| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0153/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/152 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/152
2024 05 31 2024/ШЦТ/152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзандулам
Улсын яллагч Н.Амгалан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2439000000161 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар *******ын 1 дүгээр эгнээнд оршин суух *******ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******г тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ын 1 дүгээр эгнээнд байх *******ын гэрт *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож эрүүл мэндэд нь “хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, баруун хацар, хамар, зүүн хацарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч *******ы шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би тухайн өдөр өөрийн танил ******* гээд залуутай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдсан нь үнэн. Тухайн үед ******* нь том том дугараад миний шилэн хүзүүнээс базаад бос гээд байхаар нь би уурандаа босоод *******г авч гараад нүүр хэсэгт нь 1 удаа цохисон нь үнэн. ... Би *******д хохирол болон эмчилгээний зардал гэж 4 сая төгрөг өгчихсөн байгаа. Тэгээд надад гомдол санал байхгүй гэсэн. Гэм буруугаа хүлээж байгаа...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр би ойролцоогоор 11-12 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ын 1 дүгээр эгнээнд Сүрэнжавын гэдэг айлд очсон. Намайг тэнд очиход ах, эхнэрийн хамт мөн *******, буюу нарын хүмүүс байсан. Тэгээд бид нар нийлээд 0,75 литрийн “Агар” нэртэй архи хувааж уугаад байж байтал 15 цаг нэлээн өнгөрч байхад буюу нь над руу агсраад “Чи замын цагдаа байхдаа намайг 2 удаа торгож байсан. Уул нь чи бид хоёр нэг нутгийн хүмүүс юм даа” гэж хэлэхээр нь “Би ажлаа хийж байсан” гэхэд ******* хажуугаас гэнэт босож ирээд намайг чирээд гэрийн гадаа гаргаж ирээд ахын гэрийнх нь зүүн урд талд миний нүүр буюу ам хэсэг рүү гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон ба түүний дараа миний амнаас цус гарч нүдний шил маань эвдэрч хагалсан. Тэгтэл араас нь гарч ирээд намайг газар хэвтэж байхад миний баруун гар хэсэг рүү 1 удаа өшиглөж 1 удаа дэвссэн. Тэгээд би больё гэж хэлээд тэр хоёроос бараг зугтааж гараад гэр лүүгээ очсон юм. Тэгээд манай эхнэр нь цагдаа дуудсан.....” гэх мэдүүлэг (хх-ийн 5-7),
Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...******* бол миний нөхөр байгаа юм. 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цаг 30 минутад би ажилдаа явсан. Манай нөхөр ******* гэртээ үлдсэн. Тэгээд би орой 17 цаг 30 минутад ажлаасаа тарах гээд байж байтал манай нөхөр над руу залгаад “хүнд зодуулчихлаа” гэхээр нь би шууд цагдаа pyy залгаж дуудлага өгөөд нөхөр дээрээ очиход манай нөхөр манай ээжийн гэрт ирчихсэн байхаар нь хартал нүүр нь нил цус болчихсон, өмссөн хувцас нь бөөн шороо болчихсон, 2 шүд нь хугараад уначихсан байсан. Тэгээд “яав, юу болов” гэж асуухад “******* намайг зодчихлоо” гэж хэлсэн. Би тэр ******* гэдэг хүнийг нь ч танихгүй. Хаана, хэнтэй яваад ирсэн талаар нь өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15)
Гэрч гийн мэдүүлэг (хх-ийн 10-11),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 154 дугаартай “...1. *******гийн биед хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 2-р шүдний булгарал, баруун хацар, хамар, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3.4. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.
5.7. Дээрх гэмтлээс хацарт шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, хамар, зүүн хацарт зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, зүүн дээд 2-р шүдний булгарал нь 11.52.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь тогтонги алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.....” гэх дүгнэлт (хх-ийн 18-19), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), хохирогч *******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 65), шүүгдэгч *******ы Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 69) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “нэхэмжлэх зүйл болон гомдол, саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР