Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2024/00089

 

 

 Н.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00171 дүгээр магадлал,

Н.Э-ы нэхэмжлэлтэй

С.Э-д холбогдох

Автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй,

Машины үнэ 24,000 ам доллар буюу 84,360,000 төгрөг болон 0000 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн өмгөөлөгч О.М, Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Э нь С.Э-д холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч машины үнэ 24,000 ам доллар буюу 84,360,000 төгрөг болон 0000 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2008 онд үйлдвэрлэгдсэн, 0000 УБЛ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 (Toyota land cruiser 200) маркийн суудлын автомашиныг хариуцагч С.Э-ийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч Н.Э-д олгож, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Э-д холбогдох 84,360,000 төгрөг гаргуулах, 0000 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай хариуцагч С.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөг, хариуцагчаас төлөн 649,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, улсын орлогоос 70,200 төгрөгийг тус тус гаргауулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00171 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023.12.08-ны өдөр урьдчилан төлсөн 649,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч О.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 210/МА2024/00171 дүгээр магадлалыг хүлээн авч танилцаад магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3 болон 172.2.4-т заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Хоёр шатны шүүх Н.Э-ы нэхэмжлэлтэй С.Э-д холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6 болон 101 дүгээр зүйлийн зүйлийн 101.2 мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 114 дүгээр зүйлийн 114.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 93 дугаар зүйлийн 93.1 болон 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан нөхцөл байдал бий болсон эсэх талаар дүгнэлт хийхдээ хуулиас зөрүүтэй дүгнэлт хийсэн, талуудын хооронд үүссэн гэрээний болон гэрээний бус үүргийн харилцааны талаар буруу дүгнэсэн. Ийнхүү дүгнэхдээ давж заалдах шатны шүүх маргаантай эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйлийг зөв тодорхойлж чадаагүй хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж хэргийг шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэж байна.

Хэргийн баримтуудаар С.Э-эс 2021.04.07-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.З-гийн хадгаламжийн данснаас 24,000 ам долларыг авч өөрийн төрсөн дүү С.Э-ээр дамжуулан Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автотээврийн үйлчилгээний төв дээр машин худалдан авсан мөнгийг Э.Б-д хүлээлгэн өгч улмаар маргаан бүхий 0000 УБЛ улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашины эзэмшигч болсон нь нотлогддог. Э.Б 2022.10.18-ны өдөр өөрийн биеэр С.Э-д “... таньд машины мөнгийг өгөх хүртэл энэ тоёота ланд-200 автомашиныг хадгалуулж байя...” гэснээр авотмашиныг хариуцагч талд хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байхад шүүх хуулиас зөрүүтэй дүгнэлт хийсэн нь гомдол гаргах үндэслэл боллоо. Хариуцагч С.Э 2021.04.07-ны өдөр маргаан бүхий автомашины үнийг бүрэн төлснөөр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6-д зааснаар өмчлөгч болсон. Харин Э.Б-гийн хувьд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т заасан “... өмчлөгч бусдад гэм хор учруулах замаар өмчлөх эрхээ урвуулан ашиглахыг хориглоно...” гэснийг ноцтой зөрчсөн. Ийнхүү зөрчсөн болох нь хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвөөс ирүүлсэн баримтуудаар нотлогддог ба маргаан бүхий автомашиныг 2021.04.08-ны өдөр “Б” ХХК-д, 2021 оны 11 сард Ш.А-т, дараа нь нэхэмжлэгч Н.Э-д шилжүүлж хариуцагч С.Э-д хохирол учруулсан гэж үзэхээр байгаа юм. Э.Б-г машиныг хууль бусаар бусдад шилжүүлсэн асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа болно. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт “... Өмчлөгч энэ зүйлд заасан эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлэн авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилго, дүрмийн дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй...” гэж заасан ба Э.Б тухайн үед Сэлэнгэ аймагт алтны уурхайтай, уг алтны уурхайд түр ашиглах машин хэрэгтэй байна гэснээр С.Э өөрөө машин худалдан авч түүнд өгч улмаар машиныг буцааж авсан нөхцөл байдал тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн.

4.2. Э.Б нэхэмжлэгч Н.Э-аас авсан зээлээ буцаан төлж автомашиныг буцааж авах гол нөхцөлийг амаар тохиролцсон. Энэ байдал нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний харилцаа тэдний хооронд үүссэн байхад талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг хоёр шатны шүүхээс зөв тодорхойлж чадаагүй, шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй байна. Н.Э нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байхад сөрөг нэхэмжлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан “...эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй...” гэж хууль тогтоогч хуульчилжээ. Н.Э-ы гаргасан нэхэмжлэлээс үзэхэд Э.Б маргаан бүхий автомашины өмчлөгч биш гэдгийг тэрээр мэдэж байсан, автомашины өмчлөх эрх хууль ёсны байгаа эсэх, бусад этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан учраас өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан ба мөн хуулийн 89.3-т “...өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхолын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд шууд эзэмшигч байна...” гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.” хуульд тодорхойлж хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй гэж хуульд заасныг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй.

4.3. Н.Э-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр автомашины үнэ болох 24,000 ам доллар буюу 84,360,000 төгрөг гаргуулахаар шаардсан байхад шүүх талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Үүргийн эрх зүйн харилцаа үүсээгүй учраас С.Э- сөрөг нэхэмжлэл гаргасан байхад хоёр шатны шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарласан.

Иймд эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т заасан үндэслэлээр хянуулахаар гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.22-ны өдрийн 210/МА2024/00171 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтанд өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.21-ний өдрийн 001/ШХТ2024/00359 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан  гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч Н.Э нь С.Э-д холбогдуулан автомашиныг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ: “...Э.Б нь өөрийн автомашинаа ... зээлийн барьцаанд алдах гээд байгаа тул чөлөөлөөд аваач гэж удаа дараа гуйсны дагуу 2021.08.30-ны өдөр 106,780,000 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагад төлж 0000 УБЛ улсын дугаартай Тоёота ланд круйзер автомашиныг өмчлөлдөө авсан. Ийнхүү тухайн үед Э.Б нь түр унаатай болтлоо хэд хоног унаад өгье гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй автомашинаа авъя гэтэл С.Э- гэх хүнд өр төлбөртэй байсан бөгөөд уг С.Э гэх хүн автомашиныг барьцаалж авчхаад өгөхгүй гэсэн.” гэж тодорхойлжээ.

8. Хариуцагч С.Э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...2021.04.07-ны өдөр өөрийн төрсөн хүү Э.З-гийн хадгаламжийн данснаас 24,000 ам долларыг гаргуулж ...Автотээврийн үйлчилгээний төв дээр Э.Б-д хүргэж Тоёота ланд круйзер автомашиныг худалдан авсан. Ингэхдээ Э.Б-тай би олон жилийн хугацаанд дотно найз нөхдийн харилцаатай байсан тул түүнд итгэж машин худалдсан иргэн болох Г.Б-гаас Э.Б-гийн нэр дээр шилжүүлэх зөвшөөрөл өгсөн, ...2022.10.18-ны өдөр Э.Б өөрийн биеэр над дээр ирж “...энэ Тоёота ланд круйзер 200 автомашиныг хадгалуулж байя...” гэж автомашиныг надад хүлээлгэж өгсөн. Одоо уг Тоёота ланд круйзер автомашиныг би хадгалж байна. ...Би өөрийгөө ... тээврийн хэрэгслийн анхны өмчлөгч гэж үзэж байна.” гэж маргажээ.

9. Хариуцагч С.Э- нь нэхэмжлэгч Н.Э-д холбогдуулан “...машины үнэ 24,000 ам доллар буюу 84,360,000 төгрөг болон 0000 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах” тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...би Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д заасан үндэслэл журмын дагуу маргаан бүхий 0000 УБЛ улсын дугаартай ланд 200 маркийн автомашиныг Г.Б-гаас худалдан авахдаа машины үнэ болох 24,000 ам долларыг бүрэн төлж худалдаж авсан. Уг автомашиныг 2021.10.18-ны өдрөөс хойш би аливаа халдлагаас хамгаалж, өөрийн харуул хамгаалалтад байлгаж байна. ...Өмнөх өмчлөгч Г.Б-гаас шууд Э.Б-гийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрсөн. ... уг худалдаж авсан машинаа өөрөө унах боломжтой гэж бодож өөрийн төрсөн дүү С.Э-ийн эзэмшилд байсан 0000 УБЛ улсын дугаартай приус 20 маркийн автомашины дугаараар солих хүсэлт гаргаж 2 автомашины улсын дугаарыг хооронд нь сольсон. Тухайн үед Г.Б-гийн нэр дээр байсан Ланд 200 машин “0000 УБП” гэсэн улсын дугаартай байсан.” гэж тодорхойлсон.

10. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч: “...С.Э- болон Н.Э- нарын хооронд ямар нэгэн байдлаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эрх зүйн харилцаа үүсээгүй.” гэжээ.

11. Анхан шатны шүүх “...Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшил болон өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. Дээрх эрхийг хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь зөвхөн өмчлөгч өөрөө байх, шаардлагыг биелүүлэх хариуцагч этгээд нь хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалт байлгаж байх, өмчлөгчийн шаардлагыг биелүүлэх үүрэг бүхий этгээд нь тухайн эд юмсыг эзэмших эрхгүй байх урьдчилсан нөхцөлүүд бүрдэх ёстой. … Э.Б нь нэхэмжлэгч Н.Э-тай зээл чөлөөлүүлэх, үүний хариуд өөрийн нэр дээр бүртгэлтэй автомашины өмчлөлийг шилжүүлэх, тодорхой төлбөрийг тохирсон хугацаанд буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн өмчлөл Н.Э-д үлдэхээр хэлцэл хийсэн ба ийнхүү тохирсон явдал нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгүүдтэй харшлаагүй. 2008 онд үйлдвэрлэгдсэн 0000 УБЛ улсын дугаартай, Тоёота ланд круйзер (Toyota land cruiser) маркийн суудлын автомашины өмчлөл болон бодит эзэмшил нэхэмжлэгч Н.Э-д эхэлж үүссэн. ...Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй, мөн нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр хариуцагчийн эд юмсыг олж авсан нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй. Иймд нэхэмжлэгчээс автомашины үнэ 84,360,000 төгрөг гаргуулах, 0000 УБЛ улсын дугаарыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно.” гэсэн дүгнэлт хийж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...С.Э- нь өөрийн мөнгөн хөрөнгөөр дээрх тээврийн хэрэгслийг худалдан авч, Э.Б-д зээлээр худалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ... хариуцагч С.Э- нь маргаж буй тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр зохих газарт бүртгүүлээгүйгээс түүнийг тээврийн хэрэгслийн эзэмшигч байсан гэж үзэх үндэслэлгүй. ...“Б” ХХК-д Э.Б-гийн төлөх зээлийг Н.Э төлж тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг шилжүүлсэн үеэс Э.Б-гийн эзэмших эрх дуусгавар болж Н.Э-д шилжсэн тул Э.Б-г уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж үзэхгүй. Хэргийн баримтаар нэхэмжлэгч Н.Э-ыг тээврийн хэрэгслийг эзэмших эрхийг хууль болон гэрээг зөрчиж олж авсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Харин тээврийн хэрэгслийг Э.Б-гаас төлөх төлбөрт С.Э эзэмшилдээ байлгаж байгаа нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан шударга эзэмшигч гэж үзэхгүй. Иймд хариуцагч С.Э-ийн уг тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж байгааг хууль буюу гэрээний үндсэн дээр олж авсан гэж үзэхгүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж үзнэ. Дээрхээс дүгнэвэл 0000УБЛ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 (Toyota land cruiser 200) маркийн тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч нь нэхэмжлэгч Н.Э байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Э-эс тээврийн хэрэгслийг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй. Хариуцагч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар бусад баримтаар нотлоогүй байна. Талуудын хооронд үүргийн харилцаа үүсээгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс автомашины үнэд 84,360,000 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн улсын дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцвал зохих этгээд нь нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.

13. Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэн, шийдвэрийг хэвээр үлдээж, хоёр шатны шүүх адил шийдэл гаргасан байх боловч зохигчийн маргааны зүйл болсон тээврийн хэрэгслийг өмчлөх эрх үүсэх үндэслэлд холбогдох хуулийн зохицуулалтыг хоёр шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх болон хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн эсэх талаар хяналтын шатны шүүх дүгнэлт өгөх нь хууль хэрэглээний нийтлэг ач холбогдолтой гэж үзсэн тул энэ тухай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авсан.

14. Хэрэгт цугларсан Автотээврийн үндэсний төвийн 2022.12.09-ний өдрийн түүхчилсэн лавлагаагаар маргаан бүхий 0000УБЛ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь 2021.04.07-ны өдөр Г.Б-гаас Э.Б-гийн нэр дээр, 2021.08.30-ны өдөр Э.Б-гаас “Б” ХХК-ийн нэр дээр, 2021.08.30-ны өдөр “Б” ХХК-аас Ш.А-ын нэр дээр, 2021.11.16-ны өдөр Н.Э-ы нэр дээр шилжин бүртгэгдсэн, уг тээврийн хэрэгсэл 2021.10.18-ны өдрөөс хойш хариуцагч С.Э-ийн эзэмшилд байгаа тухай үйл баримт тогтоогдсон байна.

15. Зохигч дээрх тээврийн хэрэгслийг өмчлөх эрхийн талаар маргаж, улмаар нэхэмжлэгч Н.Э- нь тээврийн хэрэгслийн өмчлөгч Э.Б-гийн бусдад төлөх төлбөрийг түүний өмнөөс төлж тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан боловч Э.Б-гийн гуйсны дагуу түүнд түр эзэмшүүлж байсан гэж, хариуцагч С.Э- нь тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр худалдан авсан боловч бүртгэлийг хийлгэх үед эзгүй байснаас Э.Б-гийн нэр дээр бүртгүүлж, түүнд тээврийн хэрэгслийг ашиглуулж байгаад буцаан авч эзэмшиж байгаа гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмчлөх эрхтэй болохоо нэхэмжлэгч бүртгэлд үндэслэсэн бол хариуцагч эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байгаа байдал болон худалдан авах гэрээг анх байгуулсан гэх нөхцөл байдалд үндэслэсэн байна.

16. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тогтоож, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй, өмчлөх эрх үүсэх үндэслэл болон үүнтэй холбоотойгоор талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

17. Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч С.Э-ийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасанд үндэслэсэн тул хариуцагчийн эзэмшил хууль бус эсэхийг шүүхээс дүгнэх шаардлагатай.

18. Маргааны зүйл болсон тээврийн хэрэгсэл буюу автомашин нь хөдлөх эд хөрөнгийн төрөлд хамаарах тул Иргэний хуульд заасан хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авах, үүсэх үндэслэлийн талаарх зохицуулалтыг хэрэглэнэ.

19. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох ба ийнхүү хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэх тохиолдлуудыг мөн зүйлийн 111.2.1, 111.2.2, 111.2.3-т тус тус заажээ.

20. Маргаан бүхий 0000 УБЛ улсын дугаартай, Тоёота ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл нь хариуцагч С.Э-ийн эзэмшилд байгаа нь тогтоогдсон боловч түүний энэхүү эзэмшил дээрх хуульд зааснаар өмчлөх эрхийг олж авах нөхцөл байдалд хамаарахгүй байх ба ийнхүү дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд хариуцагч С.Э 2021.10.18-ны өдөр тээврийн хэрэгслийг Э.Б-гаас бодитоор шилжүүлэн авсан.  Энэ үед эд хөрөнгө Ш.А-ын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байснаас үзэхэд нэгдүгээрт энэ талаар хариуцагч С.Э мэдэх боломжтой байсан, хоёрдугаарт С.Э болон Э.Б нарын хооронд өмчлөх эрхийг үүсгэх, олж авах т алаар аливаа гэрээ хэлцэл байгуулагдсан болох нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Тухайлбал хариуцагч С.Э- маргаан бүхий тээврийн хэрэгслийг өмнөх өмчлөгч болох Г.Б-гаас худалдан авч Э.Б-гийн нэр дээр бүртгүүлсэн гэх боловч ийнхүү үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл Э.Б-г уг тээврийн хэрэгслийг худалдан авах үед 24,000 ам.долларыг тэрээр төлсөн байж болох нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч энэ нь түүнийг Г.Б-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй.

Нэгэнт өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хийх үндэслэл болсон үүргийн хэлцэл буюу автомашин худалдах-худалдан авах гэрээ Г.Б ба С.Э нарын хооронд байгуулагдаагүй байх тул Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан аль нэг үндэслэлээр автомашиныг өмчлөх эрх хариуцагч С.Э-д үүсээгүй байна.  

21. Түүнчлэн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих бөгөөд энэхүү зохицуулалтын агуулга нь өмчлөх эрх үүсэх үеийг дээрх хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар өөрөөр тухайлбал үнийг төлснөөр үүсэхийг тусгайлан тохирсон байхыг шаардсан байна.

22. Харин хэргийн баримтаас үзэхэд хариуцагч С.Э нь Э.Б-гийн өмнөөс эд хөрөнгийн үнийг төлсөн байж болох нөхцөл байдал үгүйсгэгдээгүй боловч тэдний хооронд энэ талаар ямар тохиролцоо хэлцэл байгуулагдсан нь тодорхойгүй, улмаар хариуцагч тайлбартаа шүүхэд ирүүлсэн Э.Б-гийн бичиж өгсөн гэх бичмэл баримтыг үндэслэн маргаан бүхий автомашиныг хадгалж байгаа гэснээс үзэхэд түүний эзэмшлийг өмчлөх эрхийг олж авах зорилготой буюу энэ талаарх дээрх хуульд болон гэрээнд заасан үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна.

23. Нэхэмжлэгч Н.Э- нь Э.Б-гийн “Б” ХХК-д төлөх төлбөрт түүний өмнөөс 2021.08.30-ны өдөр 106,780,000 төгрөгийг төлж, улмаар тээврийн хэрэгслийн бүртгэл “Б” ХХК-аас нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.А-ын нэр дээр шилжиж, 2021.11.16-ны өдөр нэхэмжлэгч өөрийн нэр дээр шилжүүлэн бүртгэгдсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа энэхүү бүртгэлд үндэслэж, өөрийгөө маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзжээ.

Энэхүү бүртгэлийн асуудлаар өмнөх өмчлөгч Э.Б маргасан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байхаас гадна Э.Б болон нэхэмжлэгч Н.Э нарын хооронд дээрх төлбөр тооцооны асуудал байснаас Э.Б өөрийн түүнд төлөх төлбөртөө тооцуулахаар автомашиныг шилжүүлж, улмаар бүртгэл хийгдсэн гэж үзэхээр байна.

Иймээс уг тээврийн хэрэгслийн бүртгэл нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасан улсын бүртгэлд хамаарах эсэх, бүртгэлийг үндэслэн өмчлөгчийг тогтоох эсэхийг тодорхойлох нь зүйтэй.

24. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.10-т зааснаар “улсын бүртгэл” гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг хэлэх ба бүртгэлийг улсын бүртгэл, төрөлжсөн бүртгэл гэж ангилж, бүртгэлийн нэгдсэн тогтолцоо нь иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс бүрдэж, үүнээс бусад бүртгэл төрөлжсөн бүртгэлд хамаарах бөгөөд төрөлжсөн бүртгэлийн жагсаалтыг Засгийн газар баталж, төрөлжсөн бүртгэлийн үйл ажиллагааг холбогдох хуулиар зохицуулна гэжээ.

Түүнчлэн Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11, 6.1.12-т зааснаар авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх үйл ажиллагааг зохион байгуулах, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах бүрэн эрхийн хүрээнд улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн бүртгэх, бүртгэлээс хасах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар нөхөн олгох чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Эндээс үзвэл тээврийн хэрэгслийн бүртгэл нь эд хөрөнгийн эрхийг үүсгэж, дуусгавар болгох зорилго бүхий бүртгэл гэхээс илүүтэй тухайн улс оронд эзэмшиж ашиглаж байгаа аюултай эд хэрэгсэл болох тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх, хаана хэрэглэж байгаа, хэнд хамааралтай эд хөрөнгө болохыг тогтоох, энэ талаар мэдээллийн сан үүсгэж хяналт тавих зорилготой төрөлжсөн бүртгэлд хамаарч байна.

25. Харин Автотээврийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д автотээврийн улсын бүртгэлийн талаар Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор ... бүртгүүлэх үүрэгтэй байгааг анхаарч   Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх заалтыг тайлбарлан хэрэглэвэл зохино.  

Учир нь автотээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох үед  харьцангуй аюултай эд зүйлд хамаарч, түүний ашиглалтаас үүдэх хариуцлагыг эзэмшигч ба өмчлөгч нар гэм буруугийн өөр өөр төрлөөр хариуцах эрх зүйн үр дагавартай байдгийн хувьд түүний өмчлөгчийг тогтоох механизм тодорхой байх шаардлагатай тул тээврийн хэрэгслийн бүртгэлийг ашиглах явдал нийгэмд түгээмэл болсон. Энэ нь хууль хэрэглээ тодорхой байх, хууль тодорхой байх зарчимд нийцнэ.

Энэ утгаараа хариуцагч С.Э нь өмнөх өмчлөгч Г.Б-гаас автомашиныг худалдан авсан гэж маргаж байгаа тохиолдолд дээрх хуульд заасан хугацаанд өөрийн нэр дээр бүртгэл хийлгэх үүргээ биелүүлээгүй байхаас гадна Э.Б автомашины өмчлөгчөөр бүртгүүлснээс хойш даруй 6 сарын дараа эд хөрөнгийг өөрийн эзэмшилд авахдаа бүртгэлийг Э.Б-гаас өөр этгээдийн нэр дээр бүртгэгдсэн болохыг хариуцагч мэдэх боломжтой байсан тул түүний эзэмшлийг хууль ёсны гэж үзэхгүй юм.

Иймээс нэхэмжлэгч Н.Э Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д заасны дагуу маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч нь болно.

26. Анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон ба энэ талаар зохигчийн хооронд үүргийн харилцаа үүсээгүй тул  автомашины үнэд 84,360,000 төгрөгийг шаардах эрхгүй, улсын дугаарыг буцаан шилжүүлэхийг даалгах шаардлагыг хариуцвал зохих этгээд нь нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

27. Эдгээр үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2023/03848 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2024/00171 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч О.М-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч хариуцагчийн өмгөөлөгч Р.О-аас 2024.03.05-ны өдөр төлсөн 649,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЧИМЭГ

                                                                                             Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА