| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0138/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
2024 05 21 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ийн *******ад холбогдох 2439000000123 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 23-7 тоотод байрлах өөрийн гэртээ 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******тэй маргалдаж улмаар, шар өнгийн модон бариултай хутга хохирогч руу шидэж, түүний эрүүл мэндэд “хүзүүнд шарх, тараагуур судасны жишиг салааны гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхөр 22 цаг өнгөрч байхад архи уучихсан орж ирээд намайг “гадуур хэсэж, хэсэж ирчихээд зайл” гэхээр нь юм хэлээгүй гэрийнхээ хойд талын орон дээр сууж байсан. Нөхөр болохоор ээжтэйгээ болон бага охинтойгоо ярьчихаад гэрийн баруун талын сандал дээр суугаад манай гэрт байдаг шар өнгийн хутгыг бариад хиам хэрчээд сууж байгаад гэнэт над руу барьж байсан хутгаа шидсэнийг л би мэдэж байна. Тэгээд л миний хүзүүнээс цус олгойдож гараад би ерөнхийдөө ухаангүй болсон. Тэгээд хальт ухаан ороход би эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэжээ. (хх-ийн 14-15)
Гэрч Э.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэр өдрийн оройны 22 цагийн үед манай аав ******* нь над руу утсаар залгаад “Сая банкнаас ярьлаа. Зээл төлөлт хоцорчихсон гэж байна” гэж хэлэхээр нь би тухайн үедээ “аав маргааш утсаар ярья” гэж хэлээд тасалсан. Тэгээд би тэр үедээ аавыг зээл нь дөхчихсөн жоохон ууртай бухимдалтай байна уу даа гэж бодож байсан юм. Тэгээд маргааш нь ээжийг эмнэлэгт хэвтэж байгаа гэж сонсоод шууд хотоос гараад ирсэн. Тэгээд болсон асуудлын талаар сонссон...” гэжээ (хх-ийн 18-19)
Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би тухайн хэрэг болдог өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэртэйгээ банкны зээлийн асуудлаас болж маргалдсан. Тэгээд тухайн үедээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Тэгээд орой ойролцоогоор 22 цагийн үед байх гэж бодож байна би гэрийнхээ баруун талын ширээн дээр суугаад хиам талх хэрчиж идэх гээд гартаа хутга барьж байгаад тэрийгээ уурандаа эхнэр лүүгээ шидчихсэн байсан. Би уг нь бол тэгж санаатайгаар алъя, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэе гэж шидсэн асуудал байхгүй. Түрхэн зуурын буруу үйлдлээс болоод ийм зүйл болчихлоо...” гэжээ. (хх-ийн 95-96)
Гэрч Д.*******нхуягийн мэдүүлэг (хх-ийн 23),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай “...1. С.*******ийн биед хүзүүнд шарх, тараагуур судасны жижиг салааны гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5.6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 26-27)
С.*******ийн өвчний түүхийн хуулбар (хх-ийн 29-47)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 051 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 51-54)
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай дүгнэлт (хх-ийн 59-60)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66-67)
Хэнтий аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 79)
Н.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 73, 77, 78) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.*******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт ийн ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны шөнө 22 цаг 30 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* 23-7 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр С.*******тэй маргалдаж улмаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж шар өнгийн модон бариултай хутгыг хохирогч руу шидэж, түүний эрүүл мэндэд “хүзүүнд шарх, тараагуур судасны жишиг салааны гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Н.*******ын “...Би тухайн хэрэг болдог өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэртэйгээ банкны зээлийн асуудлаас болж маргалдсан. Тэгээд тухайн үедээ би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Тэгээд орой ойролцоогоор 22 цагийн үед байх гэж бодож байна би гэрийнхээ баруун талын ширээн дээр суугаад хиам талх хэрчиж идэх гээд гартаа хутга барьж байгаад тэрийгээ уурандаа эхнэр лүүгээ шидчихсэн байсан. Би уг нь бол тэгж санаатайгаар алъя, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэе гэж шидсэн асуудал байхгүй. Түрхэн зуурын буруу үйлдлээс болоод ийм зүйл болчихлоо...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч С.*******ийн “...нөхөр 22 цаг өнгөрч байхад архи уучихсан орж ирээд намайг “гадуур хэсэж, хэсэж ирчихээд зайл” гэхээр нь юм хэлээгүй гэрийнхээ хойд талын орон дээр сууж байсан. Нөхөр болохоор ээжтэйгээ болон бага охинтойгоо ярьчихаад гэрийн баруун талын сандал дээр суугаад манай гэрт байдаг шар өнгийн хутгыг бариад хиам хэрчээд сууж байгаад гэнэт над руу барьж байсан хутгаа шидсэнийг л би мэдэж байна. Тэгээд л миний хүзүүнээс цус олгойдож гараад би ерөнхийдөө ухаангүй болсон. Тэгээд хальт ухаан ороход би эмнэлэг дээр ирчихсэн байсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн эхнэр С.******* рүү хутга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Н.*******ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” гэж зааснаар Н.******* нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Н.*******, хохирогч С.******* нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Н.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.*******ын үйлдлийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Н.*******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Н.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч С.******* нь “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” талаараа шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Н.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ийн *******ад 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 30 см урттай шаргал өнгийн модон бариултай хутга 1 ширхэгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР