Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2021/00912

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн цахим хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г-а а З д Т г-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Г-д холбогдох,

3,542,163 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Долгорсүрэн, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.        

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г-А а З д Т г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Долгорсүрэн нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Г-ийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Тамгын газрын дарга Б.Буянзаяаг ажлаас чөлөөлсөн нь буруу шийдвэр болохыг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр тогтоосон. Энэ шийдвэрийн биелэлтийг Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар хангасан. Үүний дараа Б.Буянзаяа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шүүхэд хандаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 3,686,396 төгрөгийг сумын Засаг даргын Тамгын газраас олгуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн биелэлтийг мөн хангаж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,686,396 төгрөгийг тус тус олгосон. Энэхүү шийдвэрийг биелүүлснээр сумын Засаг даргын Тамгын газарт 3,686,396 төгрөгийн хохирол учирсан. Мөн 2018, 2019 онуудын аудитаар энэхүү авлага нь байнга зөрчилд тооцогдож, тус сумын Засаг даргын Тамгын газарт авлагаа барагдуулах албан шаардлага ирүүлж байсан. 2016 онд Ч.Г-ийн цалингаас 400,000 гаруй төгрөг төлсөн нь санхүүгийн авлагад тусгагдсан тооцоо байгаа тул нэхэмжлэлийн үнийн дүнг 3,542,163 төгрөг болгон багасгаж байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу сумын Засаг даргаар ажиллаж байсан Ч.Г-өөр уг хохирлыг төлүүлж Засаг даргын Тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ч.Г шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ихэнх гишүүдийн хүсэлтээр 2014 онд сумын Засаг даргаар ажилласан. Тухайн үед Засаг даргын Тамгын газар болон бусад албан байгууллага санхүүгийн маш их зөрчилтэй байсан. Үүнээс болж өмнөх Засаг дарга огцорсон байсан ба энэ нөхцөл байдал Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяатай холбоотой. Тиймээс би Б.Буянзаяаг ажлаас халсан бөгөөд Захиргааны харгийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсон. Шүүхийн шийдвэрт Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3,006,857 төгрөгийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгч Б.Буянзаяад олгохоор заасан. Үүний дараа Б.Буянзаяа Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан 137 хоногийн олговорт 3,686,396 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Буянзаяад олгохоор заасан. Ингэж дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдэн Б.Буянзаяа олговрын мөнгөө авсан. Ийм учраас Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газар нэгэнт эцэслэн шийдэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах ёсгүй гэж би бодож байна. Нэхэмжлэл гаргагч Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяа нь үүнээс өмнө тус дүүргийн шүүхэд хоёр ч удаа энэ асуудлаар нэхэмжлэл гаргасан бөгөөд эхний удаад 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр шүүгч Д.Батцэцэгийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр тодорхойгүй гэдэг шалтгаанаар хэрэг үүсгэхээс татгалзсан, бас шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШТ2019/00186 дугаар тогтоолоор нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэлийг буцаах шийдвэр гаргасан юм. Нэхэмжлэлд нотлох баримт болгон хавсаргасан Говь-Алтай аймгийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/88 тоот албан шаардлага чухам юуг нотолж байгаа нь тодорхойгүй, энэ шаардлагад надтай холбоотой юу ч тусгагдаагүй, надаар баталгаажуулсан зүйл байхгүй. Жил бүр сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд аймгийн аудитын газраас аудит хийж, дүгнэлт, акт, албан шаардлага бичдэг бөгөөд эдгээрийг төсвийн ерөнхийлөн захирагч сумын Засаг даргад өгч баталгаажуулсны дараа ерөнхий аудитор баталгаажуулдаг, 2014-2016 онд ийм зүйл болоогүй. Үүнээс хойш өнгөрсөн хугацаанд надтай холбоотой асуудал гарсан эсэхийг би өөрөө очиж, сумын Засаг даргын зөвшөөрлөөр сумын архив, бичиг хэргийн эрхлэгчээр шүүлгэж үзэхэд баримт гарч ирээгүй. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Ж.Донойбямбад хүсэлт явуулахад надтай холбоотой зүйл байхгүй гэсэн хариу өгснийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлд дурдсан мөнгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г-А а З д Т г нь хариуцагч Ч.Г-т холбогдуулан 3,686,396 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 3,542,163 төгрөг болгон бууруулсан болно.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл нотолгоогүй, зохих журмын дагуу гарсан нотлох баримтыг үндэслээгүй, нэхэмжлэгчид хохирол учруулаагүй гэж маргаж, хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

Хариуцагч Ч.Г нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамжаар Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяаг ажлаас чөлөөлсөн байх ба Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр Б.Буянзаяаг Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоожээ /хх-3-7/. Улмаар тус шүүхийн шийдвэрийн дагуу Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/15 дугаар захирамжаар Б.Буянзаяаг Засаг даргын Тамгын газрын даргаар томилсон байна /хх-8/.

Мөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 122 дугаар шийдвэрээр Б.Буянзаяад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 3,686,396 төгрөгийг Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулан олгохоор шийдвэрлэжээ /хх-9-13/.

Нэхэмжлэгч Г-А а З д Т г нь шүүхийн шийдвэрийг үндэслэн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,686,396 төгрөгийг тус тус Б.Буянзаяад олгосон байна /хх-14-16/.

Дээрх үйл баримтын талаар талууд шүүхэд маргаагүйн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлснээр түүнд 3,686,396 төгрөгийн хохирол учирсан, 2018, 2019 онуудын аудитаар уг авлагыг зөрчилд тооцон албан шаардлага ирүүлсэн гэж тайлбарлаж, Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/88 дугаар албан шаардлагыг шүүхэд гаргасан /хх-17/ ба хариуцагч нь уг албан шаардлагыг зохих журмын дагуу гаргаагүй, албан шаардлагад хариуцагчаас төлбөр гаргуулах талаар огт тусгагдаагүй учир түүнд хамааралгүй гэж маргасан.

Нэхэмжлэлд хавсаргасан “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын 2017 оны санхүүгийн тайлангийн аудитаар нэмэлт дансаар зарцуулагдсан 251.0 мянган төгрөгийн шатахууныг эд хариуцагчийн тайланд орлогоор тусгаагүй, санхүүгийн тайланд тусгагдсан 3853.8 мянган төгрөгийн авлагын үлдэгдлийг барагдуулаагүй зөрчлүүд илэрснийг дурдаж, авлагыг барагдуулах ажлыг зохион байгуулах, эд хариуцагчийн тайланг үнэн зөв гаргаж, нягтлан бодох бүртгэлийг хөтлөхийг шаардаж, биелэлтийг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын газарт ирүүлэхийг Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга, нягтлан бодогч нарт мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасныг үндэслэн гаргасан гэж тайлбарласан ба уг   зохицуулалтад дор дурдсан заалтууд хамааралтай байна. Тодруулбал,

498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”,

498.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”,

498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж тус тус заажээ.

Хариуцагч нь Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/24 дүгээр захирамж гарган Засаг даргын Тамгын газрын дарга Б.Буянзаяаг ажлаас чөлөөлсөн нь хууль бус захиргааны акт болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон байх боловч хариуцагчийн энэхүү үйлдлийг дээр дурдсан хуулийн зохицуулалтад хамааруулах үндэслэлгүй байна.

Учир нь, хариуцагчийн эрхэлж байсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 6 дугаар зүйлийн 6.1.12 дахь хэсэгт зааснаар “төрийн улс төрийн албан тушаал”-д хамаарах бөгөөд уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.7 дахь хэсэгт хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцахаар төрийн албаны зарчмыг тодорхойлсон байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж заасан хэдий ч тус хуулийн зохицуулалт 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захиргааны актад хамааралтай байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/88 дугаар албан шаардлагыг үндэслэн гаргасан ба “санхүүгийн тайланд тусгагдсан 3853.8 мянган төгрөгийн авлагын үлдэгдэл” гэсэн нь хариуцагчид хамааралтай болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ажлаас халагдсан этгээдэд 2016 онд 3,686,396 төгрөг олгосон олговрын асуудалд 2017 оны санхүүгийн тайлангийн аудитын баримт хэрхэн хамааралтай болохыг баримтаар нотлоогүй, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар албан бичигт сумын Засаг даргын Тамгын газраас шүүхийн шийдвэрт заасны дагуу Б.Буянзаяад олговор олгосноор санхүүд ямар нэгэн хүндрэл учраагүй талаар дурдсан байна /хх-76/.

Иймд шүүх дээр дурдсан зохигч талуудын тайлбар, нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд хариуцагч нь төрийн албан хаагчийн хувиар гаргасан шийдвэрийнхээ улмаас байгууллагад учирсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй тул хариуцагч Ч.Г-өөс 3,542,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Долгорсүрэнгийн хүсэлтийг үндэслэн түүнийг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны танхимаас дуу-дүрсний төхөөрөмж ашиглан цахимаар оролцуулсан нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 116 дугаар “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор батлагдсан Иргэний хэргийн хөдөлгөөний түр аргачлалд заасан журамд нийцсэн, мөн томилогдсон иргэдийн төлөөлөгч Н.Туяа шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас гэрийн тусгаарлалтад байгаа гэх тайлбар гарган шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт заасны дагуу зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон          

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г-өөс 3,542,163 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г-а а З д Т г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г-а а З д Т г-н нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА

 

                                 ШҮҮГЧИД                                       Г.БЯМБАЖАРГАЛ

 

                                                                                         Д.ЦЭРЭНДОЛГОР