Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2024/00061

 

 

 

 

                                                               

 

 

 

 

   2024          03           26                                          001/ХТ2024/00061

 

 

                                                         Д.Тийн нэхэмжлэлтэй

                                                     иргэний хэргийн тухай

 

          Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Батзориг,  Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаар шийдвэр,

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

          2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00130 дугаар магадлалтай,

 

          Д.Тийн нэхэмжлэлтэй

          “Б  О М  Т” ХХК-д холбогдох

 

          Гэрээний үүрэгт 168,964,132 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Д.Таас хариуцагч “Б  О М  Т” ХХК-д холбогдуулан төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 168,964,132 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч төлбөрийн үлдэгдлийг буруу тооцоолсон гэх үндэслэлээр төлбөр болон алдангийг эс зөвшөөрчээ.

 

          2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б О М Т” ХХК-аас 44,550,000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 124,414,132 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,002,771 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б  О М  Т” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 380,700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгож шийдвэрлэжээ.

           

            3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00130 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б  О М  Т” ХХК-аас 168,964,132 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Тт олгосугай.” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...56.2...” гэснийг “56.1” гэж, “...380,700...” гэснийг  “1,002,771” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдэж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хоёр шатны шүүх хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын талаар эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул хариуцагч талаас дараах агуулгаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1 Хариуцагч “Б О М Т” ХХК-аас иргэн Д.Тийг гэрээнээс татгалзан 2022 оны 9 дүгээр сард өөрийн оруулсан 600,000 сая төгрөгөө буцаан төлөхийг мөн оны 10 сарын сүүлээс эхлэн шаардсаны дараа 2022.11.11-ний өдрөөс 2023.03.23-ны өдрийн хооронд 6 удаа нийт 410,400,000 төгрөг, 2023 оны 5 сарын 6-13-ны өдрүүдэд 160,000,000 төгрөг, нийт 570,000,000 төгрөгийг төлж, 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй ба нэхэмжлэгч эдгээр баримтуудтай маргаагүй. Харин нэхэмжлэгч Д.Т нь 2023.05.02-ны өдрийн “Төлбөр барагдуулах гэрээ“-ний дагуу 340,000,000 төгрөг төлсөн, төлбөрийн үлдэгдэл 260,000,000 төгрөг, алданги 56,321,378 төгрөг, нийт 168,964,132 төгрөг гэж дүнг буруу тооцоолон нэхэмжлэл гаргасныг  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зөв үнэлж, хариуцагч талын гүйцэтгээгүй үүргийн дүн буюу төлбөрийн үлдэгдлийг 30,000,000 төгрөг гэж тогтоосон.

Гэтэл давж заалдах шатны шүүх 2023.05.02-ны өдөр байгуулсан “Төлбөр барагдуулах гэрээ”-нд төлбөрийн үлдэгдлийг тогтоосон тоо хэмжээ нь үнэн зөв эсэх, болсон үйл баримтууд, анхны “Хөрөнгө оруулаптын гэрээ”-нээс татгалзсан шалтгаан үндэслэлтэй уялдаж байгаа эсэх, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх зэргээр нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй тул нотлох баримтуудыг зөв үнэлээгүй гэж үзэж байна. Үүний дээр Магадлалын 4в хэсэгт “... тодруулбал .... хариуцагчаас 340,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 260,000,000 төгрөгийг Д.Тийн дансанд төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоногт гэрээний үүргийн (нийн дүнгийн 05%-иар алданги төлөхөөр тохиролцож, харилцан гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан байна гэж зааж төлбөрийн үлдэгдлийг буруу тооцсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг зөвтгөжээ. Ийнхүү Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 заалтууд болон Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжийн заалтуудаас зөрүүтэй тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна. Нотариат нь талууд тухайн гэрээ байгуулсныг гэрчилдэг бөгөөд харин гэрээнд заасан нөхцлүүд, тоо хэмжээ нь зөв эсэхийг баталгаажуулах үүрэг хүлээдэггүй хуультай.

 

    1. Мөн гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэхээр Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.6 заасан гэсэн заалтыг хэрэглээгүй.

 

    1. Түүнчлэн давж заалдах шатны шүүх нь магадлалын “Хянавал” хэсгийн 4а-д талуудын “Төлбөр барагдуулах гэрээ”-ний нөхцөл, хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгийг хохиролд, эсхүл үндсэн төлбөрт тооцох эсэх талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргажээ гэж дүгнэсэн. Гэрээний үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг арилгах, нөхөн төлүүлэх учиртай. Гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зуйлийн 205.1-д зааснаар талууд өгсөн авснаа бодитоор харилцан буцаах, анхны байдалд оруулах үр дагавар үүсдэг. “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ээс Д.Т өөр бизнес хийхэд мөнгө дутагдаж байгаа шалтгаанаар өөрийн саналаар татгалзсан, харин хариуцагч “Б О М Т” ХХК нь өөрийн үүргээ хэвийн гүйцэтгэж, үүргийн зөрчил гаргаагүй байсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2-т “Нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол мөн зүйлийн 227.1-д заасан хохироп төлөх үндэслэл хамаарахгүй” гэж заасныг мөрдөх бүрэн үндэслэлтэй тул зөвхөн Д.Тийн нийлүүлсэн мөнгийг л буцаан өгөх үүрэгтэй, түүнийг хохирол гэж үзэхгүй юм.

 

    1. Магадлалын 4.в-д “... талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн байна", “Хөрөнгө оруулалтын гэрээ” хэрэгжээгүй, хамтын үйл ажиллагаа явуулаагүй..." гэж хамтын ажиллагаа нэгэнт эхлээд дундын хөрөнгийг зарцуулж, олон компани байгууллагатай харилцан ажиллаад эхэлсэн нөхцлийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн, мөн “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс гатгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж олгох үүрэг хүлээжээ” гэж тодорхойлсон атлаа Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11-д заасан "Хамтын ажиллагаанаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцна” гэсэн заалт, 479 дүгээр зүйлийн 479.5-д “Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хэмжээний мөнгийг бусдад төлнө” гэсэн заалтуудыг харгалзаагүй байна.

 

    1. Давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх хурлын явц, магадлалын “Хянавал”, “Тогтоох” хэсгийн дүгнэлт, шийдвэрүүдийн байдлаас үзэхэд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа талуудыг ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулахыг хуульчилсан байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зөвтгөж, хариуцагч талаас эхний удаад 410,000,000 төгрөг төлсөн байхад 340,000,000 төгрөг төлсөн гэж 70,000,000 сая төгрөгөөр бууруулан дүгнэж, нийт 570,000,000 сая төгрөгийг төлсөн, 30,000,000 төгрөгийг төлөөгүй үлдэгдэлтэй байхад үлдэгдлийг 260,000,000 төгрөгөөр тооцсон, үүний алдангид 56,321,378 буюу нийт 168,964,132 төгрөгийг төлүүлэхээр, мөн улсын тэмдэгтийн хураамжид “1,002,771” тус тус төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хариуцагч талын эрх зүйн байдлыг илт дордуулж, 169,966,903 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 125,416,903 төгрөгийн илүү төлбөр төлүүлэхээр хохироож шийдвэрлэжээ.

Үүний дээр хариуцагч тал тухайн хамтарсан ажиллагааны явцад гарсан бүх зардлыг хариуцаж, Д.Тийн мөнгийг буцаан өгөхийн тулд худалдаж авсан нүүрсээ хүртэл хямд үнээр дотоодын компанид борлуулж алдагдал хүлээснийг ч харгалзан үзээгүй байна. Харин нэхэмжлэгч Д.Тт 740,746,924 төгрөгийг олгохоор буюу хууль бусаар 740,746,924 төгрөгийг илүү олгуулах шийдвэрийг гаргаснаар хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

    1. Давж заалдах шатны шүүх магадлалын “Хянавал” гэсэн хэсгийн 1 дэх хэсэгт хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тухайгаа бичиж, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх заалтай нийцэхгүй зөрчил гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бус, үндэслэл бүхий болж чадаагүй болох нь дээрх нотлох баримтуудаар батлагдаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасны дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 210/МА2024/00130 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/ 03353 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

            5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00293 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мийн хяналтын журмаар гаргасан гомдлын заримыг хангах үндэслэл тогтоогдов.

 

            7. Нэхэмжлэгч Д.Т хариуцагч “Б  О М  Т” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 168,964,132 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...ийн өдөр тутмын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаанд зориулж 600,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар 2022.09.13-ны өдөр №22/33 хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул хөрөнгө оруулалтын гэрээг дуусгавар болгож 2023.05.02-ны өдөр №01 Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. “Б О М Т” ХХКнь 600,000,000 төгрөгөөс 340,000,000  төгрөгийг буцаан шилжүүлсэн, 160,000,000 төгрөгийг хугацаа хоцроон шилжүүлсэн ба энэ төлбөрөөс алдангид 12,642,755 төгрөгийг, үндсэн төлбөрт 147,357,245 төгрөгийг тус тус суутгасан. ... Төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл 112,642,755 төгрөг, алданги 56,321,378 төгрөг, нийт 168,964,132 төгрөгийг гаргуулна ...” гэжээ.

 

  1. Хариуцагч “Б О М Т” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 30,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргасан. Хариуцагч татгалзлын үндэслэлээ “... "М Т Л" ХХК-ийн вагоны хүрэлцээ муугаас вагон тавих хугацаа хойшилж, 2022 оны сүүлээр олгогдох хуваарь гарсан, вагоны тээврийн хөлс, вагон ашиглалтын төлбөр өсөж нүүрс экспортлоход хүндрэл учирсан. Д.Т энэ байдлыг ойлгохгүй экспорт хийхгүй удаасан гэх шалтгаанаар 2022.10 сарын сүүлчээс гэрээгээ цуцалж мөнгөө буцааж төлөхийг шаардсан. 2023.05.02-ны өдөр “Төлбөр буцаан авах гэрээ“ байгуулсан. Тухайн өдөр нарийн тооцоо хийлгүй Д.Тийн гаргасан тооцоогоор гэрээнд гарын үсэг зурсан. Дараа нь баримтуудаа бүрдүүлж тооцоход нийтдээ 570,000,000 төгрөг буцаан төлсөн бөгөөд төлөөгүй 30,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй. ... Үндсэн төлбөрийн үлдэгдлийг буруу тооцсон учраас 2023 оны 5 сард төлсөн төлбөр болон тооцсон алдангийг хасаж, үлдэгдэл төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй ...” гэж тайлбарласан.

 

  1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 44,550,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... талуудын хооронд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч 600,000,000 төгрөг шилжүүлсэн. ... уг гэрээ цуцлагдсан үйл баримтад талууд маргаагүй. Хариуцагч 2022.11.11-ний өдрөөс 2023.01.06-ны өдрийг хүртэл хугацаанд 410,000,000 төгрөгийг шилжүүлсэн, ... 2023.05.02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш, хариуцагч үлдэгдэлд  190,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад 260,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь зөрүү төлбөр 70,000,000 төгрөгийг хохирол, алдангид тооцсон гэж тайлбарлаж байгаа ч гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо баримтаар нотлоогүй, гэрээ цуцлагдсанаас гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрх дуусгавар болсон тул алданги шаардах эрхгүй. Талуудын хооронд байгуулагдсан 2023.05.02-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ байгуулагдах цаг хугацаанд хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүрэг 190,000,000 төгрөг байсан бөгөөд гурван удаагийн шилжүүлгээр нийт 160,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид нэмж шилжүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдсон, хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг нь 30,000,000 төгрөг байна. Төлбөр барагдуулах гэрээний дагуу дээрх үлдэгдэл төлбөрөөс алданги шаардах эрхтэй.” гэж дүгнэсэн байна.

 

  1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа...Талуудын хооронд 2023.05.02-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулахаас өмнө буюу 2022.11.11-ний өдрөөс 2023.01.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчид 6 удаагийн шилжүүлгээр нийт 410,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй. Харин тухайн дүнг төлбөр барагдуулах хэлцэлд 340,000,000 төгрөг гэж тусгаж, 70,000,000 төгрөгийг хохиролд тооцсон эсэхэд маргасан. Анхан шатны шүүх 2023.05.02-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа хариуцагч нь харилцан буцаах үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 190,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байхад гэрээнд 260,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь үндэслэлгүй гэсэн дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй. Төлбөр барагдуулах хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгтэй тус тус нийцсэн, хэлцлийн талуудын хувьд ... үүрэг нь хүчин төгөлдөр байна. “Төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу үлдэгдэл төлбөр 260,000,000 төгрөгийг 2023.05.04-ний өдрийн дотор төлөөгүй ... хугацаа хэтрүүлж ... шилжүүлсэн 160,000,000 төгрөгийн алдангид 12,642,755 төгрөг, үндсэн төлбөрт 147,357,245 төгрөгийг суутгасан нэхэмжлэгчийн тооцооллыг буруутгахгүй.” гэж дүгнэжээ.

 

  1. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт бүхий магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гомдол гаргахдаа хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ маргаантай эрх зүйн харилцаанд зөрүүтэй хууль зүйн дүгнэлт хийсэн гэжээ. Зохигчийн хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, төлбөр барагдуулах гэрээнээс шаардах эрх үүссэн эсэх, тэдгээрийн аль нэгийг, эсхүл хамтад нь хэрэгжүүлэх боломжтой эсэх, шаардах эрх үгүйсгэгдэх, эсхүл үүргийг харилцан тооцох  нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч тус маргааныг хянан шийдвэрлэх нь зүйтэй байх ба гомдлын энэ хэсэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээр тогтлоо.  

 

  1. Талууд хувийн вагоноор ачаа тээвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамтран ажиллахаар тохирсон нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна. Тус хэлцлийн хүрээнд нэхэмжлэгч Д.Т 600,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх, хариуцагч “Б О М Т” ХХК менежментийн болон тээвэрлэлтийн мэргэшсэн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах замаар хувь нэмэр оруулан хамтран ажиллахаар бичгээр тохирч, талуудаас оруулах хамтын үйл ажиллагааны хураамжийг 50:50 хувь байх, энэ үйл ажиллагаа 1 жилийн хугацаанд үргэлжлэхээр харилцан тохиролцсон үйл баримтыг зохигч маргаагүй ба энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөрүүгүй. Түүнчлэн уг эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.

 

  1. Дээрх гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бөгөөд ийнхүү дуусгавар болгосон хууль зүйн нөхцөл байдлыг “харилцан тохиролцож гэрээнээс татгалзсан” гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. Хэдийгээр хамтран ажиллах гэрээг дуусгавар болгох үед “гэрээнээс татгалзах”, “гэрээг цуцлах” тухай ерөнхий ойлголт яригдахаас илүүтэй “гэрээнээс гарах” харилцаа өрнөдгөөрөө бусад гэрээнээс ялгаатай. Учир нь хамтын ажиллагаа нь нийтлэг тохиолдох гэрээ болох хоёр талын гэрээ байхаас гадна цөөнгүй тохиолдолд түүнээс олон талын гэрээ болох нь бий. Энэ тохиолдолд гэрээ дуусгавар болгох тухай нэг талын хүсэл зориг нь хамтран ажиллах гэрээг бүхэлд нь дуусгавар болгох үндэслэл болдоггүй. Энэ агуулгаар хамтран ажиллах гэрээнээс “татгалзах” бус, “гарах” гэх хууль зүйн ойлголтод үндэслэж Иргэний хууль дахь хамтран ажиллах гэрээний нарийвчилсан зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй. Харин хамтран ажиллах гэрээ нь хоёр талын бөгөөд гэрээний хоёр тал аль аль нь хамтын үйл ажиллагаагаа дуусгавар болгохыг хүссэн, түүнчлэн хамтын ажиллагаа өрнөөгүй тул дундын хөрөнгө, дундын өр, үүргийн харилцаа үүсээгүй гэж тайлбарлаж байгаа бол хамтран ажиллах гэрээнээс татгалзах байдлаар гэрээг дуусгавар болгосон гэж шүүх дүгнэснийг буруутгахгүй байж болно. Харин талууд гэрээнээс татгалзсан гэж дүгнэх нь хамтын ажиллагааны дотоод харилцаанд хүчинтэй. Иймд хамтын ажиллагааны үр дүнд уг ажиллагааны дотоодод оролцоогүй гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдсөн бол түүнтэй холбоотой харилцааг хамтын ажиллагааны гадаад харилцаанд хамааруулна. Энэ тохиолдолд хамтын ажиллагааны талуудын дотоод харилцаа гэрээнээс татгалзаж дуусгавар болсон тухай дээрх дүгнэлт нөлөөлөхгүй болохыг дурдвал зохино.

 

  1. Хэргийн материалаас үзвэл, талууд 2022 оны 09 дүгээр сард байгуулсан гэрээнээс 2022 оны 10 дугаар сард татгалзаж, нэхэмжлэгч Д.Т оруулсан мөнгөн хөрөнгө болох 600,000,000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч уг мөнгийг буцаан төлөхөөр зөвшөөрсөн талаар маргаагүй. Хоёр шатны шүүх талуудын маргааны зүйл нь гэрээнээс татгалзсаны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчид төлөх мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох талаар зөв тогтоосон.

 

  1. Тодруулбал, хамтын ажиллагааны хураамж 600,000,000 төгрөгийг буцаан төлөх зорилгоор хариуцагч нэхэмжлэгчид 2023.01.06-ны өдрийг хүртэл хугацаанд 410,000,000 төгрөгийг шилжүүлж, үлдэх төлбөр 190,000,000 төгрөг болсон гэж, нэхэмжлэгч нь 410,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн боловч үүнээс гадна 70,000,000 төгрөгийг хохиролд тооцон нэмж авах үндэстэй гэж маргасан. Улмаар нэхэмжлэгч Төлбөр барагдуулах гэрээнд үлдэгдэл төлбөрийг 190,000,000 төгрөг бус, 260,000,000 төгрөгөөр тохирсон нь үүнийг нотлоно гэх агуулгаар мэтгэлцсэн байна.

 

  1. Анхан шатны шүүх дээрх 70,000,000 төгрөгийн тухайд тусгайлсан дүгнэлт хийгээгүй. Хэргийг шийдвэрлэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээнээс татгалзсанаар хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт төлбөр 410,000,000 төгрөг тул үлдэх төлбөрийг 190,000,000 төгрөг болно, энэ дүнгээс Төлбөр барагдуулах гэрээний явцад төлсөн 160,000,000 төгрөгийг  хасаж, үндсэн төлбөрт 30,000,000 төгрөг, алдангид 14,550,000 төгрөг, нийт 44,550,000 төгрөг гаргуулна гэж үзсэн. Үүнээс үзвэл анхан шатны шүүх дээрх Хөрөнгө оруулалтын гэрээ болон Төлбөр барагдуулах гэрээний аль ч үндэслэлээр 70,000,000 төгрөгийг өөрт үлдээх эрх нэхэмжлэгчид олгогдоогүй гэж үзжээ.

          Харин давж заалдах шатны шүүх 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө үлдээх эрхтэй болох нь Төлбөр барагдуулах гэрээгээр тогтоогдоно гэх агуулгаар дүгнэж, төлбөр барагдуулах гэрээг хууль ёсны гэрээ гэж тайлбарласан байна.

 

  1. Хоёр шатны шүүх гэрээ тус бүрийг хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа тэдгээрээс болон гэрээг дуусгавар болгосны улмаас бий болох шаардах эрхийг тус бүрд нь тодорхойлоогүйгээс шүүхийн дүгнэлтүүд зөрүүтэй, үндэслэл бүхий болж чадсангүй.  

 

  1. Зохигчийн хооронд 2022.09.13-ны өдөр байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ нэг сарын дараа дуусгавар болж, хариуцагч нь нэхэмжлэгчид 600,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрсөн. Зохигч хамтын ажиллагаа эхлээгүй талаар адил тайлбар гаргадаг боловч 600,000,000 төгрөгөөс гадна нэмэлт 70,000,000 төгрөгийг хохиролд тооцон өөртөө үлдээхийг шаардах эрхтэй болохоо нэхэмжлэгч Д.Т нотлох үүрэгтэй. Учир нь тэрээр энэ хэмжээний хохирол гэрээнээс татгалзсаны улмаас түүнд учирсан гэж мэтгэлцэж байгаа. Гэрээ дуусгавар болсонд зохигчийн хэн алиныг буруутгах нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ нэхэмжлэгч Д.Тт 70,000,000 төгрөгийг хохирол учирсан гэх баримт үгүй байхад энэ хэмжээний мөнгөн дүнг өөртөө үлдээхийг шаардах эрх талуудын хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгчид үүсэх учиргүй.

 

  1. Зохигчийн хооронд 2023.05.02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээгээр талууд 260,000,000 төгрөгийг хугацаа тохирон төлөх, хугацаа хэтрүүлсэн бол алданги тооцохоор тохирчээ. Хоёр шатны шүүх уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар адил дүгнэсэн боловч энэ гэрээний дагуу шаардах эрх үүссэн эсэх талаар ялгаатай дүгнэлт хийжээ. Тодруулбал, анхан шатны шүүх энэ гэрээнд туссан тоо баримтыг бодит бус гэж үзэхдээ Иргэний хуулийн аль зүйл, заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байгаа бол давж заалдах шатны шүүх энэ гэрээгээр илэрсэн талуудын хүсэл зоригийг хүчин төгөлдөр бус гэх аль ч үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн гэрээний дагуу шаардсан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь гаргуулж шийдсэн байна.

 

  1. Талуудын хооронд Төлбөр барагдуулах гэрээ нэгэнт байгуулагдсаныг үгүйсгэх баримт үгүй байх тул энэ гэрээний дагуу төлбөр шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Тус гэрээ нь Иргэний хуулийн 195, 196 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсаныг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй тул үүрэг бүхий этгээд гэрээг хэсэгчлэн болон бүрэн хэрэгжүүлэх учиртай. Хэрэв гэрээнд заасан үг, үсэг, тоо баримт алдаа зөрчилтэй, талуудын үнэн хүсэл зоригоос өөрөөр илэрхийлэгдсэн гэх мэт үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус, эсхүл хүчин төгөлдөр бусд тооцуулах бол энэ тухайд хуульд заасан журмын дагуу тус маргааныг шийдвэрлэх учиртай. Гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүй, зохигч Иргэний хуулийн 58, 59, 60-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Энэ агуулгаар Төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөр 260,000,000 төгрөг, гүйцэтгэгдээгүй үүрэгт тооцогдох алдангийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчим болон гэрээ заавал хэрэгжих зарчимд тус тус нийцэх юм.

 

  1. Төлбөр барагдуулах гэрээ 2023.05.02-ны өдөр байгуулагдсанаас хойш хариуцагч талаас 05.06-ны өдрөөс 05.13-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаанд нийт 160,000,000 төгрөг нэмж шилжүүлсэн (өмнө шилжүүлсэн 410,000,000 төгрөгөөс гадна) үйл баримтын тухайд зохигч маргаагүй. Нэхэмжлэгч уг 160,000,000 төгрөгийг бүхэлд нь бус хэсгийг нь үндсэн төлбөрт тооцсон бөгөөд 9 хоногоор хугацаа хоцроож төлбөр төлсөн гэх үндэслэлээр энэ дүнгээс 12,642,755 төгрөгийг алдангид суутгаж, үлдсэн хэсэг болох 147,357,245 төгрөгийг үндсэн төлбөр 260,000,000 төгрөгөөс хасжээ. Нэхэмжлэгчийн гаргасан 12,642,755 төгрөгийн алдангийн талаарх зарим тооцоолол буруу байна.

 

          Тодруулбал, хариуцагч Төлбөр барагдуулах гэрээний дагуу 260,000,000 төгрөгийг 2023.05.04-ний өдөр төлөх үүрэгтэй байснаас 2023.05.06-ны өдөр 57,400,000 төгрөг, 2023.05.07-ний өдөр 46,961,000 төгрөг, 2023.05.13-ны өдөр 42,996,245 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нэхэмжлэгч ийнхүү цувуулан төлсөн өдрүүдэд алданги тооцсон ба энэ хугацааны алдангийг 12,642,755 төгрөг гэж үзсэн. Ингэхдээ гэрээний дагуу үлдэгдэл төлбөрийг 05.04-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй тул 05.04-05.06-ны хооронд 2 хоног хугацаа хэтрүүлсэн гэж үзэн хоногийн 0.5 хувийн алданги 2,600,000 төгрөгийг шаардах эрхтэй гэжээ. Энэ тооцоолол буруу биш. Учир нь үндсэн төлбөр 260,000,000 төгрөгийг 2 хоног хугацаа хэтрүүлсэн тул алданги 2,600,000 төгрөгийг шаардах эрхтэй.

          Харин нэхэмжлэгч дараагийн хоногуудад алданги тооцохдоо нэгэнт алданги бодогдсон өдрүүдийг давхардуулан тооцсон байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч 05.06-ны өдөр 57,400,000 төгрөгийг төлөх үед 05.05 ба 05.06-ны өдрүүдэд 2,600,000 төгрөгийн алданги тооцсон атлаа дараагийн төлөлт болох 46,961,000 төгрөгийг 05.07-ны өдөр төлөх үед 05.05, 05.06-ны өдрүүдэд дахин алданги тооцсон нь буруу болжээ. Энэ мэтчилэн дараагийн төлбөрийг төлөх үед алдангийг 05.04-ний өдрөөс давхардуулан тооцсоны улмаас 05.05, 05.06-ны өдрүүдэд 3 удаа гүйцэтгээгүй үүргийн өөр өөр үнийн дүнгээс тус бүр 0.5 хувиар, 05.07-ны өдөрт 2 удаа тус бүр өөр дүнгээс 0.5 хувиар алданги тооцсон байна.

         

  1. Хариуцагч 2023.05.02-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, 260,000,000 төгрөгийг 05.04-ний өдрийн дотор төлөхөөр тохирсон боловч 05.13-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн гүйлгээгээр 160,000,000 төгрөгийг цувуулан төлсөн байдалд алдангийг өдөр давхардуулалгүйгээр, төлбөр хийсэн дүнд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үлдэгдэл бүрт тооцон үзвэл нийт 05.05 ба 05.06-ны 2 хоногт алданги 2,600,000 төгрөг, 05.07-ны нэг хоногт алдангид 1,013,000 төгрөг, 05.08-05.13-ны 6 хоногийн алдангид 4,669,170 төгрөг, нийт 8,282,170 төгрөгийг шаардах эрх нэхэмжлэгчид бий болсон ба энэ хугацааны алдангийг нэхэмжлэгч 12,642,755 гэж тооцсон нь буруу байна. Иймд хариуцагч Төлбөр барагдуулах гэрээний дагуу 160,000,000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс 05.13-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 8,282,170 төгрөгийг хасаж үлдэх 151,717,830 төгрөгийг үндсэн төлбөрт суутган тооцох үндэстэй.

 

  1. Төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагчийн үндсэн төлбөрт төлсөн 151,717,830 төгрөгийг гэрээнд заасан 260,000,000 төгрөгөөс хасвал хариуцагч Төлбөр барагдуулах гэрээний дагуу үндсэн төлбөрт 108,282,170 төгрөгийг төлөх үүрэгтэй. Улмаар 2023.05.13-ны өдрөөс нэхэмжлэлд дурдсан 2023.08.15-ны өдрийг хүртэлх 94 хоногийн хугацаанд алданги тооцвол 50,892,619 төгрөгийг шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасантай нийцнэ.

 

  1. Ийнхүү Төлбөр барагдуулах гэрээний дагуу нэхэмжлэгч 159,174,789 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Гэвч өмнө дүгнэсэнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу 70,000,000 төгрөгийг нэхэмжлэгч өөртөө үлдээх хууль зүйн үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэл бүхий тул Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасны дагуу 70,000,000 төгрөгийг 159,174,789 төгрөгөөс хасаж тооцон үлдэх 89,174,789 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

  1. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 89,174,789 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 79,789,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилж, шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэстэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

         1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00130 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШШ2023/03353 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  

         “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.2, 238 дугаар зүйлийн 238.1-д заасныг баримтлан хариуцагч “Б  О М  Т” ХХК-аас 89,174,789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Тт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,789,343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын  “380,700” гэснийг “603,824” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг тус тус хэвээр үлдээсүгэй.  

 

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Б  О М  Т” ХХК-аас 2024.02.16-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 781,021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД

 

                           ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

 

                                                                                                      Н.БАТЧИМЭГ

 

                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                                              

                                                                                                     Д.ЦОЛМОН