Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1888

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Уийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01988 дугаар шийдвэртэй, Т.Уийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ОЭО” ХХК, “МАЖ” ХХК-д холбогдох, “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, учирсан хохиролд буюу автобусны төлбөрт төлсөн 29 600 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг, автобусны үнэлгээ гаргуулсан зардал 500 000 төгрөг, нийт 32 600 000 төгрөгийг хариуцагч “ОЭО” ХХК-иас,

автобусны төлбөрт төлсөн 400 000 төгрөг, даатгалын зардал 239 219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн зардал 23 600 төгрөг, автобусыг худалдан авахад зориулж зээлсэн 30 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн 33 659 844 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2 500 000 төгрөг, автобус хадгалуулсан зардал 8 250 000 төгрөг, нийт 45 072 663 төгрөгийг “МАЖ” ХХК-иас тус тус гаргуулах,

 

Гуравдагч этгээд Ж.Э хариуцагч “МАЖ” ХХК-д холбогдуулан авто гарааж албадан чөлөөлөх, автобус хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9 000 000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.У

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Даваабилэг,

Хариуцагч нарын өмгөөлөгч С.Оюумаа,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баялагмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол аялал жуучлал” ХХК нь 30 000 000 төгрөгөөр маргаж буй автобусыг зарна, жуулчин тээвэрлэх ажлаар хангана гэснээр автобусыг үзсэн, үнэхээр ашигтай гэж танилцуулсан. Улмаар захирал н.Пүрэвдоржтой уулзсан. Аялалын маршрут болон бусад зүйлсийг танилцуулж, бид ч автобустай тул хамтарч ажиллая гэсэн. Манай автобусаар хамтрахгүй гэсэн тул би танай автобусыг зээлээр аваад хамтран ажиллая гэсэн. Улмаар ББСБ-аас зээл олгох боломжтой гэсэн. Ингээд зээл судлагдаад 30 000 000 төгрөгийн зээл батлагдсан. 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 29 600 000 төгрөг аваад очсон. Гүйцэтгэх захирал нь байсан ба хамтран ажиллах гэрээг маргааш хийнэ гээд 2 гэрээний төсөл өгч, маргааш ир гэсэн. Мөнгөө тушаах гэтэл “ОЭО” гэх өөр компани гарч ирсэн, энэ нь н.Пүрэвдоржийн үүсгэн байгуулсан компани бөгөөд “МАЖ” ХХК-ийн охин компани гэсэн. Мөнгө өгсөн тул баримт авья гэхэд худалдах худалдан авах гэрээ байгуулж гарын үсэг зуруулж ирсэн. Гэтэл Пүрэвдоржийн гарын үсэг нь шинжээчийн дүгнэлтээр өөр хүн зурсан гэж гарсан. Би тус компанийн автобусыг авлаа гэж ойлгож байхад намайг хуурсан. Өндөр орлоготой гэж танилцуулснаар зээлийн гэрээний эргэн төлөлтийг ч түүнд уялдуулсан. Бидэндтэй 250 000 төгрөгөөр цалинжих гэрээ хийсэн боловч ажил өгөхгүй, бусадтай 180 000-200 000 төгрөгөөр гэрээ хийгээд явуулдаг байсан. Автобусны үнэнд “Очир эрдэний орон” ХХК 29 600 000 төгрөг хүлээж авсан тул нэхэмжилж байгаа, харин 400 000 төгрөгийг “МАЖ” ХХК авсан. Ингээд автобусны үнэ нь 30 000 000 төгрөг болно. Мөнгөө төлсөнөөс хойш 16-ны өдөр миний нэр дээр автобус шилжсэн. Биднийг итгэмжлэл хийлгэ гэснээр 23 600 төгрөгөөр хийлгэсэн, 2 удаа 239 219 төгрөгийн даатгал төлсөн баримт хэрэгт байгаа. Дараа нь автотээврийн үндэсний төв дээр аваачиж жуулчин тээвэрлэнэ гэж 21-нд буцаагаад МАЖ ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн ба иргэнд зарж болдоггүйг мэдсээр байж хуурсан байдаг. Тусгай зөвшөөрөлгүй болох нь мэдэгдэж, маргаан үүсч, өмгөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн төлбөрт 500 000 төгрөг төлсөн. Иймд дээрх төлбөрт нийт 32 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

“МАЖ” ХХК-иас автобусны төлбөрт 400 000 төгрөг, даатгалд төлсөн 239 219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн төлбөр 23 600 төгрөг, 30 000 000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 33 659 844 төгрөг, өмгөөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, хадгалалтын гэрээний дагуу төлсөн төлбөрт 8 250 000 төгрөг, нийт 45 072 663 төгрөг нэхэмжилнэ. Автобусаа аваад хадгалалтын гэрээ байгуулж хадгалуулсан. Гэрээнд анхнаасаа н.Пүрэвдорж гарын зураагүй байсан. Надаар зээл авахуулж миний мөнгийг ашигласан. Би 30 000 000 төгрөгийг төлсөн боловч автобус МАЖ компаний нэр дээр байгаа, хууль бусаар явуулж орлого олсон. Итгэл төрүүлж хууран мэхэлсэн, зээл нь өндөр хүүтэй тул төлж чадахгүй болж, эвлэрэх асуудлууд ярьж, ББСБ-д би цалин авахгүйгээр ажиллаж зээлдээ суутгуулан төлдөг байсан. Мөн машинаа алдсан, тээвэр хийсэн мөнгийг Галбадрах л авсан, гэрээнээсээ ч татгалзаж байсан. 13 000 000 төгрөг олсон мэтээр ярьж байна. Нийт 7 удаа аялалд явсан. Тусгай зөвшөөрлийг асуухад буудлын захиалгын хуудас өгч хуурч байсан. Даатгалд зориулж надад мөнгө өгсөн гэдэг боловч баримтгүй. Автобус авах хүсэл зориг анхнаасаа байгаагүй, жуулчинд явж, ашиг олох зорилгоор л авсан. “ОЭО” ХХК-иас автобус авч байна гэдгээ сүүлд мэдсэн, өдрийн 250 000 төгрөгөөр ажилд явуулна гэсэн ч өөр жолоочоор ажил хийлгэж,  биднээс хөрөнгө оруулалт авах зорилготойгоор хуурсан. Худалдах худалдан авах гэрээ хийх үед зорчигч тээвэр хийх эрхгүй байсан. 2015 оны 10 дугаар сарын 15-нд гэрээ бичгээр хийгдсэн. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурах байтал худалдагч тал зураагүй нь шинжээчээр тогтоогдлоо. н.Пүрэвдорж нь ерөнхий захирал, н.Чингүнжав нь гүйцэтгэх захирал гэсэн боловч хэрэгт байгаа гэрчилгээ, дүрэм, лавлагаагаар н.Чингүнжав итгэмжлэлгүйгээр төлөөлөхгүй байгаа нь гүйцэтгэх захирал биш. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хэлцэл нь хүчин төгөлөдөр болох нөхцөлийг заасан. Улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх ёстой гэжээ.

 

Хариуцагч “ОЭО” ХХК болон “МАЖ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “МАЖ” ХХК нь худалдах худалдан авах гэрээний дагуу автобус зарсан. Зарын дагуу нэхэмжлэгч ирж манай хүүхдүүдтэй уулзсан байсан. Бид аваач гэж огт хэлээгүй. Харин нэхэмжлэгч автобусыг чинь авна гэж түр хүлээгээч гэж байсан, бид автобусыг актаар хүлээлгэж өгсөн. Үүний дараа аялалд явах болсон. Нэхэмжлэгч нь нөхрөө аялалд явуулах гээд худалдаж авсан. Автотээврийн үндэсний төв нь жуулчин тээвэрлэхэд эрх бүхий байгууллага тээвэрлэх ёстой гэсэн тул Монгол аялал жуулчин ХХК-д буцаан шилжүүлж, улмаар ажил үүрэг гүйцэтгэсэн. 13 292 000 төгрөгийн ашиг олсон байдаг. Даатгалын мөнгөгүй гээд мөнгө авч байсан. Улаан-Үдийн тээвэр ашиггүй байна гээд Манжуур явсан. Бид хууран мэхэлж зараагүй. Харин эсэргээр биднийг айлган сүрдүүлж, 17 хүнийг хээр орхин ирж байсан. Машин авсан тул юугаар яаж авах нь манайд хамаагүй. Нэхэмжлэгчийн өөрийнх хийсэн гэрээнд зааснаар зээлээ биднээр төлүүлэхээр байсан тул уг гэрээ хийгдээгүй. Хуульч хүн худлаа хэлээд компанийг хохироож байна.

Гэрээнд манай хүү гүйцэтгэх захирал учраас гарын үсэг зурсан, ийм эрхтэй. Бид залилаагүй, мөнгийг кассаар авсан. Одоо хүртэл татвараа төлөөд үйл ажиллагаа явуулдаг. Намайг удаа дараа гүжирдэж байна. Худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн. Хэнээс юу нэхээд байгааг ялгаж хэлэхгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож гэж нэхэмжлэлд бичсэн байдаг. Иргэний хуулийн 43, 42 дугаар зүйлийг анхаарах ёстой. Худалдах худалдан авах гэрээ нь шаардлага хангасан хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Ж.Э шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Чингэлтй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах өөрийн эзэмшил газарт гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, ашиглалтанд оруулаад байхад Т.У нь “МАЖ” ХХК-ийн эзэмшлийн техникийн гэрчилгээтэй, 58-96 УНБ улсын дугаартай, том оврын автобусыг хадгалуулж гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар 2015 оны 10 дугаар сараас төлбөрийг төлж байснаа 2016 оноос автобус “МАЖ” ХХК-ийн эзэмшлийнх тул би зогсоолын төлбөрийг төлөхгүй, төлбөрийн боломжгүй болсон гэрээгээ цуцалъя гэхэд нь би зөвшөөрсөн. “МАЖ” ХХК-ийн захирал Ц.Пүрэвдоржид өөрийн эзэмшлийн автобусыг авч зогсоолыг яаралтай чөлөөлж өгөхийг шаардахад, автобусыг худалдсан, буцааж авахгүй гэсэн, хэрэвээ авахгүй бол бусад автомашиныг зогсоолд тавиулдаг үнээр тооцож, хоног тутам төлбөр авах талаар сануулсан. Автобусны өмчлөгчийн хувьд ямар ч хариу өгөөгүйгээс гадна нэг ч төгрөгийн төлбөр хийлгүй  хохироож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар “МАЖ” ХХК-д эзэмших эрхийн техникийн гэрчилгээтэй, 58-96 УНБ улсын дугаарын автобусыг Ж.Эгийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн 42-623 тоот хаягт байрлах гараажаас авч зогсоолыг чөлөөлж өгөхийг даалгах, хадгалалтын төлбөрт 2 машины зай эзэлж байгааг харгалзан 1 өдрийн 20 000 төгрөгөөр тооцож, 15 сар буюу 450 хоногийн 9 000 000 төгрөгийг гаргуулах бие даасан шаардлага гаргаж байна. Надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ, түлхүүрүүд эх хувиараа байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч Т.У нь гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “МАЖ” ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Жуулчин тээвэрлэж нэг сард 4 000 000-6 000 000 төгрөгийн цэвэр ашиг олдог гэх “МАЖ” ХХК-ийн эзэмшлийн том оврын автобусыг тухайн үеийн зах зээлийн ханшаас илүү үнээр буюу 30 000 000 төгрөгөөр худалдаж авбал ОХУ-ын Эрхүү, Улаан-Үүд, Итгэлт Хамба, БНХАУ-ын Манжуур хотод 3 жилийн хугацаанд Жуулчин тээвэрлэхээр хамтран ажиллая гэдэг санал тавьсаныг би хүлээн зөвшөөрч автобусыг худалдан авч байсан.

Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ-г байгуулахад маргаж буй автобусны эзэмшигч нь “ОЭО” ХХК гэсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ үзүүлсэн. Үүнийгээ Гүйцэтгэх захирал П.Чингүүн, Энхбаатар нар нь “ОЭО” ХХК бол манай “МАЖ” ХХК-ийн охин компани, Хамтран ажиллах гэрээг байгуулж үзэглэнэ гэж тайлбарласан. Үүнээс хойш би хамтран ажиллаж Жуулчин тээвэрлэхээр худалдаж авсан автобусыг бие даасан шаардлага гаргаад байгаа иргэн Ж.Этай харилцан тохирч түүний өмчлөлийн зогсоолд хадгалуулахаар Хадгалалтын гэрээ байгуулсан. Хадгалалтын хөлсийг гэрээнд заасны дагуу төлж байтал хариуцагч бидний хооронд аялалд бүрт маргаан үүсч гэрээгээр хүлээсэн үүргээ Ц.Пүрэвдорж удаа, дараа биелүүлээгүй, хууран мэхэлж автобусаа зарсан гэдгээ хүлээн зөвшөөрч бид Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах болон жуулчин тээвэрлэхээр тохирсон аман гэрээнүүдийг цуцалж “ОЭО” ХХК 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр надаас бэлнээр авсан 30 000 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны дотор өгье гэсэн, би мөнгөө өгмөгц автобусыг бүрэн бүтэн “МАЖ” ХХК-д хүлээлгэн өгөх талаар баримт бичиж харилцан солилцож үлдээсэн. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 18-нд манай нөхөр Ц.Пүрэвдорж нар уулзаж, маргаан үүссэн. Ц.Пүрэвдорж нь бидний мөнгийг огт өгөхгүй, та нар шүүхээр явж мөнгөө олж аваарай гэснээс хойш би түүнийг автобусаа ав, ажлын чинь гадаа хүргээд өгнө, өөрсдийн хадгалалт хамгаалалтанд ав, эсхүл төлбөрийг танайх төл гэж удаа, дараа шаардсан, авахгүй гэдэг тайлбар өгч байсан. Ц.Пүрэвдорж нь зогсоолыг нь чөлөөлж өгөхгүй хохироож байгаа учир гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хууль зүйн үндэслэлтэй гэж дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Гуравдагчийн хувьд анхнаасаа автобусыг би авсан мөнгө өгсөн гэдгээ хэлээд байдаг. Авсанаас хойш ашиг олоогүй гэж байна. Авсанаас хойш яах нь өмчлөгчийн асуудал. Гэтэл өнөөдөр Монгол аялалын нэр дээр байгаа тул зээлийн хүү авна гээд байна. Зээлийн гэрээний оролцогч нь нэхэмжлэгч өөрөө байгаа. Монгол аялалд байгаа боловч биет байдлаар шилжсэн. Тээврийн хэрэгсэл гуравдагчид байна гэж байна. Гаражид байлгах гэрээгээ нэхэмжлэгчтэй хийсэн байдаг. Монгол аялал нь гуравдагчтай яаж холбогдсон нь тодорхойгүй. Иймд гуравдагчийн Монгол аялалд холбогдох шаардлага үндэслэлгүй. Хүсэл зорилгоо илэрхийлээд авсан гэж нэхэмжлэгч өөрөө хэлсэн. Монгол аялалын нэр рүү шилжүүлэх нь зөвхөн аялалд явах зорилгооор хийсэн гэдгээ хэлдэг гэв.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 56.6, 58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “ОЭО” ХХК-д холбогдох автобусны төлбөрт төлсөн 29 600 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, автобусны үнэлгээ гаргуулсан зардалд 500 000 төгрөг, нийт 32 600 000 төгрөг, хариуцагч “МАЖ” ХХК-д холбогдох автобусны төлбөрт төлсөн 400 000 төгрөг, даатгалын зардал 239 219 төгрөг, итгэмжлэл хийлгэсэн зардал 23 600 төгрөг, автобусыг худалдан авахад авсан 30 000 000 төгрөгийн зээлийн хүүнд төлсөн 33 659 844 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 2 500 000 төгрөг, автобусыг хадгалуулсан зардалд 8 250 000 төгрөг, нийт 45 072 663 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Уийн нэхэмжлэл, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “МАЖ” ХХК-д холбогдох автобус хадгалагдаж байгаа авто гараажийг албадан чөлөөлөх, хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9 000 000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээд Ж.Эгийн бие даасан шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгожээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 649 276 төгрөг, гуравдагч этгээдийн 159 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэсийн 2609006167 тоот данснаас 103 013 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 102 963 төгрөг, гуравдагч этгээдэд 50 төгрөгийг тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага болон гуравдагч этгээдийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй, хавтас хэрэгг авагдсан тухайн хэрэгт хамааралтай нотлох баримгуудыг эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалттай нийцээгүй.

Шүүх зөвхөн “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-д дүгнэлт хийж, хэт нэг талыг барьж асуудлыг шийдсэн нь буруу. Нэхэмжлэгч хариуцагч нар хамтран ажиллахын тулд “Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ” байгуулсан нь худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийн нэг болсон. Иргэний хуульд Хамтран ажиллах гэрээг хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд амаар болон бичгээр байгуулан ажиллаж болох тухай зөвшөөрөгдсөн байдаг. Бидний хооронд байгуулсан Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ нь холимог гэрээний шинж агуулж байснаас гадна хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хуулийн хэд хэдэн нөхцөл /хууран мэхлэх, хууль зөрчсөн, ноцтой төөрөгдөл, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд тавигддаг/ хангасан байсан.

Дээрх гэрээг байгуулахад ноцтой төөрөгдсөн тухайд. Нэхэмжлэгчид маргааны зүйл болсон 58-96 УНБ автобусыг худалдан авах хэрэгцээ шаардлага байгаагүй, тухайн үед өөрийн автобус байсан учраас ижил автобусыг худалдан авах хэрэгцээ байхгүй. Харин  автобусаа ашиглаж бусдад ажил үйлчилгээ үзүүлж, ашиг олох зорилготой үйл ажиллагаа явуулах хэрэгцээ байсан учраас Ч.Пүрэвдоржид дээрх саналыг тавихад “Заавал өөрийн зарж буй автобусыг худалдан авсан тохиолдолд хамтран ажиллах шаардлага тавьсан” бөгөөд энэхүү үйл явдал болсон талаарх нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх үнэлж, дүгнээгүй орхигдуулсан.

Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэг дуусгавар болсон, хожим нь талуудын хооронд Хамтран ажиллах харилцаа үүссэн гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн дүүрэн судлалгүй дээрх дүгнэлтийг гаргасанд гомдолтой. Тодруулбал, дээрх гэрээ байгуулах анхны хүсэл зориг, бодит нөхцөл байдал, нотлох баримтууд дээр үндэслэгдсэн зөв дүгнэлтийг шүүх хийгээгүй. Худалдах худалдан авах гэрээ байгуулсан гол санаа зорилго нь “ажил олж өгөхийн тулд автобусыг худалдан авах” асуудал байсан. Уг гэрээний гол нөхцөл буюу эд хөрөнгө, үнэ, чанар мөн хүсэл зоригийн илэрхийлэл нь хариуцагч тал хамтарч ажиллаж, ажлаар хангана гэсэн учраас автобусыг худалдаж авсан болохоос зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгаагүй. Гэтэл гэрээг байгуулах болсон дээрх хүсэл зоригийг шүүх дүгнэж үзээгүй. Т.Уийн нэр дээр шилжүүлснээс хойш 6 хоногийн дараа “МАЖ” ХХК нь өөрийн нэр дээр автобусыг буцаан шилжүүлсэн үйл баримт нотлох баримтаар тогтоогддог. Хэрэв хамтран ажиллах тохиролцоо анхнаасаа байгаагүй бол 6 хоногийн дараа “МАЖ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх боломжгүй. Мөн талууд Хамтран ажиллах талаар бичгээр хийсэн хэлцэл байхгүй байхад харилцан ойлголцож, худалдан авсан автобусаа шууд буцаан шилжүүлэхгүй. Гагцхүү тохиролцоог бичгээр байгуулаагүй боловч бодит үйлдлээр гүйцэтгэж байсан. ... Мөн автобус нь надаас компанийн нэр дээр шилжсэн байгаа нь тухайн компанийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдах юм. Учир нь Автотээврийн үндэсний төвөөс тавьсан шаардлага бол зөвхөн компанийн нэр дээр “автобус” байсан цагт “хүн тээвэрлэнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулиар автобусны эзэмшигч, өмчлөгч аливаа хүмүүст хохирол учруулбал хариуцлагыг хүлээх хуулийн зохицуулалттай бөгөөд түүнийгээ дагаад хүн тээвэрлэж буй асуудал нь автобусны эзэмшигч нь компани байх шаардлага. Дээрх шаардлагатай холбогдуулан “МАЖ” ХХК-ийн нэр дээр байгаа автобусыг Т.У миний бие ашиглах боломжгүй. Миний зүгээс “Прогресс капитал” ХХК-иас 30 000 000 төгрөгийн өндөр хүүтэй зээл аваад, уг зээлийг төлөхийн тулд уг автобусаар сард 3 000 000-4 000 000 төгрөгийн орлого олно гэсэн ойлголтыг Ч.Пүрэвдорж захирлаас авсан. Ийм итгэл үнэмшлийг надад бий болгосон учраас би ноцтой төөрөгдсөн ойлголтондоо тулгуурлаад худалдах худалдан авах гэрээг байгуулсан байсан. Бодит байдлаас өөр төөрөгдөл үүссэн нь сүүлд илэрсэн бөгөөд тусгай зөвшөөрөлгүй байхад аялалд гаргасан зэрэг нь ноцтой төөрөгдөл бий болоход хариуцагч талын буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үздэг. Шударга бус энэхүү нөхцөлийг шүүхээс харгалзан үзэж, дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл”-д хамраах нөхцөл байдлыг нотолсон баримтуудыг анхан шатны шүүх огт үнэлээгүй. Шүүх шийдвэртээ: “Гэрээнд Ц.Пүрэвдорж гарын үсэг зураагүй нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2198 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэдийгээр гэрээнд хэлцэл хийх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй болох нь тогтоогдож байгаа боловч уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар энэхүү гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.” гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.” гэж заасан. “Хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол” гэж хуульчилсныг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан хэлцлийн хувьд Ц.Пүрэвдорж нь автобус худалдах гэсэн хүсэл зоригоо зөвшөөрч Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт заасны дагуу Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлээр үүсэх тул гарын үсэг зурсан этгээдэд итгэмжлэл олгосон байх ёстой. Хариуцагч ийнхүү зөвшөөрлөө хуульд заасан хэлбэрээр илэрхийлээгүй зөвхөн, шүүхэд үндэслэлгүй, ямар ч баримтгүй тайлбар гаргасан байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсгийн агуулгыг хуульд зааснаар бус хариуцагчид ашигтай байдлаар тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн. Гэрээний талууд нэхэмжлэгч хариуцагчийг өндөр ашиг орлогоор хууран мэхэлж гэрээ байгуулсан, хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй зэрэг нөхцөлийг дурдаж, хариуцагч эдийн засгийн байдал ийм хүнд болохыг мэдээгүй гэсэн нөхцөл дурдаж, гэрээний хэн алинд нь хохирол бага байсан үед гэрээнээс татгалзаж, автобусны үнэ 30 000 000 төгрөгийг 2016 оны 1 дүгээр сарын 10-15 дотор Т.Уд буцаан өгнө. Ц.Урангэрэлд 2015 оны аялалын төлбөр 1 125 000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргаж өгнө. Автобусыг буцаасны дараа 2 тал аль нэгнийг хүндэтгэхгүй байдал гаргахгүй байх зэргээр тохирч, талууд хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурсан баримтыг шүүх огт үнэлээгүй. Энэхүү нотлох баримт нь гэрээ хүчин төгөлдөр бус болохыг давхар нотолсон баримт.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийг хэлэлцэж байхад нэхэмжлэгч надад гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад тайлбар хэлж мэтгэлцэх боломж олгоогүй. Дээрх үндэслэлээс гадна хэргийн бодит нөхцөл байдал ямар байсан, ямар хүсэл зоригийн үндсэн дээр Ц.Пүрэвдорж бид нар худалдах худалдан авах гэрээг байгуулах болсон, хариуцагчийн тайлбарыг нотлох ямар баримт хэрэгт авагдсан эсэх зэргийг харгалзаж үзэж хэргийг хянан өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой харьцуулан үзээгүй, зөвхөн хариуцагч “МАЖ” ХХК-иас гаргасан “...Ж.Этай ямар нэгэн гэрээ байгуулаагүй учраас 58-96 УНБ автобусны хадгалалтын төлбөрийг хариуцахгүй” гэсэн тайлбарыг үндэслэн шийдвэрийг гаргаж, бие даасан шаардлагыг хангаагүйд гомдолтой. Шүүх хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг үнэлж, түүнд суурилсан шийдвэрийг гаргаагүй бөгөөд уг шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын хувьд дээрх үндэслэлээр бодит байдалд автобусны өмчлөгч нь нэхэмжлэгч Т.У байна...” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримт болох 58-96 УНБ автобусны албан ёсны тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний газраас ирүүлсэн албан тоот зэргийг харгалзан үзэлгүйгээр, зөвхөн хариуцагч “МАЖ” ХХК-иас шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэж, “...Маргаж буй 5896 УНБ улсын дугаартай автобусны өмчлөх эрхийн гэрчилгээний өмчлөгчийн нэр шилжсэн нь хэлбэрийн шинжтэй байна. ... зөвхөн зорчигч тээврийн үйлчилгээг өөрийн өмчлөлийн автобусаар гүйцэтгэх зорилгоор уг үйлчилгээг үзүүлэх эрх бүхий этгээд болох “МАЖ” ХХК-иин өмчлөлд шилжүүлсэн байна” гэж шүүхээс ямар нэгэн нотлох баримтаар нотлогдоогүй тайлбарыг нь дэмжсэн дүгнэлт гаргасан. Нотлох баримтуудыг шинжлэн судлах явцад Т.Уийн эзэмшилд бүртгэлтэй байсан автобус нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн “МАЖ” ХХК-д шилжсэн, өнөөдрийг хүртэл “МАЖ” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй эд хөрөнгө болох нь нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Нэхэмжлэгч Т.У нь уг автобусны тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр албан ёсны эзэмшигч нь “МАЖ” ХХК гэдэгтэй маргадаггүй, харин автобус худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор маргасан байтал шүүхийн шийдвэрт тээврийн хэрэгслийн гэрчилгээний эзэмшигчийг үл харгалзан өмчлөгчийг Т.У гэж дүгнэн, “МАЖ” ХХК-ийг хуулиар тодорхойлогдоогүй “хэлбэрийн төдий эзэмшигч” гэж хуулинд байхгүй нэр томъёонд үндэслэн дүгнэсэн нь хуульд нийцэхгүй. Уг автобус нь 2015 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл гуравдагч этгээдийн өмчлөлийн автозогсоолд хоёр автомашины зай эзлэн байрлаж байгаа ба хууль ёсны эзэмшигч “МАЖ” ХХК-иас зогсоолын төлбөрийг шаардсан шаардлагыг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд гомдолтой. Мөн шүүхээс “Монгол аялал жуучлал” ХХК-иас хадгалалтын төлбөрт 9 000 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “... Хадгалалтын гэрээг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар байгуулж, эд хөрөнгийг хүлээлцсэн байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч “МАЖ” ХХК болон гуравдагч этгээд нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй” гэж дүгнэсэн буюу Иргэний эрх зүйн харилцаа зөвхөн гэрээний үндсэн дээр үүсдэг гэж үзэж, “МАЖ” ХХК-тай намайг ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэх үндэслэл зааж бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Анх 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу уг автобусны эзэмшигч иргэн Т.У байх үед миний бие уг автобусыг хадгалах үүрэг хүлээж, бид харилцан тохиролцож Хадгалалтын гэрээ байгуулсан. Хожим 2015 оны 12 сард Т.Уийн зүгээс уг автобусыг буцааж байгаа учраас гэрээг цуцлах тухай санал гаргаж, хадгалалтын төлбөрийг хууль ёсны эзэмшигчээс нь авахыг мэдэгдсэн. Хожим талуудын хооронд байгуулагдсан Хадгалалтын гэрээ цуцлагдаж, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс хойш зогсоолын төлбөрийг автобусны хууль ёсны эзэмшигч “Монгол аялал жуучлал” ХХК-иас төлөхийг шаардсан боловч төлөлгүй хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөөр байна. Миний зүгээс өөрийн өмчлөлийн хөрөнгө болох автомашины зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж, үр шимийг хүртэх эрхтэй. Гэвч автобусыг зогсоолоос чөлөөлөхгүй, төлбөрийг төлөхгүй байгаа нь миний эд хөрөнгийн эрхийг зөрчиж, Иргэний хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт “...Эд юмсын болон эрхийн үр шимийг тухайн эд юмс болон эрхийн хууль ёсны эзэмшигч олж авах эрхтэй” гэж заасны дагуу үр шимийг хүртэх боломжийг шууд хязгаарласан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу өмчлөх эрхийг минь ямар нэгэн байдлаар зөрчсөн бол уг зөрчлийг арилгуулах буюу үр шимийг шаардах, зогсоолыг чөлөөлөхгүй байгаа үйлдлийг нь таслан зогсоохыг эрх зорчигч буюу автобусны хууль ёсны эзэмшигч “Монгол аялал зуучлал” ХХК-иас шаардах эрхтэй гэж үзэж байна. Мөн дээрх эд хөрөнгийн эрхтэй холбоотой шаардах эрхийг хэрэгжүүлэхэд эд хөрөнгийн эрхийг зөрчиж буй “МАЖ” ХХК-тай заавал гэрээ байгуулсан байхыг шаардахгүй бөгөөд шүүхээс гэрээ байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...автобусны гэрчилгээ болон түлхүүр нь хариуцагч “Монгол аялал жуучлал” ХХК-д байхгүй тул албадан чөлөөлөх шаардлагыг биелүүлэх боломжгүй юм” гэж дүгнэн, хариуцагчид илт давуу байдлыг олгож, шийдвэр гаргасан. Маргааны зүйл болох автобусны гэрчилгээ, түлхүүр нь хэнд байхаас үл хамааран миний өмчлөлийн объектоос уг автобусыг гаргах үйлдлийг хууль ёсны эзэмшигч “МАЖ” ХХК-иас хийх бүрэн боломжтой. Энэ үйлдлийг хийхэд уг автобусны гэрчилгээ байхгүй, эсхүл түлхүүргүй байх эсэх нь саад болохгүй. Уг автобусны түлхүүрийг нэхэмжлэгч Т.Уээс надад хүлээлгэн өгсөн шалтгаан нь гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд автобусыг аюул ослоос хамгаалах зорилготой байсан, мөн “Монгол аялал жуучлал” ХХК-ийн зогсоолыг чөлөөлөх үйл ажиллагаанд саад болохгүй байхад хууль зүйн үндэслэлгүйгээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай: Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг хэлэлцээгүй орхигдуулсан ба уг шаардлагыг шүүхэд танилцуулсны дараа нэхэмжлэгч болон хариуцагч нараас тайлбар өгөх боломжийг шүүхээс олгоогүй. Иймээс бие даасан шаардлагын талаар хэргийн оролцогч нарыг мэтгэлцэх боломжоор хангаагүй тул гомдолтой байна. Шүүх хуралдааны явцад бие даасан шаардлагатай холбоотойгоор талуудыг мэтгэлцүүлээгүй нь урьдаас уг шаардлагатай холбоотой шийдвэрийг шүүх гаргасан байж болзошгүй гэх таамаглалыг бий болгож байна. Шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлаагүй, зөвхөн хариуцагчийн тайлбарт үндэслэн дүгнэлт хийгдсэн, зохигчдыг мэтгэлцэх боломжоор хангахгүйгээр гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.У нь хариуцагч “ОЭО” ХХК болон “МАЖ” ХХК-д холбогдуулан “тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, улмаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийснээс учирсан хохирол буюу автобусны үнэ 29 600 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг, үнэлгээний зардал 500 000 төгрөг, нийт 32 600 000 төгрөгийг хариуцагч “ОЭО” ХХК-иас,

автобусны төлбөрт төлсөн 400 000 төгрөг, даатгалын зардал 239 219 төгрөг, итгэмжлэлийн зардал 23 600 төгрөг, автобус худалдан авахад зээлсэн 30 000 000 төгрөгийн хүүд төлсөн 33 659 844 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг, автобусыг хадгалуулсан зардалд 8 250 000 төгрөг, нийт 45 072 663 төгрөгийг “МАЖ” ХХК-иас тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ж.Э хариуцагч “МАЖ” ХХК-иас авто зогсоол албадан чөлөөлөх, автобус хадгалалтын гэрээний үүрэгт нийт 9 000 000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага гаргасныг тухайн хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэргийн баримтаас үзвэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай. Тухайлбал, нэхэмжлэгч Т.У нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байхад хариуцагч болон гуравдагч этгээдэд уг шаардлагыг гардуулах ажиллагааг шүүгч  гүйцэтгээгүй, шүүгчийн туслах баримтжуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2-т заасантай нийцэхгүй. Түүнчлэн, хариуцагч “ОЭО” ХХК-д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Эгийн шаардлагыг гардуулах ажиллагаа хийгдээгүй. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийг бие даасан шаардлагаа дэмжиж байгаа эсэх, хариуцагч тал түүний шаардлагыг зөвшөөрөх эсэх, талууд эвлэрэх хүсэлтэй эсэхийг шүүх хуралдаан даргалагч тодруулж асуугаагүй байна. Улмаар бие даасан шаардлагад хамаарах маргааны үйл баримт, хариуцагчийн гэм буруугийн талаар зохигчдын мэтгэлцэх эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасан шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчимд нийцэхгүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд Ц.Пүрэвдорж гарын үсэг зурсан эсэхийг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлт /3хх113/ гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авч /3хх122/, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр №2198 дугаартай дүгнэлтийг /3хх180-186/ хүргүүлжээ. Гэтэл шүүх тухайн дүгнэлтийг ирүүлснээс хойш буюу 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр шинжээчид хууль тайлбарласан тухай баримт үйлдсэн /3хх178/ нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан “...эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна” гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээч нь шүүгчийн захирамжийн дагуу дүгнэлтээ гаргаснаас хойш түүний хүлээх хариуцлагыг танилцуулсан нь тухайн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэж нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй юм. Энэ утгаараа хэргийн оролцогчийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шинжээч томилуулахаар гаргасан хүсэлт шийдвэрлэгдсэн, нотлох баримт зохих ёсоор бүрдсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар шүүх нотлох баримт шинжлэх дарааллыг тогтоох учиртай. Шүүх хуралдааны тэмдэглэл болон зохигчдын тайлбараас үзвэл гэрч Ж.Хэнтийхүүг асуух ажиллагааг явуулсан байх боловч нотлох баримт шинжлэх дараалалд /4хх9/ тусгагдаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн, тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулсан бол шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэрлэн заагаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

 

Дээрхээс гадна, шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг шүүх зөрүүтэй бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, түүнд холбогдох хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Т.У, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баялагмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01988 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Т.Уийн 546 314 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Эгийн 160 080 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА