Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0210

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Улсын яллагч :С.Цэрэндорж

Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов

шүүгдэгч:Б.Баттогтох нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  181 дүгээр зүйлийн  181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мундаг овогт Борын Баттогтоход холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 201625014481 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Мундаг овогт Борын Баттогтох,1983 оны 8 дугаар сарын 09-ний  өдөр Өвөрхангай  аймгийн Хархорин  суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ХААН банкны Карт, АТМ-н үйл ажиллагааны газарт мэргэжилтэн ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн  хамт Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны 168  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:ЧО83080913,

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Баттогтох нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парк зочид буудалд ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдыг илтэд үл хүндэтгэн хохирогч Ч.Азжаргалын нүүрэн тус газар нь цохиж түүнд тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, хамарт зулгаралт, зүүн нүдний дээд,доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал,хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, хамрын таславч мурийлт буюу хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан мөн хохирогч Б.Оюунгэрэлийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисоны улмаас  газар унах үедээ баруун гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулж давтан үйлдлээр догшин авирлаж танхайрах гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

     Шүүгдэгч  Б.Батттогтох   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч Ч.Азжаргал  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай ХААН банкны төлбөр тооцооны газрын шинэ жилийн баяр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Парк зочид буудлын 2 дугаар давхарт болсон. 00.00 цагийн үед би бие засахаар заалнаас гараад явж байхад Баттогтох таарсан. Баттогтох 2-уулаа юм ярья гээд ариун цэврийн өрөөний хажуу талд байх хувцас солих өрөөнд дагуулж орсон. Уг өрөөнд хүн байгаагүй ба бид 2-г орсны дараа араас  манай газрын мэргэжилтэн Билэгдэмбэрэл орж ирээд намайг аваад гарсан. Би ариун цэврийн өрөөнд орж бие засаад гараа угааж байхад Баттогтох орж ирсэн. Би гараа угааж дуусаад эргээд харахад Баттогтох юу ч хэлэлгүй нүүрэнд маань гараараа цохисон. Би ухаан балартаад юу болсоныг мэдэхээ больсон. Удаагүй сэрэхэд Баттогтох байхгүй байсан ба би шалан дээр сууж байсан. Нийт 1.500.000 төгрөг нэхэмжилнэ. Үүнээс 900.000 төгрөгийг авсан, одоо 600.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэсэн гэжээ. /хх-ийн 22-25/

     Хохирогч  Б.Оюунгэрэл  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай ХААН банкны төлбөр тооцооны газрын шинэ жилийн арга хэмжээ болсон. Уг арга хэмжээ нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парк хотел зочид буудалд болсон юм. Тус шинэ жилийн арга хэмжээнд оролцож байгаад шөнийн 00.00 цагийн үед нойлын өрөө орох гээд арга хэмжээ болж байсан танхимаас гараад ирсэн чинь коридорт манай ахлах мэргэжилтэн Азжаргал нь цус болчихсон байж байхаар нь би очоод яасан бэ гэсэн чинь Азжаргал нөгөө зааланд байгаа Тоогий намайг цохичихлоо гэхээр нь би тэр Тоогий гэгч залуутай уулзаж учрыг нь олох гээд эсрэг талын заалруу орсон чинь миний өөдөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж байсан. Тэгэхээр нь би тэр залууд чи яагаад манай ажилтан Азжаргалыг цохичихсон юм бэ гэсэн чинь тэр Тоогий гэдэг залуу үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт цохичихсон. Би хойшоо унасан ба унахдаа баруун гарынхаа чигчий хурууг эвгүй дараад уначихсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал гээд байх зүйл алга байна гэжээ. /хх-ийн 26-28/

Шүүгдэгч  Б.Баттогтох мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр 19.00 цагт ХААН банкны Карт, АТМ-ын үйл ажиллагааны газрын шинэ жилийн баяр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Парк зочид буудалд болсон. Нөгөө зааланд манай банкны Төлбөр тооцооны газрын шинэ жил болж байгааг очоод мэдсэн. Баяр тэмдэглэж байгаад 23.00 цагийн үед би их согтсон ба ариун цэврийн өрөө ороод бие засаад гарч ирсэн. Миний санаж байгаагаар гараад Төлбөр тооцооны газрын ахлах мэргэжилтэн Азжаргалтай таараад юм ярьж байгаад маргасан санагдаж байна. Маргаж байгаад би нүүрэнд нь 2 удаа гараараа цохьсон. Азжаргал миний духанд 1 удаа мөргөсөн, эсвэл цохьсон байх. Миний дух хавдсан байсан. Коридорт ажилчид зургаа авахуулж байсан. Бид хоёрыг ирээд салгаж байсан. Дахин ямар нэгэн асуудал болоогүй. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход зааланд сууж байсан. Түүнээс  хойш мөн юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд гэртээ ирчихсэн байсан. Азжаргалтай маргалдсаны улмаас хоорондоо цохилдоод гэмтэл учруулсан байх. Яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Оюунгэрэл эгчийг цохисноо санахгүй байна. Оюунгэрэлийг цохих үед манай газрын ахлах мэргэжилтэн Сэйтэгүл, АТМ-ын инженер Хишгээ нар байсан ба сүүлд Оюунгэрэл чамайг түрүүлж алгадхаар нь чи зөрүүлээд түлхсэн гэж надад хэлсэн. Би 1983 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд айлын отгон хүү болж мэндэлсэн. Дээрээ 1 эгчтэй. Бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрөөсөн. 1991 онд 84 дүгээр сургуульд орж 2001 онд төгссөн. 2001 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд элсэн суралцаж, 2005 онд эдийн засагчаар төгссөн.  2009 онд ХААН банкинд теллерээр ажилд орж 2016 оны 4 дүгээр сараас одоо байгаа албан тушаалдаа томилогдсон. 2006 оны 11 дүгээр сард Д.Номуун-Эрдэнэтэй гэр бүл болж 2007 оны 5 дугаар сард охин Амина, 2009 оны 8 дугаар сард хүү Агваан мэндэлсэн. 2012 оны 4 дүгээр сараас хойш эхнэрээсээ салж 2 хүүхэдтэйгээ цугтаа амьдарч байгаа. Би Азжаргалд учирсан хохирлоос 900.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 600.000 төгрөг болон Оюунгэрэл эгчийн хохирол болох 100.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ. /хх-ийн 64/

Гэрч У.Уртнасан  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагын шинэ жил Парк зочид буудалд 20.00 цагаас эхэлсэн. Уг зочид буудлын нөгөө зааланд манай ХААН банкны карт, АТМ-ын үйл ажиллагааны газрын шинэ жил бас болж байсан. 00.00 цагийн орчимд ариун цэврийн өрөө ороход манай газрын ахлах мэргэжилтэн Азжаргалын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай ганцаараа шалан дээр сууж байсан. Би яасан талаар асуухад мэдэхгүй сая эргэж хараад л цохиулчихлаа гэж хэлсэн. Би цусыг нь тогтоох гэж оролдож байхад Азжаргал утсаар би хүнд цохиулчихлаа чи ирвэл ир гээд найзыгаа утсаар дуудсан. Ариун цэврийн өрөөнөөс Азжаргалтай гараад зогсож байхад найз нь гэх залуу ирсэн. Би буцаж шинэ жилийн баяртаа орсон. Нэг гараад ирэхэд манай газрын ахлах мэргэжилтэнг Оюунгэрэл эгч тэр намайг цохьдог хэн бэ гээд бухимдаад зогсож байсан. Хэн Оюунгэрэл эгчийг цохьсон талаар мэдээгүй. Энэ үед Азжаргал найзтайгаа цагдаа дуудсан гээд зогсож байсан. Удаагүй  цагдаа ирэхэд цохисон гэх Баттогтох нь машин дотор сууж байгааг мэдсэн гэжээ. /хх-ийн 29/

Гэрч Ж.Билэгдэмбэрэл  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай газрын шинэ жил Парк зочид буудалд болсон. Өөр зааланд нь Карт, АТМ-ын үйл ажиллагааны газрын шинэ жилийн баяр болж байсан. Манай шинэ жил 20.00 цагт эхэлсэн ба 23.00 цаг өнгөрч байхад би хувцасаа солихоор хувцас солих өрөөнд ороход манай ахлах мэргэжилтэн Азжаргал карт, АТМ-ын үйл ажиллагааны газрын мэргэжилтэн Баттогтох нар юм яриад сууж байсан. Юу ярьж байсан талаар сонсоогүй. Би хувцасаа солиод гарахад тэр 2 яриад үлдсэн. Тэгээд үйл ажиллагаан дээр байж байгаад ариун цэврийн өрөө ороход Азжаргалын дух хавиас нь цус гараад хажууд нь ахлах мэргэжилтэн Уртнасан цусыг нь арчаад зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэхэд карт, АТМ-ын залуу цохичихлоо гэж хэлсэн. Би буцаад гараад явсан. Хүмүүс нилээн согтсон байсан болохоор би явсан. Намайг явсаны дараа цагдаа ирээд аваад явсан гэж байсан. Дараа нь ажил дээр байхад Азжаргалыг Баттогтох цохисон гэдгийг мэдсэн гэжээ. /хх-ийн33-34/

Гэрч Г.Энхжин  мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХААН банкны карт, АТМ-ын үйл ажиллагааны газар хурлын зааланд төлбөр тооцооны газар нь Текуйлла лонжид шинэ жилийн баяраа тэмдэглэсэн. 2 газрын шинэ жилийн баярт 18.00 цагаас хүмүүс нь ирээд 19.00 цагт нээсэн. Би 1 дүгээр давхарт ажлын өрөөндөө байсан. Баярын үйл ажиллагаа дуусах болоод 00.00 цаг дөхсөн байхад зодоон болоод байна гэж дуудсан. 2 дугаар давхарт гарахад зодоон болоод дууссан байсан. Төлбөр тооцооны газрын 1 залуугийн хөмсөг нь сэтэрсэн үүдний хэсэгт зогсож байсан гэжээ.  /хх-н 35-36/

  Гэрч  С.Энхбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 201625014481 дугаартай эрүүгийн хэргийн сэжигтэн Б.Баттогтохын багын найз нь байгаа юм. Бид хоёр найзалж нөхөрлөөд 20 жил болж байна. Бид хоёр бага наснаасаа найзалж ирсэн ба бага байхдаа нэг ангийн найзууд байсан юм. Манай найз Б.Баттогтох нь спортоор хичээллэх дуртай, зорьсон зорилгодоо тууштай, хүнтэй эелдэг, найз нөхдөө гэсэн сэтгэлтэй залуу байгаа юм. Одоо манай найз Б.Баттогтох нь ХААН банкинд карт, АТМ-ийн үйл ажиллагааны мэргэжилтнээр ажилладаг юм. Манай найз 2005 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийг төгсөж байсан. Одоо аав, ээжийнхээ хамт амьдардаг юм. Аавыг нь Бор гэдэг юм эрхэлсэн ажилгүй гэртээ байдаг юм. Манай найз өмнө нь нэг хүнтэй гэр бүл болж байсан ба түүнээсээ 2 хүүхэдтэй. Одоо 2 хүүхэд нь ээж дээрээ байдаг гэсэн. Манай найз өмнө нь ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаагүй. Баттогтох нэг их архи уудаггүй юм, хааяа л баяр ёслолоор уудаг. Баттогтохын орлогын эх үүсвэр нь гэвэл цалин л байх гэжээ.  /хх-н 43-44/

  Гэрч Ж.Анхбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би Баттогтохын багын найз нь байгаа юм. Бид хоёр найзалж нөхөрлөөд 22 жил болж байгаа юм. Манай найз Баттогтох нь их тууштай хөдөлмөрч, цэвэрч, сайхан сэтгэлтэй, бөхийн удамтай хүн байгаа юм. Баттогтох бараг архи дарс уудаггүй юм. Өмнө нь гэр бүлтэй байж байгаад түүнээсээ 2 хүүхэдтэй. Түүний орлогын эх үүсвэр нь цалин л байх гэжээ. /ххх-н 45-46/

  Ч.Азжаргал,Б.Баттогтох, Б.Оюунэгэрл нараас асууж авсан тайлбарууд /хх-н 6-10/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н  47/

      Шинжээчийн  28 тоот  дүгнэлтэд:

1.Ч.Азжаргалын биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, хамарт  зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал хамрын таславч мурийлт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5.Дээрх гэмтлүүд нь 2016 оны 12 дугаар сарын 10-нд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна гэжээ. /хх-ийн 48/

Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н  49-51/

Шинжээчийн  2805 тоот дүгнэлтэд:

1.Б.Оюунгэрэлийн биед баруун гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 52/

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 53-55/

Шинжээч эмч С.Чулуунсүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: /хх-н 56-58/

Б.Баттогтоход оршин суугаа газраасаа гадагш явахгүй байж дуудсан цагт ирэх тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 59-61/

Б.Баттогтохыг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл / хх-62-67/

Б.Батогтохын  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 69/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 70-82/ зэрэг болно.

          Б.Баттогтох нь  2016 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Парк зочид буудалд хохирогч Ч.Азжаргалын нүүрэн тус газар нь цохиж түүнд хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан, мөн хохирогч Б.Оюунгэрэлийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисоны улмаас  газар унах үедээ баруун гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл учруулж давтан үйлдлээр танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.Үүнд:

Ч.Азжаргалын биед тархи доргилт, зүүн хөмсөгт няцарсан шарх, хамарт  зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал хамрын таславч мурийлт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 48/

Шинжээчийн 2805 дүгнэлтэд: Б.Оюунгэрэлийн биед баруун гарын 5 дугаар хурууны угийн шивнүүрийн далд хугарал бүхий хүндэвтэр учирсанг тогтоосон шүүх эмнлэгийн үзлэг хийсэн акт /хх-н 52/

Хохирогч Ч.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн …. Би гараа угааж дуусаад эргээд харахад Баттогтох юу ч хэлэлгүй нүүрэнд маань гараараа цохисон. Би ухаан балартаад юу болсоныг мэдэхээ больсон. Удаагүй сэрэхэд Баттогтох байхгүй байсан ба би шалан дээр сууж байсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 22-25/

         Хохирогч  Б.Оюунгэрэлийн   мөрдөн байцаалтад  өгсөн … Азжаргал нь цус болчихсон байж байхаар нь би очоод яасан бэ гэсэн чинь Азжаргал нөгөө зааланд байгаа Тоогий намайг цохичихлоо гэхээр нь би тэр Тоогий гэгч залуутай уулзаж учрыг нь олох гээд эсрэг талын заалруу орсон чинь миний өөдөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирж байсан. Тэгэхээр нь би тэр залууд чи яагаад манай ажилтан Азжаргалыг цохичихсон юм бэ гэсэн чинь тэр Тоогий гэдэг залуу үгийн зөрүүгүй миний нүүрэн тус газарт цохичихсон. Би хойшоо унасан ба унахдаа баруун гарынхаа чигчий хурууг эвгүй дараад уначихсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-28/

Шүүгдэгч  Б.Баттогтохын  мөрдөн байцаалтад өгсөн … Миний санаж байгаагаар гараад Төлбөр тооцооны газрын ахлах мэргэжилтэн Азжаргалтай таараад юм ярьж байгаад маргасан санагдаж байна. Маргаж байгаад би нүүрэнд нь 2 удаа гараараа цохьсон. Азжаргал миний духанд 1 удаа мөргөсөн, эсвэл цохьсон байх. Миний дух хавдсан байсан. Коридорт ажилчид зургаа авахуулж байсан. Бид хоёрыг ирээд салгаж байсан. Дахин ямар нэгэн асуудал болоогүй. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг ухаан ороход зааланд сууж байсан. Түүнээс  хойш мөн юу болсон талаар санахгүй байгаа юм. Нэг сэрэхэд гэртээ ирчихсэн байсан. Азжаргалтай маргалдсаны улмаас хоорондоо цохилдоод гэмтэл учруулсан байх. Яг юунаас болж маргаснаа санахгүй байна. Оюунгэрэл эгчийг цохисноо санахгүй байна. Оюунгэрэлийг цохих үед манай газрын ахлах мэргэжилтэн Сэйтэгүл, АТМ-ын инженер Хишгээ нар байсан ба сүүлд Оюунгэрэл чамайг түрүүлж алгадхаар нь чи зөрүүлээд түлхсэн гэж надад хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 64/

Гэрч У.Уртнасангийн   мөрдөн байцаалтад өгсөн … 00.00 цагийн орчимд ариун цэврийн өрөө ороход манай газрын ахлах мэргэжилтэн Азжаргалын хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай ганцаараа шалан дээр сууж байсан. Би яасан талаар асуухад мэдэхгүй сая эргэж хараад л цохиулчихлаа гэж хэлсэн. Би цусыг нь тогтоох гэж оролдож байхад Азжаргал утсаар би хүнд цохиулчихлаа чи ирвэл ир гээд найзыгаа утсаар дуудсангэсэн мэдүүлэг . /хх-ийн 29/

Гэрч Ж.Билэгдэмбэрэлийн   мөрдөн байцаалтад өгсөн … ариун цэврийн өрөө ороход Азжаргалын дух хавиас нь цус гараад хажууд нь ахлах мэргэжилтэн Уртнасан цусыг нь арчаад зогсож байсан. Тэгэхээр нь би яасан бэ гэхэд карт, АТМ-ын залуу цохичихлоо гэж хэлсэн. Би буцаад гараад явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн33-34/ зэрэг болно.

            Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

    Шүүгдэгч  Б.Баттогтоход холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

     Шүүх хуралдаанаас өмнө хохирогч Ч.Азжаргалд 1.500.000 төгрөг, хохирогч Б.Оюунгэрэлд 96.000 төгрөг тус тус төлж барагдуулсан  ба хохирогч нар цаашид нэмж нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

         Энэ  хэрэгт  шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

           Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн  55.1.1, 55.1.3, 551.9 дэх  хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгт гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тухайн  зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж уг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.          

 

        Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн, 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Мундаг овогт Борын Баттогтохыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрах гэмт хэргийг догшин авирлаж давтан үйлдлээр үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.4 дэх хэсэгт зааснаар Б.Баттогтохыг 3 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Баттогтоход оногдуулсан хорих ялыг жирийн  дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Б.Баттогтох нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1.61.4 дэх хэсэгт зааснаар Б.Баттогтоход оногдуулсан хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд

шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

7.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Баттогтоход бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                     С.ПҮРЭВСҮРЭН