| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/00389/и |
| Дугаар | 101/ШШ2021/01055 |
| Огноо | 2021-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2021/01055
| 2021 04 02 | 101/ШШ2021/01055 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Х-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 2015 онд өөрийн танил Э.Х-т 7,000,000 төгрөг зээлдүүлсэн юм. Зээл төлөх хугацааг удаа дараа сунгаж, өгнө хэмээн худлаа ярьж явсаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ байгуулан 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгана, бага зэрэг хугацаа өгөөч хэмээн бичгээр тохирсон атлаа одоог хүртэл төлөхгүй намайг хохироож байна. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон тул хариуцагч Э.Х-ээс төлөөгүй зээл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Э.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Э.Х 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэргийн материалтай танилцсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй.
Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг түүний 96658909 дугаарын утсаар 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн, түүнчлэн шуудангаар хүргүүлсэн мэдэгдэх хуудсыг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авсан, хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаар хариуцагч Э.Х-ийг нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.
Нэхэмжлэлд 2015 онд хариуцагчид 7,000,000 төгрөг зээлдүүлсэн талаар дурдсан ба хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр хариуцагч нь 2015 онд авсан 7,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх, уг хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0.05 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ.
Дээрх гэрээнд зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар бичгийн хэлцэл хийгдсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж буй нэхэмжлэгчийн тайлбарыг дээрх гэрээтэй харьцуулахад зохигчдын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээний шинжтэй гэж үзэхээр байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.
Нэхэмжлэгч зээл 7,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээгээр тогтоогдож байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас уг мөнгийг буцаан шаардах эрхтэй.
Түүнчлэн гэрээнд 7,000,000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.05 хувийн алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэхэмжлэл гаргах хүртэл 1028 хоногийн хугацаанд алданги 3,598,000 төгрөг /7,000,000*0.05%*1028/ болох ба нэхэмжлэлд 3,500,000 төгрөгөөр тооцсон нь дээрх хуулийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасныг зөрчөөгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчаас зээл 7,000,000 төгрөг, алданги 3,500,000 төгрөг, нийт 10,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Х-ээс 10,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Х-ээс 182,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.М-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА