Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2021/0010/З |
Дугаар | 109/ШШ2021/0019 |
Огноо | 2021-03-25 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 109/ШШ2021/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.Б
Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нар
Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00725 дугаартай шийдвэрээр Архангай аймгийн Хангай сумын ардын зориг нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгож, өндөр насны тэтгэврээ тогтоолгож авсан. Гэтэл 2020 оны 12 дугаар сард түүнийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ир гэж дуудаж, ирэхэд нь шүүхийн шийдвэр буруу гарсан байна хуурамч шийдвэр, баримт авчир гэсэн шаардлага тавьсан байдаг ба үүнииг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, тэтгэврийг үргэлжлүүлэн олгож өгөхийг хүсч, хэлээд явсан байдаг. Гэтэл 2021 оны 1 дүгээр сараас түүний өндөр насны тэтгэврийг зогсоосон. Энэ талаар асуухад нотлох баримт авчир гэсэн өмнө тавьсан шаардлагаа дахин тавьдаг. Ч.Б-н эрх зүйн ач холбогдол бүхий байдал болох улсад ажилласан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Иймд Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгосон. Өнөөдрийг хүртэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна. Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах хуулийн дагуу нэг хэсэг нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн баримтуудыг үндэслээд нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хүлээн аваад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.2 дахь хэсэгт заасан нөхцөл бүрдсэн байна үзэж тэтгэврийг шалгаж тухайн хүний тэтгэврийг олгосон. 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр сум руу нь мэдэгдэл явуулсны дагуу 12 дугаар сард өөрөө нийгмийн даатгалын хэлтэст ирж уулзсан. 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн хүний тэтгэврийг зогсоосон. Тухайн хүнд тэтгэвэр зогсоох талаар албан ёсоор мэдэгдээгүй. 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай улсын байцаагчийн акт гаргаад хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон тул Ч.Б-с мөнгийг гаргуулж төлүүлнэ гэсэн акт гаргасан. Тухайн актыг гаргахдаа Ч.Б-тай ярьж уулзсан талаарх нь тодорхойгүй байдаг. Сумынхаа нийгмийн даатгалын хэлтэс рүү хандсан акт гаргасан хэрнээ иргэн рүү дамжуулж мэдэгдэнэ гэсэн тайлбар хэлж байдаг. Энэ үйл ажиллагаа нь хууль зөрчиж байна. Төрийн байгууллага нь хууль дээдлэх үндсэн зарчимд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Иргэн рүү хандсан үйл ажиллагаа явуулах байтал нийгмийн даатгалын хэлтэс нь үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэсэн хэд хэдэн хуулийн зүйл заалтыг зөрчиж байна. Иймд хууль бус гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан. нэхэмжлэлээ дэмжиж энэ шүүх хуралдаанд оролцож байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Яагаад хууль бус гэж үзсэн бэ гэдэгт тайлбар хийе. 1982-1991 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгосон Ч.Бы шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Энэ үйл явдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т зааснаар нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг дахин нотолж тогтоох боломжгүй гэж хуульчилсан. Нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоосон баримтад маргаан үүсгэж шүүхэд хандах болон хүчингүй болгох эрхгүй юм. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт зааснаар хэн ч маргах эрхгүйг заасан. Тухайлбал нийгмийн даатгалын хэлтэс нэгэнт гаргасан шүүхийн шийдвэртэй маргах эрхгүй. Гэтэл Нийгмийн даатгалын байгууллага нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримталдаг. Үндэслэл нь юу гэхээр хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болж тэтгэвэр тэтгэмж авах эрх нь үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгон авсан нь тогтоогдвол тэтгэврийн олголтыг зогсооно гэсэн байдаг. Нийгмийн даатгалын байгууллага нь Ч.Б-н нотлох баримтуудыг хуурамч нотлох баримт гэдгийг Цагдаагийн байгууллагад хандаж, шалгуулаагүй байдаг. Өмнө нь нийгмийн даатгалын байгууллага Ч.Б-н нотлох баримтуудыг хянасан байдаг. Шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр байна гэдэг нь нотлогдсон. Тэгэхээр нийгмийн даатгалын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж тэтгэвэр зогсоосон гэж үзэх боломжтой бөгөөд энэ үйл явдал бүхэлдээ хүчингүй байхад акт тогтоогоод байгаа нь хууль бус юм. Иймд нийгмийн даатгалын улсын байцаагчийн актыг хүчингүй болгож тэтгэвэр зогсоосон нь хууль бус болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын Ерөнхий газрын хяналт шалгалттай холбогдуулан дотоодын хяналт, шалгалт зохион байгуулах үүрэг чиглэл өгсний дагуу хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан удирдамжийн дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр тогтоолт, олголтонд хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар тэтгэвэр авагч Ч.Б-н материалыг шалгахад 2013 онд Нийгмийн даатгалын хэлтэст “Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалд 1986 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 6 дугаар сарын 21—ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан, 1985-1987 онд сүү тосны заводод ажилчин, конторын галч, нэгдлийн аж ахуйд манаачаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл авто сургуульд сурсан, хувийн өргөдөлд 1985-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэсэн байна. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00726 дугаар шийдвэр нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа тул тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн. Иймд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэлтэст дуудан ирүүлж “Тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл” хөтөлж, нотлох баримтаа 12 дугаар сард багтаан авчирч өгөхийг зөвлөсөн боловч авчирч өгөөгүй бөгөөд “Би шүүх цагдаагийн байгууллагад хандана” гэж хэлээд явсан байдаг. Иймд хэлтсийн даргын 1/635, улсын байцаагчийн 47 тоот актыг тус тус үндэслэн тэтгэвэр зогсоох мэдэгдлийг иргэн Ч.Б-д хүргүүлэн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу тэтгэврийг түр зогсоосон.
Хэлтсийн даргын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 1/87 тоот албан бичгээр Аймгийн архивын тасгаас Ч овогтой Б-тай холбоотой 1983-1992 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан үеийн лавлагааг гаргуулахаар хүсэлт явуулсны дагуу аймгийн Архивын тасгийн 2021 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 19 тоот албан бичгээр Ч.Б-г Хангай сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан үеийн 158 тоот цалингийн тодорхойлолтыг ирүүлсэн байна. Иймд цэрэгт явсан, Авто сургуульд сурсан болон галч, манаачаар ажилласан хугацааг Ардын зориг нэгдэлд малчнаар ажилласан гэж шүүхээр тогтоолгосон байх магадлалтай тул тэтгэврийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэж үзэж байна. Ч.Б-н 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн авсан 8,923,333 /Найман сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийг буцаан төлүүлж Нийгмийн даатгалын санг хохиролгүй болгохоор улсын байцаагчийн акт тогтоогоод байна гэжээ.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтаар 2020 оны 11 дүгээр сард хяналт шалгалт явуулж байтал Ковид-19 цар тахал гарч хол хорио тогтоох болж шалгалтаа дуусгаагүй буцсан. Ерөнхий газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу дотоод хяналт шалгалтаар малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн хувийн хэрэг материалыг шалгах удирдамжийг хэсгийн даргаар батлуулж хийсэн. Энэ үед шалгалтаар Хангай сумын иргэн Ч.Б-н 2018 оы 9 дүгээр сарын 06-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7.1 дэх хэсэгт заасан нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгосон. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэг нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар бүрдүүлж өгсөн баримттай тулган үзэхэд зөрсөн. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хүрээнд бүрдүүлж өгсөн материалаас Ч.Б-н хөдөлмөрийн дэвтэр 1996 оны 8 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой 036725 дугаартай хөдөлмөрийн дэвтрийг конандаж өгсөн байдаг. Хөдөлмөрийн дэвтэрт 1980-1983 онд хугацаат цэргийн алба хаасан 1985 оны 6 сараас 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Хангай сумын Ардын зориг нэгдлийг сүү тосны зовудад ажилласан. 1986-1987 онд Ардын Зориг нэгдлийг галчийн үүрэгт ажлаас нь чөлөөлж Ардын зориг нэгдлийн аж ахуйн манаачаар томилсон. 1987 онд жолооны курс элсүүлэн суралцуулав. 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хөдөө аж ахуйн удирдах газрын мэдэлд шилжүүлэв гэсэн хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй зөрсөн байдаг. Тухайн хүний баримтууд зөрсөн учраас 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг зогсоох мэдэгдлийг Архангай аймгийн Хангай сумын байцаагч Н.С-р дамжуулан хүргүүлсэн байдаг. Өөрийн биеэр ирж уулзахыг мэдэгдсэн. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Нийгмийн даатгалын хэлтэст ирэхээр нь уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Уулзалтын тэмдэглэл 1980-1983 онд цэргийн алба хаасан. Цэргээс ирээд нэгдэлд 1 жил ажиллаж байгаад одоо хүртэл мал маллаж байна гэсэн уулзалтын тэмдэглэл өгсөн байгаа. Тухайн үед шүүхийн шийдвэр хөдөлмөрийн дэвтрийн бичилттэй зөрж байна гэж нөхцөл байдлыг танилцуулахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй. Ажилласан байсан байдлаа тогтоолгохоор өөрөө материалаа бүрдүүлж өгсөн хэлсэн. 2021 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 36 тоот актыг бичиж сумын байцаагчаар нь дамжуулан танилцуулах гэж 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хандахад шүүхэд хандсан гэдэг өргөдөл бичиж өгсөн байдаг гэв.
Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ч.Б нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан нийгмийн даатгалын хяналт шалгалтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ судалгаа, бусад холбогдох баримт бичгийг ажил олгогч болон даатгуулагчаас үнэ төлбөргүй гаргуулна гэсний дагуу тухайн хүнээс нотлох баримтыг шаардсан хэдий ч нотлох баримтуудаа авчирч өгөөгүй. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд тэтгэвэр тэтгэмж авахдаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүй бол илүү авсан тэтгэвэр тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн шийдвэр, эсхүл Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр гарсан бол түүнийг үндэслэж 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 тоот Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарсан. Энэ тушаалыг үндэслэж 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 36 тоот актыг гаргасан. Энэ актыг хууль ёсны хуулийн хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ч.Б-аас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, тус хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгуулах” /нэмэгдүүлсэн/ шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хууль бус болохыг тогтоох, акт гаргахыг даалгах, захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан албан тушаалтан болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй.
Нэг. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд:
Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сард Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст дотоод хяналт, шалгалт хийж, иргэн Ч.Б-н 2013 онд ажилласан жил нөхөн тооцуулахаар тус хэлтэст өгсөн материалд авагдсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй зөрсөн тул хуурамч баримт бичиг бүрдүүлэн тэтгэвэр авсан байх магадлалтай гэж үзэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/165 дугаар албан бичгээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг зогсоох нэр бүхий иргэдийг хавсралтаар баталсны дотор Хангай сум, 4 дүгээрт Ч.Б, хөдөлмөрийн дэвтрийн цэргийн жил, галч манаачаар ажилласан жил, шүүхийн шийдвэр нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00726 дугаартай, малчнаар тогтоосон гэж дурджээ. /х.х.-н 127-128/
Улмаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 1/635 дугаар албан бичгээр Ч.Б-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоох талаар албан бичиг хүргүүлжээ. /х.х-н 129/
Дээрх албан бичгүүдийг үндэслэн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зогсоосон үйлдэлд холбогдуулан 2021 оны 01 дүгээр 02 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ. /х.х-н 1-2/
Хоёр: Нэхэмжлэгч Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:
Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч, иргэн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйл. Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: 5/ өндөр наслах... хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй:,
Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр.. авах эрхтэй.”,
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно.” гэж зааснаар хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, улсын байцаагч нар нь нэхэмжлэгч Ч.Б-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:
1. Нэхэмжлэгч Ч.Б-н тухайд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэг Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно: 135.2.6.-т “хүний ажиллаж байсан байдал” гэж зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээ гаргажээ. /х.х-н 21/
2.Улмаар тус шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00726 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Т овгийн Ч-гийн Б-н Архангай аймгийн Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ. /х.х-н 53-56/
3.Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар тушаалын хавсралт “Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журам”-ын 3.1.6.-д “Иргэний 1995 оноос өмнө ажилласан хугацааг архивын лавлагаа, шүүхийн шийдвэрээр тооцох тохиолдолд тухайн архивын болон шүүхийн байгууллагаас ирүүлсэн лавлагаа, шийдвэрийг хавсаргана.” гэж;
4.Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1. дэх хэсэгт “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана.” гэж тус тус зааснаар Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Ч.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дээрх хугацааг харгалзан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7. дахь хэсэг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/-д “нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;” гэх нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоожээ. /х.х.-н 65/
5.Тодруулбал, Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 10 жил, 1 өдөр, Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тодорхойлолтод дурдсан 1990-1994 онд малчнаар ажилласан 5 жил, Архангай аймгийн Архивын тасгийн 749 дугаартай Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа зэргийг оролцуулан иргэн Ч.Б-г малчнаар ажилласан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоожээ. /х.х-н 69-73, 75-102/
6.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь нэхэмжлэгч Ч.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, тэтгэвэр тогтоосон нөхцөлийн талаар маргаагүй болно.
7.Архангай аймгийн Нийгмийн даатгалын газар нь тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00726 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийн 120.1.1-д зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтыг хариуцагч тал шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь үндэслэлгүй байна. /х.х-н 154/
8.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.”, 110 дугаар зүйлийн 110.2. дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж тус тус заасан.
9.Иймд захиргааны хэргийн шүүх нь Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин шалгах, үнэлэлт өгөх боломжгүй, хэргийн оролцогч хэн аль нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байхад шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг үгүйсгэж, шүүхийн шийдвэртэй холбогдуулж маргасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
10.Нэхэмжлэгч Ч.Б-н нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилийн задаргааг үзвэл, Хангай сумын Ардын зориг нэгдэлд малчнаар 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 10 жил 1 өдөр, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2001 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан жил нөхөн тооцуулсан 11 жил, нийт 21 жил 0 өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. /х.х-н 66, 69-72, 162/
11.Төрийн банкны Архангай аймаг дахь салбараас ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 35/151 дүгээр албан бичиг, иргэн Ч.Б-н дансны хуулгаас үзвэл, иргэн Ч.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тэтгэвэр авсан байх бөгөөд 2021 оны 1 дүгээр сараас хойш өндөр насны тэтгэвэр нь ороогүй байна./х.х-н 142-144/
12.Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжлэгч Ч.Б-н өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.” гэж зааснаар 2021 оны 1 дүгээр сараас эхлэн зогсоосон байна.
13.Хариуцагчаас иргэн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үндэслэлээ “ ... иргэн Ч.Б-н 1986 онд нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан, 1985-1987 онд сүү тосны заводод ажилчин, конторын галч, нэгдлийн аж ахуйд манаачаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл авто сургуульд сурсан, хувийн өргөдөлд 1985-1988 онд Ардын зориг нэгдэлд ажилласан гэсэн байна. Гэтэл Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 129/ШШ2018/00726 дугаар шийдвэр нь 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосон нь дээрх материалтай зөрж байгаа тул тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлэн шүүхийн шийдвэр гаргуулсан ...” гэж тайлбарлажээ.
14.Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн маргаж буй үндэслэлийг тодруулахад, нэхэмжлэгч Ч.Б-н 1986 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1980-1983 он хугацаат цэргийн алба хаасан, 1985-1988 онуудад Хангай сумын Ардын зориг нэгдлийн сүү тосны заводод ажилчин, конторын галч, нэгдлийн аж ахуйд манаачаар, авто сургуульд сурсан зэрэг бичилт хийжээ. Түүнчлэн уг хөдөлмөрийн дэвтэр нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хуулбар хувь хадгалагдаж байна. /х.х-н 103-105/
15.Иргэн Ч.Б-н 2013 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Архангай аймгийн Хангай сумын Засаг даргын тамгын газрын даатгалын тасагт гаргасан өргөдөлд “ ... Ч.Б миний бие 1980-1983 онуудад цэргийн алба хааж ирээд 1985-1988 оныг дуустал Ардын зориг нэгдэлд ажиллаж байгаад нэгдэл тарснаас хойш ажил хийгээгүй учир 1990-2000 оны хоорондох ажилласан жилийг нөхөн тооцож өгнө үү” гэжээ. /х.х-н 106/
16.Мөн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2021 оны дугаар сарын 24-ний өдрийн 08/818 дугаар лавлагаанд: “Ч-гийн Б нь Архангай аймгийн НАХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 451 дүгээр тушаалаар цэрэгт татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 516 дугаар тушаалаар 06 дугаар сарын 19-ний өдрөөс цэргээс халагджээ.” гэжээ./х.х-н 156/
17.Дээрх үйл баримтаас үзвэл хариуцагч байгууллага нь 2012 оны Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн тооцох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д /хүчингүй/ зааснаар иргэн Ч.Бы /даатгуулагч/-ийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг /1990-2000 он/ нөхөн тооцуулахдаа өгсөн материалыг 2018 онд 0281417 дугаартай тэтгэврийн хувийн хэргийг нээх, анх өндөр насны тэтгэврийг тогтоохдоо холбогдох баримтуудыг харьцуулан нягтлан шалгах, хууль, журам, дүрэмд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тэтгэвэр тогтоохоос өмнө шалгаж, тогтоох үүрэгтэй, хэрэв хуулиар тогтоосон шаардлагыг хангаагүй бол тэтгэвэр тогтоохоос татгалзах эрхтэй.
18.Гэтэл эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтнууд /Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, байцаагчид/ хянаж баталгаажуулан тэтгэвэр тогтоохдоо тэтгэвэр тогтоолгогч Ч.Б-н хүсэлтэд хавсаргасан баримтуудыг үнэн зөв эсэх, өмнө өгсөн гэх 2013 оны материалыг хянаж шалгаагүй, гаргаж өгсөн өргөдөл, холбогдох баримтуудын үндэслэн тэтгэврийг 2018 онд тогтоож, 3 жилийн дараа тухайн тэтгэврийг зогсоож байгаа үйлдэл нь хууль бус байна.
19.Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Ч.Б нь ямар баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа нь тодорхойгүй, хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, мөн Ч.Б-н ажиллаж байсан байдлыг тогтоосон шүүхийн шийдвэрийг эрх бүхий этгээдийн хүчингүй болгосон, эсхүл өөрчилсөн талаар шийдвэр, магадлал, тогтоол гараагүй байхад Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3. дахь хэсэгт “Нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгохгүй байх нөхцөлийг хуулиар тогтоож болно.”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл “Хуурамч бичиг баримт бүрдүүлснээс тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсээгүй байхад тэтгэвэр буюу тэтгэмж тогтоолгон авсан нь тогтоогдвол түүний олголтыг түдгэлзүүлэн зогсооно.”-ийг зөрчиж, нэхэмжлэгч Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоож, хариуцагч байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигджээ.
20.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “нэхэмжлэгч хуурамч нотлох баримтаар тэтгэврээ тогтоолгосон гэж үзэж байна” гэж мэтгэлцсэн бөгөөд хуурамч нотлох баримтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон гэх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй, хуурамч нотлох баримтаар тэтгэвэр тогтоолгосон нь нотлогдсонгүй.
21.Хуурамч бичиг баримт гэдэг нь албан ёсны баримт бичгийг бүхий л арга, хэрэгсэл ашиглан, бүрэн дуурайлгаж буюу хэсэгчлэн /тамга тэмдэг, гарын үсгийг хуурамчаар үйлдэх, бичвэрийн агуулгыг өөрчлөх буюу засварлан/ өөрчлөх буюу уг үйлдэл нь эрүүгийн журмаар шалгаж тогтоогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан байхыг ойлгоно.
22.Дээрхи үйлдлийг зөрчсөн гэж үзвэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 4. дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тухайн асуудлаар холбогдох цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргах эрх нь нээлттэй байхад энэ үүргээ биелүүлээгүй байна.
23.Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл нь хууль бус байх тул, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Гурав. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай акт хууль зүйн үндэслэлтэй эсэх тухайд:
24.Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нар 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актаар Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хүрээнд 2018-2020 онд малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн тэтгэврийн тогтоолт, олголтын үндэслэлийг мэдээллийн нэгдсэн сангийн өгөгдөл, анхан шатны баримтуудад тулгуурлан шалгажээ.
25.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 1 дэх заалтыг зөрчиж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоосон зөрчил илэрсэн гэж үзэн хэлтсийн даргын 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/10 дугаар тушаал, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон Ч.Б-р тэтгэврийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэж, нөхөн төлөх 8,923,333 /найман сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун гучин гурван/ төгрөгийн тэтгэврийг Эрдэнэбулган сумын Хаанбанк дахь тэтгэврийн сангийн ******** тоот дансанд 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхийг Хангай сумын Нийгмийн даатгалын байцаагч /Б.С/-д хариуцуулжээ./х.х-н 146/
26.Нэхэмжлэгч Ч.Б нь актаар тогтоосон төлбөрийг эс зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, маргасан байна.
27.Хариуцагч нараас маргаан бүхий 36 дугаар актын үндэслэлээ “ ... иргэн Ч.Б-н хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь шүүхийн шийдвэрээр тогтоосон малчнаар ажилласан жилтэй зөрж байгаа, тэтгэвэр авагчийн бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байна гэж үзсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш олгосон тэтгэвэр болох 8,923,333 төгрөгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон ...” гэж тайлбарлажээ.
28.Тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нар нь маргаан бүхий актаа гаргахдаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэсэн байна.
29.Уг хуулийн заалтуудыг дүгнэхэд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Ч.Б-н тэтгэвэр, тэтгэмж олголтыг түдгэлзүүлэн зогсоохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон байх бөгөөд бичиг баримт нь хуурамч болох магадлалтай гэж үзэж улсын байцаагч акт гаргасан хууль бус байна.
30. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалт “ тэтгэвэр авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс болон энэ хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт /уг хуулийн заалт нь тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй/ заасан үүргээ өөрийн буруугаас болж биелүүлээгүйгээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл ниймгийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол тэтгэвэр тэтгэмжийн суутгал хийх гэсэн хуулийн заалтыг үндэслэж маргааны бүхий 36 дугаар актыг гаргасан хууль бус байна.
31.Дээрхи хуулийн заалт нь тэтгэвэр авагч Ч.Б-н тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоох, тэтгэврээс суутгал хийх хуулийн зохицуулалт юм.
32.Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1-ийн 1/, 23 дугаар зүйлийн 1, 26 дугаар зүйлийн 1., 2 дахь хэсгийн 1/, Монгол Улсын Засгийн газрын 354 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4.1.1., 4.1.4., мөн тогтоолын 2-р хавсралтаар “Нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм”-ийн 1.1., 2.4.3., 2.4.5., 2.4.13, 3.5., 3.6., 3.6.3., 3.7., 5.2., дэх хэсэгт зааснаар нийгмийн даатгалын улсын байцаагч нар хууль дээдлэх, .. даатгуулагчийн .. хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах үйл ажиллагааны зарчим, дүрэм, журмуудыг зөрчжээ.
33.Учир нь: Архангай аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч нар нь 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчийн хувийн хэрэг шалгах шалгалтын удирдамж” -ийг дагуу хяналт шалгалтыг 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-нийг хүртэл ажлын 60 хоногт багтаан явуулахаар болжээ.
34.Улмаар уг хяналт, шалгалт хийхээс өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 01 албан бичигт: “ Ч овогтой Б-ны тэтгэврийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс түр зогсоохыг мэдэгдэж байна.” гэж, мөн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/625 дугаар албан бичигт “.. нэр бүхий тэтгэвэр авагч нарын бичиг баримт нь хуурамч болох магадлалтай байх тул ... нэр бүхий иргэдийн тэтгэврийг зогсоох болсныг мэдэгдье. Уг албан бичгийн хавсралтын 4-рт Ч.Б” гэж., хариуцагч нарын шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбарт “... 2020 оны 12 дугаар сарын 01-нээс зогсоох мэдэгдлийг 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр.. мэдэгдсэн..” гэжээ. /х.х 126-128, 130, 172/
35.Нийгмийн даатгалын улсын байцаагч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг гаргахаасаа өмнө 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч, өндөр насны тэтгэвэр авагч Ч.Б-д маргаан бүхий актаа урьдчилан танилцуулсан нь хууль бус бөгөөд хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчсөн байна.
36.Иймд шүүхээс тэтгэвэр зогсоосон үйлдлийг хууль бус гэж үзсэн, уг хууль бус эс үйлдэхүй, түүний үндэслэлд дурдсан маргаан бүхий үйл баримтыг үндэслэн гаргасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, улсын байцаагч Д.Г нарын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай акт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдлоо.
37.Түүнчлэн улсын байцаагч нар нь “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалтын дагуу иргэнтэй уулзан “Уулзалтын тэмдэглэл” хөтлөн нөхцөл байдлыг танилцуулсан гэж” тайлбарласан нь нотлогдоогүй байна. Учир нь:
38. Уг уулзалт тэмдэглэл нь 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн бөгөөд маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаар улсын байцаагчийн актаа гарсны дараа танилцуулсан, мэдэгдсэн, саналыг нь авсан гэж үзэхгүй болно. /х.х 148-149/
39. Мөн захиргааны байгууллага болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, улсын байцаагч нар нь тухайн иргэний өндөр насны тэтгэврийг зогсоох, маргаан бүхий актаа гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 24 дүгээр зүйлийн 24.1. дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.” гэж зааснаар тэтгэвэр тогтоох захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргийг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
40. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.”, 43 дугаар зүйл. “Захиргааны актыг мэдэгдэх”, 43.4. “ Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно.” гэж зааснаар сонсох ажиллагааг явуулж, санал хүсэлтийг шийдвэр гаргахад тусгаагүй, мэдэгдээгүй, гардуулаагүй, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөөгүй, бодит нөхцөл байдлыг тогтоосон байх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, маргаан бүхий 36 дугаар актыг гаргахдаа хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдал тохирсон, үндэслэл бүхий акт гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдлоо.
41.Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл: нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай 8 дугаар зүйлийн 1., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7-ийн 1/ дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Ч.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Ч.Б-н өндөр насны тэтгэврийг зогсоосон үеэс /2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр/ нөхөн олгохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.
2. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5., 26 дугаар зүйлийн 26.1., Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 1/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 27 дугаар зүйл, дүгээр зүйлийн 7-ийн 1/ дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 36 дугаартай актыг хүчингүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА