Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0046

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Б.О

Шүүгдэгч                                                       Ц.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Э

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолтой, Ц.Бт холбогдох, эрүүгийн хэргийг прокурор Б.О-н эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн Х овогт Ц-н Б.

 

Ц.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрийн “Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452 м.куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156.816 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овогт Ц-н Б-г Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сард 166.666 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө 1 ширхэг, Орхон аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж буй 1.452 м.куб хуурай шинэс модыг тус тус улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн иргэн Ш.Ц-ын өмчлөлийн 51-98 ОРО улсын дугаартай Делика маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

 

            Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.О эсэргүүцэлдээ:

“... Анхан шатны шүүх Ц.Бийг анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан төрөл, хэмжээний доторх буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч байх боловч хуулиар үүрэг болгосон буюу шүүгдэгч Ц.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг буцаан олгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй, хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд хуульд заасан уг арга хэмжээг заавал авахаар хууль тогтоогч үүрэг болгосон, хэрэв гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдвол хууль ёсны эзэмшигчид нь олгож, тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай этгээдээс гаргуулж, улсын орлого болгуулахаар хуулиар зохицуулсан атал шүүх Ц.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг ямар үндэслэлээр хураан аваагүй талаараа огт дүгнэлт хийгээгүй төдийгүй хууль хэрэглээний алдаа, зөрчил гаргасан байна.

Ц.Б нь зохих зөвшөөрөлгүйгээр 1.452 м3 хэмжээтэй шинэс мод бэлтгэсэн, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо Ш.Ц-н өмчлөлийн 51-98 ОРО улсын дугаартай “Делика” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн нь тогтоогдсон байхад уг тээврийн хэрэгслийг хураан авахаар заасан зохицуулалтыг хэрэглээгүй нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна.

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи - газар зүйн онцлог нөхцөл бүхий орчныг ойлгохоор хуульчилсан ба шүүгдэгч Ц.Б-ийн зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн шинэс энэхүү ойд хамаарах тул ойн санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасны дагуу “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасныг баримтална.

Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэснээс учирсан нөхөн төлбөрийн хэмжээг экологи - эдийн засгийн үнэлгээгээр тогтоох бөгөөд ингэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д заасны дагуу шүүгдэгч Ц.Бийн буруутай үйлдлийн улмаас учирсан 156.816 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 470.448 төгрөгөөр ойн экологи - эдийн засгийн үнэлгээг тогтоосон шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх ёстой байсан атал бодит хохирлын хэмжээгээр, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн дүнгээр шүүгдэгчээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурор Б.О-ийн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж Ц.Бийг хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Энэ хэрэгт нотолбол зохих байдал буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хаана үйлдсэн/, 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан ”... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хүр уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэрэг нь нарийвчлан тогтоогдоогүй байна.

Учир нь: Прокуророос Ц.Бийг 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрийн “Согоот” гэх уулнаас зохих зөвшөөрөлгүйгээр 1.452 м.куб мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр Баян-Өндөр сум руу 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 156.816 төгрөгийн хохирол учруулж хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Харин хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Х-н мэдүүлэгт “... Согоот гэх уул нь Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутагт байрладаг ...” гэсэн /хх 9-10/,

Орхон аймгийн Сум дундын Ойн ангийн даргын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаартай албан бичигт “... Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй болно ...” гэсэн /хх 64/ байхад прокурорын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 97 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг “... Жаргалант сумын Баянцагаан баг...” гэж хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудад дурьдагдсан газраас зөрүүтэй бичигдсэн байна.

 

Ойн санд учруулсан хохирлын хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн газрын байршил, төлбөрийн муж зэргээс хамааран өөр өөрөөр тогтоогддог ба Согоот гэх уул нь Орхон аймгийн ямар сумын нутагт байрладаг болох, хэрэв шүүгдэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаас хууль бусаар мод бэлтгэсэн тохиолдолд ойн санд учирсан хохирлын хэмжээ өөрчлөгдөх эсэхийг тус тус тогтоох шаардлагатай юм.

 

Шүүгдэгч Ц.Б нь хууль бусаар бэлтгэсэн 1.452 м.куб хуурай шинэс модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр 51-98 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн атал прокурор яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “... яллагдагч Ц.Бийн үйлдсэн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтсугай” гэж түүнд холбогдох гэмт хэргийн “тээвэрлэсэн” гэх шинжийг орхигдуулсныг /хх 88/ анхан шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Үүнээс гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи – эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасан байна.

 

Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 4-т ”Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Х нь мөрдөн байцаалтын явцад яллагдагч Ц.Б-оос байгаль орчинд учруулсан хохирол болох 156.816 төгрөгийг нэхэмжилсэн, уг хохирол нь төлөгдөөгүй” гэж ойн санд учирсан хохирлыг дээрх хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх талаар дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан “... хохирол, хор уршгийн талаарх мэдээлэл”-ийг тусгах шаардлага хангагдаагүй гэж үзэх үндэслэл болно.

 

Мөн хавтаст хэрэгт авагдсан шийдвэр, бусад баримт бичгийг гардуулсан өгсөн тэмдэглэл нь хуулбар баримт байх бөгөөд Ц.Бт прокурорын ямар шийдвэр /яллах дүгнэлт, эсхүл прокурорын тогтоол эсэх/-ийг, хэзээ гардуулсан нь тодорхойгүй /хх 90/ байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “ ... шинжээчийн дүгнэлт... зэрэг нотлох баримтыг хуульд заасан журмаар бэхжүүлсэн ... хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал: Ойн санд учирсан хохирлын хэмжээг тогтоосон Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Ой, биологийн төрөл зүйл, газар зүйн мэдээллийн систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Л.Б-н гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд шинжилгээ гаргасан байгууллагын тэмдэг дарагдаагүй /хх 20/, өөрөөр хэлбэл дүгнэлт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцааж, прокурор Б.О-н “ ... анхан шатны шүүх хуульд заасан зохицуулалтыг хэрэглээгүй ... ” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг дурьдлаа.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг Прокурорт очтол шүүгдэгч Ц.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ