| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/03166/И |
| Дугаар | 101/ШШ2021/02564 |
| Огноо | 2021-08-31 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/02564
| 2021 08 31 | 101/ШШ2021/02564 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.К-н гаргасан,
Хариуцагч: *******-т холбогдох,
Албадан дуудлага худалдаа болон орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Р.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, Б.П, нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хамт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“******* нь Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгч К.Г-ийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж *******-н 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлээгүй атлаа К.Г-ийн өмчлөлийн *******, тоотод байрлах 3 өрөө орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулж улмаар үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар албадан чөлөөлж хуульд заасан төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөнд гомдолтой байна.
К.Г нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны тогтоол, болон албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдсэн мэдэгдэх хуудсуудыг тус тус хүлээн аваагүй учир албадан дуудлага худалдаа хэзээ болох тухайд огт мэдээгүй байсан байна.
*******-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж буй *******, тоотод байрлах 3 өрөө эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр К.Г улсын бүртгэлд бүртгэлтэй боловч уг хөрөнгөндөө оршин суудаггүй, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо,*******, тоот хаягт оршин суух улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягтай.
2020 оны 04 дүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн тоот хаягт түр оршин сууж байгаа бөгөөд энэ тухайгаа 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******-т очиж 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай мэдэгдэлийн хуулбарыг авахдаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэн оршин сууж буй хаягийн тухай мэдээллээ өгсөн байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай мэдэгдэлийг К.Г-ийн түр оршин суугаа гэх Сонгинохайрхан дүргийн 17 дугаар хороо, тоот хаягт хаяглан үйлдсэн байгаагаар төлбөр төлөгчийн хаяг өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнөөс өөр хаягтай болохыг ******* мэдэж байсан боловч уг хаягийн дагуу мэдэгдэх хуудсыг хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Гэтэл *******-аас хуульд заасны дагуу К.Г-т анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол болон мэдэгдэх хуудсыг огт хүргүүлээгүй, *******-г 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа хуульд зааснаар өмчлөгчид нь мэдэгдэх үүрэгтэй ажиллагааг зохих ёсоор хийж гүйцэтгээгүй атлаа К.Гийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар албадан дуудлага худалдаанд оруулсан байсныг нь 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******-т өөрөө биечлэн очихдоо олж мэдэж улмаар 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай мэдэгдэлийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч байгаа тухайгаа илэрхийлсэн, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн утга бүхий гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу *******-н ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А-д хандан гаргажээ.
Уг гомдлын дагуу *******-ын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А нь 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн болох тухай хариуг өгсөн байна. Тус тогтоолд “...2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл тогтоолыг *******-аас хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн байх тул, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх заалтыг үндэслэн К.Г-аас гаргасан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангахаас татгалзсугай гэсэн байна.
К.Г нь өөрийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан БНСУ-д эмчилгээ хийлгэхээр 2017 оны 10-30-ны өдөр явсанаас хойш 2019-08-р сард БНСУ- аас ирэх хүртэл, мөн Монгол улсад ирсэнээсээ хойш *******-т 2020-04-28-ны өдөр өөрийн биеэр очиж 2020-04-23-ны өдрийн тоот “Мэдэгдэл”-ийн хуулбарыг авах хүртэл хугацаанд нэг ч удаа *******-ын хэн нэгэн шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж байгаагүй *******-аас ч хэн нэгэн шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчтэй уулзаж түүнд холбогдуулан явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой уулзалт ярилцлага хийж, тэмдэглэл хөтлөж шийдвэр гүйцэтгэлийн ямар нэгэн ажиллагааны тухай мэдэгдэл, тогтоолыг гардуулан өгч байгаагүй байна.
Иймд, *******-н ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А-ын 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай тогтоолыг хүлээн авсаны дараагаар уг шийдвэрийг эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэлийн алба, Улсын ерөнхий гүйцэтгэгч А.Н-д хандан 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан бөгөөд энэ гомдлын хариуг хуульд заасны дагуу 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл өгөөгүй, гомдол гаргаснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн учир шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэж *******-аас *******,*******ны байрлах үл хөдлөх эд хөрөнгөд явуулсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан байдаг.
Шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг гаргах хүртэл хугацаанд ******* нь шүүгч Б.М-ын туслах Н.У-тай утсаар холбогдон төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж шүүхэд хандсан болохыг мэдсээр атлаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн байна.
Тус хуульд иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай асуудлыг 27 дугаар зүйлээр зохицуулсан байх бөгөөд 27 дугаар зүйлийн 27.2.5 дахь хэсэгт энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлнэ гэж заасан байна. Төлбөр төлөгч К.Г нь *******-н ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А-ын шийвэрийг эс зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Улсын Ерөнхий гүйцэтгэгч А.Н-д хандан гомдол гаргасан бөгөөд энэ гомдлыг ШШГЕГ, ШГА хүлээн авсан ба 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл гомдлыг шийдвэрлээгүй байсан учир *******-аас төлбөр төлөгч К.Г-т холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулах эрхгүй байсан байх ба К.Г нь Улсын Ерөнхий гүйцэтгэгчийн гаргасан хариуг эс зөвшөөрвөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд хандан гомдол гарган өөрт нь холбогдуулан явуулж буй иргэний шийвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж буй эсэх тухайд шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй байсан байна.
Мөн төлбөр төлөгч К.Г-т Улсын Ерөнхий гүйцэтгэгч А.Н-д гаргасан гомдлын хариуг нь өгөөгүй атлаа 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр орон байрыг суллах гэсэн утгатай албадлагын утга бүхий шаардлагыг *******-н шийдвэр гүйцэтгэгч н.А, н.П, ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А нар амаар тавихад нь К.Г “Улсын Ерөнхий гүйцэтгэгчид хандан гаргасан гомдлын харийг өгөхгүй байгаа учир шүүхэд хандан гомдол гаргасан” тухайгаа тайлбарлан холбогдох баримтуудыг өгөхийг хүсэхэд хүлээж авахгүй болохоор нь 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ШШГЕГ, ШГА-ны дарга, Улсын Ерөнхий гүйцэтгэгч А.Н, ахлах мэргэжилтэн Ш.Б нарт хандан дахин гомдол гаргасан байна.
Дээрхи гомдлыг биеэр хүлээлгэн өгөхөөр ШШГЕГ, ШГА-д очиж мөн *******-н хууль бус ажиллагаа явуулж буй тухайд ШШГЕГ, ШГА-ны ахлах мэргэжилтэн Ш.Б-тай уулзалт хийхэд ахлах мэргэжилтэн Ш.Б нь *******-н ажилтнуудын илт хууль бус үйлдлийг нь зөвтгөөд зогсохгүй илт хууль бус явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зөвтгөн мэргэжлийн удирдлагаар хангах үүргээ биелүүлээгүй байна.
Зүй нь, ахлах мэргэжилтэн Ш.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар “төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг эс зөвшөөрвөл *******-н ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын Ерөнхий гүйцэтгэгчид, Улсын ерөнхий гүйцэтгэгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандан гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийг нь хэрэгжүүлэлгүй явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль бус болох учир ШШГЕГ, ШГА-ны ахлах мэргэжилтний хувьд илт хуулъ бус явагдаж байгаа ажиллагааг таслан зогсоож мэргэжлийн удирдлагаар ханган шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй болохоо мэдсэн атал төлбөр төлөгчтэй зүй бусаар харьцсан байдаг.
Түүгээр ч зогсохгүй ШШГЕГ, ШГА-ны дарга, Улсын ерөнхий гүйцэтгэгч А.Н хандан гаргасан гомдлын хариуг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлбөр төлөгч К.Г-т шуудангаар хүргүүлсэн боловч К.Г-ийг “тухайн хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй” гэх шалтгаанаар буцаасан тухай баримтыг өөрөө тухайн уулзалтын үеэр хүлээлгэн өгч төлбөр төлөгчийн шүүхэд хандан гомдол гаргах эрх нь хязгаарлагдсан болохыг мэдсээр атлаа *******-н хууль бус ажиллагааг өөгшүүлэн дэмжиж төлбөр төлөгчтэй зүй бусаар харьцан албаны чиг үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан байдаг.
Тодруулбал ШШЕГ-ын ШГА-ны ахлах мэргэжилтэн Ш.Б төлбөр төлөгч К.Г-т 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ШШГЕГ, ШГА-ны дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч А.Н-д гаргасан гомдлын хариу болох 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №04/153 тоот гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудсыг шуудангийн баримтын хуулбарын хамтаар ШШГЕГ, ШГА-ны ахлах мэргэжилтэн Ш.Б 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өөрөө гардуулан өгчээ.
К.Г-ийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ШШГЕГ-ын ШГА-ны ахлах мэргэжилтэн Ш.Б, ШГА-ны дарга Улсын Ерөнхий гүйцэтгэгч А.Н нарт хандан гаргасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой гомдлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд *******-аас ямар нэгэн ажиллагааг явуулах эрхгүй байсан атал ******* нь төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчин 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг үйлдэн уг тогтоолыг төлбөр төлөгч К.Г-т хүргүүлэх, танилцуулах үүргээ биелүүлэхгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан нь илт хууль бус үйлдэл болох бөгөөд мөн түүнчлэн тухайн өдрөө ШШЕГ-ын ШГА-ны ахлах мэргэжилтэн Ш.Б төлбөр төлөгч К.Г-т 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тоот гомдолд хариу өгөх тухай мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явагдсан гэж үзэх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна гэж үзэхээр байна.
Учир нь, тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгөх үүрэгтэйгээр хуульчилсан гэж ойлгогдож байна. Мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.10 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн боловч уг хаягандаа оршин суудаггүй төлбөр төлөгчийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулахын тулд төлбөр төлөгчийг эрэн сурвалжилж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулах боломжтой байсан атлаа энэ үүргээ ******* биелүүлэлгүй байна.
Дээрх бүхий л байдлаар төлбөр төлөгч К.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг илт хууль бус явуулсан байхаар тогтохгүй 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр илт хууль бусаар байр орон сууцнаас хүчээр гаргах ажиллагааг хийж К.Г-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар чөлөөлөх ажиллагааг явуулжээ. *******-н 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тоот байр орон сууцнаас албадан гаргах тухай тогтоол нь мөн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэг хэсэг учир энэ тогтоолд мөн гомдол гаргах, уг гомдлыг шийдвэрлэх хугацааг мөн хуулиар төлбөр төлөгчид олгохоор хууль тогтоогч хуульчилсан байхад уг тогтоолыг төлбөр төлөгч К.Гт өөрт нь гардуулалгүйгээр ажиллагааг явуулж төлбөр төлөгчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.
ШШГЕГ-ын ШГА-ны дарга Улсын Ерөнхий гүйцэгэгч А.Н-д болон ахлах мэргэжилтэн Ш.Байгалмаа нарт гаргасан гомдлын хариуг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай гомдолд хариу өгөх тухай албан тоотоор хүргүүлсэнийг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байгаа болно. Илт хууль бус явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүи болгон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулж мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг ШШГЕГ, ШГА, ахлах шийдвэр гүйцэтгэгч, улсын ерөнхий гүйцэтгэгч нар хуулиар хүлээсэн атлаа илт хууль бус явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үндэслэлгүйгээр зөвтгөн ор нэр ёс төдий хариу өгч буй нь хуульд төдийгүй төрийн албаны тухай хуульд нийцэхгүй байна.
Нэхэмжлэгч К.Г нь бусдад өр төлбөртэй учир *******-т төлбөр төлөгчийн хувиар шийдюр гүйцэтгэх ажиллагааны оролцогч боловч ШШГТХ-д заасны дагуу ******* нь төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчихгүйгээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй.
******* нь төлбөр төлөгч К.Г-ийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоолыг төлбөр төлөгч К.Г, төлбөр авагч нарт танилцуулалгүйгээр дан ганц дуудлага худалдааны ялагч гэх Х.Э-д танилцуулан төлбөр төлөгч К.Гийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дөх хэсэгт зааснаар өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна.
Иймээс *******-н илтэд хууль зөрчиж үйлдэгдсэн өмчлөх эрх шилжүүлэх тухай №4/05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах тухай мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх төлбөр төлөгч К.Г-ийн гаргасан 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа, 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн байр, орон сууцнаас албадап гаргах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дуудлага худалдааны ялагч гэх Х.Э-р үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг бичүүлэн авч улмаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль бусаар үргэлжлүүлэн явуулж төлбөр төлөгч К.Г-ийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Монгол улсын “Үндсэн хууль”-иар иргэн бүхэн шүүхийн өмнө тэгш эрхтэй бөгөөд өөрт нь холбогдох хэрэг маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-06-29- ний өдрийн № Ю1/Ш32020/12790 дугаартай “ Иргэний хэрэг үүсгэх тухай” захирамжийн дагуу үүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн журмаар эцэслэн шийдюрлэгдээгүй тус шүүхийн шүүгчийн 2020-08-06-ны өдрийн дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамж ёсчлогдоогүй, тухайн захирамжид гомдол гаргах эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад *******-ын ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А нь илтэд хууль бусаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулж төлбөр төлөгч К.Г-ийн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчсөн байна.
Иймээс, ******* т холбогдуулан 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш К.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг илт хууль бусаар явуулсан болохыг тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гаргаж байгаа болно. *******-н ахлах шийдвэр гүйцэтгэгч В.А нь иргэнийи хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцож байгаа учир хуулийн дээрхи заалтыг хэрэгжүүлэх үүрэгтэй этгээд бөгөөд хуульд заавал энэ тухайд хүсэлт гаргахаар хуульчлаагүй байна. Манай тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагуудын тухайд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэсэн болно.
Иймд, хариуцагч *******-н үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, орон сууцнаас албадан гаргах тухай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэв.
Хариуцагчаас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамжаар К.Г-аас 48,904,129.00 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 201,250.00 төгрөг гаргуулж “Э” ХХК-д олгож, үүргийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд *******, 120 мянгат 15 дугаар байрны байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
Тус шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч К.Г-т 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн дугаартай *******, 120 мянгат 15 дугаар байрны орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн тогтоолоор хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу төлбөр төлөгч К.Г-аас авсан 250,000,000.00 төгрөгийн үнийн саналыг төлбөр авагч “Э” ХХК хүлээн зөвшөөрөөгүй, хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-иар үнэлүүлсэн 81,400,000.00 төгрөгийн үнэлгээг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр талуудад баталгаат шуудангаар хүргүүлж анхны дуудлага худалдаанд оруулах болохыг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн албан бичиг тогтоолоор мэдэгдсэн. Төлбөр төлөгч К.Г-ийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан хөрөнгийн үнэлгээгхүлээн зөвшөөрөхгүй гэх хүсэлтийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул хүлээн авч шийдвэрлэх боломжгүй болохыг хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар төлбөр төлөгч К.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түтгэлзүүлсэн боловч нэхэмжлэгчийн ирүүлсэн нотлох баримт нь хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр мөн шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн захирамжаар төлбөр төлөгч К.Г-аас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг буцаасан.
Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг оруулах тухай 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг талуудад дахин мэдэгдсэн боловч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захимрамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин түдгэлзүүлсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн тогтоолоор төлбөр төлөгч К.Г түүний итгэжлэгдсэн төлөөлөгч З.Б нарын үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны мэдэгдлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл 14.1-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт заасан болон иргэний бүртгэлд бүртгэгдсэн төлбөр төлөгчийн *******,*******ны, *******,*******ны хаягт тус тус баталгаат шуудангаар хүргүүлж, иргэн В.Энхбаярт мэдэгдэл, зарлан дуудах хуудсыг К.Г-т дамжуулан өгөхийг мэдэгдсэн.
Тус газраас 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаагаар барьцаа хөрөнгө 66,000,000.00 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөхгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлийг хадам эгч болох иргэн В.Э-т болон төлбөр төлөгчийн хаягт баталгаат шуудангаар хүргүүлсэн. Барьцаа хөрөнгө худалдан борлогдсон тул өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх талаар К.Г-т мэдэгдэж, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн мэдэгдэл, дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэлийг биечлэн гардуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.
Шийдвэр гүйцэтгэх алба болон тус газарт төлбөр төлөгч К.Г анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингуй болгох тухай гомдлын дагуу гүйцэтгэх баримт бичгийн хянаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан талаар хариу мэдэгдсэн. Албадан чөлөөлөх ажиллагаа 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр явуулах болохыг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн албан бичиг, 2020 оны 05 дугаар сарын 28, 29-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгчийн хаягт баталгаат шуудангаар болон хадам эгч болох иргэн В.Э-т биечлэн гардуулсан.
Шүүхийн шийдвэр гуйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл, зарлан дуудах хуудас, дуудлага худалдааны тогтоолыг, мэдэгдэлийн төлбөр төлөгчийн биечлэн болон хаягт баталгаат шуудангаар хүргүүлж тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаан барьцаа хөрөнгө худалдан борлуулах, албадан дуудлага худалдах ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэргэсэхгуй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.Г-аас хариуцагч ******* т холбогдуулан албадан дуудлага худалдаа болон орон сууцнаас албадан гаргах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, талуудад хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, орон сууцнаас албадан гаргах тухай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоол, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойш явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг тус тус хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Энэхүү захирамжид дурдсанаар хариуцагч К.Г нь нэхэмжлэгч “Э” ХХК-нд 48,904,129.00 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төлөхийг зөвшөөрч, тийнхүү төлөөгүй тохиолдолд өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,*******, хаягт байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохирчээ.
Гэвч төлбөр төлөгч К.Г нь уг захирамжийг сайн дураар биелүүлээгүй учраас тус шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай гүйцэтгэх хуудсыг олгосон байна /1-р х.х-ийн 33-36, 53 хуудас/.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-н өгсөн нотлох баримтуудаар тус байгууллага нь төлбөр төлөгч К.Г-аас 48,904,129.00 төгрөгийг албадан төлүүлэхээр шийдвэрлэсэн дээрх захирамжийг биелүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, энэ талаар төлбөр төлөгчид мэдэгджээ /1-р х.х-ийн 37 хуудас/.
Улмаар хариуцагч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах тухай арга хэмжээ болох төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, тэдгээртэй уулзах, хөрөнгийн тухай лавлагааг бусад этгээдээс авах болон эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг ажиллагааг зохих ёсоор гүйцэтгэсэн ба зохигчид энэ талаар маргаагүй /1-р х.х-ийн 38-56 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Дараах хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ” гээд 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж заажээ.
Тайлбарлавал, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг уг худалдааг явуулахаас өмнө төлбөр авагч, төлбөр төлөгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд маргаж байгаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн үнэлгээчин тогтоох ажиллагааг гүйцэтгэдэг байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* нь төлбөр төлөгч К.Г-аас маргааны зүйл болсон дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн талаар саналыг нь авахад тэрээр 250,000,000.00 төгрөг гэснийг төлбөр авагч “Э” ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй тул шинжээч томилуулах хүсэлт гаргажээ /1-р х.х-ийн 54-56 хуудас/.
Ингээд хариуцагч *******-н 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 180 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ийг томилсон бөгөөд тус компанийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тухайн үл хөдлөх хөрөнгийг нийт 81,40,000.00 төгрөг гэсэн байна /1-р х.х-ийн 57-66 хуудас/.
Хариуцагч ******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар төлбөр төлөгч К.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байсан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болсон/-ийн 15 дугаар зүйлийн 15.6-д “Энэ хуулийн 15.1,15.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагчийн буюу шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүгч захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ” гэж заасныг үндэслэн тус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж, улмаар 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/40 тоот тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт явуулахаар болжээ. Гэтэл нэхэмжлэгч К.Г нь энэхүү 4/40 тоот тогтоолыг надад мэдэгдээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй гэж маргаж байна /1-р х.х-ийн 83-85, 110 хуудас/.
Тайлбарлавал, шүүх нь талуудын урьд өмнө буюу үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг төлбөр төлөгч К.Г-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зохих ёсоор явуулсан эсэхийг дахин хянахгүй ба энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэсэн зарчим үйлчилнэ.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолын дараа дахин хариуцагч *******-аас үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг гаргах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар шийдвэрээр урьд өмнө нь хянасан тул зохигчид энэ талаар маргах эрхгүй юм.
Харин хөрөнгийн үнэлгээний “С” ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр анхны албадан дуудлага худалдааг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулахдаа энэ талаар төлбөр авагч К.Г-т мэдэгдсэн эсэхийг хянах шаардлагатай болно. Учир нь, төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т “Дуудлага худалдаанд талуудаас гадна дараахь этгээд оролцож болно” гэж, мөн , Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-т “Барьцааны зүйлийг худалдах ажиллагаанд барьцааны зүйлийн өмчлөгч оролцож, уг зүйлээ худалдан авах санал гаргаж болно” гэж тус тус зааснаар барьцааны зүйлийг худалдах үйл ажиллагаанд оролцож, худалдан авах санал гаргах эрхтэй байдаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч К.Г нь Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамж, хаягт оршин суух суухаас гадна *******,*******,*******,, хаягт оршин суудаг байсан нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөрийн оршин суугаа хаягийн талаар мэдэгдсэн байдал, тус шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн захирамж болон мөн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрт тус тус дурдсанаар тогтоогдож байна.
Ингээд хариуцагч *******-аас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4 тогтоолын талаар нэхэмжлэгч К.Г-т дээр дурдсан хаяг бүрээр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр мэдэгдсэн байгаагаас гадна нэхэмжлэгчийн өмчлөлийн буюу барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,*******, хаягаар мөн адил мэдэгджээ /1-х.х-ийн 110-116 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т “Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө, мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид даруй мэдэгдэх болон гүйцэтгэх баримт бичиг, хууль тогтоомжид заасан бусад үүрэг хүлээнэ” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарын эрх, үүргийн нэгдлээр тодорхойлогддог үйл ажиллагаа тул хариуцагч ******* нь төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт тухайн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийн талаар мэдэгдэхэд тэдгээр нь оршин суух хаягийн өөрчлөлтөө зайлшгүй мэдэгдэх ёстой бөгөөд тийнхүү мэдэгдээгүйгээс улбаалан “мэдэгдэх зарчим” зөрчигдсөн гэдгийг зөвхөн хариуцагчийг буруутай байх тохиолдолд хамаатай гэж үзнэ.
Гэвч талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч К.Г-т 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолыг мэдэгдэх талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авсан байх тул хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Нөгөө талаар нэхэмжлэгч К.Г нь гадаадад явах тохиолдолд энэ талаар хариуцагч *******-т мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэгт түүнийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр гарч, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буцаж орсон гэсэн байх тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол гарах үед Монгол Улсад байсан байна /1-р х.х-ийн 156 хуудас/.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч нь ийнхүү нэхэмжлэгчийн оршин суугаа хаягаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн бөгөөд мэдэгдлийг нэхэмжлэгчтэй холбоотой В.Э /нэхэмжлэгч К.Г-ийн хадам эгч/ гэж хүн удаа дараа хүлээн авч, шийдвэр гүйцэтгэгчтэй уулзаж, улмаар энэ талаар нэхэмжлэгчид мэдэгддэг байсан байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны мэдээгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолын дагуу 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан дуудлага худалдааны ялагч М.Э нь дуудлага худалдааны үнэ 66,000,000.00 төгрөгийг төлсөн тул үүнийг баталгаажуулахын сацуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна” гэж, мөн 71.11-д “Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрт дуудлага худалдааны ялагчийн овог, нэр, дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнэ, хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болон өмчлөх эрх үүсэх, эд хөрөнгө чөлөөлөх хугацааг заана” гэж тус тус заажээ.
Тодруулбал, энэ нь дуудлага худалдаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад барьцаа хөрөнгийг хэн, хэдэн төгрөгөөр худалдан авсан талаар мэдэгдэх тухай үйл ажиллагаа бөгөөд дуудлаг худалдааны ялагч этгээд үнийг нь бүрэн төлсөн тохиолдолд түүнд өмчлөх эрх үүсэх, эсхүл төлөхгүй бол өмчлөх эрх үүсэхгүй байх ойлголтыг агуулахын зэрэгцээ төлбөр төлөгч этгээд нь тодорхой хугацаанд төлбөр авагчийн төлбөрийг төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байх боломжийг олгосон зохицуулалт юм.
Үүнийг тус хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12-т “Дуудлага худалдааны ялагч худалдаж авсан эд хөрөнгийн үнийг энэ хуулийн 71.10-т заасан хугацаанд төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгоно” гэж, мөн 71.13-т “Энэ хуулийн 71.10-т заасан товлон тогтоосон хугацаанаас өмнө төлбөр бүрэн төлөгдсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхгүй” гэж тус тус заасан байдаг.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч ******* нь 2020 оны 04 дүгээр сарын 23, 28-ны өдрүүдэд нэхэмжлэгч К.Г-т Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, Рашааны 1 дүгээр гудамж, хаяг, *******,*******,*******,, хаягаас гадна Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо,*******, болон ,,, хаягаар тус тус барьцаа хөрөнгийг худалдан борлуулсан тухай мэдэгдэж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөр авагч “Э ББСБ” ХХК-ийн төлбөрийг төлсөн тохиолдолд дуудлага худалдааны ялагч Х.Э-д өмчлөх эрхийг шилжүүлэхгүй талаар мэдэгдсэн байна /1-р х.х-ийн 138-149 хуудас/.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-71.14-т заасан зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэх боломжгүй ба төлбөр авагч К.Г-т барьцааны зүйлийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх хуульд заасан тэрхүү боломжийг олгосон байна.
Хэдийгээр энэ хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно” гэж зааснаар нэхэмжлэгч К.Г нь дуудлага худалдааны талаар гомдол гаргасан тохиолдолд дуудлага худалдааны ялагч Х.Эрдэнээд өмчлөх эрхийг шилжихгүй боловч нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд бус, харин 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *******-н үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоолд гомдол гаргасан байна /х.х-ийн 150-153 хуудас/.
Иймд, нэхэмжлэгч К.Г-ийн барьцааны зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолтой танилцаагүй, дуудлага худалдаанд гомдол гаргах эрхийг хязгаарласан гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.9-д “Төлбөр авагчид санал болгосон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөр төлөгч, бусад этгээд чөлөөлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан чөлөөлнө” гэж заасан. Тодруулбал, дуудлага худалдаагаар худалдагдсан орон сууцыг дуудлага худалдааны ялагчид биет байдлаар хүлээлгэн өгөхөд ийнхүү тус орон сууцанд амьдарч буй этгээдэд орон сууцыг тодорхой хугацаанд чөлөөлөх тухай мэдэгдэж, хэрэв чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлөх ажиллагааг хуульд зааснаар гүйцэтгэх журамтай.
Гэвч нэгэнт шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч К.Г нь маргааны зүйл болох орон сууцыг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлнө гэж зөвшөөрсөн байх тул түүнийг дуудлага худалдааны үйл ажиллагаанд гомдол гаргаагүйд тооцохоос гадна орон сууцнаас албадан гаргах тогтоолыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрээр төлбөр төлөгч, түүний хөрөнгөтэй холбогдуулан явуулсан арга хэмжээг хүчингүй болгоно” гэж заасан.
Тайлбарлавал, дээр дурдсанаар дуудлага худалдаагаар худалдагдсан орон сууцыг дуудлага худалдааны ялагчид биет байдлаар хүлээлгэн өгөхдөө эрхийн доголдолгүй байх буюу тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгож, энэ талаар улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, өмчлөх эрхийг шилжүүлэхэд саад учруулахгүй байх зорилгоор хийх ёстой ажиллагаа бөгөөд дуудлага худалдаанд оруулах тогтоолыг мөн адил хүчингүй болгодог байна.
Гэтэл нэхэмжлэгч К.Г нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг эдгээр үйл ажиллагаатай холбогдуулан шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлнэ” гээд 27.2.5-д “энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл” гэж заасныг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлсэн гэж маргасан.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол, орон сууцнаас албадан гаргах тухай 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол болон өмчлөх эрх шилжүүлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолыг тус хүчингүй болгохоор 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн байхад хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй гэсэн.
Гэвч тус хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 27.1.1-д заасан үндэслэл илэрсэн бол шүүхэд, 27.2-т заасан үндэслэл илэрсэн бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид ажлын 3 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан үндэслэлээр шүүхээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлээгүй, аль эсхүл 27.2-т заасан үндэслэлээр түдгэлзүүлэх шаардлагагүй гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрх бүхий ажилтан нь үзсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлж болох ба хожим үргэлжлүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдвол шүүхээс түдгэлзүүлээгүй үйл ажиллагааг хүчингүй болгож болно.
Гэтэл *******-аас төлбөр төлөгч К.Г-тай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу барьцаа хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах, орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх, орон сууцнаас албадан чөлөөлөх гэх зэрэг явуулсан ажиллагаа нь хуульд нийцсэн байх тул хариуцагчийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагатай байсан гэж буруутгах боломжгүй юм.
Хэдийгээр нэхэмжлэгч К.Г нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т тус тус зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хуульд заасан журмаар дээд шатны эрх бүхий этгээдэд холбогдох гомдлыг гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагад дурдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР