| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2021/00772/и |
| Дугаар | 101/ШШ2021/01288 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01288
| 2021 05 12 | 101/ШШ2021/01288 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.О-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,082,500.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батчулуун нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... С.О нь 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Г б-тай дугаар зээлийн эрхтэй кредит карт ашиглах гэрээ байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэглээнд сарын 3.5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэглээнд сарын 2.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай ашигласан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зээл 3,017,015.45 төгрөг, зээлийн хүү 1,869,799 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 496,536.81 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 664,148.99 төгрөг, шимтгэл хураамж 35,000 төгрөг, нийт 6,082,500.25 төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагч С.О-аас 6,082,500.25 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож өгнө үү” гэв.
Хариуцагч С.О шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Г б ХХК карт ашиглан зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр яаж гарна, түүний дагуу төлөх хүсэлтэй байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч С.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,082,500.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь зээлийн эрхтэй карт ашиглан зээл авснаа хүлээн зөвшөөрч байх боловч зээлийн тооцооллыг нягтлаагүй гэж тайлбарлаж байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Г б ХХК арилжааны банкны үйл ажиллагаа эрхэлдэг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ /хх-10/.
Нэхэмжлэгч Г б ХХК нь хариуцагч С.О-тай 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр дугаар “кредит картын гэрээ”-г байгуулж, 3,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн бус зээлийн хүү сарын 2 хувь, бэлэн зээлийн хүү сарын 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай нөхцөлөөр ашиглуулахаар тохирчээ /хх-5-7/.
Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар шүүхэд маргаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, улмаар хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэлд зээл 3,017,015.45 төгрөг, зээлийн хүү 1,869,799 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 496,536.81 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 664,148.99 төгрөг, хураамж 35,000 төгрөг, нийт 6,082,500.25 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан кредит картын тооцооллын хүснэгт баримтаас үзэхэд /хх-8/:
Бэлэн зээлийн тооцоо:
- 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 2,220,000 төгрөг авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 2,220,000 төгрөг төлсөн,
- 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2,260,000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 305,000 төгрөг тус тус авч, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 157,201.27 төгрөг төлсөн,
- 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 305,000 төгрөг авч, 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 304,625.38 төгрөг төлсөн,
- 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 305,500 төгрөг авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 305,902.70 төгрөг төлсөн,
- 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 305,000 төгрөг авч, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 304,902.56 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 191,852.64 төгрөг төлсөн.
Нийт 6,000,600 төгрөг авч, 3,484,484.55 төгрөг төлж, үлдэгдэл 2,516,015.45 төгрөг.
Бэлэн бус зээлийн тооцоо:
- 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 740,000 төгрөг авч, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 740,000 төгрөг төлсөн,
- 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 750,000 төгрөг авч, 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 300,589.84 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 166,913.16 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 134,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 148,497 төгрөг төлсөн, 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 100 төгрөг авч, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 100 төгрөг төлсөн,
- 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 501,000 төгрөг авсан.
Нийт 1,991,100 төгрөг авч, 1,490,100 төгрөг төлж, үлдэгдэл 501,000 төгрөг.
Хүүний тооцоо:
Бэлэн зээлийн хүүнд 2,263,154.42 төгрөг, бэлэн бус зээлийн хүүнд 254,789.73 төгрөг тус тус тооцсоноос нийт 648,145.15 төгрөг төлж, үлдэгдэл 1,869,799 төгрөг байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч нь дээрх тооцоогоор хариуцагчаас зээлийн үлдэгдэл 3,017,015.45 төгрөг, зээлийн хүү 1,869,799 төгрөг тус тус шаардсаныг хангах үндэстэй.
Мөн нэхэмжлэлд зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу нэг жилийн хураамж 35,000 төгрөг нэхэмжилсэн ба Монголбанкны ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын мэдээллийн журмын 1.3.18 дахь хэсэгт “хураамж” гэж санхүүгийн үйлчилгээний зардлыг санхүүжүүлэх зорилгоор банкнаас тогтоож, харилцагчаар төлүүлж буй тогтмол дүнг ойлгоно, 4.2 дахь хэсэгт банк харилцагчаас авах шимтгэл, хураамжийг зээл, хадгаламжийн гэрээнд заавал тусгана гэж заажээ.
Иймээс нэхэмжлэгч нь картын хураамж төлөхийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй.
Харин зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 496,536.81 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 664,148.99 төгрөгийн шаардлагыг тус тус дор дурдсан үндэслэлээр хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.
Банкнаас олгох зээлийн гэрээгээр зээлдэгчийн хүлээх хариуцлагыг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тодорхойлсон бөгөөд гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 /хорин/ хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид хуульд заагаагүй хариуцлага хүлээлгэх, тодруулбал зээлийн гэрээний 3.5 дахь хэсэгт кредит картын зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрхийн хэмжээнээс хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар төлнө, 2.1 дэх хэсэгт зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь гэж тус тус заасан нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй бөгөөд зээлийн гэрээнд заасан хэмжээгээр зээл олгох үүрэг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч банкинд хамааралтай.
Түүнчлэн зээлийн гэрээний 3.6 дахь хэсэгт карт эзэмшигч нь төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө эргэн төлөх доод хэмжээг төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гэрээний 2.1-д зааснаар төлнө, 2.1 дэх хэсэгт зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь гэж тус тус заасан нь дээрх нэмэгдүүлсэн хүүний зохицуулалтын агуулгад нийцээгүй байна.
Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч талуудын тохиролцоо заавал хуулийн хүрээнд хийгдэх учиртай.
Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 496,536.81 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 664,148.99 төгрөгийг хууль болон зээлийн гэрээнд хэрхэн нийцүүлэн тооцсоноо тодорхой тайлбарлаж чадаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй.
Дээр дурдсаныг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагч С.О-аас зээл 3,017,015.45 төгрөг, зээлийн хүү 1,869,799 төгрөг, хураамж 35,000 төгрөг, нийт 4,921,814.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 496,536.81 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 664,148.99 төгрөг, нийт 1,160,685.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.О-аас 4,921,814.45 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,160,685.80 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 112,270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-аас 93,699 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА