Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/100

 

                                   Монгол Улсын нэрийн өмнөөс

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Буянтогтох нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Өөлд овогт Цэрмаагийн Буянтогтоход холбогдох эрүүгийн 2331000310070 дугаартай, 175/2024/0097/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, *********** Хөвсгөл аймаг, Галт сум, **** дугаар багт оршин суух хаягтай, урьд:

-Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн,

-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Өөлд овогт Цэрмаагийн Буянтогтох, /РД: РД89081312/;

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/

Шүүгдэгч Ц.Буянтогтох нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн моностой” гэх газар иргэн Ч.Д******** самар худалдан авч байсан гэрээс түүний эзэмшлийн “Savage Axis” маркийн галт зэвсэг болох бууг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч 5,500,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

     Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Буянтогтох нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн Mоностой” гэх газар иргэн *********** самар худалдан авч байсан гэрээс түүний эзэмшлийн “Savage Axis” маркийн галт зэвсэг болох бууг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 5,500,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Буянтогтох нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Буянтогтохын өгсөн: “Хорих ангидаа очоод цалинтай ажил хийгээд хохирлыг төлнө” гэх мэдүүлэг[1],

2.Хохирогч Ч.Д********** 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би энэ өвөл самар худалдаж авахаар 3 ажилтанаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Зүүн Mоностой" нэртэй газарт аваачсан. Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр араас нь “Зүүн моностой” нэртэй газар луу очоод тэндээсээ худалдаж авсан самрыг нь аваад Хүдэр сумын төв рүү хөдөлсөн бөгөөд өөрөө Хүдэр суманд ирээд өөрийн Зил-131 тээврийн хэрэгслээ буцаагаад “Зүүн Моностой” нэртэй газар луу явуулсан. Би “Зүүн моностой”-гоос ирэхдээ Баярмагнай, Хашбат нарыг үлдээгээд ирсэн бөгөөд ирэхдээ гэр болон үлдээсэн самраа ачаад ирээрэй, гэж хэлсэн байсан юм. Тэгсэн чинь 2022 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 01-ний өдрийн шилжих шөнө Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Цэрмаагийн Буянтогтох нэртэй залуу гэрт нь шөнө ороод хананы толгойноос өлгөөтэй байсан галт зэвсгийг хулгайлан авч явсан байсан. ...Би тухайн галт зэвсгийг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Алтан Долгио” ХХК-с 6,200,000 төгрөгөөр дагалдах хэрэгслийн хамт худалдан авч байсан. Миний буу хуванцар хар хуйтай, “Savage” гэсэн улаан өнгийн бичигтэй, дурантай галт зэвсэг байгаа. ...Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Цэрмаагийн Буянтогтох гэх залууг таньж мэдэхгүй, урьд өмнө нь харж, уулзаж байгаагүй. Манай гэрт Ц.Буянтогтох нь орох эрхгүй, зөвшөөрөл авч байгаагүй. Би өөрийн галт зэвсгээ олж аваагүй байгаа. 2 жилийн өмнө алдагдсан галт зэвсэг тул одоо олдох боломжгыүй байх. Би өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлээгүй байсан. Би өөрийн биеэр шүүх хуралд оролцохгүй. Би өөрт учирсан 5,500,000 төгрөгийн хохирлоо нөхөн төлүүлбэл ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг[2],

3. Гэрч А.Баярмагнайн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдөр Буянтогтох гээд залуу Хүдэр сумын “Зүүн Моност” гэх газар самарт явж байсан хүмүүстэй согтуурсан байдалтай бусадтай уулзаад байж байсныг харсан. Тэгээд орой нь манай гэр лүү Буянтогтох орж ирэхээр нь би “гар, гар” гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би унтаад өгсөн. 2022 оны 12 дугаар сарын 01-ний шөнө 04 цагийн хавьцаа Ц.Буянтогтох нь “Savage 308 P599979” гэх дугаартай бууг авсан гэж бодож байна. Өглөө босоод харахад буу байхгүй байсан. Босоод ойр хавьцаа явж байсан хүмүүсээс “буу байдаггүй, та хэд харсан уу?” гээд асуухад “Буянтогтох шөнө энэ хавиар яваад байсан, авсан юм болов уу? яасан юм бол” гэж хэлсэн. Тэгээд Нямка, Отгоо бид 3 тэр хавиар тойрч мөр харсан. Хойшоо чиглэлтэй бакалтай хүний мөр байсан. Би шууд мөрөө дагаад шууд морьтой дагаад явсан. Би явсаар байгаад “Ёохын Орой” гэдэг газар очсон. Намайг очиход Дарханы 3 залуу самар түүж байсан. Тэр 3-с буутай хүн энүүгээр өнгөрсөн үү гэж асуухад нэг нойтон хувцастай хүн 06 цагийн үед энүүгээр явж байхаар нь бид нар отогтоо 09 цаг хүртэл байлгаж байгаад хувцсыг нь хатааж өгөөд явуулсан гэж хэлсэн. Дараа нь хаашаа явсан нь мэдэгддэггүй тэгээд хүмүүсээс асуусан. Мэдээж хулгай хийсэн хүн доошоо явсан гэж бодоод машин замаар уруудаад 3, 4 км-ийн цаанаас бакальтай хүний мөр байсан. Тухайн мөрийг хөөтөл “Баруун Моностой” гэх газар зогссон байсан. Би Бугант орчлоо гэж бодоод машин замаараа нэвт явсаар байгаад тэмээн хадны тэнд самар түүж байсан хүмүүс дээр очиж хоночихоод өглөө Бугант явсан. Тэгээд Бугантад ирээд ойр хавьцаа байгаа хүмүүсээс асуухад мэдэхгүй байсан. Би дэлгүүр орсон байж магадгүй гэж бодоод камер шүүсэн 2022 оны 12 дугаар сарын 03-ны 10 цагт дэлгүүр ороод 2 том пиво аваад гарж байсан. Тэгээд тэрнээс хойш хаашаа явсан талаар сайн мэдэхгүй байна. Би 2022 оны12 дугаар сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 01-нд шилжих шөнө гэртээ ганцаараа байсан. Отгоогийн гэрт Нямка, Отгоо бид хэд 0,75-ийн архийг 3 уулаа хувааж уусан. Би ууж дуусаад гэр рүүгээ орсон. Зүүн талдаа хананаас өлгөөтэй байсан. Өглөө 09 цагийн үед босоход буу байхгүй байсан....” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Э.Мөнхбуянгийн 2024  оны 02 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны намар Хүдэр суманд их ургацын жил гээд хуш модны самар их хэмжээгээр ургасан юм үүнийгээ дагаад хүмүүс ихээр ирж самар түүж бэлтгэж байсан миний хувьд “Баруун Моностой” нэртэй газарт вокзал гаргаж иргэдийн түүсэн самрыг худалдан аваад сумын төв рүү зөөдөг байсан юмаа. 2022 оны 11 дүгээр сар, 12 дугаар сар бүтэн ууланд байсан юм. Би Хүдэр сумын баруун моностой нэртэй газарт вокзал гаргасан юм. Ц.Буянтогтох гээд залуу байсан нэг болохоор баруун моностой нэг болохоор “Зүүн Моностой” руу яваад өгчихдөг. Их тэнэмэл дандаа ганцаараа явж байдаг залуу байгаа юм. Энэ залуу 2022 оны 10 дугаар сараас эхлээд л байнга уулаар байгаад байгаа нөхөр юм. Миний хувьд сайн танихгүй зүс бол сайн танина. Тэр нь ердөөсөө мэдэгддэггүй энд тэнд л хонож өнжөөд яваад байдаг, ихэнхдээ архи уусан согтуу харагддаг. Би энэ Буянтогтох гээд залууг хооллож ундлаад тамхи өгөөд эрүүл болгоод самар түүж бэлтгэ гээд хэлэхээр за гээд л алга болчихдог хүний итгэлийг даадаггүй, залуу байна лээ нэг удаа манай вокзалаас отог дотор намайг унтаж байх үед 2 хайрцаг нууцаар авч байсан би тэрийг нь мэдээд дараа нь ирэх үед нь өөрт нь хэлээд загнасан юм. Тэрнээс хойш би нүүр өгөөгүй. Би сүүлд мэдсэн хүмүүсийн яриагаар “Зүүн Моностой”-д байдаг ********** гэдгийн гэрээс буу нь хулгайлаад аваад явсан гэж сонссон. Манайхаас 2 хайрцаг тамхи хулгайлж байсан. Хүмүүсийн яриагаар дэл сул юм аваад явчихдаг гээд уулаар яриад байдаг” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Ц.Хүрэлбаатарын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны намар Хүдэр сумын хэмжээнд хуш модны самар их хэмжээгээр ургаад миний хувьд ууланд хуш модны самар авах вокзалыг 11 сар гэхэд “3үүн Моностой” нэртэй газарт гаргасан. Вокзал гэж хүмүүсийг яриагаар бол самраа худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүн зардаг хэд хэдээрээ байрласан газрыг хэлдэг. Манайх байсан вокзал дээр ********** гээд самрын ченжийн гэр нь доохон талд байрлан самраа авдаг байсан. Би 2022 оны 11 дүгээр сараас эхлэн 2023 оны 02 сар хүртэл “Зүүн Моностой” нэртэй газарт самар худалдан авч байсан. 2022 оны 11 дүгээр сарын 30, 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд би ууланд вокзал дээрээ байсан. Бид нар 1 газарт хэдэн сараараа байсан учраа ************* гэдэг хүнийг танина. Тэдний гэрт нь самар авдаг хүн нь Баярмагнай гээд залуу байсан. Манай вокзалаар архи уугаад яваад яваад байдаг. Тэр залуу таньж мэддэг цугтаа самар түүдэг хүн гэж байхгүй таарсан газраа хонож өнжөөд жоохон самар түүвэл архи уучихдаг залуу байгаа юм. Архи уусан үедээ бол их олон үгтэй, шалчигануур тийм залуу байсан. Дандаа ганцаараа явдаг юм. Мэдсэн ууланд вокзал дээр байхад ********** гэрээс буу нь алдагдсан талаар сонсож мэдсэн юм. Тэгээд би та нар архи уусан юм уу гээд Баярмагнайгаас нь асуусан юм тэгэхэд харин тиймээ гээд байсан. Намайг 2022 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн шөнө яг хэдэн цагийг нь мэдэхгүй байна би самар худалдан аваад отогныхоо гадна байрлуулж тавьдаг юм. Тэгээд нөгөө самраа хулгайд алдчих вий гээд байнга эргэж, харж хонодог өглөөгүүр нь унтаж амардаг юм. Тэр өдрийн шөнө самраа хараад отог руугаа орж гараад байх үед нөгөө вокзалаар архи уугаад байдаг Буянтогтох гээд залуу буу үүрчихсэн явж байсан. Харин өглөө нь ***** гэрээс буу алдсан талаар сонсоод тэрийг хулгайлсан байна гэж бодсон энэ талаараа ******* ууланд ирэх үед нь хэлсэн. Тэр үед харин тиймээ тэр хулгайлаад Бугант чиг рүү явсан байна, замдаа хүмүүстэй таараад хувцас хунараа хатаалгаад явсан байна эндээс гараад “Ёохын Орой” руу гараад буцаж буугаад явсан байна гэж хэлсэн байсан. Тухайн үед ******** нь буу алдагдсаны дараа өдөр нь байх уулан ирсэн юм. Буу алдагдсаны дараа нь Баярмагнай гээд залуу морьтой араас нь хэдэн хүмүүстэй байсан. Би дөнгөж ууланд авч ирэхэд нь харж байсан. Би самраа хараад шөнө ер нь унтдаггүй юм, өглөө нь унтчихдаг өглөө цагт Буянтогтохыг харснаа мэдэхгүй байна цаг хараагүй. Тэр Буянтогтох гээд залуу танкын хар куртиктэй, хар өнгийн малгайтай явж байсан. Би буу үүрээд явж байхыг харсан” гэх мэдүүлэг[5],

6.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ-823/6078 дугаартай шинжээчийн: “Savage Axis Cal:308 маркийн ангийн буу 1 ширхэг, 5,500,000 төгрөг” дүгнэлт[6],

7.Шүүгдэгч Ц.Буянтогтохын 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаас өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын үед Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Моностой” гэх газар руу самар түүхээр явсан. Самын вокзал гэж хүмүүсийн нэрлэдэг газар танихгүй хүмүүстэй уулзаж архи уусан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр тухайн газар байсан Монгол гэр онгорхой байсан байхаар нь оройн 23 цагийн үед ортол 2 хүн согтуу унтаж байхаар нь тухайн гэр дотор хананд өлгөөтэй байсан хуванцар хар хуйтай, дурантай буу байхаар нь авч гарсан. Тэгэхэд тухайн гэрээс гараад “Ёх” нэртэй уул руу гараад замд таарсан отгонд хоночихоод буцаад бууж байх үед цас орж байсан болохоор төөрөөд явчихсан. Тэгээд буу хүнд байсан учир унасан модны дор нууж үлдээгээд цааш явсан. Би 24 цаг гаруй төөрч явсаар байгаад Бугант тосгонд ирсэн. Тэгээд тухайн газраасаа Улаанбаатар хот руу явсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдэлдээ харамсаж байна. хохирогчийн хохирлыг ажил хийж байх хугацаандаа нөхөн төлнө” гэх мэдүүлэг[7],

8.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл[8], 9.Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Цагдаагийн Ерөнхий газрын галт зэвсэг борлуулагчаас худалдан авах зөвшөөрлийн хуудас[11], 12.Хоригдол Ц.Буянтогтохын ялын тооцооны тодорхойлолт[12], 13.Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний дөрийн 6/39 дугаартай “Хоригдол шилжүүлэх” тухай зөвшөөрөл[13], 14.Хоригдол шилжүүлэх хуудас[14], 15.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[16], 17.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[19] зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Буянтогтохын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтохоос 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулан, хохирогч Ч.Д********* олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь хохирлыг хорих ангид очоод цалинтай ажил хийгээд нөхөн төлөхөө илэрхийлсэн.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.Буянтогтоход эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ341 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн 08 сар 21 хоног, шагналын 10 хоног нийт биеэр эдэлсэн 09 сар, 01 хоногийг биеэр эдэлсэн, үлдсэн 01 жил, 02 сар, 29 хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 04 жил, 02 сар, 29 хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан Ц.Буянтогтоход оногдуулсан 04 жил, 02 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Ц.Буянтогтохын урьд цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шүүгдэгч Ц.Буянтогтоход урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Өөлд овогт Цэрмаагийн Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход 03 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ341 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялаас 09 сар, 01 хоногийг биеэр эдэлсэн, үлдсэн 01 жил, 02 сар, 29 хоногийн ялд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 04 жил 02 сар, 29 хоногийн хугацаагаар тогтоож эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтоход оногдуулсан 04 жил, 02 сар, 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтохын энэ гэмт хэргийн улмаас урьд цагдан хоригдсон 38 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтохоос 5,500,000 /таван сая таван зуун мянга/-н төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Д********* олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

8.Шүүгдэгч Ц.Буянтогтоход урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй байхыг дурьдаж, мөн хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 13, 42, 51, 130 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 15-16, 53 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 74-76 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 09 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 82, 87 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 97 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 98 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 99 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 100 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас