Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1900

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01638 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Баас хариуцагч И.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 250 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч И.Н нь Л.Бд холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Тухайн үед И.Н, Н.Алтанчимэг нар нь УБ хотын банкнаас 8 хувийн хүүтэй зээл гаргуулах болсон мөнгө зээлээч гэсэн. Би 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөгийг Н.Алтанчимэгийн данс руу шилжүүлж үлдэгдэл мөнгийг шилжүүлэх гэж байтал банкнаас авах зээл бүтэхгүй болсон, нэмж мөнгө зээлээч гэсний дагуу 25 000 000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн. 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 730 000 төгрөгийг Хаан банкны дансаар надад төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг И.Нд шилжүүлсэн тул зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөгийн хамт нийт 8 250 000 төгрөгийг И.Нэс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болж байгаа 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөгийн зээлийн асуудал яригддаг. Үүнээс 22 730 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хүү, алдангийн хамт нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагад Н.Алтанчимэг гэдэг хүн холбогдолтой. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад бодит байдал дээр И.Н өөрийн өмчлөлийн орон сууцаа Н.Алтанчимэгт 107 000 000 төгрөгөөр зарах нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой худалдах худалдан авах гэрээ болон зээлийн гэрээ хийгдсэн. Өнөөдөр 107 000 000 төгрөгөөр орон сууцаа худалдаж байгаа хүн бусдаас өдрийн 1 хувийн хүүтэй 35 000 000 төгрөгийг зээлэх ямар ч шаардлага байхгүй. Энэ гэрээний үндэслэл нь өөрийн зарах гэж байгаа орон сууцны урьдчилгаа мөнгийг бүрдүүлэх гээд хүний өмнөөс зээл авах нөхцөл байхгүй. Гэхдээ зээлийн гэрээнд гарын үсэг зурсан асуудал байгаа. Энэ нь тодорхой үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй. Нийт зээлсэн мөнгө нь 35 000 000 төгрөг гэж нэхэмжлэл гаргасан хирнээ зөвхөн дансаар орсон 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь И.Нд 35 000 000 төгрөг зээлүүлсэн, үлдэгдэл мөнгөө авч чадахгүй хохироод байгаа гэх шаардлагаа үгүйсгэж байна. Мөн 5 000 000 төгрөгийг И.Наднин-Эрдэнийн данс руу шилжүүлсэн боловч энэ мөнгийг авч хэрэглээгүй. Эргүүлээд 5 000 000 төгрөгийг дансаар өгсөн гэж үзвэл хэрэг цугларсан баримтаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 22 730 000 төгрөгийг Л.Бд зээл төлөлт гэж хийсэн байгаа. Хэрвээ дансны баримтууд дээр тулгуурлан асуудлыг шийдвэрлэдэг бол 5 000 000 төгрөгийг 4 дахин нугалаад төлсөн болох нь харагдаж байна. Өнөөдөр 22 730 000 төгрөгийг хариуцагч И.Нэс авсан хэрнээ 5 000 000 төгрөгийг хүү алдангийн хамт нэхэмжлээд байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаас аваад үзэхэд үндэслэлгүй байна. Зээлийн гэрээ нь байгуулагдаад зээлдүүлэгчээс тухайн мөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогддог хэлцэл. Нийт 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулдсан мөртлөө 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлээд тэр дороо данснаас нь гаргуулаад авсан байгаа. 107 000 000 төгрөгөөр орон сууцаа зарж байгаа хүн Алтанчимэг гэдэг хүнд орон сууц авч өгөхөөр өдрийн 1 хувийн хүүтэй зээл олгож байгаа Л.Б гэдэг хүний шаардлагын дагуу ямар ч асуудал байхгүй гарын үсэг зурчих гэж мэхлэгдэж зурсан хэлцэлд нийт 8 250 000 төгрөгийг төлбөр төлөх гээд шүүх дээр дуудагдаж байгаа тул хууран мэхлэгдсэн гэдэг нь баримтаар тодорхой тогтоогдож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: И.Н нь Л.Б гэх хүнээс огт мөнгө зээлээгүй бөгөөд хийгдсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ нь бодит байдалд нийцэхгүй хууран мэхлэж хийсэн хэлцэл юм. Учир нь И.Н нь тухайн үед Хан-Уул дүүрэгт байрлах 58.68 м.кв талбай бүхий өөрийн өмчлөлийн орон сууцыг Б.Батхуяг, Д.Алтанчимэг гэх гэр бүлд худалдахаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг байрыг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж 108 558 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож урьдчилгаа төлбөрт 32 567 400 төгрөг авч үлдэгдэл 75 990 600 төгрөгийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцон, худалдах, худалдан авах харилцаа үүссэн. Үүнтэй холбоотойгоор Л.Б гэх И.Нийн огт танихгүй хүн гарч ирсэн бөгөөд Б.Батхуяг, Д.Алтанчимэг нар Л.Бгаас байр худалдан авахад шаардагдах урьдчилгаа мөнгийг хүүтэй зээлж авсан харилцаа үүссэн гэж тухайн үед ойлгосон. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр И.Нийг Хан-Уул дүүргийн 3-р хорооны хажууд байрлалтай нотариат дээр Д.Алтанчимэг дуудахад нь очсон бөгөөд Б.Батхуяаг, Д.Аптанчимэг, Л.Б нар ирсэн байсан. Л.Бг тэр өдөр анх харсан ба зээлийн гэрээ хийх асуудал ярьсныг нь сайн ойлгохгүй ямар учиртай гэрээ болох талаар асуухад Б.Батхуяг, Д.Алтанчимэг нар бид байрны урдчилгаа мөнгөө энэ хүнээс зээлж байгаа юм, ямар ч асуудалгүй та энэ гэрээн дээр гарын үсэг зурчих гэсэн учир шахалтанд орж гарын үсэг зурсан. Л.Б гэрээний дор өөрийн гараар 5 сая төгрөгийг И.Нийн дансруу шилжүүлсэн, үлдсэн 30 сая төгрөгийг Д.Аптанчимэг рүү шилжүүлэхээр тохиролцсон гэж бичээд нотариатчаар тамгалуулах гэхэд нотариат би үүнийг батлахгүй гэж хэлээд баталж өгөөгүй. Нотариатаас гараад Л.Б Д.Алтанчимэг нар И.Нийг Хаан банк явах хэрэгтэй байна гээд хамт явж, Л.Б нь И.Нийн 5131016299 тоот дансанд 15.35 цагт 4 980 000 төгрөг, 15.36 цагт 20 000 төгрөг нийт 5 000 000 төгрөг хийгээд 15.40 цагт буцааж данснаас 5 000 000 төгрөгөө гаргуулан авсан байдаг. Үүний дараа Д.Алтанчимэг зээл төлөлт гэсэн утгаар хэд хэдэн удаа Л.Бгийн данс руу мөнгө хийлгэж байсан. Учрыг нь асуухад гэрээнд таны гарын үсэг байгаа болохоор таны нэрээр хий гэж Л.Б шаардаад байна, санаа зоволтгүй, Л.Бгаас зээлсэн мөнгөө би ямар ч асуудалгүй төлөөд дуусгана гэсэнд итгэсэн. Л.Б И.Нийг шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлахад өгөхөд нь Б.Батхуяг, Д.Алтанчимэг нартай холбогдож хэлэхэд тэд зээлсэн бүх мөнгөө хүүгийн хамт бүрэн төлж барагдуулсан гэсэн. И.Нийн дансаар Л.Б 5 000 000 төгрөгийг 5 минутын дотор оруулаад гаргасан нь анхнаасаа ийм атгаг санаатай байсан байна. Бодит байдалд ердөө л энэ юм. Гэтэл гэнэт И.Нэс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн дагуу их хэмжээний мөнгө нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч Л.Бд хууран мэхлэгдэж хийсэн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулсан ямар нэгэн байдлаар хууран мэхэлж хийсэн үйлдэл байхгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр зээлийн гэрээ байгуулагдаж 35 000 000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. 35 000 000 төгрөгийг төлсөн гэдэг боловч төлсөн тухай баримтаа гаргаж өгөөгүй. Сөрөг нэхэмжлэлд нотариатаар батлуулахаар ирэхэд тухайн гэрээг нотариат батлахгүй гэсэн гэдэг тайлбар өгч байгаа боловч тухайн гэрээг нотариат батлаад хүчин төгөлдөр гэрээ байгаа. Н.Алтанчимэг, И.Н нар нь орон сууц худалдан авах гэж байгаа тул энэ данс бүхэлдээ миний дансанд орно. Урьдчилгаа 30 хувь болон банкнаас орж ирэх орон сууцны зээл аль аль нь миний данс руу орох тул надтай гэрээ байгуул, эхлээд Улаанбаатар хотын банкнаас орон сууцны 8 хувийн зээл авах гэж байгаад тэр нь бүтээгүй тул Төрийн банкнаас зээл авсан байдаг. Уг мөнгө орж ирэхээр 35 000 000 төгрөгийг буцаагаад өгнө, 10 хоног шаардлагатай гэж хэлээд тус мөнгийг Л.Бгаас авсан, И.Нг хуурсан зүйл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа И.Н нь Л.Б руу үлдсэн мөнгийг төлөх гэж байхад шүүхэд өглөө гэж утсаар уурлаж ярьсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232 дугаар зүйлийн 232.6, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Нэс 8 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Бд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 250 000 төгрөгийн шаардлагыг, хариуцагч И.Нийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 800 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 330 000 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч И.Нэс улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрт “2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Л.Б, хариуцагч И.Н нарын хооронд 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байна гэсэн агуулгатай дүгнэлт хийгээд “...дээрх гэрээний дагуу хариуцагч И.Н нь Д.Алтанчимэгээс зээлийн төлбөрт шилжүүлсэн, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 730 000 төгрөг, нийт 22 730 000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талууд уг асуудлаар маргаагүй байна” гэжээ. Гэтэл нэхэмжлэгчээс 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүхэд болон хариуцагчид гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай гэсэн хаягтай боловч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан агуулгатай бичигт “...иймд зээлийн гэрээний дагуу 5 000 000 төгрөгийг И.Н рүү шилжүүлсэн байх тул зээлийн үндсэн төлбөрт 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг И.Нэс гаргуулах хүсэлтэй байна” гэсэн. Өөрөөр хэлбэл, анх 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагчаас нэхэмжилсэн 15 770 000 төгрөгөө багасгаж зөвхөн И.Нд дансаар шилжүүлсэн 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөг гаргуулна гэж нэхэмжилсэн. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа багасгах болсон нь хууль зүйн ямар ч үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд огт хамааралгүй, зөвхөн дансаар нь шилжүүлсэн тул тус мөнгөө буцааж авъя гэсэн мэт үндэслэлийг дэвшүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийн үндэслэлээр тогтоогддог.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул шүүх багасгасан шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, холбогдох хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг шийвэрлэх учиртай. Дээр дурдсан дүгнэлт, баримтуудаас үзэхэд шүүх зохигчдын хооронд 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Мөн хариуцагчаас 2 удаагийн шилжүүлгээр 22 730 000 төгрөг шилжүүлсэн буюу үндсэн зээлээс хариуцагч И.Н төлсөн байна гэж мөн дүгнэсэн. Харин нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнээс зөвхөн дансаар шилжүүлсэн 5 000 000 төгрөг л хариуцагч И.Нд холбогдох тул үндсэн зээлд тооцож 5 000 000 төгрөг, түүний хүү, алданги, нийт 8 250 000 төгрөг гаргуулъя хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжлэгч тал 35 000 000 төгрөгийн зээлийн гэрээний 5 000 000 төгрөг л хариуцагчид холбоотой гэж нэхэмжилж байгаа тохиолдолд шүүх 5 000 000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид хүү, алдангийн хамт төлсөн эсэх түүнтэй холбоотой нотлох баримтыг үнэлж, тус нөхцөл байдлыг тодруулан шалгаж хэргийг шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүх нэхэмжлэлийн багасгасан шаардлага, анх гаргасан шаардлагын ялгаа заагийг гаргалгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийж хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хууль зүйн алдаа гаргасан байна. Учир нь хэрвээ хариуцагчийг нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг зээлсэн байна гэж шүүх дүгнэж байгаа тохиолдолд И.Нэс гэсэн утгаар 2 удаагийн шилжүүлгээр Л.Бд 22 730 000 төгрөг төлсөн болохыг анхаарах учиртай. Талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх тохиолдолд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн зээл 5 000 000 төгрөгийн хүү, алдангийн хамт 3 орчим нугалж 22 730 000 төгрөгийг буцаан төлсөн болохыг шүүх анхаарч үзсэн бол нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй.

Мөн хэрэгт цугларсан нотлох баримт болох Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс И.Н болон нэхэмжлэлд дурдсан Д.Алтанчимэг түүний нөхөр Б.Батхуяг нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байдаг бөгөөд тус гэрээтэй холбоотой харилцаа үүссэнээс улбайлан Л.Б 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд хариуцагч 108 558 000 төгрөгөөр байраа зарж байгаа хүн Л.Бгаас өдрийн хүүтэй мөнгө зээлэх улмаар түүнийгээ төлөхгүй асуудал үүсгэх шалтгаан шаардлагагүй гэдэг нь тус баримтаар болон талуудын тайлбараар тогтоогдож байхад шүүх тус нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй хийсвэр дүгнэсэн.

Нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ И.Н 2016 оны 4 дүгээр 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлсэн гэх атлаа 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр И.Нд 5 000 000 төгрөг шилжүүлсэн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг И.Нийн зөвшөөрснөөр Д.Алтанчимэгийн данс руу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 10 000 00 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 7 300 000 төгрөг н.Гантөгсийн данс руу, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 13 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн талаараа дурдсан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч яг хэнд хэдэн төгрөг зээлээд байгаа нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээнд заагдсан мөнгөн дүн, хугацаа зөрүүтэй байгаа зэргээс үзэхэд тус зээлийн гэрээ зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг зөрчсөн. И.Нийг гэрээнд гарын үсэг зуруулахдаа хууран мэхлэж зуруулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч И.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15 770 000 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөг гаргуулахаар багасгасныг хариуцагч эс зөвшөөрч, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч И.Н нь 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч Л.Бтай зээлийн гэрээ /хх5/ байгуулж, үүгээр 35 000 000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцох, зээлийн мөнгөн хөрөнгийг Улаанбаатар хотын банкны Д.Алтанчимэгийн нэрийн данс руу шилжүүлэх нөхцлийг харилцан тохиролцсон байна. Зээлдүүлэгч Л.Б нь дээрх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг Д.Алтанчимэгийн дансанд, 5 000 000 төгрөгийг зээлдэгч И.Нийн дансанд /хх6-12/ тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Шүүх, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний дагуу зээлдүүлэгч нь зээлдэгчид 5 000 000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, зээлдэгч нь төлбөрийг тохирсон нөхцлөөр буцаан төлөх үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Хариуцагч нь зээлдүүлэгчээс шилжүүлсэн 5 000 000 төгрөг өөрийн нэрийн дансанд шилжсэн талаар маргаагүй боловч үүнээс илүү мөнгөн хөрөнгийг зээлдэгч талд буцаан шилжүүлсэн гээд, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Л.Б нь дээрх зээлийн гэрээг анхнаасаа хууран мэхэлж хийсэн гэж тайлбарласан. Шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Иймд хариуцагч И.Н нь зээлийн гэрээний үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, хүү 500 000 төгрөг, алданги 2 750 000 төгрөг, нийт 8 250 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. Харин анхан шатны шүүх алдангийн хэмжээг үндсэн төлбөр болох 5 000 000 төгрөгөөс тооцож, 2 500 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч үүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй болно.

Дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 8 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, үлдэх 250 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагчийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй” гэх агуулгаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн дугаар ташаа бичигдсэн байх боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болохгүй тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2018/01638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх йхуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Б.НАРМАНДАХ

 

                                                                                    Т.ТУЯА