Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 109/ШШ2021/0020

 

 

 

 

 

 

                                                109/ШШ2021/0020

    

              Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

           зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Р.Б

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хариуцлагатай эргүүл, ёс журам сахиулах эргүүл, жижүүрээр ажилласныг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 4 жил 2 сарын төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 25 хувиар бодож байсныг 45 хувиар бодож, зөрүү 7.784.618 төгрөгийг өмнө нь тэтгэвэр тогтоосон цалингийн дүн дээр нэмж, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие тус шүүхэд Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хариуцлагатай эргүүл, ёс журам сахиулах эргүүл, жижүүрээр ажилласныг Цагдаагийн албаны тухай хуулийн 86.2 дэх хэсэгт зааснаар нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс миний уг шаардлагыг биелүүлсэн бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дээрх хугацааг нэмж, тэтгэврийг шинэчлэн тогтоосон ...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Б-ын тус хэлтэст гаргасан хүсэлтийн дагуу 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Хэв журмын тасгийн дарга, 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ны өдөр хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байсан хугацааны нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоосон. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн байгаа. Ийнхүү 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг шинэчлэн тогтоосноор Р.Бын өмнө авч байсан тэтгэвэр дээр 33.434 төгрөг нэмэгдсэн байгаа. Нэхэмжлэлийн энэ шаардлагыг биелүүлсэн байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгийг шинжлэн судлаад дүгнэвэл:

 

Тус шүүхэд иргэн Р.Баас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хариуцлагатай эргүүл, ёс журам сахиулах эргүүл, жижүүрээр ажилласныг Цагдаагийн албаны тухай хуулийн 86.2 дэх хэсэгт зааснаар нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу 2014 оны03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 4 жил 2 сарын төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 25 хувиар бодож байсныг 45 хувиар бодож, зөрүү 7.784.618 төгрөгийг өмнө нь тэтгэвэр тогтоосон цалингийн дүн дээр нэмж, тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. /х.х-н 1-3, 43-44/

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1/133 дугаар албан бичгээр Н.Д-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, захиргааны хэргийн бүх шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээн оролцуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэхээр томилжээ. /х.х-н 47/

Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч нэхэмжлэлийн 1 дэх шаардлага “Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хариуцлагатай эргүүл, ёс журам сахиулах эргүүл, жижүүрээр ажилласныг Цагдаагийн албаны тухай хуулийн 86.2 дэх хэсэгт зааснаар нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах”-ыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн талаархи тайлбарыг шүүх хуралдаанд мэдүүлснийг нэхэмжлэгч Р.Б нь зөвшөөрсөн болно.

Харин нэхэмжлэгчийн 2 дахь шаардлага Монгол улсын Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу 2014 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хооронд 4 жил 2 сарын төрийн тусгай алба хаасны нэмэгдлийг 25 хувиар бодож байсныг 45 хувиар бодож, тэтгэврийг нийгмийн даатгалын санд залруулга хийхийг Орхон, Архангай аймаг дахь цагдаагийн газарт даалгах, залруулга хийсэнг үндэслэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилж гаргасан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:  “Цагдаагийн газраас иргэн Р.Б-т залруулгын маягт ирүүлсэн тохиолдолд тэтгэврийн хэмжээг шинэчилсэн цалингийн мэдээлэлд тулгуурлан шинэчлэн тогтоох боломжтой.” гэж тайлбарлаж байна.

Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дахь шаардлага нь болох захиргааны хэрэгт хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан, нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 21 дүгээр зүйл, 57 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн хувь гардуулах, эрх, үүргийг тайлбарлах, холбогдох нотлох баримтуудыг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.”, 60 дугаар зүйлийн 60.2. дахь хэсэгт “Нэгтгэн гаргасан, эсхүл хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан болон хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай нэг болон хэд хэдэн хэргийг тусгаарлаж болно.” гэж зааснаар нэг нэхэмжлэлээр хэдэн хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан хэргийг нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийн тусгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар шийдвэрлэв.

Иймд нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлийн 1 дэх шаардлагыг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбаруудыг нэгтгэн дүгнэхэд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Маргааны үйл баримтаас үзэхэд: Иргэн Р.Б нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон бөгөөд цагдаа, цэргийн байгууллагад 32 жил 1 сар ажиллажээ. /х.х-н 72, 81-82/

            Тодруулбал: нэхэмжлэгч Р.Б нь нэхэмжлэлийн шаардлагад холбогдох албан тушаалыг нь хянаж үзэхэд. ... Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 542 дугаар тушаалаар Архангай аймгийн цагдаагийн газарт хэв журмын тасгийн даргаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 615 дугаар тушаалаар цагдаагийн дэд хурандаа цол олгож, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 338 дугаар тушаалаар Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 662 дугаар тушаалаар цагдаагийн хурандаа, Архангай аймгийн цагдаагийн газрын даргаар, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Б/403 дугаар тушаалаар Орхон аймаг дахь цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар тус тус томилогдон ажиллаж байсан байна.

            Цагдаагийн албаны тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2., 86 дугаар зүйлийн 86.2. дахь хэсэгт тус тус зааснаар цагдаагийн албан хаагч нь Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр тогтоолгох бөгөөд  цагдаагийн алба хаагч албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, цагдаагийн байгууллагын нууцалбал зохих албанд гүйцэтгэх ажилтнаар ажилласан 1 жилийг 1 жил 4 сараар тус тус тооцно” гэж хуулинд зохицуулжээ.

            Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Хамгаалалтын газар, Эргүүл хамгаалалтын газар, Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, хэлтэс, тасаг, хэсэг, нийслэл /Ёс журмын тасаг, хэсэг/, дүүрэг орон нутаг дахь цагдаагийн газар, хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасаг, хэлтсийн дарга/ хамаарна гэж зааснаар нэхэмжлэгч Р.Б нь Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажилласан хугацааг дээрх хуульд зааснаар тооцож, ажилласан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Нэхэмжлэгч Р.Б нь Цагдаагийн ерөнхий газрын даргын  2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/345 дугаар тушаалаар цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.1/-д зааснаар эргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэж, тэтгэврийн 317261 дүгээр хувийн хэрэг нээж, тэтгэвэр тогтоолгосон байна.  

            Гэвч хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч захиргааны  байгууллага нь нэхэмжлэгч Р.Б-ын 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Хэв журмын тасгийн дарга, 2015 оны 7 дугаар сарын 21-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Орхон аймаг дахь Цагдаагийн газарт Нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажилласан хугацааны 1 жилийг 1 жил 3 сараар нэмж тооцож, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг шинэчлэн тогтоожээ. /х.х-н 53, 93-94/

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн байгаа, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тэтгэврийг шинэчлэн тогтоосноор Р.Б-ын өмнө авч байсан тэтгэвэр дээр 33.434 төгрөг нэмэгдсэн.  Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч биелүүлсэн ....” гэж тайлбарлаж байна. Мөн нэхэмжлэгчээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн, тэтгэврийг шинэчлэн тогтоосон талаар тайлбар гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Р.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс хүлээн зөвшөөрснийг баталж, Р.Б-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Цэргийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2., 83 дугаар зүйлийн 83.2                          дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Б-ын Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “Архангай аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн газрын даргаар, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт нийтийн хэв журам хамгаалах тасгийн даргаар ажиллаж байх хугацаандаа байгууллагын хариуцлагатай эргүүл, ёс журам сахиулах эргүүл, жижүүрээр ажилласныг Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 дахь хэсэгт зааснаар нэг жилийг 1 жил 3 сараар тооцож, тэтгэвэр тогтоосны ажилсан хугацаанд хамруулж тэтгэврийг шинэчлэн тогтоохыг даалгах” шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, Р.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Б-т олгосугай. 

 

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА