Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0212

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

нарийн бичгийн дарга: Х.Түмэнчимэг

улсын яллагч: А.Сайнбаяр

шүүгдэгчийн   өмгөөлөгч: Л.Бурмаа

иргэдийн төлөөлөгч: Б.Баярчимэг

шүүгдэгч: Э.Баатарзоригт нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Барга овогт Эрдэнэбаатарын Баатарзоригтод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625011283 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны  4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

         1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,Барга овогт Эрдэнэбаатарын Баатарзоригт,1978 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Налайх дүүргийн эмнэлэгт  төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5,эгч, түүний 3 хүүхдийн хамт  Багануур дүүргийн 4 дүгээр хороо 6-11 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо 42 дугаар байрны 25 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

 

        1997 оны 10 дугаар сарн 17-ны өдрийн  Баянзүрх дүүргийн шүүхийн 547 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2771 дугаар зүйл, 278ш дугаар зүйлд зааснаар  1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Мөнгөнморьт дахь хорих ангид эдлэж байгаад 1998 оны 5 дугаар сарын 05-ны өдөр  02 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

         1999 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн Багануур дүүргийн шүүхийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Багануур дахь хорих ангид эдлэж байгаад 2001 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 6 сар  27 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан,

          2002 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  Налайх дүүргийн шүүхийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг Мааньт дахь хорих ангид эдлэж байгаад 2006 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдаж байсан,

          2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1,181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь хорих ангид биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Д:УГ78082811,

Холбогдсон хэргийн талаар:

          Э.Баатарзориг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул ОУХТөвийн ард байх нүхэн гарцны хажууд хамт архи ууж байсан иргэн С.Эрдэнийг эхнэр О.Сонинзаяаг доромжиллоо гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж унагаасаны улмаас түүний биемахбодид баруун шаант ясны хугарал, баруун гуя, зүүн дал,нүдний дээд доод зовхин цус хуралт зэрэг хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

           Бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

    Шүүгдэгч Э.Баатарзоригт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би эхнэртэйгээ зах дээр малгай зардаг байсан. 2016 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 15-16 цагийн үед зах дээр ирэхэд манай эгнээний залуучууд архидаж байгаад хоорондоо муудалцаад ихэнхийг нь эхнэр, хүүхэд нь аваад явсан. Эрдэнэ, Ариунболд нар үлдсэн хоорондоо маргалдаад байсан. Би маргаж хэрэггүй гээд болиулсан. Зах тарах үед тааралдаад Ариунболд нь нэг юм ууя гэсэн. Бид нар 0.5 литрийн архи аваад хувааж уусан. Эрдэнэ манай эхнэрийг залуу хүүхдийн толгой эргүүлж суусан гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би эхнэрээ өмгөөлж маргалдаж байгаад Эрдэнийг цохиж унагаасан. Тэр үед Эрдэнэ төмөрт тээглэж унасан харагдсан. Маргааш өдөр нь зах дээр очиход Эрдэнийн хөл хугарсан тухай мэдсэн. Эмчилгээний зардал төлсөн. Оргон зайлсан хэргийн хувьд би багаасаа ээжгүй өнчин өссөн. Эхээсээ хоёулаа. Аав маань эгч, бид хоёрыг өсгөсөн. 2012 онд манай аав нас барсан. Манай аав дахиж алдахгүй биз дээ гэхэд дахин тийм газар таны нэрийг гаргахгүй гэж амлаж байсан. 2013 онд тээврийн хэрэг гарахад санамсар болгоомжгүйгээс гэж бодсон. Сая энэ асуудал дээр шоронд явах нь аавдаа амалсандаа хүрч чадахгүй нь гэж бодсон. Тэгээд он гараад 5 жил нь гүйцэхээр аавынхаа газар дээр очиж уучлалт гуйгаад юмаа шийдүүлье гэж бодсон. Энэ хугацаанд Багануурт төрсөн эгч Батцэнгэлийн гэрт байсан. Мөн таньдаг хүнээ дагаж самарт явсан. Он гараад аавыгаа хөдөөлүүлсэн газар очсон. Шүүх дээр ирье гэхээр удсан тул айгаад байсан. 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр баригдсан гэв. 

          Шүүгдэгч Э.Баатарзоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би болсон бүх зүйлийг  үнэн зөвөөр ярья. Тэр өдөр би Нарантуул зах дээр 15.00 цагийн орчимд ирсэн чинь захын малгайны тасгийхан бөөнөөрөө архи ууж байсан. Тухайн үед намайг ирэхэд Ариунболд, Эрдэнэ 2 жоохон согтчихсон хоорондоо маргалдаад байж байсан. Тэгээд би хоорондоо хэл амаар маргалдаад байхаар нь  хэд хэдэн удаа боль гэж салгасан. Ингээд зах тарахаар болоод би Ариунболд, Эрдэнээ 2-ыг чиглэл чиглэлийх нь микронд суулгаж өгье гэсэн чинь одоо бид 2 ахиж муудалцахгүй ээ эвлэрчихье эвлэрч байгаа юм чинь ганц шил архи хувааж ууя гээд Ариунболд хойд талын шилэн зах руу орж 1 ширхэг 0.75 литрийн Хараа архи аваад бид нар Нарантуул захын нүхэн гарцны хойд талын гудамжинд зогсож байгаад бөөнөөрөө хувааж уусан. Архиа уугаад байж байхад Эрдэнэ надруу агсраад манай эхнэрийг тэнэг балай хөгшин авгай залуу хүүхдийн толгой эргүүлж авч суучихаад гээд Сонинзаяаг доромжлоод байхаар нь миний уур хүрээд би чамайг өдөржин өмгөөлж хамгаалж байхад чи хариуд нь миний эхнэрийг доромжилж байгаа юм уу гээд жоохон маргалдаад би түүний зүүн шанаа руу нь нэг удаа баруун гараараа цохьсон чинь Эрдэнээ газар баруун талаараа унасан. Тэгэхээр нь би чи ингээд хүнд гай болох хүн байна шүү дээ гэж хэлээд дахин цохиогүй. Тэгсэн чинь чи намайг цохьдог хэн бэ хоёулаа сайхан зодолдье гээд босоод дайраад ирэхээр нь ахиад зүүн талын нүүр  хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа цохьсон чинь ахиад уначихаар нь чи ууж идэж чадахгүй балиар зантай нөхөр бэ гэж хэлчихээд орхиод зүс таних найз Хишгээ, Сонинзаяа нарын хамт гэрлүүгээ явсан. Намайг явах үед Эрдэнээ босож ирээгүй хэвтээд л үлдсэн. Хишгээ тэгээд удалгүй салаад явсан гэжээ. /хх-ийн 80-81/

Шүүгдэгч Э.Баатарзоригт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би шинээр сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан зүйл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би хэрэг шүүх дээр байхад оргосон. Түүнээс  ямар нэгэн хорих ангиас оргоогүй. Надад давтан оргосон зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 190/

         Хохирогч С.Эрдэнэ мөрдөн байцаалтад  мэдүүлэхдээ: Миний мэдэж байгаагаар Баатарзоригт миний нүүр рүү цохиод түлхсэн чинь би хөндлөн турбан дээр дамнаад эвгүй уначихсан. Тэгээд миний хөл босож чадахгүй болчихсон гэжээ. /хх-ийн 70//хх-н 14-16/

           Гэрч О.Сонинзаяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:  Нарантуул захын ард талын Од баарны дэлгүүрийн хавиас Ариунболд 1 шил хараа архи авчирч бөөнөөрөө хувааж уусан. Тэгээд Баатарзоригт, Эрдэнээ, Ариунболд, Хишгээ 4 архиа хувааж уусан. Ариунболд, Эрдэнээ 2 нилээн согтсон байсан. Тэгээд ууж дуусахаар нь хэдүүлээ одоо гэр лүүгээ харья гэсэн чинь Эрдэнээ намайг хэл амаар доромжлоод намайг жоохон хүүхдийн толгой эргүүлж суусан хөгшин чавганц гээд хашгираад над руу дайраад байсан. Тэгсэн чинь Баатарзоригт эргэж хараад нэг удаа цохьсон чинь Эрдэнээ унаад өгсөн тэгээд би гүйж очоод салгасан гэжээ. /хх-ийн 17//хх-н 17/

          Гэрч Б.Ариунболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ:2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр С.Эрдэнэ бид хоёр Нарантуул зах дээр бараагаа хурааж дуусаад зүүн хаалгаар гарч явтал Баатарзоригт, Сонинзаяа, Баатарзоригтын найз гэх хүмүүстэй таарсан. Тэгээд бид бөөнөөрөө архи уухаар болоод Нарантуул захын шилэн зах дотроос 0.75 литрийн архи аваад шилэн захын залгаа мангасын амны харалдаа хашаан дотор орж архиа уусан. Архи ууж байхад Баатарзоригт, Эрдэнэ хоёр маргалдсан. Бид нар тэр хоёрыг өөрсдөө учраа ол гээд орхичихсон. Эхлээд бол салгах гэж нэг их оролдоогүй. Тэгтэл Баатарзоригт, Эрдэнэ хоёр зодолдоод Эрдэнийг Баатарзоригт доороо оруулаад Эрдэнэ газар уначихсан Эрдэнэ Баатарзоригтын хөлнөөс зуураад байсан. Тэгээд Баатарзоригтыг Сонинзаяа авч салгаад Эрдэнэ газарт ёолоод босч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би явья гээд өргөх гэсэн чинь хөл эвгүй болчихоод байна байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрдэнийн эгч Уранбилэг гэдэг хүн рүү утсаар залгаад Эрдэнээ, Зоригоо 2 хоорондоо зодолдоод Эрдэнээ хөл өвдөөд байна гээд хөдлөхгүй байна дүүгээ ирж ав гэж хэлсэн. Тэгтэл эгч нь наадхаа өөрөө гэмтлийн эмнэлэг рүү авч яв гэсэн.  Тэгэхээр нь би захын урд хаалга руу гүйж очоод такси бариад Эрдэнийг гэмтлийн эмнэлэг авч явсан. Тухайн үед дунджаар 20.00 цаг болж байсан байх. Гэмтлийн эмнэлэгт Эрдэнийг үзүүлэхэд хөл нь хугарсан байна тасаг руу хэвтүүлнэ гээд хамаатан садан нь ирээд Эрдэнийг дээшээ аваад явсан. 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би өглөө 10.00 цагийн үед Баатарзоригтой Нарантуул зах дээр уулзсан. Тэгээд Баатарзоригт Эрдэнэ та хоёр өчигдөр зодолдоод Эрдэнийн хөл нь хугарсан байна лээ Эрдэнэ өчигдөр эмнэлэгт хэвтсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь жоохон сэтгэл санаа нь тавгүйтээд унах шиг болсон хэсэг хугацааны дараа харсан чинь архи уучихсан явж байсан. Баатарзоригтын найз нь Эрдэнийг цохиж зодоогүй. Баатарзоригт нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Яг хаана цохьсоныг нь сайн хараагүй. Баатарзоригтой л зодолдсон тэгэхээр Баатарзоригтод л цохиулсаны улмаас гэмтсэн байх. Тэр хоёр анх муудалцахдаа  өөд өөдөөсөө хараад өрөөд зогсож байсан. Тэгсэн чинь Баатарзоригт 1 цохиод унагаачих шиг болсон. Эрдэнэ босч ирээгүй Баатарзоригтын хөлнөөс нь зулгаагаад байсан гэжээ. /хх-ийн 18-19/

          Б.Ариунболдоос асууж авсан тайлбар /хх-н 10-13/

 Шинжилгээ хийлгэх тогтоол /хх-н 20/

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 4464 тоот дүгнэлтэд:

1.С.Эрдэнийн биед баруун шаант ясны хугарал, баруун гуя, зүүн дал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21/

          Хохирогч С.Эрдэнийн өвтний түүхийн хуулбар/ хх-н 84-91/

  Э.Баатарзоригийг Э.Батцэнгэл, Э.Тодчимэг нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-н 73-74//

          Э.Баатарзоригийг сэжигтнээр тооцож, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэлүүд/хх-н 78-82/, /хх-н 183-184/

Э.Баатарзоригын  иргэний үнэмлэхийн лавлагаа/ хх-н24 /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас: / хх-н 25/, таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар,/хх-н 28-37/

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд: Э.Баатарзоригт нь шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийж оргосон тул хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасан байна.

Хэргийг хүлээн авч түдгэлзүүлсэн тогтоол гаргаж эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан байна зэрэг болно.

Э.Баатарзоригт  нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул ОУХТөвийн ард байрлах нүхэн гарцны хажууд хамт архи ууж байсан иргэн С.Эрдэнийг эхнэр О.Сонинзаяаг доромжиллоо гэсэн хувийн  шалтгаанаар нүүрэн тус газар нь цохиж унагаасаны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг,

бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа  2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 148 хоног шүүн таслан ажиллагаанаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэг тус тус  үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

          С.Эрдэнийн биед баруун шаант ясны хугарал, баруун гуя, зүүн дал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт  бүхий хүндэвтэр гэмтэл учирсанг тогтоосон шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт  /хх-ийн 21/

          Хохирогч С.Эрдэнийн  мөрдөн байцаалтад өгсөн … Миний мэдэж байгаагаар Баатарзоригт миний нүүр рүү цохиод түлхсэн чинь би хөндлөн турбан дээр дамнаад эвгүй уначихсан. Тэгээд миний хөл босож чадахгүй болчихсон гэсэн мэдүүлэг  /хх-н 14-16/

           Гэрч О.Сонинзаяагийн  мөрдөн байцаалтад өгсөн … Тэгээд ууж дуусахаар нь хэдүүлээ одоо гэр лүүгээ харья гэсэн чинь Эрдэнээ намайг хэл амаар доромжлоод намайг жоохон хүүхдийн толгой эргүүлж суусан хөгшин чавганц гээд хашгираад над руу дайраад байсан. Тэгсэн чинь Баатарзоригт эргэж хараад нэг удаа цохьсон чинь Эрдэнээ унаад өгсөн тэгээд би гүйж очоод салгасан гэсэн мэдүүлэг /хх-н 17/

          Шүүгдэгч Э.Баатарзоригтын мөрдөн байцаалтад өгсөн … Эрдэнэ надруу агсраад манай эхнэрийг тэнэг балай хөгшин авгай залуу хүүхдийн толгой эргүүлж авч суучихаад гээд Сонинзаяаг доромжлоод байхаар нь миний уур хүрээд би чамайг өдөржин өмгөөлж хамгаалж байхад чи хариуд нь миний эхнэрийг доромжилж байгаа юм уу гээд жоохон маргалдаад би түүний зүүн шанаа руу нь нэг удаа баруун гараараа цохьсон чинь Эрдэнээ газар баруун талаараа унасан. Тэгэхээр нь би чи ингээд хүнд гай болох хүн байна шүү дээ гэж хэлээд дахин цохиогүй. Тэгсэн чинь чи намайг цохьдог хэн бэ хоёулаа сайхан зодолдье гээд босоод дайраад ирэхээр нь ахиад зүүн талын нүүр  хэсэг рүү нь нэг удаа баруун гараараа цохьсон чинь ахиад уначихаар нь чи ууж идэж чадахгүй балиар зантай нөхөр бэ гэж хэлчихээд орхиод зүс таних найз Хишгээ, Сонинзаяа нарын хамт гэрлүүгээ явсан. Намайг явах үед Эрдэнээ босож ирээгүй хэвтээд л үлдсэн. Хишгээ тэгээд удалгүй салаад явсан гэсэн мэдүүлэг  /хх-ийн 80-81/

          Шүүх тухайн  хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан  шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар хэргийг хянан  шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэв.

          Э.Баатарзоригт нь  эхнэр хэл амаар доромжиллоо гэж маргалдан улмаар хохирогчийг түлхэж унаган цохисоноос хохирогч Эрдэнийн биед баруун шаант ясны хугарал, баруун гуя, зүүн дал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт  бүхий хүндэвтэр гэмтэл учирсан  нөхцөл байдал хангалттай тогтоогдсон, түүний энэ үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон байх тул Э.Баатарзоригтыг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Шүүгдэгч Э.Баатарзоригт нь дээрх хэрэгт шалгагдан шүүхэд хэрэг нь шилжин ирж шүүх хуралдаан зарлагдсан байхад шүүх хуралдаанд ирэлгүй зайлсхийсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон тул түүний энэ үйлдлийг  шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг давтан  үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт заасан  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Э.Баатарзоригт нь 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 394 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3, 261 дүгээр зүйлийн 261.1,181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар бүгд 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг Дархан-Уул аймаг дахь хорих ангид биеэр эдлэж байгаад 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар эдлээгүй үлдсэн 2 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

         Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэрэгт  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 5 жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүй гэсэн заалт зөрчигдөж ялгүй болох хугацаа болоогүй байхад дахин гэмт хэрэг шинээр үйлдсэн тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг давтан үлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг зөв тохирсон, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй  байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг журамлан  Э.Баатарзоригтын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 52 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.

        Хохирогч Эрдэнэд эмчилгээний зардлыг төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

       Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй,  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болно.

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Барга овогт Эрдэнэбаатарын Баатарзоригтыг  бусдын биед хүндэвтэр  гэмтэл санаатай учруулах, шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Э.Баатарзоригтыг 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар Э.Баатарзоригтыг 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Э.Баатарзоригтод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 01 сарын хугацаагаар хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж бүгд биечлэн эдлэх ялыг 5 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Э.Баатарзоригтод  оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Э.Баатарзоригтын 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 52  хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, Э.Баатарзоригт нь  бусдад төлөх төлбөргүй  болохыг  тус тус дурьдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн тогтоолд  ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

8.Шүүхийн тогтоолд давж заалдах,гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурьдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад мэдэгдэн, гомдол, эсэргүүцлийг хэргийн хамт гомдлыг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  хүргүүлэх ба тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Баатарзоригтод цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ   авсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ                             С.ПҮРЭВСҮРЭН

 

                ШҮҮГЧИД                                   Т.ШИНЭБАЯР

 

                                                                    Б.АРИУНХИШИГ