэлсэн тогтсон ажилгүй, хааяа хүний том тэрэг жолоодож амьдралаа залгуулж байна. Өөрийн гэсэн хөрөнгө байхгүй, дөрвөн ханатай гэртэй долуулаа амьдардаг. Эхнэр Ө.Өлзийбаяр гэртээ хүүхдүүдээ харан ажилгүй байдаг. Тус амьдралыг минь харгалзан үзэж хүүхдэд олгогдох мөнгийг нэг хүүхэд дээр минь багаар тогтоож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч П.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Миний бие Пүрэвдорж овогтой Ууганцэцэг нь хариуцагч Банди овогтой Эрдэнэжаргалын 1 хүүхэд дээр хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн тайлбарын зөвшөөрөхгүй байна. Охин Э.Шүрэнцэцэг, Э.Шүүдэрцэцэг нарт тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлээ дэмжиж байна. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгч П.Ууганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Эрдэнэжаргал бид 2003 онд гэр бүл болоод 2005 онд том охин, 2009 онд бага охин маань төрсөн. 2013 онд шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцалсан. Тэгээд тухайн үедээ хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч Б.Эрдэнэжаргал төлөх боломжгүй, хүүхдүүдэд хэрэгцээний мөнгийг тухай бүрт нь өгч байя гэж гуйсны дагуу зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан юм. Гэвч 8 жилийн хугацаанд тэтгэлгийн мөнгө хангалттай төлөөгүй болохоор шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. гэв.

 

Хариуцагч Б.Эрдэнэжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би өмнө нь амьдралын шаардлагаар бага хэмжээгээр өгдөг байсан. Сүүлийн үед арай их өгч байгаа гэхдээ огт өгдөггүй биш. ... Би нэг хүүхдийн тэтгэлгийг тогтоолгож өгнө үү гэсэн саналтай байна. Миний арын амьдрал хэцүү, тогтсон ажил байхгүй олсон орлогоороо амьдардаг. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Ууганцэцэг нь хариуцагч Б.Эрдэнэжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

П.Ууганцэцэг болон Б.Эрдэнэжаргал нар нь 2003 онд танилцаж хамтран амьдарч, гэрлэлтээ бүртгүүлсэн ба 2013 онд гэрлэлтээ цуцлуулсан талаар тайлбар гаргаж, энэ талаар маргаагүй. Дээрх хугацаанд зохигчдын дундаас 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр охин Б.Шүрэнцэцэг /РД:ЕБ05291401/, 2009 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Шүүдэрцэцэг /РД:ЕБ09291209/ нар төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээ, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй гэж, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хариуцагч буюу хүүхдийн эцэг Б.Эрдэнэжаргалаас тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй хүүхэд болох Б.Шүрэнцэцэг, Б.Шүүдэрцэцэг нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтмол хөдөлмөр эрхэлдэггүй, орлого багатай тул тэтгэлгийг нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээгээр тооцож шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа талаар тайлбар гаргажээ. Тэтгэлэг төлөгч ажил хөдөлмөр эрхлэхгүй, бага орлоготой байгаа нь тэтгэлгийн хэмжээг бууруулах, тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх, хуульд зааснаас багаар тогтоох үндэслэл болохгүй юм.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 54 771 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд төлүүлж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Ш, Б.Ш нарт тус бүрд нь 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Э тэтгэлгийг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Э 54 771 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА