Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/00840

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.Б-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Т-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Гомбодорж, хариуцагч З.Т, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал, өмгөөлөгч Б.Гомбодорж нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Б нь өөрийн өмчлөлийн 1096 УНЛ улсын дугаартай, ВМW 745 маркийн, 2003 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслээ З.Тд 15,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Авто тээврийн үндэсний төвд нэр шилжүүлэх зорилгоор худалдах, худалдан авах гэрээнд 15,000,000 төгрөгийн үнийг төлсөн байдлаар тусгасан бөгөөд худалдагчийн зүгээс ямар нэгэн эрхийн доголдолгүй, өмчийн маргаангүй тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн. Мөн тээврийн хэрэгслийн төлбөр тооцоо бодитоор төлөгдөөгүй тул 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгслийг худалдсан үнэ болох 15,000,000 төгрөгт зээлийн гэрээг харилцан тохиролцон бичгээр байгуулсан. Тухайн зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгт хүү тооцохгүйграфикт хугацаа тогтоон 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөгийг тус тус сарын хугацаанд төлж барагдуулж дуусгавар болгох тохирсон. Зээлийн гэрээний ерөнхий зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэхуү гэрээний гол зорилго нь зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд автомашин /10-96 УНЛ/ шилжүүлэх, зээлдэгч нь автомашины төлбөрийг тохирсон хугацаанд буцаан өгөх, талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулахад оршино гэж гэрээний гол зорилгыг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл зээлдүүлэгч Л.Б нь 15,000,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг түүний өмчлөлд шилжүүлэх, харин зээлдэгч З.Т, Б.Анар нь тохирсон хугацаанд мөнгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэрээний дагуу зээлдүүлэгч нь гэрээгээр хүлээсэн эд хөрөнгө шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн байх бөгөөд зээлдэгч нь мөнгө төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бидний зүгээс 15,000,000 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6-д хугацаа хэтрүүлбэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.1 хувиар хоног тутам тооцож зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө гэж заажээ. Үүний дагуу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл нийт 941 хоногт /15.000.000 х 0.1%х941 хоног) 14,115,000 төгрөг болж байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 7,500,000 төгрөгийн алдангийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь мөнгөө төлөхийг өнгөрсөн хугацаанд хариуцагч нараас удаа дараа шаардаж байсан боловч худал үнэн шалтаг тоочин төлнө гэсээр өнөөдрийг хүрлээ. Удаа дараа итгэл найдвар үзүүлэн төлбөл зохих хангалттай боломжит хугацааг олгосон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй тул аргагүйн эрхэнд нэхэмжлэл гарган шүүхэд хандаж байна. Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Тус хэрэг маргаанд хамтран хариуцагчаар Б.А-г оролцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Б.Ань нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, оршин суугаа бүртгэлтэй хаяг дээр амьдардаггүйн улмаас шүүхийн журмаар эрэн сурвалжлуулсан боловч Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс Б.А-н оршин суух хаяг тодорхойгүй гэсэн хариуг ирүүлсэн тул хариуцагч Б.А-с татгалзсан болно. Иймд хариуцагч З.Т-гээс 22,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч З.Т шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Л.Б-аас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2003 онд үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1096 УНЛ улсын дугаар бүхий BMW 745 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, давхар зээлийн гэрээ байгуулан үнийг төлж барагдуулахаар тохиролцож авсан нь үнэн. Тухайн үед автомашинд Л.Б-ы хэлсэнчлэн моторт бага зэрэг үйлчилгээ хийх хэрэгтэй гэж байсан ч асахгүй эвдэрхий байсан ба миний зүгээс моторыг иж бүрэн янзалж асдаг хэвийн болгосон, мөн кроп гэмтэлтэй байсныг засч улмаар холбогдох тос масло солих, шинээр аккумулятор авах зэрэг засвар үйлчилгээг хийж хэвийн хэмжээнд унах боломжтой болгож 3,000,000 гаруй төгрөгийн зардал дангаар гаргасан. Уг засварын зардал зэрэг тооцоог тухайн үед Л.Б-д хүлээлгэн өгсөн. Гэвч энэхүү автомашины төлбөрийг хийж барагдуулаагүй шалтгаанаар Л.Б-ы зүгээс уг автомашиныг 2018 онд буцаан хураан авч худалдах худалдан авах үүргийг цуцалсан. Би тухайн автомашиныг өнөөдрийг хүртэл хугацаанд эдэлж хэрэглээгүй. Өөр байгууллагад барьцаалж Л.Б-д төлбөр өгөх гэж байсан боловч мөнгийг хамтран зээлдэгч Б.А аваад өнөөдрийг хүртэл алга болсон. Миний хувьд банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийг төлж дуусгасан учраас автомашиныг өгөөд энэ асуудлыг дуусгая гэсэн хүсэлтэй байна. Аваагүй машин, аваагүй мөнгөнд төлбөр, алданги тооцно гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч З.Т, Б.А нарт холбогдуулан автомашины үнэ 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А-д холбогдуулан гаргасан шаардлагаасаа татгалзсан.

 

Хариуцагч З.Т нь нэхэмжлэгч автомашинаа буцаан авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч Л.Б нь ВМW 745 маркийн, 2003 онд үйлдвэрлэсэн, 1096 УНЛ улсын дугаартай, цагаан өнгөтэй, суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг худалдах, хариуцагч З.Т тээврийн хэрэгслийн үнэд 15,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-6/.

 

Мөн өдөр зохигчид зээлийн гэрээ бичгээр байгуулж, хариуцагч нь зээл 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 6,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 4,500,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөх, зээл хүүгүй бөгөөд хугацаа хэтрүүлбэл алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам тооцохоор тохирчээ /хх-5/.

 

Худалдах, худалдан авах гэрээний дагуу хариуцагчийн өмчлөлд тээврийн хэрэгсэл шилжиж, түүний нэр дээр бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-26/.

 

Тээврийн хэрэгслийн өмчлөгчийн нэр шилжүүлэх зорилгоор худалдах, худалдан авах гэрээнд үнэ 15,000,000 төгрөг төлөгдсөн байдлаар тусгасан, тээврийн хэрэгслийн үнэ бодитоор төлөгдөөгүй учир зээлийн гэрээ байгуулсан гэж зохигчид тайлбарлаж байна.

 

Дээр дурдсан 2 гэрээний агуулга, зорилго, талуудын эрх, үүрэг, зохигчдын тайлбараас үзэхэд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах талаарх талуудын хүсэл зориг бодитой илэрхийлэгдсэн байна.

 

Харин зээлийн гэрээний хувьд, худалдах, худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнийг төлөхтэй холбоотой хийгдсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс хариуцагчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, хариуцагч мөнгийг буцаан төлөх хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгчээс хариуцагчид зээл олгогдоогүй байх тул дээрх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх ба худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгчийн зүгээс худалдах, худалдан авах гэрээний дагуу тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн боловч хариуцагч тээврийн хэрэгслийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй, мөн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Лотус финанс ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн зээл авсан байх ба энэ шалтгаанаар нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг буцаан авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчийн сууцны гаднах зогсоолоос ачиж авч явсан байх ба хариуцагч тухайн үед БНХАУ руу явсан эзгүй байсан гэж тайлбарласан. Цаг хугацааны хувьд, нэхэмжлэгч 2019 оны 04-05 дугаар сар, хариуцагч 2018 оны 08 дугаар сар гэж зөрүүтэй тайлбарласан ч хэн аль нь тайлбараа нотолсон баримт шүүхэд гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагчаас буцаан авах болсон үндэслэлээ Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх хамгаалалтын аргыг хэрэглэсэн гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар нь тухайн хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Тодруулбал, хариуцагчийн хүлээсэн үүрэг нь худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг төлөх тул түүнээс энэ үүргийг л бодитой, зохих ёсоор гүйцэтгэхийг нэхэмжлэгч шаардах эрхтэй ба худалдсан тээврийн хэрэгслээ буцаан авснаараа хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх арга хэмжээ авсан гэж үзэж болохгүй юм.

 

Гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авч байгаа нь тухайн этгээд гэрээнээс татгалзаж байгаагийн илэрхийлэл болох бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн тээврийн хэрэгслээ хариуцагчаас буцаан авснаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэж үзэх бөгөөд үүнийг хариуцагч үгүйсгэж маргаагүй учир уг худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болсон байна гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн хариуцагч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр буцаан шилжүүлэхэд ямар нэгэн саадгүй болсон, банк бус санхүүгийн байгууллагад зээлийн өр төлбөрөө бүрэн төлж, барьцаанаас тээврийн хэрэгслийг чөлөөлсөн гэж тайлбарлан Лотус финанс ББСБ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 21/А41 дүгээр албан бичгийг шүүхэд гаргасан болно /хх-74, 75/.

 

Иймд нэхэмжлэлд хариуцагчаас тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргийн биелэлт шаардаж буй нь үндэслэлгүй, түүнчлэн дээр дүгнэсэнчлэн талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул уг гэрээнд заасан алданги төлөх үүрэг хариуцагчид үүсээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч З.Тгээс 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч З.Тгээс 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Алтангэрэлд холбогдуулан гаргасан 22,500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч Л.Б татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Баас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА