| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/150 |
| Огноо | 2024-05-31 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/150
2024 05 31 2024/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2439000000124 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч *******гийн тээврийн хэрэгслийг түр саатуулах шаардлагыг эсэргүүцэж тээврийн хэрэгслээ ачуулахгүй гэж саад учруулан, улмаар дэд ахлах *******гийн нүүрэн тус газарт нь цохиж, түүний эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би цагдаагийн байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна. Замын цагдаагийн цагдаа зохицуулагчаар 2 дахь жилдээ ажиллаж байна. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу гудамж замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 19 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг *******ийн уулзвар дээр олон нийтийн цагдаа ын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 19 цаг өнгөрөөд нь fielder маркийн 44-47 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь эрхийн үнэмлэхгүй байсан юм байна лээ. Намайг олон нийтийн цагдаа дуудаад “Эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл байна. Яах вэ?” гэхээр нь би “ачилтын машин дуудаад ачуул” гэж хэлсэн. Би тухайн үед өөр машин шалгаад байж байсан. Тэр үед надаас эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл барьсан жолоочийн дүү нь болон өөрөө ирж надаас “зүгээр явуулчих” гээд гуйгаад байхаар нь би “Тийм зүйл байхгүй. Арга хэмжээгээ авна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ачилтын машин ирээд зогсож байтал нөгөө машины жолоочийн нөхөр нь гэх залуу ачилтын машинд ачуулахгүй гээд өөрийн машин болон ачилтын машины голд гараа алдлаад зогсож байсан. Тэгээд би очиход манай алба хаагчийг загнаж байсан. Би “Та яагаад ажил хийлгэхгүй. Алба хаагч загнаад байгаа юм бэ?” гэсэн чинь намайг “бичиг баримтаа үзүүл” гэхээр нь би бичиг баримтаа шалгуулсан. Би бичиг баримтаа шалгуулж дуусчихаад олон нийтийн цагдаад “Цагдаагийн байгууллага руу яв” гэтэл нөгөө үл таних залуу миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэжээ. (хх-ийн 12-14)
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 цагаас 19 цагийн хооронд цагдаагийн дэд ахлагч *******гийн хамт замын хөдөлгөөний хяналт тавьж ажилласан. ******* сумын 3 дугаар баг, *******ийн талбайн гурван замын уулзвар хэсэгт замын хөдөлгөөний зохицуулалт, шалгалт хийж байх үед оройн 18 цагийн орчимд ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү зорчиж байсан 49-47 УАО улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота пилдэр” маркийн машиныг би зогсоож шалгахад эрхийн үнэмлэхгүй эмэгтэй хүн ганцаараа жолоодож явж байхаар нь би машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг дэд ахлагч *******д өгч шалгуулаад ачилтын машин дуудсан. Тэгээд би замын зорчих хэсэг рүү буцаж гараад хяналт шалгалтаа үргэлжлүүлсэн. Үүнээс 20 минутын дараахан ачилтын машин хүрч ирсэн юм. Тэгээд ачихгүй нэлээд удахаар нь би юу болж байгаа талаар очиж үзэхэд нэг эрэгтэй хүн ирчихсэн “Би энэ машины эзэн нь байна. Чи юу юм бэ. Өөрийгөө танилцуулж, бичиг баримтаа надад шалгуул” гэж нэлээд уцаарласан дуугаар надаас шаардсан. Энэ үед дэд ахлагч *******г замын зорчих хэсгийн нөгөө талд үүрэг гүйцэтгэж байхад нь би дуудаж ирүүлсэн юм. Тэгээд машин таглаад зогсож байсан машины эзэн гэх эрэгтэйд ******* нь ирээд өөрийнхөө бичиг баримтыг гаргаж үзүүлээд “Та холдоорой. Садаа болж болохгүй” гэсэн шаардлага тавихад тэр залуу нь холдож байгаа харагдсан. Тэгэхээр нь би буцаад замын зорчих хэсэг рүү очсон юм. Удалгүй хүмүүсийн дуу чангараад эхлэхээр нь очиход машины эзэн гэх залууг хамт ирсэн жижигхэн биетэй залуу салгаад авч явж байсан ба дэд ахлагч ******* нь “намайг цохичихлоо” гэж байсан. Тэгээд удалгүй манай ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирсэн...” гэжээ. (хх-ийн 17-19)
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тээврийн хэрэгслийн ачилтын техник жолооддог юм. Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 55 минутад олон нийтийн цагдаа гэх хүн над руу залгаад “Машин ачуулах гэсэн юм. *******ийн талбайн баруун урд хэсэгт байдаг 3 замын уулзвар дээр байна” гэсэн дуудлага өгсөн. Би тухайн газарт 20 минут орчмын дараа очиход замын урд хэсэгт зүүнээс баруун чиглэлд явах замд цагаан өнгийн пилдэр маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгээд намайг тухайн машиныг ачих гэхэд машины эзэн гэх эрэгтэй хүн “байж бай” гээд ачуулахгүй байсан юм. Тэгтэл ******* гэх цагдаа зам дээрээс “юу болж байна” гээд ирэхэд тухайн эрэгтэй ******* рүү “Бичиг баримтаа шалгуул. Та нар өөрсдөө бичиг баримттай юм уу? Яагаад ачих гээд байгаа юм” гээд уцаарлаад байсан. Би тухайн хүнийг согтуу байна гэж бодсон. Түүний дараа ******* гэх цагдаа залуу бичиг баримтаа харуулчихаад “Та холдож байгаарай” гэж байсан. Тэгэхээр нь би машиныг ачих гээд бэлдэж байх хооронд гэнэт машины эзэн гэх залуу юм дуугарахгүй байж байгаад ******* гэх цагдаагийн нүүр рүү нь хоёр удаа цохисон. Би энэ байдлыг хараад шууд салгасан юм. Машины эзэн гэх залууг машин жолоодсон гэх эхнэр нь болон цуг явж байсан намхан эрэгтэй нь салгаад авч явсан. Тэгээд жолоодсон гэх эмэгтэй нь удалгүй ганцаараа буцаад ирсэн. Түүнээс хойш маргаан үүсээгүй. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг ачиж журмын хашаанд хүргэсэн...” гэжээ. (хх-ийн 22-23)
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт байж байгаад 19 цагийн үед эгч Батцэцэг нь залгаад “Эрхгүй тээврийн хэрэгсэл барьж байгаад цагдаад баригдчихлаа” гэхээр нь би ирээд цагдаа нартай нь уулзаад байж байтал хүргэн ах Заяа нь ирээд олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг нь шалгана гэсэн. Тэгээд олон нийт нь уурдаад өөр цагдааг дуудсан. Тэгээд цагдаа ******* нь ирээд хүргэн ах тэр хоёр нэг нэгнийхээ бичиг баримтыг шалгаад ******* нь “тээврийн хэрэгслийг нь ачуулна” гэхэд “ямар хүнд ачуулж явуулж байгааг харна” гээд, Буян-өлзий нь хүргэн ахыг “чи юу нь юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би тэр үеэр нь ачилтын хүнтэй уулзах гээд байж байсан нэг харсан тэр 2 заамдаж аваад байхаар нь би очиж салгасан чинь хүргэн ах *******г цохичихсон...” гэжээ. (хх-ийн 36-37)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэжээ. (хх-ийн 57)
Гэрч ын мэдүүлэг (хх-ийн 36-37)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай “...1.*******гийн биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 45-46)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл (хх-ийн 6)
Яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 44)
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон эргүүл, жижүүрийн томилолтын хуулбар (хх-ийн 60)
Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилга авсан баталгааны хуулбар (хх-ийн 61)
*******гийн албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 66-69)
Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 71, 70)
Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 77)
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар (хх-ийн 78, 79, 80, 81, 82) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* ******* овогт *******ын ******* нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 19 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн уулзварт үүрэг гүйцэтгэж байсан хууль сахиулагч болох цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч *******гийн албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******н өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн газрын даргын батлагдсан хуваарийн дагуу гудамж замд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Оройн 19 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг *******ийн уулзвар дээр олон нийтийн цагдаа ын хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд 19 цаг өнгөрөөд нь fielder маркийн 44-47 УАО улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоосон. Уг тээврийн хэрэгслийн жолооч нь эрхийн үнэмлэхгүй байсан юм байна лээ. Намайг олон нийтийн цагдаа дуудаад “Эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл байна. Яах вэ?” гэхээр нь би “ачилтын машин дуудаад ачуул” гэж хэлсэн. Би тухайн үед өөр машин шалгаад байж байсан. Тэр үед надаас эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл барьсан жолоочийн дүү нь болон өөрөө ирж надаас “зүгээр явуулчих” гээд гуйгаад байхаар нь би “Тийм зүйл байхгүй. Арга хэмжээгээ авна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй ачилтын машин ирээд зогсож байтал нөгөө машины жолоочийн нөхөр нь гэх залуу ачилтын машинд ачуулахгүй гээд өөрийн машин болон ачилтын машины голд гараа алдлаад зогсож байсан. Тэгээд би очиход манай алба хаагчийг загнаж байсан. Би “Та яагаад ажил хийлгэхгүй. Алба хаагч загнаад байгаа юм бэ?” гэсэн чинь намайг “бичиг баримтаа үзүүл” гэхээр нь би бичиг баримтаа шалгуулсан. Би бичиг баримтаа шалгуулж дуусчихаад олон нийтийн цагдаад “Цагдаагийн байгууллага руу яв” гэтэл нөгөө үл таних залуу миний баруун шанаа хэсэгт 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг, гэрч ын “...Энэ үед дэд ахлагч *******г замын зорчих хэсгийн нөгөө талд үүрэг гүйцэтгэж байхад нь би дуудаж ирүүлсэн юм. Тэгээд машин таглаад зогсож байсан машины эзэн гэх эрэгтэйд ******* нь ирээд өөрийнхөө бичиг баримтыг гаргаж үзүүлээд “Та холдоорой. Садаа болж болохгүй” гэсэн шаардлага тавихад тэр залуу нь холдож байгаа харагдсан. Тэгэхээр нь би буцаад замын зорчих хэсэг рүү очсон юм. Удалгүй хүмүүсийн дуу чангараад эхлэхээр нь очиход машины эзэн гэх залууг хамт ирсэн жижигхэн биетэй залуу салгаад авч явж байсан ба дэд ахлагч ******* нь “намайг цохичихлоо” гэж байсан. Тэгээд удалгүй манай ажлын хэсгийн бүрэлдэхүүн ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч ын “...Тэгтэл ******* гэх цагдаа зам дээрээс “юу болж байна” гээд ирэхэд тухайн эрэгтэй ******* рүү “Бичиг баримтаа шалгуул. Та нар өөрсдөө бичиг баримттай юм уу? Яагаад ачих гээд байгаа юм” гээд уцаарлаад байсан. Би тухайн хүнийг согтуу байна гэж бодсон. Түүний дараа ******* гэх цагдаа залуу бичиг баримтаа харуулчихаад “Та холдож байгаарай” гэж байсан. Тэгэхээр нь би машиныг ачих гээд бэлдэж байх хооронд гэнэт машины эзэн гэх залуу юм дуугарахгүй байж байгаад ******* гэх цагдаагийн нүүр рүү нь хоёр удаа цохисон. Би энэ байдлыг хараад шууд салгасан юм. Машины эзэн гэх залууг машин жолоодсон гэх эхнэр нь болон цуг явж байсан намхан эрэгтэй нь салгаад авч явсан. Тэгээд жолоодсон гэх эмэгтэй нь удалгүй ганцаараа буцаад ирсэн. Түүнээс хойш маргаан үүсээгүй. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг ачиж журмын хашаанд хүргэсэн...” гэх мэдүүлэг, гэрч ийн “...2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэрт байж байгаад 19 цагийн үед эгч Батцэцэг нь залгаад “Эрхгүй тээврийн хэрэгсэл барьж байгаад цагдаад баригдчихлаа” гэхээр нь би ирээд цагдаа нартай нь уулзаад байж байтал хүргэн ах Заяа нь ирээд олон нийтийн цагдаагийн үнэмлэхийг нь шалгана гэсэн. Тэгээд олон нийт нь уурдаад өөр цагдааг дуудсан. Тэгээд цагдаа ******* нь ирээд хүргэн ах тэр хоёр нэг нэгнийхээ бичиг баримтыг шалгаад ******* нь “тээврийн хэрэгслийг нь ачуулна” гэхэд “ямар хүнд ачуулж явуулж байгааг харна” гээд, Буян-өлзий нь хүргэн ахыг “чи юу нь юм бэ” гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Би тэр үеэр нь ачилтын хүнтэй уулзах гээд байж байсан нэг харсан тэр 2 заамдаж аваад байхаар нь би очиж салгасан чинь хүргэн ах *******г цохичихсон...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай дүгнэлт, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон эргүүл, жижүүрийн томилолтын хуулбар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх алба хаагчдад өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилга авсан баталгааны хуулбар, *******гийн албан тушаалын тодорхойлолт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд хохирогч ******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******г 2.700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР