Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01535

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Г.Бямбажаргал, Д.Цэрэндолгор нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ө-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: К п ББСБ ХХК-д холбогдох,

 

10,769,142 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 1,526,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие К п ББСБ ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 18,500,000 төгрөгийн үнэ бүхий улсын дугаартай приус маркийн автомашин зээлийн нөхцөлөөр худалдан авсан. Сар бүрийн эргэн төлөлт болох 665,000 төгрөгийг 10 сар төлсөн, хүүгийн төлөлт болох 431,323 төгрөгийг нэмж төлсөн. Урьдчилгаа болох 3,700,000 төгрөгийг төлсөн. Уг автомашиныг худалдаж авахад Япон улсаас орж ирсэн автомашин гээд 439,920 төгрөгийн даатгал хийлгэж байсан боловч өөр машинтай шүргэлцэж, даатгалын төлбөр нэхэмжлэхэд, засвартай хуучин машины үнэлгээгээр бодож төлбөр өгсөн. Тухайн байгууллага хүү бага гэдэг нэрээр тухайн үеийн зах зээлийн ханшнаас 1,500,000 төгрөгөөр үнэтэй зарсан. Миний бие 2020 оны 04 дүгээр сард цомхотголд орон ажилгүй болоод мөн хувийн бизнес маань ковид-19 цар тахлын улмаас хил хаагдаж бараа татах боломжгүй болон эргэн төлөлтөд бэрхшээл учирч хугацаа хэтрэлт гарсан. Үүний талаар эдийн засагч эмэгтэйд хэлж 03, 04 дүгээр сарын хүүгийн төлбөрийг хийсэн, одоо 08 дугаар сар хүртэл хүүгийн төлбөрийг хийгээд эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх хүсэлт гаргахад тэр болно ирээд уулз гэсэн. Мөнгө олоод очъё гээд хэд хонож байтал 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ирээд уулз гэж дуудсан. Цалин буухаар очъё гэтэл хамаагүй машины бүрэн бүтэн байдлыг харъя гэсэн. Очиход ямар ч ярилцсан юм байхгүй, тайлбар сонсохгүй гэрээг цуцалж, автомашиныг маань хураан авсан. 05-08 дугаар саруудын хүүг төлөөд автомашинаа аваад зээлээ хэвийн байдлаар найдвартай төлөх санал тавьсан боловч хүлээж аваагүй, 14 хоногийн хугацаанд 11,600,000 төгрөгийн үлдэгдэл хаахыг шаардаж, автомашиныг хураан авсан. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгчийн буруугүй үлдлээс хугацаа хэтрэлтийг хугацаа хэтрэлтэд тооцохгүй болно. Миний бие 14 хоногийн хугацаанд 11,600,000 төгрөгийг төлж чадахгүй учраас автомашинаа алдахад хүрээд байна. Иймд тухайн байгууллагад төлсөн 10,769,142 төгрөгийг хариуцагч К п ББСБ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч К п ББСБ ХХК шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Иргэн Г.Өнь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр К п ББСБ ХХК-аас автомашин худалдан авах зориулалтаар 14,800,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай авахыг хүссэн. К п ББСБ ХХК-ийн зээл олгохтой холбоотой журамд зааснаар зээл өгөхөөс татгалзах шалтгаан байгаагүй тул иргэн Г.Ө-н хүсэлтийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 14,800,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Талуудын хооронд харилцан тохиролцож байгуулсан гэрээний 1.7-д зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол гэрээний хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор зээлдэгчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг хураан авч зогсоолд байрлуулж, зээлдүүлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар холбогдох буюу мэдэгдэх хуудас, утсаар холбоо барих зэргээр мэдэгдэл хүргэнэ гэж заасан. Иргэн Г.Өнь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй 149 хоносон тул гэрээний хэрэгжилтийг ханган, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тээврийн хэрэгслийг хураан авсан болно. Иймд К п ББСБ ХХК-д холбогдуулан гаргасан Г.Ө-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч К п ББСБ ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... К п ББСБ ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр арлын  дугаартай, улсын дугаартай, хар хөх өнгийн, тоёота приус маркийн автомашиныг барьцаалан иргэн Г.Ө-д зээл олгосон. Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан үүргээ удаа дараа биелүүлэхгүй байсан тул зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцаа хөрөнгийг хураан авсан. Гэвч барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд хангалтгүй буюу анхны байсан байдлаа алдсан байна. Зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад тухайн автомашиныг хуучин байсан чанарт нь хүргэх шаардлагатай бөгөөд засварын хөлс 1,075,000 төгрөг болохоор байна. Мөн үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 60,000 төгрөг болно. Мөн Г.Ө нь автомашиныг өөрийн эзэмшилдээ байлгах хугацаандаа замын хөдөлгөөний холбогдох дүрэм журмыг зөрчсөн байх бөгөөд 391,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна. Иймд иргэн Г.Ө-с 1,526,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Г.Ө шүүхэд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургаас харвал би ажилтанд хаалганы шилийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн болох нь харагдана. Тийм учраас хаалганы шилэнд гарсан зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би автомашинаа унаад явж байтал урд тал руу өөр машин шүргэчихсэн. Гэтэл бас нэг өөр машин тойрч гарахдаа хойд гуперыг шүргэчихсэн, тор гараад ирсэн. Би гуперыг янзлуулаагүй тэр чигт нь К п ББСБ ХХК-д хүлээлгэн өгсөн. Даатгалын компани хуучин гупер учраас даатгалын төлбөр 80,000 төгрөг гаргаж өгсөн, энэ нь засварын зардалд хүрээгүй. Тор гарчихсан хуучин гупер байсан учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хамтардаг компани нь өөрсдөө үнэлгээ хийдэг асуудалтай газар байсан. Гэхдээ элэгдэл хоргодол гарсан байх. Торгуулийн 391,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Автомашины зарим эвдрэлийг хүлээн зөвшөөрч байна. Харин засвар хийсэн зардлыг хүлээн зөвшөөрөхгүй, би засварт оруулаад өг гэж хүсээгүй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Ө нь хариуцагч К п ББСБ ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,069,142 төгрөг, автомашины үнэд төлсөн 3,700,000 төгрөг, нийт 10,769,142 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

Хариуцагч К п ББСБ ХХК нь нэхэмжлэгч Г.Ө-д холбогдуулан автомашины эвдрэл гэмтэл засварлах зардал 1,075,000 төгрөг, үнэлгээний хөлс 60,000 төгрөг, торгууль 391,000 төгрөг, нийт 1,526,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, харин нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлээс түүний ашиглалттай холбоотой автомашинд зарим гэмтэл учирсан, мөн торгууль тооцогдсоныг хүлээн зөвшөөрч, бусад хэсгээс татгалзаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь Автомаркет МГЛ Ө ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээгээр тоёота приус маркийн автомашиныг 18,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, урьдчилгаа 3,700,000 төгрөгийг худалдагчийн Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлж, автомашиныг акт үйлдэн хүлээн авсан байна /хх-5, 36, 37, 104-105/.

 

Зохигчдын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 14,800,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, зээлийг Автомаркет МГЛӨ ХХК-ийн Хаан банкин дахь  тоот дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-7, 9/.

 

Мөн хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Автомаркет МГЛӨ ХХК-ийн Хаан банкин дахь  тоот дансанд 100,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулгыг шүүхэд баримтаар гаргаж, энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчид олгосон зээл 14,800,000 төгрөг багтсан гэж тайлбарласан /хх-141, 143/.

 

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр байх ба энэ талаар шүүхэд маргаагүй.

 

 

Түүнчлэн талууд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барьцааны гэрээ /фидуци, үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ/ бичгээр байгуулж, улсын дугаартай, 2009 онд үйлдвэрлэсэн, тоёота приус маркийн, хар хөх өнгийн автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирч, автомашиныг хариуцагчийн өмчлөлд бүртгүүлжээ /хх-8, 34/.

 

Дээрх гэрээ нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдээс байгуулсан байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон стандарт нөхцөлтэй гэрээнд хамаарах ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа, фидуцийн аргуудын аль алины нөхцөлийг тусгасан байна.

 

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан ба гэрээний агуулга, талуудын эрх, үүрэг буюу автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа автомашиныг хураан авахаар тохирсон зэргийг харьцуулан үзвэл тус гэрээ нь фидуцийн гэрээний шинжийг агуулсан байна.

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд сард 660,819 төгрөг төлөх үүрэг хүлээсэн боловч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийг, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш зээлийн хүүг тус тус төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн татварын газрын төлбөрийн үйлчилгээний ажилтнаас чөлөөлсөн бичилт бүхий нийгмийн даатгалын дэвтрийг баримтаар гаргаж, ажлаас цомхотголоор халагдсан, Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас хил хаагдан бараа татах боломжгүй болж, хувийн бизнес доголдсон шалтгаанаар зээлийн гэрээний зөрчил үүссэн гэж тайлбарлаж байх хэдий ч Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр нийт 6 хүртэлх сараар хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэсэн зохицуулалтад талуудын зээлийн гэрээ хамаарахгүй байна /хх-6/.

 

Хариуцагч банк бус санхүүгийн байгууллага нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 08/09 дүгээр мэдэгдэл нэхэмжлэгчид хүргүүлж, автомашиныг хураан авсан байх /хх-12/ ба Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь автомашин хураан авсантай холбоотойгоор зээлийн гэрээний үүрэгт төлсөн 7,069,142 төгрөг, автомашины урьдчилгаанд төлсөн 3,700,000 төгрөг, нийт 10,769,142 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байх хугацаанд үүссэн автомашины эвдрэл гэмтлийг засварлах зардал 1,075,000 төгрөг, үнэлгээний хөлс 60,000 төгрөг, торгууль 391,000 төгрөг, нийт 1,526,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг шаардлага гарган мэтгэлцсэн.

 

Хариуцагч дээр дурдсан Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар автомашиныг бодитойгоор гаргуулан авсан байх тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.

 

Талуудын тайлбар, зээлийн тооцоолол, үүргийн гүйцэтгэлийг хангуулах 08/09 дүгээр мэдэгдэл зэрэг баримтуудаас үзэхэд автомашин хураан авсан 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч зээлд 3,989,180.12 төгрөг, зээлийн хүүнд 3,079,774.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 187.58 төгрөг, нийт 7,069,142 төгрөг төлсөн ба 11,685,859.57 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Тус тооцоог зохигч шүүхэд маргаагүй /хх-11, 12/.

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тохиолдолд автомашины үнийг 15,392,000 төгрөгөөр тооцохоор талууд фидуцийн гэрээний 1.9 дэх хэсэгт тохирсон байх ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Уг үнийн дүнд нэхэмжлэгчийн төлбөл зохих зээлийн үлдэгдэл төлбөр 11,685,859.57 төгрөгийг харьцуулбал 3,706,140.43 төгрөгийн зөрүүтэй байна. Тодруулбал, фидуцийн зүйлээр зээлийн гэрээний үүргийг хангуулахад зээлдэгчийн төлсөн төлбөр тооцогдох тул 3,706,140.43 төгрөгийг хариуцагч илүү тооцон авсан гэж үзэхээр байна.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Кости-Эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, фото зургуудыг үндэслэн автомашины хойд буфер зурагдаж цуурч, ар тал /кузов/ хонхойж гажсан, урд буфер зурагдаж сэвтсэн, урд 2 амортизатор, 2 босоо тэнцүүлэгч, урд даравч резинүүд муудсан, жолооч талын цонхны удирдлага шатсан, доод элгэвч хаалт хугарсан, зүүн урд нэмэлт гэрэл ламп шатсан, эдгээр эвдрэл гэмтлийг засахад 1,075,000 төгрөг шаардлагатай, мөн эвдрэл гэмтэл үнэлүүлэхэд 60,000 төгрөг төлсөн гэж тодорхойлсон /хх-58, 59-60, 61/.

 

Шинжээч Бэсгэ ХХК-ийн дүгнэлтэд автомашины гадна үзэмж дунд зэрэг, урд гупер бага гэмтэлтэй, сэв зураастай, арын гупер бага зэрэг зураастай, машиныг асааж үзэхэд мотор, кроп, явах эд анги хэвийн, жолооч талын босоо тэнцүүлэгч бага зэрэг дуу гэмтэлтэй болохыг тодорхойлсон /хх-165-181/.

 

Нэхэмжлэгч нь автомашины урд, хойд буферыг шүргүүлсэн, засуулаагүй байдлаар хариуцагчид хүлээлгэн өгсөн, ашиглалттай холбоотой элэгдэл хорогдол гарсныг хүлээн зөвшөөрч /хх-149, 153/, харин цонхны удирдлага хэвийн ажиллагаатай байсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар нотлоогүй, мөн дээрх баримтуудыг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй.

 

Иймд дээрх баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшлээс автомашиныг бодитойгоор гаргуулан авах үед эвдрэл гэмтэлтэй байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд автомашин шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэх үндэстэй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан тул хариуцагч нь фидуцийн гэрээнд заасны дагуу нэхэмжлэгчээс гаргуулан авсан автомашины эвдрэл, гэмтлийг үнэлүүлсэн зардал, мөн эвдрэл гэмтлийг засуулахад гарах зардлыг нэхэмжлэгчээс шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

Мөн нэхэмжлэгч нь автомашины ашиглалттай холбоотой тавигдсан торгууль 391,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй.

 

Нэхэмжлэгчээс Автомаркет МГЛӨ ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу автомашины үнэд 3,700,000 төгрөг төлсөн нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүрэгтэй хамааралгүй тул энэ талаар хариуцагчид холбогдуулан шаардлага гаргасан нь үндэслэлгүйн дээр худалдан авсан автомашин чанар муутай, зах зээлийн үнээс өндөр үнэтэй байсан гэх тайлбар мөн хариуцагчид хамааралгүй болно.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч К п ББСБ ХХК-аас 3,706,140.43 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д, нэхэмжлэгч Г.Ө-с 1,526,000 төгрөг гаргуулан хариуцагч К п ББСБ ХХК-д тус тус олгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт бичгээр ирүүлсэн, мөн томилогдсон иргэдийн төлөөлөгч Ч.Бадрал шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан атлаа тэмцээний шүүгчээр ажиллах болсон гэх тайлбар гарган шүүх хуралдаанд ирээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд, түүнчлэн зохигч талуудын зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд тус тус шүүх хуралдааныг явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Шинжээч Бэсгэ ХХК-ийн зардал 180,000 төгрөг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн зардалд хамаарах бөгөөд шүүх үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дэх хэсэгт заасны дагуу зохигчоос хуваан гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч К п ББСБ ХХК-аас 3,706,140.43 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д олгож, нэхэмжлэгч Г.Ө-н нэхэмжлэлээс 7,063,001.57 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Ө-с 1,526,000 төгрөг гаргуулан хариуцагч К п ББСБ ХХК-д тус тус олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 187,257 төгрөг, хариуцагчийн 39,366 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К п ББСБ ХХК-аас 74,248 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ө-д, нэхэмжлэгч Г.Ө-с 39,366 төгрөг гаргуулан хариуцагч К п ББСБ ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгч Г.Ө-х, хариуцагч К п ББСБ ХХК тус бүрээс 90,000 төгрөг гаргуулан шинжээч Бэсгэ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Г.БЯМБАЖАРГАЛ

 

Д.ЦЭРЭНДОЛГОР