| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/05618/и |
| Дугаар | 101/ШШ2021/01534 |
| Огноо | 2021-05-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/01534
| 2021 05 21 | 101/ШШ2021/01534 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б с з ХХК-д холбогдох,
24,220,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат, хариуцагчийн төлөөлөгч С.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эрдэнэбат нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Б нь 2018 оны 06 дугаар сард хүнээс мөнгөний авлагад цемент авах тухай ярихыг хажууд нь явж байгаад А.Амартүвшин сонсоод сарын хугацаатай зээлчих, өөрийн блок, бетон зуурмагийн үйлдвэртээ ашиглаад эргүүлээд мөнгөн хэлбэрээр өгье, чи цемент зарах гэж хугацаа алдаж байхаар ахынхаа үйлдвэрт нийлүүлчих гэж гуйхаар нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нийт 5 машин буюу 273.3 тонн цементийг А.Амартүвшингийн бетон зуурмагийн үйлдвэр буюу Баянгол дүүрээг, 20 дугаар хороо, 4 дүгээр цахилгаан станцын хойно байрлах Б с з ХХК-ийн зуурмагийн үйлдвэрт буулгаж өгсөн. Бид 1 тонн цементийг 140,000 төгрөг, нийт 237.3 тонн цементийг 33,220,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Хариуцагч нь уг мөнгийг 1 сарын дотор буцааж өгнө гэсэн боловч 9,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө өгөөгүй тул А.Амартүвшинг хариуцагчаар татаж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч А.Амартүвшин нь Б с з ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх ажил хийдэггүй уг цементийг Б с з ХХК хүлээж авсан, цементийн үнэ 9,000,000 төгрөгийг Б с з ХХК Б.Б-д төлсөн гэх хариу тайлбар гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрт дараахь үндэслэлийг дурдсан. Нэхэмжлэгч Б.Б нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 237.3 тонн цементийг 33.220.000 төгрөгөөр худалдахаар А.Амартүвшинтэй амаар тохиролцон Баянгол дүүрэг, байрлах Б с з ХХК-ийн хашаанд буулгасан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Дээрх тохиролцооны дагуу Б с з ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цементийн үнэ 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Баярхүүгийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч Б.Б, Б с з ХХК нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг хариуцагч А.Амартүвшинтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, хариуцагч А.Амартүвшинээс цементийн үнийн үлдэгдэл төлбөр 24.220.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Энэ шийдвэр нь нэхэмжлэгч Б.Б-г Б с з ХХК-аас цементийн үнэ нэхэмжлэхэд саад болохгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагч Б с з ХХК-аас цементийн үлдэгдэл үнэ 24,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Б с з ХХК, түүний төлөөлөгч С.Гансүх, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус компанийн 60 хувийг эзэмшигч А.Амартүвшин нь дээрх 237.3 тонн цементийг иргэн Б.Б-тэй худалдан авахаар амаар тохиролцсон байсан. Компанийн тухай хуулийн заалтыг зөрчин ам хэлцэл хийж, цемент авч, компанид нийлүүлсэн байх тул компани нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байна. Нөгөө талаар тус бетон зуурмагийн компанийг хувьцаа эзэмшигч А.Амартүвшингийн шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн захирал С.Гансүхийг хариуцан ажиллах боломжгүй болгож, компанийг өөрсдийн мэдэлд авч бусдын мэдэлд шилжүүлсэн. Би өөрийн хариуцан ажиллуулж байсан үед хэрэглэсэн цементийн үнэ 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б с з ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн цементийн үнийн үлдэгдэл 24,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс цемент худалдан авах шийдвэр гаргасан дийлэнх хувьцаа эзэмшигч А.Амартүвшин хариуцах агуулга бүхий тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байх хэдий ч компани нэхэмжлэгчээс тухайн цементийг хүлээн авч үйлдвэртээ хэрэглэсэн, мөн цементийн үнийн зарим хэсгийг төлсөн үйл баримтыг маргахгүй байна.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 237.3 тонн цементийг Б с з ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч болох А.Амартүвшинтэй амаар харилцан тохиролцож, байрлах зуурмагийн үйлдвэрт буулгасан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон бөгөөд хариуцагч талаас уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй.
Хэрэгт авагдсан тоот хэрэг бүртгэлтийн хэргийн баримтуудаас үзэхэд Б с з ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Амартүвшин, Б.Ням-Очир, М.Гансүх нар нэхэмжлэгчээс 237.3 тонн цементийг Б с з ХХК хүлээн авсан талаар гэрчийн мэдүүлэг өгсөн байх ба Баянгол дүүргийн прокурорын газрын прокурорын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1748 дугаар тогтоолоор уг асуудлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ /хх-25-28-31, 33-34, 35-36/.
Мөн нэхэмжлэгч нь иргэн А.Амартүвшинг хариуцагчаар тодорхойлон цементийн үнийн үлдэгдэл 24,220,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б, Б с з ХХК-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг хариуцагч А.Амартүвшинтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгожээ /хх-3-4/.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцох бөгөөд нэхэмжлэгчээс хариуцагчид 237.3 тонн цементийг шилжүүлсэн болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.
Иймээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар талууд хэлэлцэн тохиролцож хэлцлийг амаар буюу бичгээр хийх бөгөөд цемент худалдах, худалдан авах гэрээг амаар хийхийг хуулиар хориглоогүй болно.
Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Зохигч талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар нэхэмжлэгч нь худалдагчийн үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас худалдан авсан цементийн үнэ төлөхийг шаардах эрхтэй байна.
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс цемент худалдан авах шийдвэр гаргасан дийлэнх хувьцаа эзэмшигч А.Амартүвшин нэхэмжлэлийг хариуцах агуулга бүхий тайлбар гаргаж байх боловч компани нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дахь хэсэгт зааснаар компани өөрийн эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээж, хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй.
Иймээс компанийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалттай холбоотой гаргаж буй хариуцагчийн төлөөлөгчийн татгалзлыг үндэстэй гэж үзэх боломжгүй. Түүнчлэн дээрх татгалзалтай холбоотойгоор гаргуулсан хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар захирал С.Гансүх бүртгэлтэй хэвээр байгаа болохыг дурдах нь зүйтэй /хх-41/.
Нэхэмжлэлд цементийн үнийг нэг тонн 140,000 төгрөг, 237.3 тонн 33,220,000 төгрөг гэж тусгасныг хариуцагч баримтаар үгүйсгээгүйн дээр цементийн үнэд 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 9,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкин дахь тоот дансны хуулга, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдсон /хх-6/.
Түүнчлэн нэхэмжлэгч шаардлагаа нотлохоор талуудын худалдах, худалдан авах гэрээ байгуулах үеийн буюу 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1 тонн цементийн зах зээлийн ханш 168,000 төгрөг байсан тухай “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд гаргасныг хариуцагч маргаагүй /хх-65/.
Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч хэлэлцэн тохирсон барааны үнийг хариуцагчаас шаардсан нь үндэстэй байх тул хариуцагчаас 24,220,000 төгрөг /33,220,000-9,000,000/ гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б с з ХХК-аас 24,220,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б с з ХХК-аас 279,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА