| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/0601/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/645 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Л |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/645
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2408 00000 0623 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******** оны 07 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*********” ХХК-д хүнд даацын машины жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******** тоотод оршин суух, урьд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, *******,**********,*********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...*********** шүдийг нь янзлуулж өгөөд хохиролгүй болгоно гэж хэлсэн боловч надтай холбогдоогүй. Намайг ажилтай байх хооронд гэр бүлээрээ нүүгээд явсан байсан. Хаана байгааг нь мэдэгдэхгүй тул өөрийнх нь аав ээжээр дамжуулаад холбогдох гэсэн боловч болоогүй. Надаас их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд хандсан байна...” гэв.
Эрүүгийн 2408 00000 0623 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8, 11-12 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4220 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), хохирол гаргуулах баримт (хавтаст хэргийн 63 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан маягт (хавтаст хэргийн 13 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал), авто тээврийн хэрэгсэл өмчлөх эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал) нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай баримт (хавтаст хэргийн 60 дахь тал), яллагдагч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал), гэмт хэргийн талаарх “...бусдад зодуулсан...” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, ******** ******* тоотод “...найз хүргэж өгсөнгүй...” гэх шалтгаанаар хохирогч ********* нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний цөгцний хугарал, цээж, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч *******: “...Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, Дунд наран ******* тоотод эхнэр *******, хүү ********** нарын хамт унтах гээд байж байтал манай хамаатны залуу болох *********манай гэрт орж ирээд ******* ахын найз нь машинтай ирээд архи уучихсан байна, хоёулаа Нисэх рүү хүргэж өгөөд ирье гэхээр нь би амжихгүй, өглөө эрт ажилтай, унтахгүй бол болохгүй гээд хэлтэл ******* ойлголоо гээд манай гэрээс гараад явсан. Түүний дараа ***** ах манай гэрт 23 цагийн орчимд орж ирээд намайг орон дээрээ хэвтэж байхад миний цээжин хэсэг рүү гараараа 1 удаа цохисон, тэгэхээр нь би орон дээрээсээ босч ирээд та яагаад байгаа юм бэ гээд хэлтэл та нар миний дүү нар байж миний үгэнд орсонгүй гээд надтай маргалдсан. Би ********* ахыг гэрээсээ гаргаад гэр лүү нь дөхүүлж өгөөд гэртээ ороод иртэл ******* ах буцаж манай гэрт орж ирээд шууд миний ам руу 1 удаа гараараа цохисон, мөн зүүн талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Би ***** ахад цохиулсны дараа миний үүдэн 2 шүд уначихсан тул би цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
гэрч ********* “...********** нь миний нөхөр бөгөөд ********* нь манай нөхрийн ээжийнх нь дүү байгаа юм. Тухайн цаг хугацаанд Сонгинохайрхан дүүргийн *******дүгээр хороо Дунд нарангийн ******** тоот ******* гэх манай нөхрийн нагац ахын хашаанд амьдарч байсан юм. 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн орчимд ******** ахын дүү нь гэх ******* гэх хүн орж ирээд ********ах хамт архи ууж байсан найзыгаа гэрт нь Нисэх рүү хүргээд өгөөч гэж байна гэж манай гэрт орж ирэхэд нь манай нөхөр, хүүхэд хоёр унтаж байсан юм. Тэгээд би *********** манай нөхөр унтаж байна дуудлагын жолооч дуудаад хүргүүлчих гээд хэлчих, манай нөхөр одоо сэрэхгүй гэж хэлээд гаргасан. Гэтэл 22 цагийн орчимд **********ах ганцаараа орж ирээд найзыг хүргэж өгсөнгүй гэж уурлаад манай нөхрийн хэвлий хэсэг рүү цохиод сэрээсэн бөгөөд манай нөхөр чимээгүй сонсож байгаад гэрээсээ гаргаад гэрт оруулаад буцаад манай нөхөр орж иртэл араас нь ******** буцаж орж ирээд манай гэрт танхайрч гэрийн эд зүйл тараагаад, хутга авч хутгална гэж айлган манай нөхрийн нүүр лүү 2 удаа, ам хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж 2 шүдийг нь хугалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдриин 4220 дугаартай “...********* биед зүүн дээд 1-р шүдний булгарал, баруун дээд 1-р шүдний цөгцний хугарал, цээж, хүзүүнд цус хуралт, дээд уруулд язрал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
гэмт хэргийн талаарх “...бусдад зодуулсан...” гэх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), шүүгдэгч ********** яллагдагчаар өгсөн “...******* эхнэрээ өмөөрөөд над руу уурлаад байхаар нь гарныхаа араар ******* нүүр рүү нь нэг удаа цохисон өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй ...Би найз ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул дүү ********* хүргээд өгчих гэж гуйтал дургүйцээд эхнэр нь уурлаад маргалдаж муудалцах болсон юм. Одоогоор хохирол барагдуулаагүй байна. Эмчилгээний зардалд гаргасан мөнгийг төлнө...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаан холбоо юм.
Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний нүүрэн тус газарт нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ********* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч ***** нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой “*******” шүдний эмнэлгийн 7,710,000 төгрөгийн нэхэмжлэхийг (хавтаст хэргийн 63 дахь тал) баримтаар ирүүлжээ.
Хохирогчийн гаргаж өгсөн “********” ХХК-ийн “...#11 ёзоор авах, #11, 21 имплант, яс нөхөх, СТ зураг үйлчилгээнүүдийн талаар 7,710,000 төгрөгийн үнийн мэдээлэл ирүүлсэн боловч ямар нэгэн санхүүгийн дагалдах баримтгүй, эмчилгээ бодитоор хийгдсэн эсэх нь тодорхойгүй байхад дан ганц энэхүү нэхэмжлэхэд үндэслэн шүүгдэгчээс хохирол гаргуулах боломжгүй тул хохирогч ********* нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Шинжээчийн дүгнэлтээр хохирогч ******** зүүн дээд 1 дүгээр шүдэнд булгарал, баруун дээд 1 дүгээр шүдний цөгцний хугарал гэмтэл учирсан бөгөөд шүүхэд ирүүлсэн нэхэмжлэхэд #11, 21 гэсэн тэмдэглэгээ нь 11, 21 дүгээр шүд гэж ойлгох эсэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байгааг тэмдэглэв.
Хохирогч нь “сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан” хүсэлт гаргасан (хавтаст хэргийн 127 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч хохирогчийн хоёр шүдэнд булгарал, хугарал гэмтэл учирсан байхад хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол төлөх талаар идэвх санаачилга гаргаагүй, өнөөдрийг хүртэл хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг бодитоор төлөөгүй байхад улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод үл нийцнэ.
Шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************,*********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 1300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ оногдуулсан 1,300 (нэг мянга гурван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ