Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1887

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Иын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01274 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Иаас хариуцагч С.Од холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компани эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 8 000 000 төгрөгийг буцаан гаргуулах,

Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Г.Иаас гэрээний үлдэгдэл төлбөрт 4 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.И,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Хариуцагч С.О,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр С.Отай Компанийн эзэмших эрх шилжүүлэх тухай, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж барилга барих тусгай зөвшөөрөл бүхий “Гурван од констракшн” ХХК-ийн 70 хувийн эрх болон хувьцааг нийт 12 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгчийн эрхэлдэг бизнесийн хүрээнд барилгын тусгай зөвшөөрөл бүхий тогтвортой ажилладаг компани хэрэгтэй байснаас 8 000 000 төгрөгийг хариуцагчид төлж үлдэх 4 000 000 төгрөгийг 1 сарын дараа төлөхөөр тохиролцсон байсан. Гэрээ байгуулагдах үед хариуцагч барилгын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах дөхөж байгаа, сунгалт хийлгэх ажлыг өөрөө хариуцна, татвар болон нийгмийн даатгалын газруудад өргүй гэсэн цаасыг үзүүлж гэрээгээ хийсэн. Нэхэмжлэгч нь компанийн бичиг баримт, барилга барих тусгай зөвшөөрлөө сунгуулах, санхүүгийн жилийн эцсийн тайлангаа өгөхөөр Баянзүрх дүүргийн Санхүү, Төрийн сангийн хэлтэст хандахад Татварын албанаас тайлангаа өгөхгүй 4 жил болсон учраас хасалтад орсон компани байна, тайлан тооцоог авахгүй гээд тусгай зөвшөөрлийг сунгаагүй. Иймээс худал мэдээлэл өгч хууран мэхэлж хийсэн хэлцэл хийсэн тул “Гурван од констракшн” ХХК-ийн Компанийн эзэмших эрх шилжүүлэх, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнүүдийг илт хүчин төгөлдөр бусд тооцож хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн компани болох “Гурван од констракшн” ХХК-д 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Барилга хот байгуулалтын яамнаас зохих журмын дагуу 9 давхар барилга барих иж бүрэн 4 заалт бүхий 3 жилийн хугацаатай 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй тусгай зөвшөөрөл авсан. Тухайн ондоо ажил авч чадаагүй бөгөөд 2015 онд уул уурхайн чиглэлээр ажил хийж эхэлсэн учир 2016 оны 2 сард компаниа 18 000 000 төгрөгөөр зарахаар зар тавьсан. Зарын дагуу Г.И утсаар холбогдсон, би компанийнхаа тусгай зөвшөөрлийн нийт заалт, хугацаа, X тайлан өгдөг, ажил авч хийж байгаагүй гэх мэтээр бүгдийг тайлбарлаж, Г.Итай уулзаад компанийн бүх бичиг баримтыг эх хувиар нь үзүүлсэн. Өөрөө 7 давхар, банкны барилгын ажил авах гэж байгаа чиний компанийн тусгай зөвшөөрөл 9 давхар барилга барих иж бүрэн 4 заалт чинь болж байна гээд 15 000 000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Маргааш нь над руу ярьж байгаа олдсон мөнгө нь 12 000 000 төгрөг байна эсвэл машинаар бартер хийе гэхэд нь бартер хийхгүй бэлэн мөнгөөр зарна гээд 12 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Тохиролцсоны дагуу 2016 оны 3 дугаар сарын 09-нд компанийн эрх шилжүүлдэг өдөр 8 000 000 төгрөгийг нь бэлэн өгөөд үлдсэн 4 000 000 төгрөгийг нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний дотор өгнө гэж гуйхад нь би зөвшөөрч Компаний эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, хулалдан авах гэрээ хийж Компанийн эрхийн 70 хувийг шилжүүлэн нотариатаар гэрчлүүлж уг гэрээнд мөнгө хүлээж авсан, 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор үлдэгдэл тооцоог дуусгана гэж гараар бичиж гарын үсгээ зурж “Гурван од констракшн” ХХК-ийн дүрмийн сан, гэрчилгээний эх хувь, тамга тэмдэг, тусгай зөвшөөрлийн эх хувь, тухайн өдрийн татварт өргүй гэсэн татварын тодорхойлолт, компанийн танилцуулга гээд компанитай холбоотой бүх бичиг баримтыг хүлээлгэн өгсөн. Тэгээд би удалгүй хөдөө ажлаар явж мөн оны 5 дугаар сард хотод ирж Г.Итай утсаар яриад юу болж байгааг асуухад ажил эхлээгүй, одоогоор мөнгөгүй, удахгүй тооцоогоо дуусгана гэсэн. Г.И нь Санхүү, төрийн сан дээр татвар өгөөгүй, торгуульд орсон байна гээд үүнийгээ янзалж өг гэхэд нь би юу яриад байгаа юм бэ мөнгөө өгөхгүй яагаад алга болчихов гэсэн чинь утсыг чинь мэддэггүй ахаас чинь утас олж авсан гэсэн. Компанийн тусгай зөвшөөрлийн арын нүүрэнд миний хаяг, утасны дугаар бүгд байсан. Би түүнд  ярихгүй алга болчихлоо, банкны 7 давхар барилгаа авсан юм уу гэхэд чадаагүй, Солонгос явж ажил хийж байгаад ирсэн гэсэн. Тэгээд эхнэртэйгээ яриулсан, эхнэрээс нь Санхүү, төрийн сан хэлтсийн байцаагчийн утсыг нь авч ярихад торгууль 2 200 000 төгрөгөө төлөөд татвараа өгч болно гэж хэлсэн учраас эргээд эхнэртэй нь ярьж байцаагчтай ярилаа миний буруугаас болсон юм байна, үлдэгдэл 4 000 000 төгрөгөө аваад торгуулиа төлөөд компанийн эрхээ нэг мөсөн шилжүүлье гэхэд эхнэр нь мөнгө оруулмааргүй байна чамд таньдаг хүн байна уу, яриулж чадах уу, зохицуулаад өгөөч гэсэн. Гэтэл жилийн дараа Г.Иаас нэхэмжлэл ирсэн. Тухайн үед компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчин төгөлдөр байсан, компанитай холбогдолтой бүх бичиг баримт Г.Ит байсан учраас тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй байсан. Мөн барилга барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссаны дараа компанийн эрхийг буцаана, гэрээг хүчингүй болгуулна гэж байгаа нь миний хувьд маш их хохиролтой гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахыг хүссэн Г.Иын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Г.Иаас гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулан хариуцагч С.Од олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 9850 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, Г.Иаас 78 950 төгрөг гаргуулан С.Од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хуульд зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд энэ дагуу нэхэмжлэгч Г.И, хариуцагч “Гурван од констракшн” ХХК, С.О нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус хийсэн. Гэрээнд зааснаар нийт 12 000 000 төгрөгөөр тухайн компанийн 70 хувийг шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд худалдан авагч тал 8 000 000 төгрөгийг гэрээ байгуулах үед төлж үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон, энэ талаар талууд мараагүй. Үүссэн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ бөгөөд нотлох үүргийн хуваарилтаар худалдагч буюу хариуцагч тал биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлсэн гэдгээ нотолж чадаагүй. Нэхэмжлэгч талаас гаргасан Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Санхүү төрийн сангийн хэлтсээс ирсэн албан бичгүүдээр эрхийн доголдолтой хөрөнгө байсан гэдэг нь тогтоогдсон, үүнийг хариуцагч няцааж чадаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн диск дээрх бичлэг, түүнийг хөрвүүлсэн тэмдэглэлийг шүүхэд гарган өгч, түүнд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан байхад шүүх тэмдэглэлийг авч, дискийг хууль бус нотлох баримт гэж хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Уг дискинд хариуцагч өөрийн зүгээс доголдолтой хөрөнгө шилжүүлснээ зөвшөөрч, 3 дугаар сарын сүүлээр мөнгө орж ирэхээр хэлцлээ буцааж мөнгийг чинь өгнө гэж илэрхийлсэн. Шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэрэгийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Г.И нь хариуцагч С.Од холбогдуулан 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн компанийн эзэмших эрх шилжүүлэх болон хувьцаа худалдах, худалдан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний дагуу төлсөн 8 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч Г.Иаас гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөг гаргуулана гэх сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Компани эзэмших эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан гэрээ тус бүрийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 8 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн Г.Мэндбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнээс гэрээний үлдэгдэл төлбөр 4 000 000 төгрөгийг гаргуулж хариуцагч С.Од олгож сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж, “гэрээний дагуу нэхэмжлэгч Г.И нь нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзан, хариуцагч С.Отай харилцан тохиролцож нэхэмжилж буй 4 000 000 төгрөгөөс 2 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан төлөх үүрэг хүлээж, хариуцагч С.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөг болгон багасгаж “Гурван од констракшн” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг Г.Ит 2 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан төлмөгц ямар нэг төлбөргүйгээр шилжүүлэх, уг компанийн 9 давхар барилга барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад, мөн 2018 оны 12 дугаар саррын 01-ний өдөр багтаан бодитой дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээв” гэх агуулгатай гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ хэрэгжүүлэх боломжтой байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан дээрх эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, талуудын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас зохигчдын эвлэрлийг баталж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2018/01274 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний дагуу нэхэмжлэгч Г.И нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн татгалзаж, хариуцагч С.Отай харилцан тохиролцсон ёсоор түүний нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийн 2 500 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан төлөх үүрэг хүлээж, хариуцагч С.О сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2 500 000 төгрөг болгон багасгаж “Гурван од констракшн” ХХК-ийн өөрийн эзэмшлийн 30 хувийн хувьцааг Г.Ит 2 500 000 төгрөгийг нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр багтаан төлмөгц ямар нэг төлбөргүйгээр шилжүүлэх, уг компанийн 9 давхар барилга барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад нь 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр багтаан бодитой дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээж, зохигчид эвлэрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА