Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/01005

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Д-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5,505,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай, нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие өөрийн танил ломбард ажиллуулдаг Г.У*******гаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр барьцаат зээлийн үндсэн дээр 8 хувийн хүүтэй 3,000,000 төгрөгийг зээлж авч, Э.Д-д өгсөн. Охин маань өөр газар руу шилжих гэсэн чинь цалингийн зээлтэй учир заавал төлж байж шилжих шаардлагатай болсон, охин очсон газраа 1 сар ажиллаад цалингийн зээл аваад өгнө гэсэн. Би өөрөөсөө биш өөр хүнээс мөнгө авч өгч байгаа учраас хүүтэй шүү гэж Э.Д-д хэлсэн. Өмнө нь Э.Д 2 ч удаа 5,000,000 төгрөг авч өгч байсан учир итгээд өгсөн. Авсан мөнгөнийхөө хүүг өгч байсан боловч мөнгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр хүү гэж бичээгүй байсан. Э.Д над руу утсаар ярихдаа хүүгээ өгчихлөө гэж хэлдэг байсан, гэтэл одоо үгүйсгэж байна. 1 сарын хүү нь 240,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарын байдлаар нийт хүү нь 5,760,000 төгрөг болж байгаа үүнээс Э.Д нь 3,255,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл болох төлөөгүй 2,505,000 төгрөгийг би өөрөө өмнөөс нь төлсөн. Иймд Э.Д-гаас зээл 3,000,000 төгрөг, зээлийн хүү 2,505,000 төгрөг, нийт 5,505,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Э.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярдалай нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Э.Д нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ц.Оээс 3,000,000 төгрөг зээлсэн. Гэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, анх зээл авахдаа Ц.О бусдаас авч өгч байгаа гэж хэлээгүй. Охиндоо хэрэглэх гэж зээл авснаа хүлээн зөвшөөрдөг. Сарын дараа буцааж өгнө гэсэн ч хүү төлнө гэж тохиролцоогүй. Ковид 19 цар тахалтай холбоотойгоор Э.Дгийн явуулж байсан хэвлэлийн үйл ажиллагаа зогссон. Үүнтэй холбоотой зээлийг төлж чадахгүй удаасан боловч цувуулж өгсөн. Мөнгө төлөх хугацаа удаашраад ирэхэд нэхэмжлэгч нь бусдаас хүүтэй мөнгө зээлж авсан гээд ломбардны эзэн гэх эмэгтэйтэй яриулж 8 хувийн хүүтэй мөнгө нэхэж, маргаан үүссэн. Э.Д нь зээл авснаас хойш 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд нийт 3,555,000 төгрөгийг Ц.О-ийн Хаан банкны ******* тоот дансанд дараах байдлаар  хэсэгчлэн төлсөн. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 135,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 390,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөг. Ц.О-ийн ломбарднаас /Г.У*******гаас/ хүүтэй мөнгө зээлж, Э.Дд өгсөн гэх асуудлыг анхнаасаа мэдэхгүй тул нэхэмжлэгчийн хэнээс мөнгө зээлсэн, түүнд хүү төлсөн эсэх нь Э.Д-д хамааралгүй бөгөөд Э.Дгийн өмнөөс бусдад 2,505,000 төгрөгийн хүү төлсөн гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Үнэхээр Э.Дд Г.У*******гаас мөнгө зээлж өгсөн бол зээлийн нөхцөлийг тохирч Г.У*******, Э.Д нарын хооронд зээлийн гэрээг бичгээр хийлгэх, эсхүл Ц.О, Э.Д нарын хооронд 3,000,000 төгрөгийн хүү, алданги, хугацаа тохирсон гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүй бол Ц.О нь Э.Д-гаас зээлийн төлбөрт шилжүүлсэн мөнгийг дур мэдэн хүүнд тооцон суутгах, мөн түүний өмнөөс Г.У*******д хүү 2,505,000 төгрөгийн хүү төлсөн гэж мөнгө нэхэмжлэх эрх зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Ц.О нь Г.У*******гаас зээлсэн зээлийн үүргийг гуравдагч этгээд болох Э.Д-гаас нэхсэн нь үндэслэлгүй бөгөөд баримтаар нотлогдохгүй байна. Иймээс Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 3,000,000 төгрөг, хүү 2,505,000 төгрөг, нийт 5,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөл зохих зээлээ бүрэн төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.

          Зохигчдын тайлбар, Хаан банкин дахь нэхэмжлэгчийн ******* тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна.

          Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар дээрх мөнгийг хариуцагч охиндоо хэрэглэхээр 1 сарын хугацаатай зээлсэн болох нь тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.

          Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ амаар байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

          Хариуцагчийн зүгээс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 600,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 300,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 135,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 390,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 300,000 төгрөг, нийт 3,555,000 төгрөгийг нэхэмжлэгчид дансаар шилжүүлсэн гэж тайлбарласан ба нэхэмжлэгчийн дансны хуулгад дээрх гүйлгээ бүрэн тусгагдсан байна.

          Нэхэмжлэгч нь өөрийн танил ломбард ажиллуулдаг Г.У*******гаас 3,000,000 төгрөг зээлэн авч, хариуцагчид 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон, хариуцагч надад хүү төлж байсан гэж тайлбарласныг хариуцагч маргаж, бусдаас хүүтэй мөнгө авч зээлдүүлж байгаа талаар нэхэмжлэгч хэлээгүй, зээлийн гэрээгээр хүү тохироогүй гэж мэтгэлцсэн.

          Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан. 

          Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар маргаагүй, харин хүү төлөх талаар амаар тохиролцсон эсэх, мөн хариуцагч хүү төлсөн эсэхэд маргасан.

          Талуудын тайлбарыг дээр дэлгэрэнгүй дурдсан хариуцагчийн гүйлгээ бүрийн утга, үнийн дүн, хугацаа, давтамж зэргийг харьцуулан үзэхэд зохигчид сарын 8 хувийн хүү тооцохоор тохирсон, мөн хариуцагч тохирсон 8 хувийн хүүгээ нэхэмжлэгчид төлж байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, гүйлгээний утгад зээлийн хүүний талаар тусгагдаагүй, гүйлгээний хугацаа, давтамж болон үнийн дүн харилцан адилгүй буюу сарын 240,000 /3,000,000*8%/ төгрөгийн хүү гэж тодорхойлох боломжгүй байна.

          Нэхэмжлэгчид Хаан банкны ******* тоот данснаас 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг шилжиж орсон, мөн нэхэмжлэгч уг ******* тоот дансанд хариуцагчаас мөнгө хүлээн авсны дараа буюу 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 390,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 36,000 төгрөг, 324,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 247,500 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 240,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 295,000 төгрөг, нийт 2,308,500 төгрөг шилжүүлсэн байдал нэхэмжлэгчийн дансны хуулгаар тогтоогдож байх боловч уг ******* тоот данстай холбоотой дээрх гүйлгээнүүдийг зохигч талуудын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр амаар байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл талуудын зээлийн гэрээнээс тусдаа үүссэн харилцаа байна. Нэхэмжлэгчийн тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч өөрийн танил Г.У*******гаас 3,000,000 төгрөгийг хүүтэй зээлж авсан байсан ч гэсэн үүгээр талуудыг зээлийн хүү тохирсон гэж шууд дүгнэх үндэслэлгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болж хэлцэл хийгддэг бөгөөд нэхэмжлэгч зээлийн хүү тооцох талаар өөрийн хүсэл зоригоо хариуцагчид бодитой илэрхийлсэн, улмаар уг хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

          Хариуцагчийн нийт төлсөн дүн 3,555,000 төгрөг буюу зээлийн дүн 3,000,000 төгрөгөөс хэтэрсэн байх ба нэхэмжлэгч сүүлдээ ломбардын эзэн Г.У******* гэх хүнтэй яриулж хүү төлөхийг шаардаад байсны улмаас 500,000 гаруй төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд хариуцагч дурдсан хэмжээний төлбөрийг зээлийн хүүнд нэхэмжлэгчид төлсөн байх боловч үүнийг хэргийн бусад нотлох баримттай харьцуулан үзэхэд зээлийн гэрээгээр сарын 8 хувийн хүү төлөхөөр талууд тохиролцсоны эргэлзээгүй нотолгоо гэж үзэх боломжгүй байна.

          Нэхэмжлэгч нь миний утсанд хариуцагчаас хүүгээ хийсэн гэж ярьсан харилцан яриа байгаа, Г.У*******д мөнгө төлсөн баримтууд надад байгаа гэх тайлбар гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар уг тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй. Тэрээр хариуцагчийн бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлтэй 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр биечлэн танилцсанаас гадна хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх товыг 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан, мөн тус шүүх хуралдаанд дээрх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу шинэ нотлох баримт бүрдүүлэх талаар ямар нэгэн хүсэлт шүүхэд гаргаагүй болно. 

          Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэвэл талуудын байгуулсан зээлийн гэрээгээр хариуцагч нь сар бүр 8 хувийн хүү төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний төлсөн 3,555,000 төгрөгийг зээлийн хүүнд авах үндэслэлгүй, харин үндсэн зээл 3,000,000 төгрөг төлөгдсөнд тооцох нь зүйтэй

          Иймд шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 5,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Д-гаас 5,505,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 103,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА