Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00052

 

 

    2024         03       19                                   001/ХТ2024/00052

 

 

 

А.М, Г.Днарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00092 дугаар магадлалтай,

А.М, Г.Днарын нэхэмжлэлтэй

Н.Өт холбогдох

30,197,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Н.Өын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.З, хариуцагч Н.Ө, хариуцагчийн өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

  1. Нэхэмжлэгч А.М, Г.Днар нь Н.Өт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт олох байсан орлого 28,626,040 төгрөг, орон сууц ашиглалтын зардал, эд зүйлийн засаж сайжруулсны төлбөр 1,571,002 төгрөг нийт 30,197,024 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Ө нь А.М, Г.Днарт холбогдуулан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Өт холбогдох 30,197,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Д, А.М нарын үндсэн, 20,000,000 төгрөг гаргуулах тухай Н.Өын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.Д, А.М нарын төлсөн 309,000 төгрөг, хариуцагч Н.Өын төлсөн 257,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00092 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар хариуцагч Н.Өаас 14,782,610 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.М, Г.Днарт олгож, нэхэмжлэлээс 15,414,414 төгрөгт тооцогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Өаас улсын тэмдэгтийн хураамжид 231,863 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.М, Г.Днарт олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Хариуцагч Н.Ө нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.08-ны өдрийн №00092 тоот магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4.1 Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 492.1.1, 493.1-д заасныг үндэслэн Н.Өаас 14,782,610 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 00417 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 786 тоот магадлалаар Н.Ө болон М.Знарын хооронд байгуулсан гэрээг дүгнэж хүчин төгөлдөр бус гэж үзсэн. Н.Ө нь М.З болон түүний хүүхдүүдийн үгэнд итгэж, 2015.08.06-ны өдөр байр худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед М.Зд байрны гэрчилгээ байгаагүй учир худалдагч талын хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан. Сүүлд энэ байраа зээлээс чөлөөлж байрны гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөхгүй байсаар гэрээ цуцлах болсон. Иймд Н.Ө би худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, байрыг хүлээлгэн өгсөн. Өмнө нь байр хүлээлгэж өгөх, байр чөлөөлөхтэй холбоотой нэхэмжлэл хэн аль нь гаргаагүй болно.

4.2. Давж заалдах шатны шүүхээс Г.Д, А.М болон Н.Ө нарын хооронд байгуулсан орон сууц худалдах-худалдан авах гэрээг дүгнээгүй. Хэрэгт хамааралгүй Н.Ө болон М.Знарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэн, түүнээс үүдэлтэй хохирлын тухай асуудлыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн шийдвэрээр Н.Ө болон Г.Д, А.М нарын хооронд байгуулагдсан байр худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243-р зүйлд заасан гэрээний агуулга мөн бөгөөд гэрээний талууд болох Г.Д, А.М нарын буруутай үйлдлээс болж, гэрээнээс татгалзаж байрыг хүлээлгэн өгсөн нь Иргэний хуулийн 249.1-д заасанд нийцнэ гэж үндэслэлтэй үнэн зөв шийдсэн. Иймд тухайн байрыг хүлээлгэн өгч буцаасан нь Н.Өын буруу биш учир Иргэний хуулийн 227.1, 227.2-д заасантай нийцэж байна гэж мөн үзсэн нь үндэслэлтэй.

4.3. Мөн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нь 30,000,000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч Н.Өыг 2015.08-2021.04.04-ний өдрийг хүртэл хугацаанд орон сууцанд хөлс төлөхгүй 68 сар суусан гэх боловч ямар зорилгоор ямар гэрээний үндсэн дээр Н.Ө нь дээрхи Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо .... байр  ... тоот байрыг эзэмшиж байсан гэдэг гол гэрээний нөхцлийг харгалзаж үзэлгүй хохирлыг тооцож тогтоож гаргахгүй, давж заалдах шатны шүүхээс хүү нэмэлт үүрэггүйгээр ашиглаж байсныг харгалзаж гэж тодорхойгүй, ойлгомжгүй хууль бус үндэслэпээр 28,526,040 төгрөгний тал хувь буюу 14,263,020 төгрөгийг Н.Өаас гаргуулж Г.Д, А.М нарт олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуульд зааснаар нотлох баримтыг үнэлэхгүй, баримт хуулийн зохицуулалтгүй хэргийг илт нэг талд ашигтайгаар тайлбарлаж шийдвэрлэсэн байна.

Энд худалдах худалдан авах гэрээний талууд хэн байсан гэрээ ямар байдлаар хийгдсэн, гэрээнээс татгалзсан нь хэний буруутай үйлдэл болох талаар тусгаагүй, хянаагүй шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүхээс илт хууль бус шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн өмнөх 2020.03.02-ны өдрийн шийдвэрт худалдах-худалдан авах гэрээг нэг ч дүгнээгүй байгааг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.08-ны өдрийн 210/МА2024/00092 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.10.26-ны өдрийн 184/ШШ2023/04027 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 001/ШХТ2024/00256 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагч Н.Өын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагч Н.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулав.

7. Нэхэмжлэгч А.М, Г.Днар нь Н.Өт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт олох байсан орлого 28,526,040 төгрөг, орон сууцны ашиглалтын зардал, эд зүйлийг засаж сайжруулсны төлбөр 1,571,002 төгрөг, нийт 30,197,024 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ “... бид бусдад түрээслүүлж орлого олдог байсан, өөрсдийн өмчлөлийн орон сууцаа худалдах зар тавьсны дагуу Н.Ө худалдаж авахаар болсон. ... Н.Өтай нэхэмжлэгч Г.Дий ээж М.Зитгэмжлэлийн үндсэн дээр холбогдсон. ... Н.Ө орон сууцыг 50,000,000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөг өгөхдөө 2015.08.06-ны өдөр М.Заяатмаа, Н.Ө нар зээлийн гэрээ байгуулж, байрыг барьцаанд тавьснаар тооцож, барьцааны гэрээг давхар байгуулсан. Н.Ө 2015.08.06-ны өдрөөс байрыг эзэмшилдээ аван амьдарсан. ... үлдэгдэл 20,000,000 төгрөгийг өгөхгүй, шаардахаар Солонгост байгаа дүү авч байгаа, мөнгө ирэх ёстой, ирэхгүй байна гэх зэргээр шалтаг тоочдог, Н.Ө 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх зээл, барьцааны гэрээг Иргэний хуулийн 56.1.3-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн. ... байрыг 2021.04.06-ны өдөр буцааж хүлээж авсан. Иргэний хуулийн 56.6-д заасны дагуу байрыг эзэмшсэн хугацаа буюу 2015.08-2021.04 сарыг хүртэлх хугацаанд өмчлөгч нарын олох байсан орлого 28,526,040 төгрөгийг ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур, байр ашиглалтын зардал 1,571,002 төгрөгийн хамт гаргуулна” гэж тодорхойлжээ

8. Хариуцагч Н.Ө нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “... Миний бие М.Зтай харилцан тохиролцож орон сууц худалдаж авахаар болсон боловч байрны гэрчилгээг шилжүүлж өгөхгүй байсаар мөнгөө буцааж авах болж шүүхийн шийдвэр гарсан. Г.Д, А.М нар нь М.Заяатмаатай ямар харилцаатай хүмүүс болохыг мэдэхгүй. Тухайн үед нэхэмжлэгч нарт орон сууцны гэрчилгээ нь байхгүй байсан. ... гэрчилгээг шилжүүлж өгөх үүрэг нь худалдагч талд байгаа, ...  худалдагч талын гэрчилгээ шилжүүлж өгөөгүй буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн учраас хохирол нэхэмжлэх үндэслэлгүй.” гэж тайлбарласан.

9. Хариуцагч Н.Өаас А.М, Г.Днарт холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “... Миний бие М.Зтай 2015.08.06-ны өдөр ... худалдагч талын хүсэлтээр зээлийн гэрээ байгуулсан. ... орон сууцыг зээлээс чөлөөлж, гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөөгүй худалдагч талын буруутай үйлдлээс гэрээ цуцлагдсан. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгөө авч чадаагүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах нөхцөл байдалд хүргэсэн буруутай тал болох Г.Д, А.М нараас байр худалдаж авч чадахгүй хугацаа алдсан хохиролд 10,000,000 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй хугацааны хохирол 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөг гаргуулна.” гэж тодорхойлсон.

10. Нэхэмжлэгч А.М, Г.Днар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... М.Заяатмаа, Н.Ө нар орон сууцны урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийн талаар зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч нь байрны үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөхгүй элдэв арга хэрэглэж, худалдаж авахаар тохиролцсон байрыг олон жил эзэмшиж ашиглачихаад үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болмогцоо хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргалдан шүүхээр шийдвэрлүүлсэн. Хариуцагч өөрөө энэ тухай анхан шатны шүүхэд мэдүүлсэн атал гэрээний тал биш А.М, Г.Днараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хохиролд 20,000,000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч ийм хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, өөрөө ч уг хэлцлийг байгуулсан буруутай, хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд оролцоогүй А.М, Г.Днараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж мэтгэлцсэн.

11. Анхан шатны шүүх үндсэн ба сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрт “... Сонгинохайран дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн184/ШШ2020/00417 дугаартай шийдвэр, ... давж заалдах шатны шүүхийн магадлалаар М.Зболон Н.Ө нарын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус ... гэвч Н.Ө, М.Знарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь А.М, Г.Дболон Н.Ө нарын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Талуудын хооронд 50,000,000 төгрөгөөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. ... М.ЗН.Өаас 30,000,000 төгрөг орон сууцны үнэд хүлээж авсныг нэхэмжлэгч нар мэдэж байсан тул тэдний зөвшөөрсний үндсэн дээр хариуцагч орон сууцанд амьдарч байсан. ... худалдан авагч орон сууцны үнэ төлөх үүргээ Иргэний хуулийн 211 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлж байсан. Харин нэхэмжлэгч нараас хуульд заасны дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, ... худалдан авагч гэрээнээс татгалзсан нь худалдагчийн буруутай үйлдэлтэй холбоотой. Иймд хохирол нэхэмжлэх эрх нэхэмжлэгч нарт байхгүй.” гэж дүгнэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо “... дээр дурдсан шүүхийн шийдвэрээр хариуцагч М.З 30,000,000 төгрөгийг Н.Өд төлөхөөр заасан бөгөөд тэрээр үүргээ биелүүлээгүй явдалд нэхэмжлэгч А.М, Г.Днарыг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаар гэрээнээс татгалзсанаар хариуцагч Н.Өд ямар хохирол учирсан нь баримтаар тогтоогдсонгүй.” гэсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагаас 14,782,610 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Магадлалд “... М.Знь А.М, Г.Днараас олгосон итгэмжлэлийг үндэслэн Н.Өтай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Талуудын хооронд гэрээний харилцааг дээрх шүүхийн шийдвэрээр дүгнэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноос өөр эрх зүйн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492.1.1-д заасны дагуу шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар хариуцагчийн 30,000,000 төгрөгийг мөн хугацаанд хүү болон нэмэлт үүрэггүйгээр ашиглаж байсан зэргийг харгалзан 28,526,040 төгрөгийн тал хувийг ... Баримтаар тогтоогдож байгаа ус, цахилгаан, дулааны төлбөр 469,590 төгрөгийг төлөх үүрэгтэй.” гэж дүгнэсэн байна.

13. Хяналтын шатны шүүх зохигчийн хооронд үүссэн орон сууц худалдах-худалдан авах эрх зүйн харилцааны талаар хоёр шатны шүүх өөр дүгнэлт өгч, хуулийг зөрүүтэй хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэх агуулгаар хариуцагч Н.Өын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэв.  

14. Хоёр шатны шүүх нэхэмжлэгч Г.Д, А.М, хариуцагч Н.Ө нарын хооронд 2015.08.06-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах харилцаа үүссэн тухайд адил дүгнэсэн. Харин уг орон сууцыг худалдах-худалдан авах гэрээ байгуулахад Г.Дболон А.М нарыг төлөөлөх үйлдлийг нэхэмжлэгч Г.Дий эх М.Зхийхдээ төлөөлүүлэгчийн үнэн хүсэл зоригийг зөрүүтэй илэрхийлж хариуцагч Н.Өтай хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гэх дүгнэлттэй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал нь энэ хэрэг маргаанд хэрхэн нөлөөлөх тухайд ялгаатай дүгнэсэн байна.

Анхан шатны шүүх зээл ба барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн шүүхийн шийдвэр, магадлалыг Г.Днарын нэхэмжлэлтэй Н.Өд холбогдох энэхүү хэрэгт хууль зүйн хувьд нөлөөлөхгүй, учир нь хүчин төгөлдөр бус зээл, барьцааны гэрээнээс үүссэн маргаан нь гагцхүү М.Зба Н.Ө нарын хооронд үүссэн харилцаанд хамааралтай гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх М.Знь тухайн харилцаанд оролцохдоо Г.Днарыг төлөөлсөн тул нэг эрх зүй харилцаа гэж үзнэ гэх агуулгатай хууль зүйн дүгнэлт өгчээ.

15. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт алдаатай болжээ. Учир нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаартай шийдвэрээр Н.Өын нэхэмжлэлтэй М.Зд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж тэдгээрийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь хүсэл зоригийн дутагдалтай хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн ба тус хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Д, А.М нар нь нэхэмжлэгч, хариуцагчийн хувиар оролцоогүй, тэдгээрийн эрх зөрчигдсөн эсхүл, тэдгээр нь бусдын эрхийг зөрчсөн тухай маргааныг шийдвэрлээгүй, М.Зийн төлөөлөл, түүнийг хожим дэмжин зөвшөөрсөн эсэх талаар ч тухайлан дүгнэлт өгөөгүй байна. Энэ тохиолдолд Н.Ө ба М.Зийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, магадлалаар тогтоогдсон үйл баримтыг Г.Д, А.М ба Н.Өын хооронд үүсэн маргаанд шууд хэрэглэх нь оновчгүй.  

Иймд анхан шатны шүүх Г.Д, А.М болон Н.Ө нарын хэлцэл байгуулах хүсэл зориг, түүний илэрхийлэл, байгуулсан хэлцлийн төрөл, хэлбэрийн шаардлага хангасан эсэх асуудлаар үндэслэл бүхий дүгнэж, уг хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ бөгөөд М.Зба Н.Ө нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх шүүхийн дүгнэлт орон сууц худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэсэн нь хуульд нийцжээ.

19. Давж заалдах шатны шүүх хүчин төгөлдөр ба хүчин төгөлдөр бус харилцаа, тэдгээрийн хууль зүйн нөлөөллийг ялгаж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох суурь хэлцлийн талаар алдаатай дүгнэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар тодорхойлсныг залруулах нь зүйтэй.

Тодруулбал,анхан шатны шүүх зохигчийн хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч өмчийн хэлцэл хийгдээгүй шалтгаанаар зохигч гэрээнээс татгалзсан гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх дээр дурдсанчлан хүчин төгөлдөр ба хүчин төгөлдөр бус хэлцлүүдийг эрх зүйн нэг харилцаа гэж дүгнэн үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байна. 

20. Анхан шатны шүүхийн суурь хэлцэл хийгдсэн ч өмч шилжээгүй нөхцөл байдлаас шалтгаалж үүргийн эрх зүйн гэрээнээс талууд татгалзсан гэх дүгнэлт зөв боловч ийнхүү татгалзсан явдалд нэхэмжлэгч өмчөө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай гэх дүгнэлт үндэслэлгүй. Тус хэргийн тохиолдолд талууд 2015.08.06-ны өдөр орон сууцаа 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохирч талууд хэлцэл байгуулсан байх боловч гэрээний зүйл болох орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй явдалд худалдагч бус, харин худалдан авагч тал буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Н.Ө нь орон сууцыг нэхэмжлэгч нараас 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, 2015.08.06-ны өдрөөс орон сууцыг эзэмшилдээ авсан, 20,000,000 төгрөгийг хугацаандаа төлөөгүй, улмаар 2019 онд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэн 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг М.Заяатмаад холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, орон сууцыг 2021.04.06-ны өдрөөс чөлөөлж нэхэмжлэгч нарт буцаан олгосон үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Хариуцагч үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хэзээ ч төлөхөд бэлэн байсан, гагцхүү худалдагч талаас орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй тул гэрээнээс татгалзахад хүрсэн, энэ нөхцөл байдалд худалдан авагчийн гэм буруу байхгүй гэх боловч энэ тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна. Харин үлдэгдэл төлбөрөө шаардсан худалдагчийн шаардлагад бичгээр баталгаа гаргаж, хэзээ хэрхэн төлөхөө хариуцагч бичиж илэрхийлж байсан баримтууд хэрэгт авагджээ.

Иймд талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсан явдалд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүй, харин худалдан авагч буюу хариуцагч Н.Ө буруутай гэж үзнэ.

21. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу талуудын аль нэгний буруугаас гэрээнээс татгалзсан бол ийнхүү татгалзсанаас учирсан хохирлыг гэм буруутай талаас шаардан нэхэмжлэх эрхтэй. Маргааны зүйл болох орон сууцыг хариуцагч тал 2015.08.06-ны өдрөөс 2021.04.06-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшилдээ байлгасан үйл бармитын тухайд зохигч маргаагүй. Нэхэмжлэгч энэ хугацаанд бусдад хөлслүүлсэн бол 28,626,040 төгрөгийг олох байсан орлого гэж үзэн нэхэмжилж байна.

22. Нэхэмжлэгч дээрх тооцооллыг гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Тэнхлэг зууч” ХХК-ийн мэдээллийн санд авагдсан 2015-2021 оны хооронд нэг өрөө байр хөлслөх дундаж үнийн судалгаанд үндэслэж, энэ талаарх баримтыг хэрэгт өгсөн байна. Хэдийгээр нэхэмжлэгч нар орон сууцанд өөрсдөө амьдарч байгаагүй, өмчлөлдөө авсан цагаасаа эхлэн бусдад хөлслүүлж, ипотекийн зээлээ төлдөг байсан гэх тайлбар хэрэгт авагдсан орон сууц хөлслөх гэрээнүүдээр тогтоогдож байх боловч тэдгээрийн нэхэмжилсэн хохирлын хэмжээг дээр дурдсан судалгааны дагуу шууд тогтоох боломжгүй. Учир нь талууд 50,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдахаар тохирсон боловч үлдэгдэл 20,000,000 төлөх эцсийн хугацааг 2015 оны 08 дугаар сараас тогтоосон гэх баримтгүй тул хариуцагчийн эзэмшлийн хууль бус байдлыг 2015 оноос тогтоох үндэслэлгүй.

Харин хариуцагч нар 2017 онд орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2017 оны 10 дугаар сард багтаан төлнө, үгүй бол наймаа буцна гэж хүсэл зоригоо илэрхийлэн баталгаа бичиг бичсэнээс үзвэл түүний эзэмшлийг энэ хугацаа дууссан өдрөөс эхлэн хууль бус гэж үзэх үндэстэй. Иймд сууцыг бусдад хөлслүүлж орлого олж болох байсан нэхэмжлэгчийн эрх энэ үеэс зөрчигдөж, өмчлөлийн зүйлээс орлого бий болгох боломжоо алджээ.

23. Нөгөө талаас хариуцагчийн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч дээрх хугацаанд хариу төлбөргүй ашигласан гэх үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Уг байдлаас дүгнэвэл нэхэмжлэгчийн орон сууцыг 2017 оны 10 сар хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй эзэмших, ашиглах эрхийг худалдах-худалдах худалдан авах гэрээний бусад нөхцөлөөр талууд тохирсонтой нэгэн адил хариуцагчийн шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар мөн дээрх хугацааг хүртэл хариу төлбөргүй ашиглах боломж олгогдох учиртай. Талууд гэрээ байгуулахдаа илэрхий байдлаар томьёолоогүй ч бодит үйлдлээс тогтоогдож болох хүсэл зоригийг ийнхүү дүгнэх нь хуульд харшлахгүй.

24. Энэ хэргийн тухайд нэхэмжлэгчид орох байсан орлогын хэмжээг орон сууц хөлслөх гэрээний дундаж үнээр тогтоохдоо 2017 оны 11 дүгээр сараас эхлэн тооцоход 19,318,122 төгрөг байх боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргасан тул магадлалд дурдсан дүнгээс хохирлын хэмжээг нэмэгдүүлэн тогтоох нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулах үр дагавартай. Тус хэргийн тухайд “гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх” зарчмын хүрээнд давж заалдах шатны шүүхээс хангасан нэхэмжлэлийн дүнд өөрчлөлт оруулах боломжгүй боловч гэрээнээс татгалзсанаас учрах хохирлын хэмжээг тогтоохдоо дээрх нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй талаар дүгнэх нь эрх зүйн нэгдмэл байдлыг хангах, хууль хэрэглээг оновчтой төлөвшүүлэх хяналтын шатны шүүхийн үндсэн чиг үүрэгт хамаарна.

25. Давж заалдах шатны шүүх 2015.08.06-2021.04.04-ний өдрийг хүртэлх хугацааны ус, цахилгаан, дулааны төлбөр болох баримтаар тогтоогдож байгаа 469,590 төгрөгийг хариуцагч Н.Ө төлөх үүрэгтэй гэж үзсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.1-д заасантай нийцсэн байна.

26. Анхан болон давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо 30,000,000 төгрөгийг ашиглуулснаас учирсан хохирлын хэмжээ 20,000,000 төгрөг болох талаар аливаа баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн, хэргийн баримтад үндэслэжээ. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа магадлалын тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэлгүй орхигдуулсан алдаа гаргасан байх тул уг алдааг залруулна.

 

27. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Өын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2024/00092 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1” гэснийг “227 дугаар зүйлийн 227.1” гэж, “хэрэгсэхгүй болгосугай.” гэснийг “, А.М, Г.Днараас 20,000,000 төгрөг гаргуулах Н.Өын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч Н.Ө нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.06-ны өдөр 231,863 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.БАТЧИМЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                  

                                                                                                 Н.БАЯРМАА

                                                                                                  

                                                                                                 П.ЗОЛЗАЯА