Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 101/2021/00232

 

 

 

 

 

 

 

 

   2021          01           22                                         101/ШШ2021/00232

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3 байрлах Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

“Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01947 дугаартай шийдвэрээр Н.А, М.Хишигжанчив бид нараас 33,069,083 төгрөгийг гаргуулж, “Хэт оргил” ХХК-д олгохоор шийдвэрлэсний шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсаны дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн явуулж байгаа болно.Уг ажиллагааны дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ 803 дугаар байр, зоорийн давхрын 3-79а, 3-796 дугаарт бүртгэлтэй автозогсоолуудыг битүүмжлэх, хураан авах ажиллагааг явуулж улмаар хөрөнгийн хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгө эстимейт” ХХК-иар хийлгэсэн байдаг. Тус компанийн үнэлгээгээр автозогсоолыг 59,082,900 төгрөгөөр үнэлсэн байдаг. Тодруулбал,

1. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхон 803 байр, зоорийн давхрын 3-79а тоот хаягт байрлах 13,5 м.кв автозогсоолыг 29,541,000 төгрөгөөр,

2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхон 803 байр, зоорийн давхрын 3-796 тоот хаягг байрлах 13,5 м.кв авто зогсоолыг 29,541,000 төгрөгөөр.

Дээрх байдлаар үнэлсэн үнэлгээг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулсан 4-165/39914 дугаартай мэдэгдлээр хөрөнгийг үнэлгээг танилцуулсан бөгөөд миний бие уг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу шүүхэд гомдол гаргаж байна.

Учир нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхоны нэг гараж нь зах зээлд дор хаяж 35 сая төгрөгөөр борлуулагдаж байгаа, нийтдээ ~0 сая төгрөгөөр хамгийн багаар үнэлэгдэх ёстой.

Иймд төлбөрт хураагдсан хөрөнгүүдийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01947 дугаар захирамжаар Н.А, М.Хишигжанчив нараас 32.907.833 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 161.250 төгрөгийг гаргуулж “Хэт-Оргил ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр үүсгэн явуулж төлбөр төлөгч Намдагийн Амартүвшинд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч тогтоосон хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй.

Иймд төлбөр төлөгч Н.Агийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал таун хотхон /13311/ 803 дугаар байрны зоорийн давхрын 3- 79А, 3-79Б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058206, Ү-2204058205 дугаарт бүртгэгдсэн тус бүр 13.5 м.кв талбайтай 2 ширхэг авто зогсоолыг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 01/0077 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 19260077/02 дугаар тогтоолоор хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт төлбөрт хураагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоон үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 4-165/29418, 4-165/29419, 4-165/29420 дугаар мэдэгдлүүдийг хүлээлгэн өгөхөд талууд үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилох тухай 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 8/381 дүгээр тогтоолоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилж үл хөдлөх хөрөнгийг үнэлүүлсэн.

Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр төлбөр төлөгч Н.Ад 4-165/39913, М.Хишигжанчивт 4-165/39914, төлбөр авагч “Хэт-Оргил ББСБ” ХХК-д 4-165/39912 дугаар албан бичгүүдээр талуудад танилцуулж, үнэлгээний мэдэгдлийг хүлээлгэн өгсөн.

Иймд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан, “хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан хэмээн нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/61 дугаартай үнэлгээг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно.” гэж тухайлан заасан бөгөөд, дээр дурьдсан ажиллагаа дарааллын дагуу явагдсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 129 дүгээр зүйлүүдэд тус тус заасан үнэдэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, мөн хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус зааснаар төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас үнийн санал авсан байх боловч дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй гэж үзэхэд учир дутагдалтай буюу талуудын аль нэг нь нөгөөгийнхөө санал болгох үнийг эсэргүүцсэн зүйл хэрэгт авагдаагүй.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийлгэх шинжээч томилсон нь хуульд нийцээгүй байна.

“Хөрөнгө-эстимэйт” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хураагдсан, төлбөр төлөгч Н.А, М.Хишигжав нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058206, Ү-2204058205 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /1311/ 803 дугаар байр, зоорийн давхар 3-79А, 3-79Б тоот хаягт байршилтай авто зогсоолууд буюу үл хөдлөх хөрөнгийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлж 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргажээ.

Үнэлгээчин, хөрөнгийн үнэлгээний аж ахуйн нэгж буюу шинжээч нь шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т хуульчлан зохицуулсан.

Шинжээчээр томилогдсон “Хөрөнгө-эстимэйт” ХХК нь дээрх Хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5.-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо, мэдээг дахин хянаж, магадлан шинжилсэн байх шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан мэдээллийн сан, түүний эх үүсвэр тодорхойгүй буюу хуульд заасны дагуу мэдээллийг магадласан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, зах зээлийн жишиг үнийн арга хэрэглэн үнэлгээг гаргахдаа ашигласан unegui.mn сайтад тавигдсан гэх Кристал таун хотхоны 802, 803 дугаар байр, Ногоон төгөл хотхоны дулаан зогсоолуудыг зарна гэх заруудад тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ тодорхойгүй, улмаар шинжээч үнэлгээг тодорхойлохдоо итгэлцүүрийг тохируулж буй үндэслэл тодорхойгүй болжээ.

Мөн түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан 7.1.3.-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж, баталсан байх шаардлагыг шинжээч хангасан эсэх нь тодорхойгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204058206, Ү-2204058205 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /1311/ 803 дугаар байр, зоорийн давхар 3-79А, 3-79Б тоот хаягт байршилтай авто зогсоолууд буюу үл хөдлөх хөрөнгийг нийт 59,082,900 төгрөгөөр үнэлсэн, “Хөрөнгө-эстимэйт” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №01/61 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүйд тооцсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

              

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА