| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/138 |
| Огноо | 2024-05-27 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/138
2024 05 27 2024/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2439000000092 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ц.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянмөнхийн 4 дүгээр гудамжнаас гээгдэл эд хөрөнгө буюу хар өнгийн кейстэй, ардаа иргэний үнэмлэхтэй, Самсунг А24 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшин хохирогч Д.*******д 896,600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн
зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 07 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянмөнхийн 4 дүгээр гудамжнаас гээгдэл эд хөрөнгө буюу хар өнгийн кейстэй, ардаа иргэний үнэмлэхтэй, Самсунг А-24 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж хохирогч Д.*******т 896,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Ц.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ойролцоогоор 07 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Баянмөнхийн 4 дүгээр гудамжнаас хар өнгийн кэйстэй, ардаа иргэний үнэмлэхтэй, Самсунг А24 маркийн гар утсыг олж аван, уг гар утсыг хувьдаа завшсан асуудал гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61)
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.*******ын: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлын газрын *******-*******тэй хамт 1 шил 0,5 граммын архи уугаад 24 цагийн үед *******-ийн гэрээс гараад явахад миний Galaxy a24 маркийн гар утас өмсөж явсан куртикний зүүн энгэрийн халаасанд байсан. Тухайн үед миний өмсөж явсан куртикний зүүн энгэрийн халаас богинохон гар утас унаж болохуйц халаастай байсан. Би гэртээ очоод шууд унтсан. Тэгээд өглөө болоход ээж Дуламсүрэн “гар утас чинь хаана байгаа юм” гэж асуухаар нь куртикний халаасанд үзэхэд байхгүй байсан. Миний бодлоор *******-ийн гэрээс гараад гэр лүүгээ явах замдаа гээгдүүлсэн гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Х.*******ын “...2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай дүү Норовсүрэнгийн эхнэр *******тай таараад “Утасгүй болчихсон. Түр барих утас байна уу?” гэхэд А24 маркийн гар утас 300,000 төгрөгөөр зарна гэхээр нь би бэлнээр 300,000 төгрөгөөр худалдаж аваад юнителийн салбар руу орж 88260090 дугаар авч тухайн утсанд хийгээд хөдөө Баянхутаг сум руу гэр лүүгээ явсан. Тэгээд ******* над руу залгаад “Би наад утсыг чинь олоод танд зарсан юм аа. Та наад утсаа буцаагаад цагдаад өгчих” гээд надад миний 300,000 төгрөгийг өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-22)
Гэрч Д.*******гийн мэдүүлэг (хх-ийн 17-18)
Гэрч О.*******-ийн мэдүүлэг (хх-ийн 25-26)
Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 32-33)
Гэрч А.гийн мэдүүлэг (хх-ийн 35-36)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШД-56 дугаартай “...Самсунг А24 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 820,000 /найман зуун хорин мянга/-н төгрөг байх боломжтой....” гэх дүгнэлт (хх-ийн 41-43)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШД-62 дугаартай “...кейс 10,000 төгрөг, иргэний үнэмлэх 66,600 төгрөг ... эд зүйлийн зах зээлийн үнэлгээг 76,600 /далан зургаан мянга, зургаан зуу/-н төгрөг байх боломжтой....” гэх дүгнэлт (хх-ийн 50-52), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6), хохирогч Д.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84), шүүгдэгч Ц.*******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 85) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Ц.*******ын гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж хохирогч Д.*******т 896,600 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Ц.******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.*******ын эд хөрөнгөд 896,600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Ц.*******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ц.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 896,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР