Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01712

 

 

 

 

 

 

 

 2021          06          07  

     101/ШШ2021/01712

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б-д холбогдох,

 

16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Б нь 2017 оны 03 дугаар сард Ж.Б гэх хүнтэй танилцсан. Улмаар ойр зуурын ажил хэргийн шугамаар хэд хэдэн удаа харилцаж уулзаж байсан. Гэтэл диплом гаргаж өгнө гэх нэрийдлээр 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөг дансаар, мөн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 2,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 1,500,000 төгрөг, 1,600,000 төгрөг, нийт 8,600,000 төгрөг бэлнээр, бүгд 16,500,000 төгрөг шилжүүлсэн. М.Батбилэгийн зүгээс допломыг бүрэн гаргаж өгсөн зүйл байхгүй, өгөхдөө хуурамч диплом гаргаж өгсөн байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж тус тус заасан. Хууль зүйн утгаараа диплом гаргаж өгнө гэх нөхцөл хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. Иймд Ж.Бээс 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.    

 

Хариуцагч Ж.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ж.Б нь Б.Бгаас диплом гаргаж өгнө гэж мөнгө авч ашиглаж байгаагүй бөгөөд нэхэмжлэгч нь Ж.Бийн Хаан банкин дахь тоот дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг шилжүүлснийг А.Баянбат гэгчид дамжуулан өгч байсан болно. Хариуцагч Ж.Б нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг тухай бүрд А.Баянбатад өгч байсан болох нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар огт мөнгө авч байгаагүй. Нэхэмжлэгч Б.Б нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцагч Ж.Бийг диплом гаргаж өгнө гэж залилан мэхэлсэн үндэслэлээр гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан боловч залилан мэхэлсэн үндэслэлгүй гэж дүгнэж хяналтын прокурорын зүгээс хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.Бт холбогдуулан 16,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ж.Б хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна.   

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ их сургуулийн диплом гаргуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн, энэ нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус учир өгсөн мөнгөө буцаан гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч татгалзаж, өөрийн дансаар шилжиж ирсэн мөнгийг А.Баянбатад дамжуулан өгсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Зохигч талуудын тайлбар, гэрч А.Баянбатын мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь их сургуулийн диплом гаргуулах үндэслэлээр хариуцагчид мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

          Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч талуудын тохиролцоо хуулийн хүрээнд хийгдэх учиртай.

 

          Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн гэж зааснаас үзэхэд их сургуулийн диплом гаргуулах талаарх талуудын тохиролцоог хуульд нийцсэн гэж үзэх боломжгүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэстэй.

 

 

          Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэнийн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

 

          Түүнчлэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь тэдний хооронд үүссэн үүрэг хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан  шаардах эрхтэй.

 

          Хаан банкин дахь нэхэмжлэгчийн тоот, хариуцагчийн  тоот дансуудын хуулгаар нэхэмжлэгчээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан болох нь тогтоогдож байна /хх-4-7, 24-28/.

 

          Хариуцагчийн зүгээс дээрх 7,500,000 төгрөгийг гэрч А.Баянбатад шилжүүлсэн, өөрт хамааралгүй гэж маргаж байх хэдий ч хэргийн баримтаар нэхэмжлэгчид диплом гаргаж өгөхөөр тохирсон, мөн мөнгө хүлээн авсан этгээд нь хариуцагч байна. 

 

          Харин нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөг шилжүүлсэн  тоот дансыг хариуцагчийнх гэж үзэх баримт /хх-8/, түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 2,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 1,500,000 төгрөг, 1,600,000 төгрөг, нийт 8,600,000 төгрөг бэлнээр хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх баримт тус тус хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүхэд нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

         

          Иймд дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэн дагуу хариуцагчаас 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бээс 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА